Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, өмгөөлөгч Ч.Г

Нэхэмжлэгч: “Б-А” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Т т ХХК, “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 1/ нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, 2/ нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/572 дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан Т т ХХК, “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК-д холбогдох хэсгээс “Б-А” ХХК-ийн 25 га газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0017 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, С.Ж, М.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, Б.Б, Ч.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.З

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Гуравдагч этгээд Т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Гуравдагч этгээд Т т ХХК-ийн өмгөөлөгч Ж.Э, Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0585/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б-А” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгож, нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/572 дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан Т т ХХК, “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК-д холбогдох хэсгээс “Б-А” ХХК-ийн 25 га газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт болон 38 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1.  “Б-А” ХХК 2007 онд төсөл сонгон шалгаруулалтаар 100,0 сая төгрөг, 2013 онд дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөг төлж Хан-Уул дүүргийн 8-р хорооны /хуучнаар 10-р хороо/ нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж тодорхой байршил заасан 25 га газрыг орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж, гэрээ байгуулж гэрчилгээ авсан, кадастрын зурагтай. Газрын төлбөрт 66,0 сая төгрөг төлсөн.Газар эзэмших үед тухайн байршилд ямар нэг иргэн, аж ахуйн нэгжийн газар давхцаагүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

3.2. Т т ХХК-д олгогдсон гэх 140 га газар анхнаасаа хууль бус байсан. Ямар нэг сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны үнэ төлөхгүйгээр Хан-Уул дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэрт Наадамчдын замын хойд талд 140 га газрыг морин спорт зориулалтаар эзэмшсэн гэх мөртлөө дан гэрчилгээтэй, гэрээ байгуулаагүй, кадастрын зураглалгүй. Дараа нь газрын байршлаа зөөж Наадамчдын замын урд талд 6, 10-р хороог дамнуулан кадастрын зураг хийлгэхдээ “Б-А” ХХК-ийн эзэмшлийн 25 га, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 8 иргэн, аж ахуйн нэгжийн, мөн Төв аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах 35кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас, замын трасстай давхцуулсан нь тогтоогдсон.

3.3. “Б-А” ХХК-ийн 10-р хорооны 25 га газар дээр Т т ХХК-ийн 6, 7-р хорооны 140 га газар давхцсан гэх зохиомол маргаан үүсэж 2016 онд гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Засаг дарга, Т т ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй.

3.4. Газрын маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байтал Т т ХХК захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, түүнийг нь шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн, Нийслэлийн Засаг дарга Т т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхээс хуулийн илт тодорхой зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж гуравдагч этгээдээр оролцож байсан “Б-А” ХХК-ийг гомдол гаргах эрхгүй тогтоол гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. … Хэдийгээр энэ асуудал олон жил үргэлжилж байгаа боловч өнөөдрийн захиргааны маргааны гол эхлэх шалтгаан нь 472 тоот шүүхийн тогтоол байсан юм. Тэрхүү шийдвэр байгаагүй бол нийслэлийн Засаг дарга хэзээ ч А/1055 гэх захирамжийг гаргахгүй байсан. Гэтэл маргааны эхлэл болсон шүүхийн шийдвэр хууль бус гэдэг нь тогтоогдчихоод байхад яагаад тухайн шийдвэрийг биелүүлж гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хууль ёсны гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл хууль бус шийдвэр дээр үндэслэсэн шийдвэр хууль ёсных байж чадна гэж анхан шатны шүүх үзсэн бололтой. Уг асуудал дээр давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарахыг хүсье.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0017 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, өмгөөлөгч Ч.Г нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 472 дугаар тогтоолтой шууд холбогддог. Учир нь шүүхээр шийдвэрлэгдээд тухайн шийдвэр нь биелэгдээд дууссан асуудлыг захиргааны хэргийн шүүх дахин хэлэлцэж хууль бус шийдвэр (0472 тогтоол) гарснаар өнөөдрийн маргааны эхлэл тавигдсан. Өөрөөр хэлбэл энэ тогтоол байгаагүй бол нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамж гарахгүй байсан. Үүнтэй адилаар А/1055 дугаар захирамж гараагүй байсан бол 2021 оны А/572 дугаар захирамж гарахгүй байсан. Тиймээс энэхүү захиргааны хэргийн хүрээнд үүсэж буй хууль зүйн үндсэн асуудал нь “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрийн биелэлт нь цуцлагдах ёстой юу гэсэн ганцхан асуулт юм.

4.2. Анхан шатны шүүх хуулийн дагуу дуусгавар болсон /хуулийн хүчин төгөлдөр болсон/ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дүгнэлт хийж эрх хэмжээгээ хэтрүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамж нь Улсын дээд шүүхийн 2016 оны 216 тоот тогтоолыг биелүүлж гарсан хэмээн тус захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар алдаатай дүгнэлт хийсэн, мөн А/1055 дугаар захирамж нь тухайн үед хүчин төгөлдөр байсан шийдвэрийг биелүүлж гарсан учир хууль бус байсан гэж үзэхгүй гэсэн алдаатай дүгнэлтийг хийсэн. Дуусгавар болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүн (захиргааны байгууллагын шийдвэр)-ийн талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх эрхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй.

Манай тохиолдолд “компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай” гэх 2016 оны 251 тоот магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан байдаг. Үүний үр дүнд 2018 оны А/878 тоот захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан учир тус ажиллагааг дуусгавар болгосон. А/878 дугаар захирамж үндэслэлтэй эсэх буюу шүүхийн шийдвэр зөв биелэгдсэн эсэх тухай гомдол тухайн үед гараагүй учраас уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээр дурдсанаар уг асуудлыг дүгнэх эрх хэмжээ захиргааны хэргийн шүүхэд байгаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх бүрэн эрхээ хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар алдаатай дүгнэлт хийсэн.

4.3. Анхан шатны шүүхийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 472 дугаар тогтоол хүчингүй болсон нь нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 тоот захирамжид нөлөөлөхгүй гэсэн агуулгатай ноцтой алдаа бүхий дүгнэлтийг хийсэн.

Хүчингүй буюу хууль бус эх сурвалжаас хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гардаггүй (ех nihilo nil fit) rэх хууль зүйн зарчмын дагуу нэгэн цагт хүчин төгөлдөр байсан шүүхийн шийдвэр хожим хүчин хүчингүй болсон бол түүний биелэлтийг шүүх цуцлах тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд заажээ. Ийнхүү шүүхээс шийдвэрийн биелэлтийг цуцалсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ч мөн адил цуцалдаг. Түүнээс анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг хүчин төгөлдөр шийдвэр дээр үндэслэж гарсан тул дараа шийдвэр хүчингүй болсон ч биелэлт нь хэвээр байх тухай хуулийн зохицуулалт байдаггүй. Энэ дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах эрх зүйн зохицуулалтын үр нөлөө огт байхгүй болно. Ийнхүү хууль бус шүүхийн шийдвэрийн үр нөлөөг зөвтгөх нь шударга шүүхээр шүүлгэх (шударгаар шүүлгэх) Үндсэн хуулийн зохицуулалтад үл нийцнэ.

Манай тохиолдолд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 472 дугаар тогтоол хүчингүй болж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх асуудлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамж аль эрт цуцлагдах учиртай байсан. Гэвч ийм зүйл болоогүй.

4.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 472 дугаар тогтоол хүчингүй болсны дараа Т т ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг ердийн журмаар шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2021 оны 7 сарын 12-ны өдөр урьдчилсан хуралдаан болсон. Тэрхүү урьдчилсан хуралдаанаар анхан шатны шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр захирамжийг гарсан. Энэхүү захирамж гарах үед А/1055 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг “Б-А ХХК шүүхэд аль хэдийнэ гаргасан байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасны дагуу биелэгдсэн шийдвэрийг цуцлах шийдвэр гаргахад бүрдсэн байх урьдчилсан нөхцөлүүд болох шүүхийн шийдвэр гарсан байх, тухайн шүүхийн шийдвэр нь биелэгдсэн байх, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тэрхүү биелэгдэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон байх гурван тохиолдол манай хэргийн хувьд бүрэн хангагдсан байх тул нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох эрх зүйн үндэслэлтэй.

4.5. Анхан шатны шүүх, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар  захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар алдаатай дүгнэлтүүд хийсний улмаас 2021 оны А/572 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүхээс нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоосноор 2021 оны А/572 дугаар захирамжийн холбогдох хэсгүүд хүчингүй болно. Учир нь тус захирамжийн дагуу Т т ХХК, “Э э э г” ХХК, “Я х р” ХХК, “Т п ү т” ХХК-иудад олгосон газрын тодорхой хэсгүүд нь “Б-А” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжаар олгосон газартай давхцаж буй нь баримтаар нотлогддог. Энэ үйл баримтын талаар ч талуудын хороонд маргаан байдаггүй.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Б-А” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/572 дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан Т т ХХК, “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК-д холбогдох хэсгээс “Б-А” ХХК-ийн 25 га газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар “Б-А” ХХК-д газар эзэмшүүлэх үед Т т ХХК-ийн эзэмшил газар кадастрын санд бүртгэгдээгүй байсан нь Авилгатай тэмцэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон,  нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамж нь Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гарсан бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлсэн асуудлаар маргах эрх байхгүй, нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамжийн үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоол нь хүчингүй болсон, 472 дугаар тогтоол гараагүй бол А/1055 дугаар захирамж гарахгүй байсан, А/572 дугаар захирамж ч хүчингүй болно, шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй гэх зэргээр тайлбарлана.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “... Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолоор газрын байршлыг тодорхой заасан бөгөөд түүнийг биелүүлж нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамж гарсан ч “Б-А” ХХК эс зөвшөөрч маргаад шүүхээс хүчингүй болгосон,  нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд газар давхцах ямар ч хууль зүйн ойлголт байхгүй, “Б-А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас сэргэх зүйл байхгүй” гэж маргасан.

2.3. Харин нэр бүхий гуравдагч этгээдүүдээс “... маргаад байгаад байршилд “Б-А” ХХК-д 25 га газар олгох нь зүйтэй гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, харин Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолоор тус компанид 2007 онд анх газар эзэмшүүлсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т т ХХК-д эзэмшүүлсэн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын байршлыг тогтоож шийдвэрийг биелүүл гэж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн хувьд нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудын улмаас хөндөгдөж зөрчигдсөн ямар эрх сэргэх нь ойлгомжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Маргааны үйл баримтын тухайд;

3.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд маргаан бүхий байршилд 25 га газар эзэмших эрх олгосон, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлаар гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжуудаас одоо хүчин төгөлдөр үйлчлэлтэй ямар нэг шийдвэр үлдээгүй нь дараах хүснэгтээр илэрхийлэгдэнэ:

Хүснэгт №1

“Б-А” ХХК-д газар эзэмших эрх олгосон

 нийслэлийн Засаг даргын захирамж(ууд)

 

*Хүчингүй болгосон эрхийн акт

Огноо

Дугаар

Шийдвэрийн утга

хугацаа

 

 

2007.10.23

 

 

511

ХУД-ийн 10-р хороо, Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд, 25 га газар эзэмшүүлсэн

*орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ-ын хамт эзэмшүүлсэн

 

 

/бичээгүй/

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамж

 

2013.10.30

 

А/975

ХУД-ийн 8-р хороо, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 25 га газар эзэмшүүлсэн

 

2 жил

 

-

 

 

2018.09.20

 

 

А/878

/1 дэх заалтаар/ ХУД-ийн 8-р хороо, Наадамчдын гудамж болон Төв аймгийн чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан

 

 

+15 жил

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055  дугаар захирамж

 

2021.05.10

 

А/359

Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолын дагуу ХУД-ийн 21-р /хуучнаар 10-р/ хороонд байршил тогтоон, 25 га газар эзэмших эрх олгосон

 

 

15 жил

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.07-ны өдрийн 164 дүгээр магадлал

 

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор, “Б-А” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгаж, ийнхүү сунгахдаа тус компанид 2007 онд /511 дүгээр захирамжаар/ газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Т т ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар шийдвэрийг биелүүлэх арга замыг тодорхойлж, шийдвэрлэсэн.  

Эдгээр магадлал, тогтоолд “... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Б-А” ХХК-д анх эзэмшүүлсэн 25 га газар нь байршлын хувьд Т т ХХК-д эзэмшүүлсэн 140 га газартай давхцаагүй нь хангалттай батлагдсан /байхад/ нэхэмжлэгчид олгосон 25 га газрыг, түрүүлж эзэмших эрх үүссэн 140 га газартай давхардуулсан газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн нь хууль бус бөгөөд маргааны гол шалтгаан болсон тул Т т ХХК-ийн газраас “Б-А” ХХК-д эзэмших эрхийг бий болгохгүй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 8 дугаар тогтоолоор тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах болсон” гэх үйл баримтыг нэгэнт дүгнэсэн.

Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор, дээрх 2016 оны 216 дугаар тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах”-аар гаргасан “Б-А” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан ба хуулийн хүчин төгөлдөр болсон уг шүүхийн шийдвэр, түүгээр тогтоогдсон үйл баримттай хэргийн оролцогчдын хэн аль нь маргахгүй.

3.2. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор (а) нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/878 дугаар захирамжаар “Б-А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгахын зэрэгцээ нийслэлийн Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамжийн Т т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамжаар уг А/878 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

3.2.1. Т т ХХК-иас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Б-А” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа 2007 онд эзэмшүүлсэн анхны байршилд, эсхүл Т т ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр байршлыг тогтоохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн нь “Б-А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, хууль зөрчихгүй гэх үндэслэлээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3.2.2. Харин “Б-А” ХХК-иас дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор дээрх 2019 оны 472 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Т т ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтсон.

3.2.3. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр захирамжаар, /энэ хэсгийн 3.2.1-д заасан/ Т т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

3.3. Дараа нь (б) нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10-р хороо/-ны нутаг дэвсгэрт газрын байршлыг тогтоон “Б-А” ХХК-д 25 га газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан бол тус хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 164 дүгээр магадлалаар тус тус хянан хэлэлцээд, уг А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

3.4.  Т т ХХК-ийн хувьд, анх нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар олгосон 140 га газрын зориулалтыг өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж явсаар, эцэст нь нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар тухайн газрыг 15 нэгж талбар болгон, зарим газрын эзэмших эрхийг  “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК-д тус тус хэсэгчлэн шилжүүлсэн байна.

Хүснэгт №2

Т т ХХК-д газар эзэмших эрх олгосон

 нийслэлийн Засаг даргын захирамж(ууд)

 

*Хүчингүй болгосон эрхийн акт

Огноо

Дугаар

Шийдвэрийн утга

хугацаа

 

2006.11.17

 

568

ХУД-ийн 6, 7-р хороо, морин спортын зориулалтаар 140 га газар эзэмшүүлсэн

5 жил

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 908 дугаар захирамж

 

2011.12.07

 

908

ХУД-ийн 8-р хороо, 140 га газрын эзэмших зориулалтыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээ болгож өөрчилсөн

 

5 жил

 

-

 

2017.01.12

 

А/25

Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан

 

+15 жил

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамж

 

2018.09.20

 

А/878

/2 дахь заалтаар/ Т т ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээг 115 га болгож багасгасан

 

-

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамж

 

2020.08.20

 

А/1055

ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг сэргээж олгосон

 

12 жил

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамж

 

2021.07.22

 

А/572

Дээрх 140 га газрыг 15 нэгж талбар болгож, эзэмших эрхийг гуравдагч этгээд болох нэр бүхий компаниудад шилжүүлсэн

 

15 жил

 

-

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар, 2020 оны А/1055 дугаар захирамжийг хүчингүй болгосноос гадна 140 га газрыг Т т ХХК-иас “Я х р” ХХК, “Э э э г” ХХК, “Т п ү т” ХХК-иудад хэсэгчлэн шилжүүлж эзэмшүүлсэн байна.

4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /хэлнэ/;”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх агуулга/ 21.2.3. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;
21.2.4. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:
35.1.4. газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.4. газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;” гэж тус тус заасан.

5. Маргааны үйл баримтад хамаарах эдгээр зохицуулалтын агуулгыг, нийслэлийн Засаг даргын гаргасан хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр нь гагцхүү тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршил, хэмжээ, зориулалтад нийцэж, түүнд үндэслэх бөгөөд ингэхдээ Газрын тухай хуульд заасан журмыг мөрдөнө гэж тайлбарлаж хэрэглэнэ.

Дээрх зохицуулалт, тогтоосон журмын дагуу газар эзэмших эрх олж авсан буюу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй этгээдийг хууль ёсны газар эзэмшигч (тухайн нэгж талбарын хувьд) гэж үзэх бол эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсон нөхцөлд шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэх үндэслэл болно.

6. Учир нь нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагуудыг уялдуулан авч үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж зохицуулсан урьдчилсан нөхцөлийг шаардана.

7. Тодруулбал, нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж (а) хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүнд хууль ёсоор үүссэн  эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, харин (б) маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа нь шүүхийн журмаар тогтоогдсон нөхцөлд л шүүхээс нэхэмжлэлийг шаардлагыг хангах урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

 8. Харин анхан шатны шүүхээс “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь тухайн үед шүүхийн хүчин төгөлдөр байсан шийдвэрийг биелүүлж гарсан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамжийг хууль бус байсан гэж үзэх үндэслэл болохгүй, Т т ХХК-ийн эзэмшиж байсан 140 га газраас 25 га газрыг “Б-А” ХХК-д олгож, хугацааг нь 15 жилэээр сунгах байдлаар биелүүлсэн нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журамтай нийцэхгүй, Т т ХХК эзэмшиж байсан газраа охин компаниуддаа хуваан шилжүүлсэн нь “Б-А” ХХК-ийн /газар эзэмших/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

9. Учир нь Т т ХХК-д 2006 онд нийслэлийн Засаг даргын 568 дугаар захирамжаар олгосон 140 га газар, “Б-А” ХХК-д /нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт/ анх 2007 онд нийслэлийн Засаг даргын 511 дүгээр захирамжаар, дараа нь 2013 оны А/975 дугаар захирамжаар тус тус олгосон 25 га газрууд нь байршлын хувьд хоорондоо давхцалгүй, гэтэл газрын мэдээллийн санд давхцуулан бүртгэсэн нь хууль зөрчсөн болох нь ч энэ хэсгийн 3.1-д заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм.

10. Нөгөөтээгүүр хуулийн хүчин төгөлдөр болсон тус шийдвэрийг биелүүлж, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамжаар, “Б-А” ХХК-д  Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 25 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч өөрөө эс зөвшөөрч маргасны дагуу энэ хэсгийн 3.3-т заасан шүүхийн шийдвэрээр мөнөөх захирамжийг хүчингүй болгосон зэрэг нөхцөл байдлаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2020 оны А/1055, 2021 оны А/572 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн буюу шүүхээс сэргээн тогтоох газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Нэхэмжлэгчийн хувьд энэ хэсгийн 6-д зааснаар онцгой ашиг сонирхол байх гэдэг нь шүүхийн шийдвэр түүнд тодорхой хэмжээгээр эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой байх агуулгыг илэрхийлэх бол нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан энэ хэсгийн 2.1-д заасан агуулга бүхий шаардлагын үндэслэл, харгалзах тайлбар нь “Б-А” ХХК-ийн хувьд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлэхгүй.

12. Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолыг[1] нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1055 дугаар захирамж гаргах үндэслэл болгон тодорхойлсон боловч Т т ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох (“Б-А” ХХК гуравдагч этгээдээр оролцсон) тухайн хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн энэ хэсгийн 3.2.3-т заасан 501 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасны дагуу биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлаар гарсан аливаа шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд маргаан бүхий А/1055 дугаар захирамжийг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.  

13. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарласанчлан, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолыг биелүүлсэн гэж дүгнэх, түүнчлэн “Б-А” ХХК болон Т т ХХК-д газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой захиргааны аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн энэ хэсгийн 3.1, 3.2, 3.3-д заасан шүүхийн шийдвэрүүдийг тогтоосон үйл баримт, эрх зүйн дүгнэлт, хууль зүйн үр дагаврынх нь хувьд хоорондоо харилцан уялдаагүй гэж тус тусад нь салгаж авч үзэх үндэслэлгүй юм.

14. Нэгтгэн дүгнэхэд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй бөгөөд маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон утга найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4” гэсний дараа “2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.4” гэж нэмж, “... шаардлагыг” гэснийг “... шаардлага бүхий нэхэмжлэлийг” гэж өөрчилж, “... 38 дугаар зүйл” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

                 ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

 

 

[1] Энэ тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.