Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/212

 

 

   2023          3            16                                     2023/ШЦТ/212

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Шагдар

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч С.Батнасан, М.Машбат

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Аззаяа

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, А.Сэлэнгэ

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г, М.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Р.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,

Т.А, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 210200094***** дугаартай, 6 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “***” хүүхдийн сэргээн засах төвд зөвлөх эмч ажилтай, ам бүл 2; хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

**** дугаарын регистртэй, Б овогт Рийн Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “****” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн 4 дүгээр хороо, “***” хотхоны *** дугаар байр, **  тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

****** дугаарын регистртэй, Ц овогт Тын А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд нягтлан бодогч ажилтай, ам бүл 6; эхнэр, 4 хүүхдийн хамт *** аймгийн *** сум, ** дугаар баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

***** дугаарын регистртэй Б овогт Бын А

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Р.Г нь

Нэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа ** дүүргийн ** дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дахь хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 44.5 дугаар зүйлийн “Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна”, 44.5.1-д заасан “тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах”, 44.5.2-д заасан “тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх”, 44.5.3-д заасан “тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогч Б.А, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А нартай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэж тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-ийн Төрийн банк дахь ****** дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь **** дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-ийн Төрийн банк дахь ***** дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-гийн Төрийн банк дахь **** дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000  төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U-Mac 50” маркийн шал угаагч машин худалдан авахад,

мөн тухайн байгууллагын Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А-тэй бүлэглэн туслах үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон 2.500.000 төгрөгийг “U-Mac 50” маркийн шал угаагч машин худалдан авахад тус тус зарцуулж цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар,

Хоёр: *** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Б.Ц-т түүний автомашины урсгал зардлын төлбөрийг төлөхийн тулд Д.Эийг тус төвийн “***” тасгийн туслах сувилагчийн ажилд ажиллахгүй гэдгийг мэдсээр байж 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Б/14 дугаартай тушаалаар томилж, улмаар ажил үүрэг гүйцэтгээгүй Д.Э-т 2021 оны 8 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд 5.083.880 төгрөгийн цалин бодож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлсөн,

Д.Э нь дээрх олгогдсон цалинг Б.Ц-т түүний эхнэр С-ын ХААН банк дахь дансаар дамжуулан шилжүүлж өгсөн буюу Б.Ц-т давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Р.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад холбогдуулж байгаа энэ асуудлууд нь 2019, 2021 оных. 2019 онд би *** хүүхдийн хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвд эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн тушаалаар намайг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилсон. 2019 оны 12 дугаар сарын ажилчдын цалинг 12 дугаар сарын 06, 12 дугаар 15-нд тус тус олгоод дууссан байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Агентлагийн дарга Г, ерөнхий нягтлан Хаш-Эрдэнэ нар манай төв дээр ирээд, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах тухай яриад намайг цалингаа тавьсан уу гэж асуухад нь би хоёр цалингаа хоёуланг нь тавьчихсан гэж хэлэхэд сүүлийн цалингаа яах гэж тавьж байгаа юм бэ, хамт шинэ жилийн мөнгөө гаргаад дараа нь олгох байсан юм гэж загнасан. Ингээд манай төвийн удирдлагуудтай хамтарсан хурлыг Агентлагийн дарга Г удирдан явуулсан. Энэ хурлын тэмдэглэл дээр манай байгууллагын үйл ажиллагаа дээр танилцаж байгаа юм шиг боловч яг үнэндээ хурлын тэмдэглэл дээр битгий бичээрэй гэсэн үүрэг даалгавар өгөөд, шинэ жилийн арга хэмжээг яаж зохион байгуулах, мөнгийг нь яаж хураах талаар ярьсан. Агентлагийн дарга, ерөнхий нягтлан нарын өгсөн шийдвэр болон хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслээд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажилчдадаа урамшуулал цалин олгох тушаал гаргасан. Уг тушаалд нийтдээ 63 сая төгрөг олгогдохоор тушаал гарсан. Энэ яллах дүгнэлт дээр намайг 4 хүн рүү 5,000,000 төгрөг шилжүүлсэн юм шиг яриад байгаа. Гэтэл манай байгууллагын 12 сарын гүйлгээн дээр бол 4 хүн рүү 5,000,000 төгрөгийг төсвөөс шууд шилжүүлсэн ямар ч гүйлгээ байдаггүй. Би 63,000,000 төгрөгийг олго гэх тушаал гаргасан. Хэргийн материалаас эргээд харахад 63,000,000 төгрөгөөс 43,000,000 төгрөг нь ажилчдад олгогдоод, 20,000,000 төгрөг нь шинэ жилийн арга хэмжээ рүү зарцуулагдсан гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ хурал дээр ажилчдадаа тодорхой хэмжээний урамшуулал олгоод, түүнээсээ тодорхой хэмжээгээр хувь татаж шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх талаар яригдсан. Жишээ нь миний гаргасан тушаалаар надад 360,000 төгрөгийн цалин олгогдсон. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг хасаад надад 287,000 төгрөг орж ирэх ёстой байсан нь санхүүгийн баримтаар байсан. Гэтэл надад орж ирсэн мөнгө нь 87,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл миний цалингаас 200,000 төгрөг суутгагдсан. Нийтдээ 2019 онд манай байгууллагаас 218,000,000 төгрөг буцааж татагдсан байсан. Энэ нь байгууллагын дансны хуулга дээр байгаа. Энэ шинэ жилийн арга хэмжээнээс өмнө ажилчид шинэ жилд орохын тулд өөрсдөө хувиасаа мөнгөө хураалгаад явж байсан. Ажилчдаас шинэ жилийн арга хэмжээний мөнгө татахыг үүрэг болгосон. Гэтэл үүнээс өмнө шинэ жилийн арга хэмжээнд 45,000,000 төгрөг агентлагаас төсөвлөгдсөн байсан. Үүнээс урьдчилгаа болгож манай байгууллагаас 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг кассаас бэлэн мөнгөөр Агентлагийн дарга авч явсан байсан. Тийм учраас урьдчилгаа болгож авсан энэ мөнгөнүүд, мөн ажилчдаас хурааж авсан 40,000 төгрөг нийлүүлээд шинэ жилийн арга хэмжээнд гаргасан 22,000,000 төгрөгөөс суутгаж авах ёстой шүү гэж ерөнхий нягтланд үүрэг болгосон. Гэтэл хэргийн материалд санхүүгээс 4 хүн рүү 5,000,000 төгрөг шилжүүлээд, 15,000,000 төгрөгийг шинэ жилд зарцуулаад 5,000,000 төгрөгийг нь шал угаагч машинд зарцуулсан юм шиг харагдаж байна. Энэ нь маш буруу ойлголт юм. Манай гал тогоонд ажилчдад зориулж хоол өгч байсан. Үүнээс хуримтлагдсан орлогыг шинэ жилийн урьдчилгаанд өгсөн.

Шал угаагч машин авсан хэргийн тухайд манай аж ахуйн дарга хэлэхдээ шал угаагч машин авч үйлчлүүлэгч нарын ажлыг хөнгөлье гэж хэлсэн. Би үнийн судалгаа хийгээд ир гэж хэлсэн. Надад 2 нэхэмжлэл авчирч үзүүлсэн. Үүнээс аль хямдхан нэхэмжлэлийг цохоод энэ машиныг авах талаар ерөнхий нягтланд өгсөн. Ерөнхий нягтлан хэлэхдээ энэ талаар төсөв байхгүй гэж хэлсэн. Өөр ямар нэгэн аргаар наад машиныг авахыг бод гэж хэлсэн. Түүнээс биш надад төсвөөс ямар нэгэн мөнгө гаргаж шал угаагч машин авсан зүйл байхгүй.

Би 63,000,000 төгрөгийг төсвийн хуулийн дагуу ажилчдад урамшуулал болгож гаргаж өгсөн. Ажилчдад олгосон урамшууллаас 20,000,000 төгрөг суутгаж авсныг төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж хэрэглэсэн гээд байгааг сайн ойлгохгүй байна.

“Ковид” өвчин гарч, ихэнх албан байгууллага онлайнаар ажиллаж, манай байгууллага 2020 он гэхэд ковидын улаан бүс болсон байсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, жирэмсэн эх, өндөр настай хүмүүсийг хүлээн авч, эмчилж байсан. Энэ үед унаа машины хэрэг маш их байсан. Агентлагийн дарга хэлэхдээ та хоёр байгууллагын хооронд хол газар яаж машин унаагүй явах юм. Танд унаа тэрэг олж өгнө, тэр болтол хувьдаа машинтай жолоочийг түрээслээд аваад явж бай гэсэн. Ингээд Ц гэж хүнийг жолоочоор ажилд авч, түрээсийн гэрээ байгуулж түүний хувийн машиныг нь түрээсэлсэн. 2020 оны эцэст түргэний машин явж эхэлсэн. Ц-ын машин дээр гарч байсан зардлыг түргэний машин дээр гаргах боллоо гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед манай төв улаан бүс болоод өвчтөн авч байсан. Мөн ажилчдаа хөл хорионы үед зөөх, өвчтэй хүмүүсээ авч явах зэрэг асуудлууд гарч эхэлсэн. Үүнээс гадна ковидын үеийн бүх томилолт бусад бүх зардлууд танагдсан учраас өөр арга байгаагүй. Халдвартай хүмүүс тээвэрлэдэг машиныг халдваргүй хүмүүстэй холих ямар ч боломжгүй байсан. Удаа дараа хүсэлт өгч байсан. Энэ талаар амаараа ч хэлж байсан. Машины талаар зардал мөнгийг яаж шийдэх талаар хэлж байгаагүй. Гэхдээ энэ 2 үйлдлээс үзэхэд би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг сайн сайхан явуулах хүсэлтэй байсан юм. Түүнээс биш би хувьдаа нэг ч төгрөг аваагүй.

Анх надад ямар ч ажилчин байхгүй байгууллага хүлээлгэж өгсөн. Яллах дүгнэлтэд бичсэнээр намайг төсвийн хуулийг зөрчсөн гэжээ. Уг төсвийн хуулийн зүйл заалтад 2022 онд нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл энэ хэрэг 2019 онд болсон хэрэг. Тийм учраас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Манай байгууллагад 2019 онд 1.8 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн гэж санаж байна. Ямар ямар зүйлд зарцуулахаар төсөвлөгдсөн талаар нягтлан бодогч сайн мэдэж байгаа байх. Шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан мөнгө нь ажилчдад олгосон цалин, урамшууллаас гарсан. Хэдийгээр манай байгууллага 2019 оны 5 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч санхүү нь 7 дугаар сард Агентлагийн данснаас салж тавигдсан. Ер нь бол манай байгууллагын санхүүгийн бүх үйл ажиллагааг агентлагийн дарга, ерөнхий нягтлан бодогч хоёр мэдэж байгаа. Жолооч Ц нь ТҮ-гээр цалинжиж байсан, харин Э гэх хүнийг ажилд томилсон шалтгаан нь энэ үед ковид өвчин гарсан, унаа машин хэрэгцээ их, машин түрээсэлсэн гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөхийн тулд цалингийн сангаас гаргахаас өөр гаргалгаа байгаагүй. Онцгой байдлын хуулиар онцгой нөхцөл байдлын үед хувь хүн болон иргэдийн эд хөрөнгийг түрээсээр ашиглаж болно гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу түрээсээр ашиглаж байсан машины мөнгийг олгох журмыг Засгийн газраас баталсан. Манай байгууллага 189 хүний орон тоотойгоос 140 орчим хүн ажиллаж байсан. Цалин, урамшуулал гэдэгт ажилчдын ур чадварын нэмэгдэл, урамшуулал бүгд хамаардаг гэв.

 

Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би энэ байгууллагад 2019 онд ажилд орсон. Манай байгууллагад үйлчлэгчийн орон тоо цөөхөн байсан. Талбайн хэмжээ нь 14900 м.кв орчим. Эмнэлгийн стандартаар өдөрт 3 удаа цэвэрлэгээ шаардлагатай байдаг. Гэтэл үйлчлэгчийн орон тооны нөхцөл байхгүйгээс болж хэл ам их гарах болсон. Тийм учраас шал угаагч машин авах санал гарсан. Боломжоороо судлаад ир гэсэн. Яг төсөв мөнгө байхгүй гэж хэлж байсан.

Манай байгууллагад хэдэн төгрөг төсөвлөгдсөн байсан талаар мэдэхгүй. Шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан мөнгө хаанаас гарсан талаар би бас сайн мэдэхгүй байна.

Шал угаагч машиныг авах талаар саналыг дарга нарын зөвлөлийн хурал дээр анх би гаргасан. Харин мөнгийг нь хаанаас гаргахаар болсныг би сайн мэдэхгүй байна. Хэд хоногийн дараа “болсон шүү шал угаагчаа аваарай” гэж нягтлан бодогч надад хэлсэн. Энэ шал угаагч машиныг байгууллага дээр одоог хүртэл ашиглаад явж байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би энэ байгууллагын ерөнхий нягтлан бодогч. 2019 онд энэ байгууллагад ажилд орсон. Тухайн үед бүх юм шинэ, ажлын ачаалал их байсан. Ерөнхий газраас хүмүүс ирж хурал хийгээд шинэ жилийн арга хэмжээнд зарцуулах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би даргад хэлсэн, бас энэ талаар бүх ажилчид дэмжсэн. Энэ мөнгийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй л гэж хэлсэн.

Ерөнхий газраас хэлэхдээ шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад нийт 40,000,000 төгрөг шаардлагатай, үүнээс 20,000,000 төгрөгийг танай байгууллага гарга гэсэн. 2019 онд манай байгууллагад 1 тэрбум гаруй төгрөг төсөвлөгдсөн байсан. Зарцуулалтын зориулалт нь цалин, урамшуулал, урсгал зардал хамаардаг.

Шал угаагч машиныг худалдан авах төсөв гэж байгаагүй. Мөнгийг нь байгууллагын кассаас гаргасан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

*** засах хөгжлийн төв нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 125 дугаар тогтоолоор анх байгуулагдсан байгууллага. Яг энэ хэрэг дээр танай байгууллага хохирогчоор тогтоогдсон гэж хэлсэн. Тухайн үед мөрдөн байцаагч хэлэхдээ энэ гэм буруутай үйлдэлтэй хамааралтай төсөвт учруулсан хохирлыг төсөвт барагдуулна гэж хэлсэн. Тухайн байгууллагад ажилладаггүй болохоор тухайн асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт байгаа материалуудтай холбоотой зүйлийг л мэдэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр *** хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын тушаалаар би энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Хавтаст хэрэгтэй танилцсан. Хавтаст хэргээс мөн шүүх хурлын явцад шүүгдэгч нарын хэлж байгааг харахад “яагаад төсөвт мөнгө үлдээж байгаа юм бэ, зарцуулж дуусга” гэж чиглэл өгсний дагуу тушаал гаргасан гэж ярьж байна. Төсвийн захирагч нь хууль эрх зүйн мэдлэгтэй байх ёстой бөгөөд уг чиглэлийн дагуу тушаал гаргахын тулд хуулиа уншаад үнэхээр зөв чиглэл өгсөн үү, үгүй юу, биелүүлэх ёстой юу, үгүй юу гэдэгт шийдвэр гаргаж өөрөө хариуцах ёстой. Иймд хохирол учирсан байна гэж харж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Р.Г-ыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

 

НЭГ:Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн тухайд

гэрч Д-гийн Э “... эгч нь үнэнээ хэлэхэд Ц /энхэр С/ надад таны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын мөнгийг төлөөд өгье гээд надаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн алба хаагчийн анкет бөглүүлээд Төрийн банк дахь миний дансны дугаарыг авсан юм. Харин надад хэлэхдээ сар бүр таны дансанд цалин орно, орсон цалингаа буцаагаад ХААН банкны ***** гэсэн дансанд хийгээрэй гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу эхний 2 сарын цалинг данснаасаа шилжүүлээд дараа нь сар бүр дансанд орсон цалинг АТМ-с бэлнээр гаргаж аваад дээрх дансанд нь мөнгийг хийгээд байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй гээд эмнэлгийн үйлчилгээ авахад надад маш хэцүү байсан юм. Тэгээд л Цг-ийн тавьсан саналыг зөвшөөрчихсөн.

Ц-той хөдөө явж, ууж идэж байгаад л танилцсан. Цгийн утасны дугаар ***, эхнэр нь С гэдэг бөгөөд Улаанбаатар хотод **** бензин колонк-д ажилладаг гэж байсан. С нь **** гэсэн дугаартай. Өчигдөр таныг яриад намайг дуудсаны дараа би С-д намайг АТГ-аас дуудаж байна, юу болоод байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц руу яриад хэлэхэд “тийм үү, яана аа” гээд байсан.

Би энэ цалин өгөөд байгаа байгууллага руу очиж байгаагүй, хаана байдаг гэдгийг нь ч мэдэхгүй” /2-р хх-н 203/ гэж,

гэрч Б-ын Ц “... **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд би 2019 оны 6 сард анх жолоочийн ажилд ороход энэ байгууллага машингүй байсан учраас өөрийнхөө машинаар явж бай, түрээс болон засварын зардлыг чинь өгнө гэсэн юм. Ингээд би өөрийн *** УБО улсын дугаартай, “***” маркийн машинаараа даргын жолооч хийдэг, миний гар дээр авдаг цалин 500.000 гаруй төгрөг авдаг байсан. Би хашаа байшин аваад зээлд 640.000 төгрөг төлдөг юм. Миний эхнэр **** ШТС-д салбарын эрхлэгч хийдэг.

Ингээд зээлээ төлөхөд цалин маань хүрэхгүй байсан учраас өөрийн танил хуурай эгч Д.Эт санал тавиад туслах сувилагчийн ажилд томилсон тушаал гаргуулсан. Ийм л юм болчихлоо, би Э эгчид орсон цалинг бүгдийг нь аваад хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан.

Би Ц-гийн эрх үүргийг нь мэдэхгүй. Ц-гоос ах нь нэг эгчийгээ ажилд оруулчихъя гэхэд тэг тэг гэсэн. Тэгэхээр нь би өөрөө ирэх боломжгүй байна, ах нь анкетыг нь бөглөчих үү гээд эхнэр С-р төрийн алба хаагчийн анкет бөглүүлээд байгууллагадаа авчраад өгчихсөн юм. Тэгтэл 2021 оны 2 сард Э эгч миний дансанд цалин ороод ирлээ гэхээр нь та над руу шилжүүлчих гээд эхнэр С-ын ХААН банкны **** дугаартай дансыг өгсөн. Түүнээс хойш 2021 оны 8 дугаар сарыг хүртэл цалинг нь аваад би хувийн хэрэгцээндээ хэрэглээд байсан юм.

Ц надаас 2021 оны 4 сард энэ хүн чинь яасан юм бэ гэхээр нь би туслах сувилагчийн сургалтад суух гээд сургалт ажиллахгүй байна гээд л хэлээд байсан юм.

Би эхнэртээ Э эгчийг ажилд оруулж байгаа гэж хэлсэн. Тэрнээс дараа нь орж ирээд байгаа мөнгийг ямар учиртай гэдгийг нь хэлээгүй. Нэг дэх өдөр Э эгч над руу залгаад АТГ-аас намайг дуудлаа гэхээр нь би эхнэртээ ийм юм болчихсон юмаа гэхэд чи яаж байгаа юм, одоо зээл аваад энэ мөнгийг төлье гэсэн. Улсыг хохиролгүй болгоё гэж ярилцсан.

Э-ийн цалингаас Ц-д нэг ч төгрөг өгөөгүй. Би энэ мөнгөөр ***-ийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамжны ** тоот хаягт байрлах байшиндаа засвар үйлчилгээ хийх болон ахуйн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Миний буруу, улсын би хохиролгүй болгоё” /2-р хх-н 213/ гэж,

гэрч Ж-ийн Ц “... би энэ байгууллагад 2019 оны 4 дүгээр сараас Хүний нөөцөөр ажилд орсон. Г даргын жолооч Ц нь Д.Э гэж хүний анкет, иргэний үнэмлэхийн хуулбарыг авчирч өгсөн. Би өөр юу ч мэдэхгүй байна” /3-р хх-н 89/,

“... Ц ах надад энэ хүний анкетыг надад өгсний дараа Г дарга надад энэ хүний тушаалыг гарга гэсэн болохоор би боловсруулж даргаар гарын үсэг зуруулсан. Анхнаасаа энэ хүнийг ажиллахгүй гэдгийг Ц, төвийн дарга ч мэдэж л байсан” /3-р хх-н 92/ гэж,

гэрч Г-ийн Б “... Д.Э-т 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл санагдаж байна, нийт бодогдсон цалин нь 4.525.088 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл нь 555.145 төгрөг, хувь хүний орлогын албан татвар нь 268.994 төгрөгийг манай байгууллагын цалингийн сангаас олгосон. Гарт олгосон цалин нь 3.697.685 төгрөг, даатгал шимтгэл нь 827.403 төгрөг болсон байна. Ажил олгогчоос хэдэн төгрөг олгосон нь цалингийн картаас харагдахгүй, харин Нийгмийн даатгалын лавлагаанаас харагдана. Ажил олгогчоос 558.792 төгрөг олгосон. Тэгэхээр манай байгууллагын данснаас 4.525.088+558.792=5.083.880 төгрөгийг цалингийн данснаас гаргасан гэсэн үг юм.

Би Д.Э-ийг ажилладаг гэдгийг мэдээгүй. Манай байгууллага 2021 оны эхээр ковидтой өвчтөн авч байсан үе бөгөөд 2020 оны сүүлчээр карантилагдаж байсан тул ихэнх ажилчид онлайнаар ажиллаж байсан. Тиймээс би ажилдаа ирдэг эсэхийг нь мэдэхгүй. Энэ асуудлыг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн амралтаа аваад ажилдаа орж ирэхэд Э гэдэг хүн дээр цалин бодоод гарсан гэдийг мэдсэн. Тэгээд ямар учиртай юм бэ гэхэд түрээсийн төлбөрт цалинг нь өгч байсан юм, одоо шалгагдаж байгаа гэж надад хэлсэн” /3-р хх-н 179-180/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ын Г “... төсөвт хохирол учирсан тул нэхэмжилнэ” /3-р хх-н 199/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт:

Д.Эийн Төрийн банк дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 204-208/,

Д.Э-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-н 211/,

Мөрдөгчөөс гэрч Б.Ц-ын эзэмшлийн “Самсунг А30” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 214/, гэрэл зургууд /2-р хх-н 215-216/,

*** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Гын 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/14 дугаартай “*** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “***” тасгийн туслах сувилагчийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр Д-ийн Э-ийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн тушаал /2-р хх-н 233, 237/,

Д.Э-ийн “Төрийн албан хаагчийн анкет” /2-р хх-н 234-236/, Д.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-н 238/,

 

***** 2019 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай “**** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн диспетчер, жолоочийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр Б овогтой Ц-ыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн тушаал, Төрийн албан хаагчийн анкет, Хөдөлмөрийн гэрээ /3-р хх-н 18-29/,

*** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2021 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны цагийн бүртгэлийн тооцоо /3-р хх-н 96-171/,

**** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г-ын 2021 оны *** дугаар сарын 18-ний өдрийн *** дугаартай “Тус төвийн туслах сувилагч Д-ийн Э-ийг өөрийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн тушаал /3-р хх-н 177/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

ХОЁР: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн тухайд буюу Шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан талаар

гэрч Б-ны Г “... 2019 оны 12 дугаар сарын 25-нд шинэ жил дөхөж байхад Төрийн банк дахь миний цалингийн данс болох ***** дугаартай дансанд байгууллагаас 5.614.750 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би тэр үед Хөрөнгийн нярваар ажиллаж байсан юм. Тэр орой нь байгууллагын  нягтлан бодогч Д над руу залгаад таны дансанд мөнгө хийсэн, Шинэ жилийн мөнгө байгаа юм, авах хүнд нь гаргаад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг Төрийн банк дахь данснаасаа аваад ХААН банкны дансандаа хийгээд орхисон.

2019 оны 12 дугаар сарын 27-нд байгууллагын шинэ жил болоод өнгөрсөн бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ажил цуглаад очиход нярав С надад хандаж “таны дансанд орсон мөнгийг А даргад өгөх юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга А манай өрөөнд орж ирэхэд нь надад дансаа өгчих, би чам руу шилүүлчихье гэж хэлтэл “би бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд Аий машинаар нь хамт Нисэхийн ХААН банкин дээр очиж би ХААН банкнаас 5.6 сая төгрөгийг бэлнээр авч ажил дээрээ ирээд мөнгийг А даргад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж авсан.

2019 оны Шинэ жилийн мөнгө гээд байгууллагын ажилчдаас 40.000 төгрөг татаж байсан бөгөөд энэ мөнгийг хураалгасан. Дээрх дансанд орсон мөнгийг шинэ жилий мөнгө гэсэн боловч дараа нь надаас А бэлнээр авсан. Шинэ жилийн үйл ажиллагааг Захиргаа, удирдлагын дарга О, С нар л зохион байгуулж байсан. Манай байгууллагын шинэ жил Модны 2-т “****” зочид буудлын 4, 5 давхарт болсон санагдаад байна. Гэхдээ **** хүний хөгжлийн ерөнхий газар, Сургалт үйлдвэрлэлийн төв, мөн манай байгууллага гээд 3 байгууллага хамтран шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Манай байгууллага тэр үед 150 орчим ажилтантай байсан.

Дээрх 5.6 сая төгрөгийг цалин гэдэг утгаар шилжүүлсэн байсан. Миний цалин 1.2 сая төгрөг байдаг. Надаас гадна нярав С, нягтлан Д, Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга М нарын дансаар мөнгө ороод бас буцаагаад өгсөн юм шиг байна лээ” /1-р хх-н 17/ гэж,

гэрч П-ийн М “... 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний цалингийн данс болох Төрийн банкны **** тоот данс руу 5.614.750 төгрөг орсон байсан. Цалин орсон өдөр цалингаа үзэх боломжгүй байсан учраас мэдээгүй бөгөөд орой нь гэртээ очоод дансаа шалгатал энэ мөнгө орсон байсан. Тэгээд маргааш нь ажилдаа ирээд Ерөнхий нягтлан бодогч А-ээс /тухайн үед ажиллаж байсан/ асуухад нарийн тайлбар хэлээгүй бөгөөд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу шилжүүлчих гэсэн юм. Тэгэхээр нь “утгыг нь юу гэж бичих юм бэ” гэхэд “хүүхдийн төвөөс” гээд биччих гэсэн. Би өгсөн данс болох ХААН банкны **** тоот Б гэж хүний дансанд энэ үнийн дүнгээр нь шилжүүлсэн. Тухайн үед шинэ жилийн асуудал яригдаж байсан ч гэсэн энэ мөнгийг Шинэ жилийн мөнгө гэж надад хэлээгүй. Би ч миний цалин орсон байсан, энэ мөнгийг өөр данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлчихсэн юм” /1-р хх-н 20-21/ гэж,

гэрч Г-ын Д “... би 2019 оны ** дугаар сард *** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн цалингийн нягтлан бодогчоор ажилд томилогдсон. Манай байгууллага Төрийн банкаар цалингаа авдаг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны миний цалингийн ***** тоот дансанд 5.614.750 төгрөг цалин гэсэн утгаар орж ирсэн. Тэгэхээр нь ямар учир утгатай мөнгө ороод ирсэн бэ гээд Ерөнхий нягтлан бодогч А-ээс асуухад “та наад мөнгөө **** тоот, Б гэсэн ХААН банкны дансанд хийчих, Шинэ жилийн таксны мөнгө байгаа юм” гэж хэлсэн. Би энэ мөнгийг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хэлсэн данс руу нь яг үнийн дүнгээр нь шилжүүлсэн.

Шинэ жилийн арга хэмжээ ****-т байдаг “*****” зочид буудалд болсон бөгөөд манай нийт ажилчид, *** хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засах сургалт үйлдвэрийн төв, мөн манай байгууллага гэсэн 3 байгууллага хамтарч шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ Шинэ жилийн арга хэмжээний такс гэж хэлсэн. Мөн ажилчдаас 40,000 төгрөгийг кассын нярав С хурааж байсан бөгөөд шинэ жилийн мөнгө гэж хурааж байсан. Би 40.000 төгрөг Сд өгсөн” /1-р хх-н 25-26/ гэж,

гэрч Б-ийн Б “... манай байгууллага, **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв 3 байгууллага хамтран шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Агентлагийн дарга Ц.Г-ийн 2019 оны 11 дүгээр сарын **-ний өдрийн ** тоот тушаалаар нэгдсэн Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл хангах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажилласан. Манай ажлын хэсэг Шинэ жилийн арга хэмжээний шаардагдах төсвийн тооцоо, хөтөлбөр, хуваарийг гаргасан. Хөтөлбөрийн үндсэн дээр зохион байгуулагдах газраа судалж “****” зочид буудлын 17 дугаар давхарт байрлах рестораныг сонгосон. Нэг хүний хоолны меню нь 99.000 төгрөг бөгөөд 250 хүн оролцохоор тооцоолсон. Нийт төсөв маань 49.106.000 төгрөг болсон бөгөөд үүнээс зарцуулагдсан нь 48.384.332 төгрөг болсон.

Манай байгууллага 12.516.000 төгрөг, **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 23.005.999 төгрөг, Сэргээн засах төв 12.862.333 төгрөг гаргахаар болсон. *** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 135 хүн Шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаа юм. 189 хүнээс орохоор зөвшөөрсөн 135  хүн юм шиг байна лээ. Меню бол хүний тоогоор бөгөөд харин бусад зарцуулах хөтлөгч, урлагийн тоглолт зэргийн зардлыг бол 3 хуваагаад гаргахаар болсон юм. Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 23.005.999 төгрөг болж байгаа юм. Ингэхдээ *** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан Э миний ХААН банкны **** тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.480.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөгийг “шинэ жилийн урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Мөн С нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.240.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Ингээд нийт 8.340.500 төгрөг орсон. Үүнээс би “***” зочид буудал руу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3.200.000 төгрөгийг “Урьдчилгаа” гээд Санхүүгийн Лгийн *** тоот данс руу, 2019 оны 12 дугаар сард мөн энэ данс руу 500.000 төгрөгийг “Урьдчилгаа” гээд шилжүүлсэн. Ингээд миний зарцуулсан мөнгө 9.238.000 төгрөг болсон. Үлдсэн мөнгө нь манай байгууллагаас гаргасан мөнгө байгаа юм.

М, Д нар нь Б гэж хүний **** тоот данс руу тус бүр 5.614.750 төгрөг буюу нийт 11.229.500 төгрөг шилжүүлсэн байна. Б нь манай шинэ жил зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн бөгөөд манай агентлагийн Орон нутаг, салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн юм. Одоо бол ажлын байр хариуцсан мэргэжилтэн бөгөөд одоогоор жирэмсний амралттай Сэлэнгэд байгаа. Энэ данс нь манай ажлын Б-ын Б-ийн данс мөн. Б.Б нь “***” зочид буудалтай шинэ жил зохион байгуулах гэрээний ажлыг хариуцаж байсан бөгөөд энэ мөнгийг “***” зочид буудал руу шилжүүлсэн байгаа. Гэрээг мөн байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн 24.750.000 төгрөг болсон. Энэ мөнгө нь хоол, зууш, уух юм, заалны төлбөр юм. Бид урлагийн тоглолт, хөтлөгчөө өөрсдийн зардлаар гаргасан” /1-р хх-н 60-61/ гэж,

гэрч Б-ны С “... 2019 оны 11 дүгээр сард шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар ажилчдаасаа 40.000 төгрөг цуглуулж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр статистикч Б.Э бид хоёр нийт 2.920.000 төгрөгийг *** хүний хөгжлийн ерөнхий газрын нягтлан бодогч Б.Б-т шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 25-нд ерөнхий нягтлан бодогч Б.А “шинэ жилийн мөнгийг хэд хэдэн хүний данс руу хийсэн, чиний данс руу 5.814.750 төгрөг хийсэн байгаа шүү аваад өгөөрэй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ерөнхий нягтлан бодогч Б.А чам руу данс явуулахаар тэр данс руу шинэ жилийн мөнгөө хийгээрэй гэхээр нь “***” зочид буудалд шинэ жилийн арга хэмжээ болно гэсэн учраас тэдний данс руу хийж байна гэж бодоод Төрийн банкны *****  тоот данс руу “шинэ жил” гэсэн утгаар 5.420.000 төгрөгийг шилжүүлсэн.

Дараа нь сонсоход энэ данс нь манай Хөгжлийн төвийн багш Д-гийн данс байсан юм билээ. Мөн шинэ жилийн мөнгө гээд нярав Б.Г-ын дансаар 5.6 сая төгрөг орсныг 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Аж ахуйн нийтлэг үйлчилгээний дарга Т.А авсан.

Мөн надаас кассад байсан мөнгөнөөс 1.100.000 төгрөг, 1.120.000 төгрөг, 280.000 төгрөгийг аваад 8.114.750 төгрөг авсан. Энэ мөнгөөр Т.А дарга шал угаагч машин худалдаж авсан юм. Би энэ тухай бэлэн мөнгөний кассын бүртгэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байна. Надад кассад ямар учиртай мөнгө байсан гэхээр манай цайны газар ажилчдадаа хоол зараад олсон орлого нь кассад байдаг юм. Энэ машиныг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна. А дарга шал угаадаг машин ирчихсэн байна, мөнгийг нь өгөх гээд байна, чи хурдал гээд над руу утсаар яриад дуудаад байсан” /1хх-н 63/ гэж,

гэрч Г-ийн Д “... 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр 3, 4 дүгээр хороолол орохоор замд явж байхад Оюунбилэг даргатай санхүүгээс яриад Шинэ жилийн арга хэмжээний мөнгө шилжүүлэх тухай ярилцсан бөгөөд Оюунбилэг дарга карт, түрүүвчээ өрөөндөө мартаад гараад ирсэн байна гээд чиний дансаар авчихъя гэж надад хэлсэн. Миний Төрийн банкны цалингаа авдаг **** тоот данс руу 5.420.500 төгрөгийг манай санхүүгээс л шилжүүлсэн. Тэгэхээр нь би АТМ ороод бэлнээр авах гэтэл бэлэн мөнгө гарах боломжгүй гэсэн тул өөрийн ХААН банк дахь **** дансанд хийчихсэн юм. Ингээд бэлэн мөнгөөр авах гэтэл 2 банкны хоорондох гүйлгээ нь хийгдэхгүй удаад би маш их сандраад, айгаад Оюунбилэг дарга болон агентлагийн нягтлан бодогч Б.Боос уучлалт гуйгаад “Гранд хилл” зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний мөнгийг төлөх ёстой байсан гэхээр нь банк тартал би мөнгийг нь авч өгөх гээд үсчин орж чадалгүй хүлээгээд суусан.

Маргааш нь санагдаж байна, ХААН банкны дансанд 5.420.500 төгрөг нь Төрийн банкнаас орж ирэнгүүт нь агентлагийн нягтлан бодогч Б.Б-ын өөрийнх нь дансыг аваад ХААН банкных нь данс руу энэ дүнгээр нь шилжүүлж өгсөн. Өөрөөр надад мөнгөтэй холбоотой асуудал байхгүй ээ.

Эхлээд бид нараас 90.000 төгрөг ч гэсэн билүү, хураана гэхэд хүмүүс дургүйцэж байсан. Тэгээд 40.000 төгрөг хураах болоход цөөхөн л хүн өгч байсан. Тэгээд сүүлд нь мөнгө нь шийдэгдчихсэн байсан тул манай байгууллагын ажилчид 100 хувь шинэ жилийн арга хэмжээндээ оролцсон. Шинэ жилийн арга хэмжээ ямар зардал гарсан гэдгийг мэдэхгүй. Зардал их гарсан байх гэж бодож байна. Яагаад гэхээр жүжигчин Алтаншагай хөтөлж, дуучин Наран, Ука, Наки гээд нилээн гоё урлагийн тоглолтууд болж байсан. Чимэглэл, ширээний зохион байгуулалт, хоол унд маш гоё байсан. Маш их сугалаатай байсан бөгөөд сугалааны хонжворт хамгийн супер шагнал нь гэхэд БСБ-ын керамик тавцан плитка, тоос сорогч, ноолууран хөнжил гээд их олон сугалааны хонжворууд байсан. Тэгэхээр нилээн үнэтэй болсон байх гэж бодож байна” /1-р хх-н 68/ гэж,

гэрч Ц-ийн Г “... 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдаад даргаар нь томилогдож, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн. 2019 оны шинэ жилийн арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар буюу агентлаг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв гэсэн 3 байгууллага хамтраад нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаж оролцсон хүнийхээ тоогоор мөнгөө төлж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан. 3 байгууллагаас төлөөлөл гарч нийлсэн ажлын хэсгийг би тушаал гаргаж байгуулсан. Шинэ жилийн төсвийг 3 байгууллага өөр өөрсдийнхөө ажилчдын мөнгийг гаргасан байх. Манай агентлагийн хувьд 30 гаруй хүнтэй бөгөөд манай байгууллага төсвийн мөнгөнөөс гаргаагүй, өөрсдөө хувийн зардлаасаа гаргаж шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Манай агентлаг нь 30 хэдэн хүнтэй учраас төсөв байхгүй, тиймээс өөрсдөө хувиасаа зардлаа гаргасан. Харин хүүхдийн төвийн хувьд цалингийн сан ихтэй байсан тул аль болох хүмүүсээ шагна, шагнал урамшууллыг нь өг, яагаад гэхээр холоос ажилладаг, боловсон хүчнийг тогтвортой барихын тулд хэцүү байсан тул урамшууллыг сайн өгөөрэй гэдгийг л хэлж байсан. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад цалингийн төсвөөсөө гарга гэсэн үүрэг чиглэл өгч байгаагүй ээ.

Сэргээн засалт, сургалтын төв хүмүүсээсээ хувиас нь мөнгө хурааж аваад хэрүүл маргаан болоод зарим хүмүүс нь шинэ жилдээ орохгүй гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхээр Сэргээн засалт, сургалтын төв хувиасаа л мөнгө гаргаж шинэ жилдээ оролцсон байх. Надад шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах зардлыг батлах эрх байхгүй. Би одоо мэдэхгүй, комиссын тушаал гаргахдаа л энийг давхар баталчихсан юм байхдаа, би сайн санахгүй байна. Гэхдээ ийм юм баталж байснаа санахгүй байна. Гэхдээ энийг баталсан гээд би төсвөөс мөнгө гараагүй гэж ойлгож байна” /2-р хх-н 63-64/ гэж,

гэрч М-ын О  “... би Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөл албаны дарга учраас багтдаг. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даргын зөвлөлийн хурал дээр Ц.Г дарга, ерөнхий нягтлан бодогч Х-ийн хамт ирж оролцсон. Тухайн хурал дээр нийт ажилчдаа урамшуулах нь зөв гэж ярьсан.

Гурван байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох гэж байсан юм. Тухайн хурал дээр Г дарга болон Хаш-Эрдэнийн зүгээс цалингийн төсвөөс шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах талаар яриагүй. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах талаар яриагүй. Шинэ жилийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй ажилчид бас байдаг учраас заавал ор гэж шаардаж болохгүй тухай ч хэлж байсан. Г дарга байгууллагын дарга хүн байж санхүүгээс мөнгө гарахыг мэдэхгүй байна гэж юу байх вэ дээ” /6-р хх-н 66/ гэж,

гэрч Ц-гийн С “... би **** хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөлд багтдаг. Тухайн үед би шинэ байгууллагад орсон байсан бөгөөд тухайн үед ажилтнуудаа урамшуулна, мөн өөрсдийнх нь саналаар шинэ жилд оруулна гэж ярьж байсан. Г даргын зүгээс цалингийн төсвөөс мөнгө гаргаж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөөгүй. Нийт ажилчдаа урамшуулал олгож болох тухай ярьсан” /6-р хх-н 69/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт:

гэрч Б.Г-с АТГ-т гомдол гаргахдаа гаргаж өгсөн “... 2020.01.02 өдөр ... 5.614.950 төгрөгийг Аж ахуй, нийтлэг үйлчилгээний дарга А хүлээн авсан тухай ...” гар бичмэл /1-р хх-н 6/,

гэрч Б.Гантулгын Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай болон ХААН банкны **** тоот дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 7-9/,

гэрч П.Мгийн Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай дансны хуулга /1-р хх-н 22/,

гэрч Г.Д-гийн Төрийн банканд эзэмшдэг *** тоот дугаартай дансны хуулга /1-р хх-н 27/,

*** хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Г-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/137 тоот тушаал /1-р хх-н 47/,

“***” ХХК-ийн менежер Ц.А, Б.Б нарын хооронд байгуулсан хүлээн авалт захиалах, зохион байгуулах гэрээ, Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад шаардагдахад төсөв, хөтөлбөр, байгууллагуудаас гарах зардал /1-р хх-н 49-58/,

гэрч Б.Бын ХААН банкны дансны хуулга /6-р хх-н 155-167/,

гэрч Б.Соёл-Эрдэнийн Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай дансны хуулга /1-р хх-н 10-13/,

гэрч Б.Сэс гаргаж өгсөн “кассын дэвтэр”, “Т.А-ий бэлэн мөнгө авсан тухай” гэсэн бичмэл баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 64-66/,

гэрч Г.Д-гийн Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай дансны хуулга /1-р хх-н 71 /,

“**** хүний хөгжлийн ерөнхий газар”-аас 2021 оны 5 дугаар сарын ***-ний өдөр ирүүлсэн *** дугаартай албан бичиг /2-р хх-н 55/,

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Рийн Гыг албан үүргийнх нь зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлсүгэй” гэсэн Б/06 дугаартай тушаал /3-р хх-н 80/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-н 72-75/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Төрийн банканд эзэмшдэг *** дугаартай депозит дансны хуулга /2-р хх-н 126-127/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нягтлан Б.А-ийн тооцоолж, тус төвийн дарга Р.Гын баталсан “Цалин олгох хүснэгт” /2-р хх-н 128/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаартай “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /2-р хх-н 131-134/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /2-р хх-н 135-138/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” төлбөрийн хүсэлт /2-р хх-н 139/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2019 оны Санхүүгийн үр дүнгийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Төсвийн гүйцэтгэлийн тайлан /2-р хх-н 189-195/ гэсэн баримтууд авагдсан байна.

 

ГУРАВ:Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн тухайд буюу “U-Mac 50” маркийн шал угаагч машин худалдаж авсан талаар

гэрч Б-ны С “... надаас кассанд байсан мөнгөнөөс 1.100.000 төгрөг, 1.120.000 төгрөг, 280.000 төгрөг нийтдээ 8.114.750 төгрөг авсан. Энэ мөнгөөр Т.А дарга шал угаагч машин худалдаж авсан юм. Би энэ тухай бэлэн мөнгөний кассын бүртгэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байгаа. Ямар учиртай мөнгө байсан гэхээр манай цайны газар ажилчдадаа хоол зараад олсон орлого кассанд байдаг юм. Энэ машиныг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй. А дарга шал угаадаг машин ирчихсэн байна, мөнгийг нь өгөх гээд байна чи хурдал гээд над руу утсаар яриад дуудаад байсан” /1-р хх-н 63/ гэж,

гэрч Ц-гийн М  “... “Юниланд” ХХК-ийг манай нөхөр Шижирбаатар үүсгэн байгуулсан. Захирлаар нь манай нөхөр Шижирбаатар ажилладаг, би компанийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг.

“Биг” худалдааны төв дээр хийдэг худалдаа нь манай компанийн гол үйл ажиллагаа нь. Манай байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд автомат шал угаах төхөөрөмж худалдсан. Уг машин нь цэнэглээд, түрээд цэвэрлэгээ хийдэг төхөөрөмж юм. Мөнгө нь дансаар орж ирсэн. Төрийн сангийн данстай харьцдаг манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** дугаартай дансаар орж ирсэн” /2-р хх-н 104-105/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт:

“Юниланд” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг **** дугаартай депозит дансны хуулга /2-р хх-н 111-118 /,

“Юниланд” ХХК-иас ирүүлсэн “U-Mac 50” маркийн шал угаагч машин 1 ширхэг 8.200.000 төгрөг”-ийн нэхэмжлэл, нэхэмжлэл дээр “санхүүд шилжүүлье” гэсэн цохолттой албан бичиг /1-р хх-н 77/ зэрэг баримтууд авагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл:

НЭГ: “нийтийн албан тушаалтан” гэдэгт “... , төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ...” хамаарахаар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхойлжээ.

Түүнчлэн “албан үүрэг, бүрэн эрх” гэж нийтийн албан тушаалтан эрхэлж байгаа албан тушаалын хувьд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээсэн үүргийн нэгдэл буюу эрх мэдлийг,

албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг,

өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох”-ыг тус тус хуульд тодорхойлсон.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Р.Гыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх”-ээр,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Р.Гыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга”-аар тус тус томилсон /3-р хх-н 80, 86/ байгаа нь шүүгдэгч Р.Г нийтийн албан тушаалтан мөн буюу хэргийн субъект болохыг нотолно.

Мөн түүний Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллах “Албан тушаалын тодорхойлолт” /3-р хх-н 72-79/, “Төрийн албан хаагчийн анкет” /3-р хх-н 35-37/ хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Р.Г нь дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Болдбаатар овогтой Цыг тухайн төвд “диспетчер, жолооч”-оор ажилд авсан /3-р хх-н 29/ байх ба Б.Цтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /3-р хх-н 25-26/, “Албан тушаалын тодорхойлолт” /3-р хх-н 27-28/, “Төрийн албан хаагчийн анкет” /3-р хх-н 18-20/, Б.Цын бичсэн өөрийн болон эцгийн, өвөг эцгийн намтар /3-р хх-н 21-23/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Жолооч Б.Ц нь өөрийн танил Д.Э гэгчийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “***” тасгийн туслах сувилагч” мэтээр ажилд томилуулсан тушаалыг дарга Р.Гаараа гаргуулж, улмаар Д.Эт олгогдох ёстой байсан цалинг Б.Ц хувьдаа авч ашигласан, нөгөө талаас тухайн байгууллагад огт ажилладаггүй Д.Эийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн буюу ... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгожээ.

Шүүгдэгч Р.Г нь “... Ковид-19 цар тахлын үе байсан учраас түрээсийн гэрээгээр бусдын автомашиныг албан хэрэгцээнд ашиглах нөхцөл байдал үүссэн, ... Д.Эийг ажилд авах талаар жолооч Б.Цтай ярьж тохирсон зүйл байхгүй ...” гэсэн тайлбарыг хэлж байх боловч тэрээр тухайн үйл явцыг мэдэж байсан болох нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудаас гадна шүүгдэгч Р.Г гэрч Б.Ц нар энэ хэргийн хувьд харилцан хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой байсан нь мөрдөгчөөс гэрч Б.Цын эзэмшлийн “Самсунг А30” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл дэх гэрэл зургийн үзүүлэлтийн “бичвэрт”[1] тодорхой тусгагджээ. /2-р хх-н 214, 215-216/

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Р.Гыг энэ гэмт хэрэгт буруутгахдаа зөвхөн “Б.Ц гэгчид давуу байдал бий болгосон” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэргийн үйл баримтаас үзвэл Б.Цаас гадна Д.Эийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, түүнд мөн давуу байдал бий болгосон байгааг дурдъя. Харин энэ нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд шүүх шүүгдэгч Б овогт Рийн Гыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй /шинжтэй/, өөрөөр хэлбэл бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “..., түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, ... -ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор энэ хэрэгт иргэн Б.Цыг “иргэний хариуцагч”-аар татсан[2] нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болсон төдийгүй тухайн хэргийн үйл баримтад нийцсэн байх тул дээрх гэмт хэргээс улбаатай хохирол болох 5.083.880 /таван сая наян гурван мянга найман зуун ная/ төгрөгийг шүүгдэгч Р.Г болон иргэний хариуцагч-Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 1 Б тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, Б овогт Б-ын Ц нараар хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “... шүүх хуралдаанд бусад оролцогчдыг оролцуулах талаар тусгайлан гаргах саналгүй ...” гэсэн байдгаас гадна шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад талуудаас /яллах, өмгөөлөх/ шүүх хуралдаанд оролцвол зохих “оролцогч”-ийн /иргэний хариуцагчийн/ талаар санал, хүсэлт гараагүйг тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс иргэн Б.Цыг энэ хэрэгт “иргэний хариуцагч”-аар татаж, түүнээс тайлбар мэдүүлэг авсан байгаа нь тэрээр тухайн асуудлаас үүсэх үр дагавар, хариуцлагыг мэдэж байсан гэж үзэхээр, цаашлаад мөрдөгч, эсхүл прокуророос уг тогтоолд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, тогтоолыг хүчингүй болгоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

ХОЁР: Шүүгдэгч-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г, шүүгдэгч-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Ерөнхий нягтлан бодогч Б.А[3], шүүгдэгч- тус төвийн Санхүү, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А[4] нар бүлэглэж “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу Шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” болох нь:

гэрч Б.Г, П.М, Г.Д, Б.Б, Б.С, Г.Д, Ц.Г, М.Ол, Ц.С нарын мэдүүлгүүд,

гэрч Б.Гас АТГ-т гомдол гаргахдаа гаргаж өгсөн “... 2020.01.02 өдөр ... 5.614.950 төгрөгийг Аж ахуй, нийтлэг үйлчилгээний дарга А хүлээн авсан тухай ...” гар бичмэл, гэрч Б.Гантулгын Төрийн банканд эзэмшдэг 104800951259 тоот дугаартай болон ХААН банкны 5027315255 тоот дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч П.Мгийн Төрийн банканд эзэмшдэг 100900546858 тоот дугаартай дансны хуулга, гэрч Г.Дгийн Төрийн банканд эзэмшдэг ***** тоот дугаартай дансны хуулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/137 тоот тушаал, “***” ХХК-ийн менежер Ц.А, Б.Б нарын хооронд байгуулсан хүлээн авалт захиалах, зохион байгуулах гэрээ, Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад шаардагдахад төсөв, хөтөлбөр, байгууллагуудаас гарах зардлын тооцоо, гэрч Б.Бын ХААН банкны дансны хуулга, гэрч Б.Соёл-Эрдэнийн Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай дансны хуулга, гэрч Б.Сэс гаргаж өгсөн “кассын дэвтэр”, “Т.Аий бэлэн мөнгө авсан тухай” гэсэн бичмэл баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Г.Дгийн Төрийн банканд эзэмшдэг **** тоот дугаартай дансны хуулга, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-аас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 1/115 дугаартай албан бичиг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нягтлан Б.Аийн тооцоолж, тус төвийн дарга Р.Гын баталсан “Цалин олгох хүснэгт”, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

ГУРАВ: Шүүгдэгч-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г, шүүгдэгч-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Ерөнхий нягтлан бодогч Б.А, шүүгдэгч-тус төвийн Санхүү, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А нар бүлэглэж “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” болох нь:

дээр дурдагдсан гэрчүүдийн зарим мэдүүлгүүд болон гэрч Б.С-ний “... надаас кассанд байсан мөнгөнөөс 1.100.000 төгрөг, 1.120.000 төгрөг, 280.000 төгрөг нийтдээ 8.114.750 төгрөг авсан. Энэ мөнгөөр Т.А дарга шал угаагч машин худалдаж авсан юм. Би энэ тухай бэлэн мөнгөний кассын бүртгэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байгаа. Ямар учиртай мөнгө байсан гэхээр манай цайны газар ажилчдадаа хоол зараад олсон орлого кассанд байдаг юм. Энэ машиныг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй. А дарга шал угаадаг машин ирчихсэн байна, мөнгийг нь өгөх гээд байна чи хурдал гээд над руу утсаар яриад дуудаад байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Мийн “... “Юниланд” ХХК-ийн захирлаар манай нөхөр Шижирбаатар ажилладаг, би компанийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг. “Биг” худалдааны төв дээр хийдэг худалдаа нь манай компанийн гол үйл ажиллагаа нь. Манай байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд автомат шал угаах төхөөрөмж худалдсан. Уг машин нь цэнэглээд, түрээд цэвэрлэгээ хийдэг төхөөрөмж юм. Мөнгө нь дансаар орж ирсэн. Төрийн сангийн данстай харьцдаг манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** дугаартай дансаар орж ирсэн” гэсэн мэдүүлэг,

“***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг *** дугаартай депозит дансны хуулга, “***” ХХК-иас ирүүлсэн “U-Mac 50” маркийн шал угаагч машин 1 ширхэг 8.200.000 төгрөг”-ийн нэхэмжлэл, нэхэмжлэл дээр “санхүүд шилжүүлье” гэсэн цохолттой албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Р.Г-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын хувьд “төсвийн шууд захирагч мөн” гэж дүгнэсэн нь, түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцсон бусад шүүгдэгч нарын оролцоогоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан тэдгээрийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Р.Гын үйлдлийг дүгнэхдээ “... дарга Т.Атэй бүлэглэн туслах үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон 2.500.000 төгрөгийг U-Мас 50 маркийн шал угаагч машин худалдан авахад тус тус зарцуулж нийт цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй буюу энэ үйлдэлд нь шүүгдэгч Б.А оролцоогүй мэтээр бичигджээ.

Тодруулбал; шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нар нь “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг нийт 8.114.750 төгрөгөөр худалдан авах”-даа 2.500.000 төгрөгийг нь тухайн байгууллагын туслах аж ахуйн үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон мөнгөнөөс гаргаж, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах” нэрээр бусдын дансаар шилжүүлж авсан мөнгөнөөс гаргасан байх тул эдгээр гурван шүүгдэгчийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Б овогт Рийн Г, Ц овогт Тын А, Б овогт Бын А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хэдийгээр шүүгдэгч Р.Г, Б.А, Т.А нар “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон боловч шүүх уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгов.

Учир нь, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-ийг өөрчлөн найруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тайлбарлажээ.[5]

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Г, Б.А, Т.А нарын үйлдсэн “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийн хохирлын хэмжээ хуульд заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгт хүрэхгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Р.Г, Б.А, Т.А нар нь “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэрэгтээ бусдад /улсад/ төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Р.Г, Б.А, Т.А нарын бүлэглэж үйлдсэн “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу Шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийн хохирлыг нэр бүхий гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох явцад шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээж авсан болно.

 

Шүүх хуралдааныг ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд:

шүүгдэгч Б.А “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 5.681.416 төгрөгийг,

шүүгдэгч Р.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 88.000 төгрөгийг, “... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 2.541.940 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Одоогоор шүүгдэгч Р.Г 5.681.416 төгрөгийн, шүүгдэгч Т.А 5.681.416 төгрөгийн, иргэний хариуцагч Б.Ц 2.541.940 төгрөгийн төлбөртэй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “Эд хөрөнгө битүүмжлэх” үндэслэл, шаардлагыг тусгасан байдаг боловч шүүгдэгч Р.Г нарт холбогдох энэ хэргийн хувьд дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзээгүй тул

Монгол Улсын иргэн Х Б  овогт Т-ын А /****/, Б овогт Р-ийн Г /*****/ нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201028175 дугаарт бүртгэгдсэн, 000174250 дугаарын гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачны гудамж, ** дүгээр байрны ** тоот, хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолыг[6] хүчингүй болгов.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

Р.Г-ын: Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /5-р хх-н 203/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-н 204/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 219/,

Т.А-гийн: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /5-р хх-н 207/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-н 208/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 218/,

Б.А-ийн: Иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-н 196/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 220/ гэсэн баримтууд авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Р.Г, Б.А, Т.А нарт ял оногдуулахдаа “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж,

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн шүүгдэгчийн хувийн байдал /үүнд: гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх г.м/ зэргийг харгалзан үзэв.

Тухайлбал, шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан, шүүх хуралдааны явцад өөрт ногдох хохирлоо нөхөн төлсөн буюу төлөх төлбөргүй,

шүүгдэгч Р.Г нь өрх толгойлсон эмэгтэй гэх, хохирлоос тодорхой хэсгийг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн,

шүүгдэгч Т.А нь эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа гэх байдлыг нь тус тус харгалзан тэдгээрт торгох ялыг, түүнчлэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг тус тус ялгамжтайгаар оногдуулж, харин оногдуулсан торгох ялыг нь 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Нөгөөтэйгүүр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч С.Батнасан, М.Машбат, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч О.Аззаяа нар хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцож:

“... цалингаас үлдсэн мөнгийг тушаал гаргаж урамшуулал хэлбэрээр олгосон нь гэмт хэргийн шинжгүй, ... санхүүгийн асуудлыг хариуцах этгээд нь байгууллагын ерөнхий нягтлан бодогч Б.А, ... туслах аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоос байгууллагадаа шал угаагч машин авсан нь тухайн байгууллагын хэрэгцээ шаардлага, онцлогоос хамаарч нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил бөгөөд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, ... шал угаагч уг машин нь одоо хүртэл байгууллагадаа хэвийн ажиллаж байна, ... тухайн байгууллага шинэ тутам байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдрээгүй, машин унааны хэрэгцээтэй байсан учраас Д.Э гэгчийг цалинжуулж, цалингаас нь автомашин түрээслэх төлбөрийг гаргасан, ... энэ хэрэгт агентлагийн дарга Г, ерөнхий нягтлан бодогч Хаш-Эрдэнэ нар холбоотой, эдгээр хүмүүсийг мөн адил хэрэгт татах ёстой, ... прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй зөрчилтэй, ... шүүгдэгч Т.Агийн хувьд гэмт хэргийн субъект болохгүй ...” гэцгээв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг, нэр бүхий шүүгдэгч нар гэмт хэргийн субъектэд хамаарахыг дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг дүгнэж хууль зүйн үндэслэлээ тайлбарласнаас гадна хэргийг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэж шийдвэрээ гаргасан болно.

Харин шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, А.Сэлэнгэ нар “... гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

            1. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргээс шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж U-Mac 50 маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Б овогт Рийн Гыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Рийн Г, Ц овогт Тын А, Б овогт Бын А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

            шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

            шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.600.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            5. Шүүгдэгч Р.Гад оногдуулсан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            6. Шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нар тус бүрийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

            7. Шүүгдэгч Р.Гад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Аэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

шүүгдэгч Р.Гаас 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг,

шүүгдэгч Т.Агээс 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг,

иргэний хариуцагч-Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 1 Б тоотод оршин суух, ***** дугаарын регистртэй, Б  овогт Б-ын Ц-аас 2.541.940 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөг тус тус гаргуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олгосугай.

 

9. Шүүгдэгч Р.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 88.000 /наян найман мянга/ төгрөгийг, “... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 2.541.940 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөгийг,

 

шүүгдэгч Б.А “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

11. Монгол Улсын иргэн Х овогт Т-ын А /*****/, Б овогт Р-ийн Г /****/ нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201028175 дугаарт бүртгэгдсэн, 000174250 дугаарын гэрчилгээтэй, *** дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачны гудамж, ** дүгээр байрны *** тоот, хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

                     ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

[1] Гар утасны мессежийн текст

[2] 3 дугаар хавтаст хэргийн 183-185 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтас хэргийн 36 дугаар хуудас

[4] 5 дугаар хавтас хэргийн 229 дүгээр хуудас

[5] Тайлбар: -Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.

[6] 6 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас