Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2019/00065

 

                                         

 

2019 оны 01 сарын07 өдөр          Дугаар 182/ШШ2019/00065            Улаанбаатар хот

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.А-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт болон алдангид 65 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханаас гаргасан тайлбартаа:  Ж.Э нь амины орон сууц захиалгын гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу худалдагч нь Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сэлхийн зусланд баригдаж байгаа 64,34 м.кв хэмжээтэй амины орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна замын хучилтын хамт барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөхөөр байгуулсан.  Амины орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд ашиглалтад оруулахаар тохиролцсон. Ж.Э нь гэрээний дагуу урьдчилгаа 43 500 000 төгрөг төлсөн бөгөөд түүний аав н.Жаргалсайханаас 3 500 000 төгрөгийг  хариуцагчид шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь энэ тал дээр буюу 3 500 000 төгрөгийг Ж.Эыг төлсөн гэдэг дээр маргахгүй байгаа гэж ойлгож байна.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд амины орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгөөгүй. Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлэхийг олон удаа шаардаж ярьж байсан боловч бүтэн 3-4 жилийн хугацаанд удахгүй дуусгана гээд хүлээлгээд сүүлдээ мөнгөний оронд  өөр машин тэрэг, газар авах уу гэж санал болгож байсан боловч огт тохиролцож чадаагүй. Э.Атай холбогдоход ч хүндрэлтэй байдал бий болсон. Нэгэнт энэ орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болсон учир  нэхэмжлэгч шүүхэд хандан өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа. Гэрээний хугацаа дууссан, гэрээнээсээ татгалзаж, өгсөн 43 500 000 төгрөг,  гэрээний 7.1 дэх заалт болон Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу  алдангийг төлсөн мөнгөний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 21 750 000 төгрөг, нийт 65 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Алдангийг хоног тутамд 0,3 хувиар тооцоход маш их хэмжээний илүү төлбөр гарна. Иймд хуульд заасан хэмжээгээр тооцсон. Ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ашиглалтад оруулна гэж гэрээний 6.1-д заасан боловч дээрх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул алданги авах эрх нь үүсч байгаа тул алдангийг тооцож нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагч Э.А-аас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоноос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Этай Э.А нь амины орон сууц захиалгын гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Сэлхийн зусланд амины орон сууц барьж өгөхөөр  ажилласан. Ингээд урьдчилгаа төлбөр болох 43 500 000 төгрөгийг аваад тухайн барилгад гүйцэтгэлийн дагуу зарцуулагдсан. Гол тулгамдсан асуудал нь 2015 онд барилгыг гүйцэтгэх гэхэд Шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн барилгыг баригдаж байсан газартай нь хамт битүүмжилсэн тул барилгыг тухайн хугацаанд барьж гүйцэтгэх боломжгүй болж, хүндрэл учирсан. Манай талын хүсэл, гэм буруугүйгээр тухайн барилгыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Одоо барилга нь 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа, инженерийн шугам сүлжээ болон битүүмжлэл, цутгалт бүрэн гүйцэт хийгдсэн, одоо зөвхөн дотор заслын ажиллагаа үлдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн албанд манай зүгээс тодорхой  хүсэлтүүдийг өгсөн байгаа бөгөөд ирэх 4, 5 дугаар сараас битүүмжлэл цуцлагдах байх гэж хүлээж байгаа. Хэрэв цуцлагдвал барилгыг дуусган гэрээ байгуулсан хүмүүст өгнө гэж байгаа юм. Гэвч нэхэмжлэгч гэрээ цуцлахаар шаардсан.

Манай талаас 43 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв алдангийг тооцох бол гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь байх ёстой байтал ямар хугацаанаас, ямар дүнгээс алдангийг тооцоолсон тухай задаргааг хэрэгт оруулаагүй байх тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилга нь шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэх арга хэмжээ авагдахаас өмнө 95 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тэгэхээр манай талаас тухайн барилгыг гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо бол засал хийлгэх ажил үлдсэн. Манай талаас шалтгаалаагүй нөхцөл байдлаас барилгыг хүлээлгэж өгөх боломжгүй байсан тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Э.А-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьчилгаа хөлсөнд төлсөн 43 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 21 750 000 төгрөг, бүгд 65 250 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч Э.А эс зөвшөөрч, уг барилгыг шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилснээс болж барилга баригдахгүй саатсан учир алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

           

1.Хариуцагч Э.А нь нэхэмжлэгч Ж.Э-т Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн зусланд баригдаж буй 68,34 м.кв талбайтай, орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна замын тохижилтын хамт барьж хүлээлгэн өгөхөөр 2013 оны 09 дүгээр сарын 25-нд “Амины орон сууц захиалгын гэрээ”-г байгуулжээ.

            Уг гэрээний 2.1.-д “...барилгын нийт үнэ 82 000 000 төгрөг байна. Энэ дүнд захиалагч орон сууцыг хүлээн авах хүртлэх барилга угсралт, үйлдвэрлэлийн бүх зардал /барилгын материалын үнэ, тээвэр, техникийн нөхцлийн зардал, ажлын хөлс, талбайн барилга заслын ажил, дотоод засал болон холбогдох татвар/ зэрэг багтсан болно” гэж заасан байх бөгөөд хариуцагч Э.А нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гаргаж,  68,34 м.кв талбайтай, орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна замын тохижилтын хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ны хооронд бүрэн барьж хүлээлгэн өгөхөөр, захиалагч Ж.Э нь ажлын хөлсөнд 82 000 000 төгрөгийг гэрээний 2.3, 2.4, 2.5-д заасны дагуу  төлөхөөр тус тус үүрэг хүлээж  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

           

2.Гэрээний дагуу нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд нийт  43 500 000 төгрөгийг төлсөн нь Голомт банкны 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5 000 000 төгрөгийн,  25-ны өдрийн 35 000 000 төгрөгийн дүн бүхий орлогын мэдүүлгүүд, Голомт банк дахь Э.Аын 110321118 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хариуцагч тал 43 500 000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

           

3.Талуудын хоорондохь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Э.А нь гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн зусланд 68,34 м.кв талбайтай, орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна замын тохижилтын хамт барьж 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хууллийн 343 дугаар зүйлийн  343.2., 343.3.-д заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2014 оны 09 дүгэр сарын 22-ны өдрийн 3959 дугаар шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3959/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор  талуудын гэрээний зүйл болох  68,34 м.кв талбайтай, орон сууцны барилга бүхий  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн зусланд дутуу баригдсан 6 ширхэг амины орон сууц, газрын хамт битүүмжлэгдсэн үйл баримт нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох  хуульд заасан хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

           

4.Талуудын хоорондохь ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар хавсралтад зааснаар нэхэмжлэгч Ж.Э нь гэрээний хугацаа дууссаны дараа 2013 оны 11 дүгээр сарын 10-наас хойш 2014 оны 10 дугаар  сарын 10-ны хооронд ажлын хөлсөнд сар бүр 3 500 000 төгрөг, бүгд 42 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, үүнээс 2013 оны 11 дүгээр сарын 10-нд төлөх ёстой 3 500 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-нд төлжээ.

            Хэрэгт авагдсан Ж.Э-ын эзэмшлийн 99098751 дугаарын утсанд  хариуцагч Э.А-ын 91913713 дугаараас ирүүлсэн  2015 оны 09 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний хоорондохь хугацааны цахим захидалд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, зохигчдын тайлбарааас үзэхэд  хариуцагч тал гэрээний хугацаа дуусахад ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүйн улмаас нэхэмжлэгч  нь 2014 оны 11 дүгээр сарын 10-наас хойш үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж  байсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг хариуцагчид урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

            Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225., 226. дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын  дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж, 355.2.-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э нь талуудын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Амины орон сууц захиалгын гэрээ”-нээс татгалзах эрхтэй бөгөөд ингэснээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэг үүссэн байх тул ажлын хөлсөнд төлсөн 43 500 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээнэ.

           

5.2013 оны 09 дүгээр сарын 25-ны “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний  7.1-д “Худалдагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж дуусган хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй байгаа барилгын ажлын өртгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги авах эрхтэй...” гэж  заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ааас  2013 оны 11 дүгээр сарын 10-наас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд  43 500 000 төгрөгөөс хоног тутамд 0,3 хувиар тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан хэмжээнд нийцүүлэн 21 750 000 төгрөгийг  алдангид нэхэмжилсэн.

            Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад  мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзын нэг төрөл болох алданги хамаарах бөгөөд  анз нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой нөгөө талдаа төлөх мөнгөн  төлбөр юм.

            Зохигчдын хоорондохь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсанд гүйцэтгэгч буюу хариуцагч тал нь үүргээ зөрчсөн буруутайн улмаас өөрт учирсан хохирлыг  төлүүлэхээр захиалагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д  заасан байна.

Үүнээс үзэхэд  гэрээг цуцалсанд буруутай тал нь нөгөө талдаа анз бус хохирол төлөхийг хуулиар зохицуулсан учир нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги шаардсаныг хангах боломжгүй гэж үзэв.

 

6.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил”  байхаар заасан бөгөөд шардах эрх үүссэн  2014 оны 11 дүгээр сарын 10-наас хойш 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд нэхэмжлэгч талаас хариуцагчид хандан гэрээний үүргээ биелүүлэхийг, ажлын хөлсөнд төлсөн 43 500 000 төгрөгийг буцааж төлөхийг шаардаж байсан нь  зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний хооронд бие биедээ илгээж байсан цахим захидалд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан  2018 оны 08 дугаар сарын 28-нд шүүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн хугацааг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж,  хариуцагчаас 43 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  695 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас 375 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлин 232.6.-д заасныг баримтлан  хариуцагч Э.А-аас 43 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлээс 21 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 695 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас 375 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                                                                                                                                               

                                  ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА