Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

17

    2023         3             20                                    2023/ШЦТ/218                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Ариунзул

шүүгдэгч Б.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бизнесийн дээд сургуулийн ** дугаар курст сурдаг гэх, ам бүл 4; хойд эцэг, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

***** дугаарын регистртэй, Б овогт Б-гийн Ж

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэлгүүрт менежер ажилтай Т.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан “Тоёото Приус” маркийн, **** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад худалдан борлуулж, завшсаны улмаас хохирогч Т.Бд бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Т.Бтай цуг яваад түүний машинд шинэ яндан 1.490.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Мөн “Доктор” авто оношилгооны газарт очиж хийлгэсэн засвар үйлчилгээний зардлыг бүгдийг төлсөн. Хохирлын мөнгийг хойд эцгээсээ авсан.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг ойлгож байгаа. Би суралцахын хажуугаар ажил хийдэг, хойд эцэг, 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж маань нас барсан. Намайг 2.750.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна. Гэхдээ торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т-ийн Б “... би “Си Юу” ХХК-ийн Нарны хороолол хариуцсан менежер ажилтай. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд манай *** менежер Б.Ж нь манай салбар дээр ирээд бусад салбар руу бууз авч явахаар болсон. Тэгэхдээ би машинаа зарсан эгчээ, та надад түр машинаа өгөөч, би хэдэн бууз хүргэж өгөөд ирнэ, таны машин хэдэн оных билээ гэж асуухаар нь би “чи миний машины оноор яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “өө, зүгээрээ эгчээ” гэж хэлсэн. Удаад ирэхгүй болохоор нь би видео колл хийгээд ярьсан чинь “таны машин дотроос угаар үнэртээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, зүв зүгээр машин авч явсан байж чи битгий сонин юм яриад бай” гэж хэлээд тасласан. Миний машиныг 14 цаг 50 минутын орчимд буцааж авчирч өгсөн. Би тэр өдөр ажил дээр хоноод өглөө 07 цаг 30 минутын үед би ажпаа дуусгаад харьж амарсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажил дээрээ ирсэн. Орой 18 цагийн орчим машинаа унаад хороолол явах замд миний машины чек ассан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 11 цагт би Таван шарын “Доктор” салбарт очиж оношилгоо хийлгэхэд засварчин нь таны машины нүүрсэн яндан алдаа зааж байна гэхээр нь яагаад тэгдэг юм бол гэж асуухад бөглөрсөн, бохирдсон бол ингэж чек асдаг гэж хэлсэн. Нүүрсэн янданг цэвэрлэдэг, тусгай шингэн худалдаж ав гэж засварчин хэлсний дагуу авч бак руугаа хийсэн. Тэгээд хөдөө яваад 2023 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө ирсэн. Маргааш өглөө нь Тасганы овоонд байрлах Авто тээврийн үндэсний төвд оношилгоонд орсон. Гэтэл таны машин тэнцсэнгүй, таны нүүрсэн яндан саяхан хулгайд алдагдсан байна гэхээр нь засварын газар очиж үзүүлэхэд нүүрсэн янданг аваад орлуулаад төмөр хийгээд гагнасан байсан. Гагнуурын ором нь шинээрээ байсан” /хх-н 10-11/ гэж,

гэрч Г-ийн Л  “... 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс би Г , Э  нарын хамт *** дүүргийн 8 дугаар хороо, *** гүний худгийн хойно байрлах 1 давхар блокоор барьсан засварын газрын гражийг түрээслэж ажиллуулдаг. Задаргааны бүх төрлийн машины нүүрсэн болон яндан авдаг. Голдуу Приус 30 машины нүүрсэн янданг он хамаарахгүй 700.000 төгрөгөөр худалдаж авдаг. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нүүрсэн яндан зарах гэж ирсэн хүмүүсийн бүртгэлээс шүүж үзэхэд Б овогтой Ж гэдэг хүнээс **** У** улсын дугаартай, “Приус-30” маркийн машины нүүрсэн янданг 600.000 төгрөгөөр худалдаж аваад Тайвань улсад үйлдвэрлэсэн шүүртэй яндан тавьж өгсөн байна” /хх-н 28/ гэж тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-гийн Ж “... би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нарны хороолол дахь салбар Си Юу дэлгүүрээс бууз хүлээн авч бусад салбарт түгээх ажилтай байсан. Тухайн үед би машинаа зарсан байсан. Тэгээд би тус дэлгүүрийн менежер Б эгчээс машинаа түр хэрэглүүлээч гэж гуйсан. Б эгч яах гэж байгаа юм бэ гэхээр нь би Наадам, Хүннү, Токио салбаруудаар бууз түгээлтээр хүргэж өгөөд ирэх гэсэн юм гэсэн чинь зөвшөөрөөд машинаа өгсөн. Би Наадам, Хүннү салбар дээр түгээлтээ хүргэж өгөөд цааш Хүннү палас руу явж байх замд миний зээл авсан байсан “Бэст-Анзу” банк бус санхүүгийн байгууллагаас над руу зээлийн эдийн засагч нь утсаар залгаад зээлийн эргэн төлөлт буюу 613.000 төгрөгийг яаралтай төл гэж хэлсэн. Тухайн үед цалин буугаагүй байсан учир яаж төлөх талаар бодоод явж байсан чинь фэйсбүүкээр бүх төрлийн автомашины нүүрсэн яндан авна гэсэн зар явж байсан. Тэгэхээр нь би Б эгчийн машины нүүрсэн янданг зараад, цалингаа буухаар чимээгүй аваад хийж болох байх гэж бодоод **** дүүргийн *** автобусны буудлаар ертөнцийн зүгээр урагшаа уруудаад таван хаалгатай авто угаалгын урд талын гудамжаар ороод хоёр дахь хашаанд байх нүүрсэн яндан авдаг газарт **** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 600.000 төгрөгөөр зарсан. Авсан мөнгөөрөө тэр өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд “Бэст-Анзу” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлт болох 535.000 төгрөгийг өөрийн Голомт банкны **** дугаартай данснаас шилжүүлсэн. Би хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Цаашид би ахин гэмт хэрэгт орохгүй аав, дүү нартаа хань болж хичээх болно” /хх-н 45-46/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт:

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5544 дугаартай дүгнэлт /хх-н 33-35/,

“Тоёото приус” маркийн **** У** улсын дугаартай, тээврийн хэрэгслийн янданг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгөөр худалдсан гэх зарлагын баримт /хх-н 80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 65/ авагджээ.

“хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль дүрэм, гэрээ, хэлцэл, албан ажлын хүрээнд өөрийнх нь эзэмшил, мэдэлд хууль зүйн дагуу итгэмжлэн шилжүүлсэн эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, өөрийн мэт хяналтгүйгээр захиран зарцуулж үнэ хөлс, орлогыг нь завших хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Б.Жт холбогдох гэмт хэргийн үйл баримтаас үзвэл субьектив санаа зорилгын хувьд хохирогчийн автомашиныг гуйж авч явсан мөртлөө түүнд өөрт нь мэдэгдэлгүйгээр тухайн автомашины нүүрсэн янданг нь сольж, улмаар бусдад зарж борлуулж байгаа нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг, харин нүүрсэн янданг нь зарж борлуулснаар банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой зээлийн төлбөрөө төлнө гэж анхнаасаа тооцоолсон нь хохирогчийг “залилах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэхээр байна.

 

Гэвч шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн энэ хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.Б “... Ж нь миний машинд 2023 оны 1 дүгээр 26-ны өдөр ориг яндан худалдан авч өгч хохирол бүрэн барагдуулсан тул энэ хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 93/ гэснээс гадна

шүүгдэгч Б.Ж “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 94/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Жт оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Жын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, АСАП сангийн лавлагаа /хх-н 50-54/

гэрч Л-ийн Ё-ийн “... би Жын хойд аав нь байгаа юм. Жын ээж Ятай 2007 онд танилцаж байхад Ж 6 настай байсан. Я бид хоёр дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн, Ж болохоор айлын том хүүхэд. 2021 онд миний хань Я ковид өвчнөөр нас барж би гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Миний хүү Ж нь талийгаач ээжээсээ хойш хоёр дүүдээ маш сайн анхаарал тавьж айлын том ахын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. ... сургуулиа сурч төгсөөд шинээр нээгдсэн Си-Юү дэлгүүрт цэвэрлэгч үйлчлэгчээс нь авхуулан ажиллаж менежер хүртлээ дэвшин томилогдож ажилласан. 2000 онд Олон улсын бизнес удирдлагын дээд сургуульд орж одоо ч сурч байгаа.

... хүүхэд яагаад ийм хэрэгт орсон талаар би их ярилцсан. Дээд сургуульд орохдоо банк бусаас зээл авсан байсныг нь би мэдээгүй. Намайг санаа нь зовох байх гээд зээлээ төлж чадаагүй болохоор надад хэлээгүй юм билээ. Фейсбүүк зарын дагуу хүний машины янданг авч зараад, цалингаа буухаар буцаагаад аваад өгнө гэж бодож байсан гэдгээ надад хэлсэн. Би цаашдаа хүүдээ маш сайн ойлгуулж дахин гэмт хэрэгт холбогдохгүй, алдаа дутагдал гаргахгүй байх талаар санаа тавьж байх болно оо” /хх-н 29-30/ гэсэн мэдүүлэг авагджээ.

 

Шүүгдэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлт, мөн түүний хувийн байдлыг /үүнд: ар гэрийн нөхцөл байдал буюу хагас өнчин дүү нарыгаа асарч, хойд эцгийн хамт амьдардаг, дээд сургуульд сурахын зэрэгцээ ажил хөдөлмөр хийж амьдралаа авч явж байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-г тус тус харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-гийн Ж-ыг “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 2.750.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ж оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ж-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ