Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

 

   2023         4            03                                    2023/ШЦТ/256                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч П.Итгэл

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут ** дугаар гудамж, ** тоот гэсэн иргэний үнэмлэхийн бүртгэлтэй гэх, ам бүл 5; эцэг, эх, 2 дүүгийн хамт *** дүүргийн 11 дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух,

            ял шийтгэл:

1. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 09 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон[1],

***** дугаар регистртэй Ө овогт Цын М

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.М нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:10 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Стелла” баарны урд талын замд “***” маркийн, **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Toyota Aqua” маркийн, **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Э.Сын амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:10 цагийн үед болсон энэ ослын талаар надад маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Би Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг бага сага мэднэ. 2018 онд жолооны курс төгссөнөөс хойш машин тогтмол жолоодоогүй болохоор надад жолооны дадлага туршлага сайн суугаагүй байсан байх.

Турк улс руу явсан шалтгаан нь нэгдүгээрт найзыгаа осолд оруулж амь насыг нь алдууллаа гэж айгаад, хоёрдугаарт хохирол төлбөрөө төлөх зорилгоор мөнгө ольё гэж бодсон юм. Нөгөө машины жолооч Г-ийн машиныг нь янзалж өгсөн, гомдолгүй гэдгээ хэлж байсан. Миний жолоодож явсан машин нь Сэлэнгэ аймгийн дугаартай, Чинбат гэж хүний эзэмшлийнх байсан. Энэ хүнд бас төлбөр тооцоо байхгүй. Талийгаач найзынхаа ээжээс дахин уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Урьд орой нь манай хүү над руу залгаад “ээж, би найзындаа очлоо” гэхээр нь маргааш өглөө эрт ажилтай шүү гэж би сануулж хэлсэн. Маргааш өглөө нь үүрээр залгахад нэг хэсэг утас нь холбогдохгүй байсан, дараа нь утас нь дуудаж байгаа хэрнээ аваагүй. Гэтэл 12.00 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс ярьж байна гэхээр нь явж очсон. Миний хүүгийн нугас нь тасарсан байна, найдваргүй гэж эмч нар хэлсэн. Ингээд 10 гаруй хоногийн дараа нас барсан.

Тухайн үед би гомдолтой байсан, одоо хохирлоо төлсөн болохоор гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд би нийт 13 сая төгрөг нэхэмжилсэнээс 8 сая төгрөгийг нь бэлнээр буюу 2023 оны 2 дугаар сард 5 сая төгрөгийг, үлдэгдэл 3 сая төгрөгийг өмнөх шүүх хуралдаан болдог өдөр авсан.

Үүний дараа 4 дүгээр сарын 01-ний өдөр хохиролд тооцуулж Б-гийн Т гэж хүний нэр дээр байсан 74-80 УНК улсын дугаартай, “Тоёота Ийст” гэдэг машиныг би нөхөр С.Эынхаа нэр дээр шилжүүлж авсан. Надад нэмж хэлэх зүйл алга даа, гомдолгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-ын Б “... манай хүү 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ амарч байгаад 30-ны өглөө ажлаа хийнэ гээд гэрээсээ гараад явсан. Манай хүү уг нь ажлаа хийж байгаад 21 цагийн үед тардаг юм. Би тухайн өдөр 21 цаг 30 минутын үед видео дуудлагаар ярихад “одоо хүү нь офицер дээрээс автобусанд суулаа автобус хүлээж байна” гэж хэлээд тасалсан. Тэгээд ирэх хугацаа нь болсон боловч ирэхгүй байхаар нь би утас руу залгахад утсаа авахгүй байсан. Мессеж бичихэд “ээж санаа зоволтгүй найзындаа хонолоо” гэхээр нь “өглөө ажилтай шүү, цагтаа очоорой” гэж хэлэхэд “за” гэж хэлээд түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад өглөө 05 цагийн үед залгахад утас нь дуудаад аваагүй унтаж байгаа юм байна гэж бодоод унтаад өглөө 07 цаг өнгөрөөгөөд залгахад утас нь холбогдох боломжгүй гэж хариу өгч байсан. Тэгээд 10 өнгөрөөгөөд залгатал ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгтэл над руу 12 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлгээс залгаад манай хүүг эмнэлэгт хэвтсэн шүү гэдгийг нь хэлсэн. Талийгаачийн оршуулгын ажлын зардал гарсан байгаа. Хэргийн материалд хавсаргуулахаар өгнө. Гомдолтой байна” гэж /1-р хх-н 41-42/,

иргэний нэхэмжлэгч С-ын Г “... би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 10 минутын орчим 1 дүгээр хорооллоос хотын төв рүү явахаар 10 дугаар хорооллын замаар өөрийн эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн, **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт араас машин мөргөөд би машинаа зогсоогоод буугаад хартал миний машины араас “Тоёота Гранд марк 2” маркийн улсын дугаараа аваад урд хойд талдаа улсын дугааргүй машин хойд талд зогсож байсан. Тухайн машин дээр очиход жолооч талын хаалгаар одоо шалгагдаж байгаа М гэх залуу бууж ирээд “ахаа уучлаарай миний буруу тоормосгүй болчихлоо” гэж хэлэхээр нь та нар чинь ямар болгоомжгүй явдаг юм гэж хэлээд байж байтал тэр машины зүүн хойд хаалганаас нэг залуу бууж ирээд “ахаа уучлаарай бид нар эмнэлэг ороод явж байсан юм аа та тохиролцоод бид нарыг явуулчихаач, таны хохирлыг барагдуулна” гэж хэлж байсан уг залуугаас архи үнэртэж байсан. Би цагдаад тухайн үед өөрийн дугаараасаа “машины араас мөргөсөн” гэсэн дуудлага өгсөн байж байгаад тэр залуучууд тэгж хэлээд байхаар нь би буцаж залгаад дуудлагаа буцаасан. Тэгтэл нөгөө машинаас толгойгоо боосон нэг залуу өөр нэг залууг сугадаад такси зогсоогоод тэд нар суугаад яваад өгсөн. Харин жолооч М үлдээд бид хоёр машиныг урагшаа байрны зогсоол руу тавиад би машинтайгаа яваад Гэмтлийн эмнэлгийн баруун талын засварын газар очоод М хүмүүстэй нь уулзаад засуулж өгөхөөр болоод тэндээ үлдээсэн. Тэгтэл тэр залуу надад “ахаа манай найзын бие муудаад гэмтэл дээр байна гэнэ тийшээ явахаар боллоо” гэхээр нь би цуг очсон. Тэгснээ нөгөө надаас гуйгаад явсан залуу нөгөө цуг явсан залууг ухаангүй, бие нь муудаад байна гэж хэлээд тэр хоёр Гэмтлийн эмнэлэг рүү орсон. Удалгүй цагдаагаас яриад нөгөө Мийг авч явсан. Би хэргийн газар ирээд цагдаа нарыг үзлэг хийхэд нь хамт байгаад машинуудыг зааж өгч ачуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Эвдрэлийг засаж янзалж өгсөн байгаа” гэж /1-р хх-н 76-77/,

 гэрч С-ийн О “... С миний баруун талд, жолоочийн арын суудал дээр унтаад, урд жолоочийн сандлыг толгойгоороо налаад явж байсан. Миний зүүн талд нэрийг нь мэдэхгүй залуу суугаад явсан. Тэр хоёр машин хөдлөхөөс өмнө архи гаргаж ирээд нэг нэг удаа аягаар ууж байсан. Жолооч М архинаас уугаагүй. Урд талын суудал дээр хүнгүй явсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал манай машины урд явсан Тоёота Акуа маркийн машины араас гэнэт М мөргөөд эргээд хажуу тал руугаа хөндлөн хараад зогссон. Би хэсэг шоконд ороод 2-3 минут болоод зүгээр үү гэж асуухад М “би зүгээр” гэж хэлсэн. Харин миний хажууд сууж явсан С гэдэг залуу нь дуугарахгүй байсан. Тэгээд би “найз чинь нэг л эвгүй болчихлоо, такси бариад гэмтэл яаралтай явахгүй бол” гэж хэлэхэд тэр залуу миний баруун мөрийг налаад хэвтээд байсан. Би дахин гайгүй юу гэж асуухад толгойгоо хоёр тийшээ сэгсрээд юм ярихгүй л байгаад байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад такси бариад Сыг М нөгөө найзтайгаа өргөөд таксины хойд талд суулгаад М “би эндээ үлдэнэ” гэж хэлээд бид 3 яваад замдаа би “энд бууна” гэж хэлээд Төмөр замын урд буугаад нөгөө танихгүй 2 залууг Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан” /1-р хх-н 46-47/

“... намайг Гэмтлийн эмнэлгээс гарч ирэхэд М машин дотроо унтаж байсан. Тэгээд хөдлөөд явахад нь би “гайгүй юу, нойр чинь хүрээгүй юу, нойр чинь сэргэсэн үү” гэж асуухад “гайгүй гайгүй машинаа бариад явчихна” гэж хэлсэн. Миний харснаар М нойр муутай явж байсан” гэж /2-р хх-н 64/,

гэрч У-ийн Ц “... тэгээд 04 цаг өнгөрч байхад С руу “хаана байна” гэж чат бичихэд “би Бынд байна” гэж хариу өгсөн. Ингээд М хорооллын Таацын тэнд шаг зардаг хүмүүсээс нэг том пиво, нэг 0.5 граммтай Хараа нэртэй архи аваад Баянхошуу руу Бын гэрт очиход Б хаалга онгойлгож өгсөн. Цаанаас нь С босож ирсэн, Т тасраад унтаж байсан. Ингээд би авчирсан пивоо Б, С хоёртой хувааж уугаад өглөө ажилтай учир “явлаа явлаа” гэж хэлэхэд С “би бас 9 цагт ажилтай, намайг ажил руу дөхүүлээд өгчих” гэж хэлэхээр нь бид хоёр Бын гэрээс 06 цаг өнгөрч байхад гарсан. Гараад Мий машинд суугаад явтал С “3 цаг дутуу байна” гэж хэлэхээр нь би “тэгүүл хоёулаа нэг 0.5 хуваагаад уучих уу” гэж асуухад “тэгье” гэж хэлээд, би нөгөө Хараа нэртэй архиа задлаад уусан. Ууж байхад М рүү О залгаад “ах нь зодуулаад тархи толгойгоо хагалуулчихлаа гэмтэл хүргээд өгчих” гэж хэлэхээр бид 3 машинтай нь Төмөр зам дээр очсон. Тэндээс Оыг эхнэртэй нь аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би Отай цуг ороод эмчээр толгойд нь оёдол тавиулж, боолгуулаад гарч ирсэн. Оыг эхнэртэй нь хүргэж өгөхөөр буцаад М машинаа жолоодоод, Оын эхнэр урд суудал дээр суугаад, жолоочийн ар талын суудал дээр С суугаад, дунд нь О суугаад, би зүүн талд нь суугаад явсан. Гэмтлийн эмнэлгээс хөдлөхдөө С бид хоёр архинаас нэг нэг аягаар уугаад замдаа би тамхи татаад цонхоо онгойлгоод явж байтал О “даараад байна, цонхоо хаачих” гэж хэлэхээр нь би цонхоо хаатал гэнэт түс чимээ гараад М урдаа явж байсан машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд М бид хоёр буугаад нөгөө машины жолоочтой уулзаад эвдрэлийг нь засаж өгөхөөр болоод би буцаад машиндаа суутал О “хөөе хөөе, энэ найз чинь эвгүй болоод байна” гэж хэлэхээр нь би харахад С арын суудал дээр биеэ хөдөлгөхгүй амаа хөдөлгөөд суугаад байхаар нь би “яасан гэнэ, ярьж чадахгүй байгаа юм уу” гэж асуухад толгойгоороо тийм гэж хэлээд дохиод байсан. Би бас “биеэ хөдөлгөж чадахгүй байна уу" гэж асуухад “тийм” гэж толгойгоороо дохио өгч байсан. Би бас “харих уу” гэж асуухад үгүй гэж хариу өгсөн, би “эмнэлэг орох уу” гэж асуухад тийм гэж толгой дохисон. Би машинаас буугаад замын хажуу талаас такси зогсоогоод Сыг би тэврээд машины ард суулгаад өөрөө хажууд нь суусан. О эхнэртэйгээ суугаад замд буугаад би Гэмтлийн эмнэлэг оруулаад эмчид үзүүлэхэд зүрх нь зогсоод ухаан орохгүй байсан. Эмч нар үзээд зүрх нь хэвийн ажиллагаатай болгоод хүзүү нь хугарсан байна гэж хэлээд боолт аваад ир гэж хэлэхээр нь би явж авчирсан. Удалгүй цагдаа нар ирээд М бид хоёрыг авч явсан.

Согтолтын хувьд би бол гайгүй байсан. С бид 2 сүүлд нэг нэг аягаар архи уухад ууж байсан. Намайг Бын гэрт очиход бүгд л зүв зүгээр байсан. Надад С ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон талаар хэлээгүй. Стай анх уулзахад хэвийн байсан. Надтай уулзаад юм яриад архи уугаад яваад байсан” гэж /1-р хх-н 58-59/,

гэрч Б-ны М “... нөхөр бид 2 танил дүү болох М рүү залгаад “гэмтэл хүргээд өгөөч, О ах нь зодуулчихлаа” гэж хэлэхэд “за” гэж хэлээд 30-40 минутын дараа М цагаан өнгийн “Гранд марк 2" маркийн машинтай, хоёр танихгүй залуучууд суулгасан ирсэн. Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг ороод О ганцаараа эмнэлэг рүү ороод толгойндоо оёдол тавиулж, боолт хийлгээд гарч ирсэн. Би машинд суухдаа жолооч Мийн хажуу талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Гэмтлийн эмнэлгийн гаднаас Мөнх- Эрдэнэ жолоогоо бариад би урд суудал дээр, арын суудал дээр нөгөө танихгүй 2 залуу суугаад, манай нөхөр голд нь суугаад явсан. Машин хөдлөхийн өмнө манай нөхөр Мд “ахын дүү жоохон нойроо сэргээгээд яв, жолоо барьж чадахаар байна уу, тамхи татчих” гэж хэлэхэд “машин барьж чадна, зүгээр ээ” гэж хэлээд явсан. Тэгээд Саппорогийн уулзвар дээр зогсоод М тамхи асаагаад уулзвараар 10 дугаар хороолол руу эргээд явж байтал гэнэт манай нөхөр “машин” гэж хэлээд орилоход М машинтайгаа урд явж байсан “Тоёота Акуа” маркийн машины араас мөргөсөн.

Манай нөхөр хажууд сууж явсан залуугаа “чи зүгээр үү, ахын дүү” гэж хэлээд асуугаад байхаар нь би хойшоо харахад тэр залуу юм ярьж чадахгүй ам нь ангайгаад байсан. Тэгээд бид нар буугаад такси бариад нөгөө гэмтсэн залууг найзынх нь хамт суулгаад манай нөхөр бид 4 суугаад явсан. М нөгөө мөргөлдсөн машиныхаа жолоочтойгоо осол гарсан газар үлдсэн. Нөгөө такситайгаа бид 4 яваад Төмөр зам ороод манай нөхөр бид 2 буугаад нөгөө хоёр залууг “гэмтлийн эмнэлэг рүү яваарай” гэж хэлээд явуулсан. Маргааш нь манай нөхөр М рүү залгаж асуухад “бие нь муу сэхээнд байгаа” гэж хэлсэн байсан.

Нөхөр бид 2 анх Мийн машинд суухад тэр 2 танихгүй залуу хойно суугаад явж байсан. Манай нөхөр анх машинд суухдаа Мэс “юу хоёр бандитай явж байгаа юм” гэж асуухад “манай 2 найз байгаа юм аа, машинд чинь ганц юм уучихъя гээд цуг явж байгаа юм” гэж хэлж байсан. Намайг анх тэр хоёр залууг харахад хэвийн зүгээр, юм яриад явж байсан. Гэмтлийн эмнэлгийн гадаа ирээд манай нөхөр буусны дараа тэр хоёр залуу нэг нэгэндээ архи хийж өгөөд уугаад байсан. Гэмтлийн эмнэлгээс хөдлөөд явж байхад тэр залуугийн суусан талын цонх онгорхой байхад манай нөхөр “ахын дүү цонхоо хаачаач” гэж хэлэхэд “ахаа дотроосоо халаад архи уух юм уу” гэж хэлж байсан. М жолоо барьж явахдаа нойрмогдуу явж байсан учраас мөргөсөн байх” гэж /1-р хх-н 68-69/ тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Цын М “... би найз Цтой 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед уулзаад өөрийн унадаг “Тоёота марк 2” маркийн, **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гадуур явж байгаад Ц “Хараа” нэртэй 0.5 граммтай архи нэг шилийг, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн нэг пиво аваад Баянхошуу руу С, Т хоёрын байгаа Бын гэр рүү явсан.

Ингээд 2021 оны 10 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө 04 цагийн орчим Бын гэрийн гадаа ирээд Ц “хамт оръя” гэж хэлэхээр нь би “миний нойр хүрээд байна, машиндаа унтаад байж байя” гэж хэлээд машиндаа унтаад үлдсэн. Удалгүй 6 цаг болж байхад Ц, С хоёр нилээн согтуу гарч ирээд цонх тогшоод би онгойлгоод тэр хоёр машинд суугаад Ц “манай гэр рүү явчих” гэж хэлээд би машинаа асаагаад явсан. Цийн гэр Бын гэрээс нэг гудамжны урд байдаг тул хурдан ирсэн. Тэгээд Ц гэр рүүгээ ороод би Сын хамт Цийг хүлээгээд сууж байтал миний утас руу таньдаг ах О эхнэрийнхээ хамт залгаад М эгч “ах чинь толгойгоо хагалуулсан байна, хүрээд ирээч” гэж хэлээд уйлаад байхаар нь би “за за” гэж хэлээд тасалсан. Ц гарч ирэхээр нь би Ц, С хоёрт “ах эгч хоёр дуудаад байна, та хоёр багтахгүй байх” гэж хэлэхэд Ц надад “хар хүйтэнд бид хоёрыг үлдээх гэлээ машинд чинь сууж байгаад архи уучье” гэж хэлээд арын суудал дээр тэр хоёр суугаад архи хувааж уугаад цуг явсан.

Би Төмөр замын тэнд ирээд ах О, эхнэр М нарыг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү 6 цаг өнгөрч байхад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд О ахыг би дагуулж оруулаад эмчид үзүүлээд эмч “толгойд нь оёдол тавина” гэж хэлэхээр нь би машиндаа суугаад жоохон юм ярьж байгаад М эгч бид хоёр урд суудал унтсан. Ц, С хоёр арын суудал дээр юм яриад сууж байсан. О ах 8 цаг дөхүүлээд гарч ирээд машины арын суудлын голд суугаад, С баруун талд нь, Ц зүүн талд нь суугаад, урд М эгч суугаад би машинаа жолоодоод О ах, М эгч хоёрыг хүргэж өгөхөөр Төмөр зам руу явсан. Ингээд би Гэмтлийн эмнэлгээс урагшаа яваад Саппорогийн гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд хойд суудал руу эргээд хартал С миний ард суусан байсан бөгөөд миний суудлын араас толгойгоороо түшээд унтаад явж байсан. Би Саппорогийн уулзвараар зүүн эргээд 10 дугаар хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад би өөрөө нойр хүрээд зүүрмэглэхэд О ах “хөөе машин тулаад ирсэн байна” гэж хэлээд миний араас нударсан. Би ингээд харахад урд явж байсан Тоёота акуа маркийн машины ард тулаад ирсэн байсан учир шууд тоормосоо гишгэтэл тэр машины араас машиныхаа урд хэсгээр мөргөсөн.

Тэгээд би жолооч талынхаа хаалгаар буугаад мөргүүлсэн машины жолооч ахтай уулзаад хохирлыг барагдуулахаар болоод буцаад машиндаа суухад О ах надад “ахын дүү найз чинь нэг сонин болоод байна” гэж хэлэхээр нь би эргээд хартал С нэг сонин болсон байдалтай юм ярихгүй таталт өгсөн юм шиг харагдахаар нь Ц такси бариад Сыг суулгаад Ц, О, М нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Төд удалгүй Ц над руу залгаад “Сын бие нь их муу байна, чи гялс хүрээд ир” гэж хэлсэн. Би нөгөө мөргөсөн машиныхаа ахтай Гэмтлийн эмнэлгийн эсрэг талын авто засварын газар очоод машиныг янзлуулах мөнгийг нь өгөөд эмнэлэг рүү ороод цагдаатай уулзсан. Ийм л зүйл болсон” /1-р хх-н 38-39/ гэж

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй үйл баримтын хувьд тохирч байна.

 

Амь хохирогч Э.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө нас барсан байна. /1-р хх-н 219-239/[2]

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2465 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг:

“... талийгаач Э.Сын цогцост тархины гүүр, уртавтар тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, тархины эдийн няцрал, хүзүүний 3, 4-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал жийргэвч мөгөөрсний задрал, эрүү, цээж, баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, хүзүүний нугалмын хугарал гэмтлийн улмаас нас баржээ” /1-р хх-н 107-112/ гэжээ.

 

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “... жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

“Тоёота Акуа” маркийн, **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Г /УХ68051377/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зорчигч Э.С, С.О, У.Ц, Б.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэсэн 347 дугаартай магадалгаа /1хх-н 207/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Мийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолно.

 

Тухайн хэргийн үйл баримттай холбоотой Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 7-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4-6/, Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 12/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт мөн авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ө овогт Цын Мийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас  хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

Шүүгдэгч Ц.Мийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 90/, жолоодох эрхийн лавлагаа /1-р хх-н 89/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 94-98/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 99-104/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Талийгаач Э.Сын төрсөн эх Н.Б энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байдаг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “... гомдолтой, ... 12.159.270 төгрөгийн хохирол нэхэжилнэ” /1-р хх-н 245, 2-р хх-н 25/ гэсэн байна.

Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд биечлэн оролцож “... Хохиролд би нийт 13 сая төгрөг нэхэмжилсэнээс 8 сая төгрөгийг нь бэлнээр буюу 2023 оны 2 дугаар сард 5 сая төгрөгийг, үлдэгдэл 3 сая төгрөгийг өмнөх шүүх хуралдаан болдог өдөр авсан. Үүний дараа 4 дүгээр сарын 01-ний өдөр хохиролд тооцуулж Байгалмаагийн Тамир гэж хүний нэр дээр байсан **** УНК улсын дугаартай, “Тоёота Ийст” гэдэг машиныг би нөхөр С.Эынхаа нэр дээр шилжүүлж авсан. Надад нэмж хэлэх зүйл алга даа, гомдолгүй ...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй.

 

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, “Toyota Aqua” маркийн, **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С-ын Г “... нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М-ийн жолоодож явсан “Тоёота Марк 2” маркийн, **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Төрийн банк” ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаанд тусгагджээ. /1-р хх-н 23/

 

Шүүгдэгч Ц.Мд холбогдох энэ хэргийг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт шүүх хянан шийдвэрлэсэн болно.

Учир нь, “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ...” гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл болохын урьд шөнө нь талийгаач Э.С У.Б гэгчийн гэрт очиж архидан согтуурсан гэх үйл баримт байдаг.

 

Дээрх байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан байна.

Тодруулбал: гэрч Т-ийн Н-ын “... би 2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг өнгөрч байхад багаасаа мэддэг хуурай ах Бын Баянхошуунд байх гэрт нь гар утсаа үлдээсэн тэрийг авахаар ганцаараа очиход Бын гэрт манай найз С, таньдаг ах Т, Т нар байсан бөгөөд тэд нар 0.5 граммтай “Хараа” архи, 2.5 литрийн пиво хувааж уугаад юм яриад сууж байсан. С, Т хоёрыг тэнд хэзээ ирснийг мэдэхгүй, ямар ч байсан С нилээн согтолттой байхаар нь би түшиж гэрээс нь гарч бие засуулаад буцаж оруулж ирээд том өрөөний орон дээр унтуулсан. Би согтоод байхаар нь жижиг өрөөнд орж орон дээр унтаж байтал Б ах намайг сэрээгээд “ахын дүү харих юм уу, эндээ хонох юм уу, би унтлаа” гэхээр нь би босоод Б ах орон дээрээ унтаад үлдсэн. Би Т ахтай хамт гэрээс нь 02 цаг 30 минутын үед гарахад С том өрөөнд унтаж байсан. Ингээд бид хоёр Баянхошууны тойргийн тэнд очиж Солонгосоос ирсэн ахтай уулзаад 2, 3 пиво уучихаад Т ах тэндээ үлдээд би гэртээ 07 цагийн үед ирээд амарсан. Өдөр нь сэрээд Сыг гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдсэн.

Намайг байхад С гадаа гарч шээх гэж яваад Бын хөргөгчийг нь унагаад, Т ах очоод хөргөгчийг нь босгоод “чи согтуу байна, юм хум эвдлээд тасарсан байна унт” гэж хэлэхэд С шалан дээр шүлсээ хаяад байхаар нь Т ах “гэр оронд битгий шүлсээ хаяад бай, гэр цэвэрлэсэн байгаа” гэж хэлэхэд С Тг эхлээд баруун гараараа эрүү шанаа хэсэг рүү нэг удаа цохиход Б ах босоод “гэр оронд битгий муудалцаад бай унтацгаа” гэж хэлээд баруун гараараа Сын уруул руу алгагдаад, мөн Т-г бас тэгж алгадсан. Тэгээд тэр хоёр эвлэрээд зүгээр болоод унтсан. Өөр зүйл болоогүй” /1-р хх-н 50-51/,

гэрч У-ийн Бын “... би 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Т-ийн хамт Баянхошууны эцсийн буудал дээр таксинд суугаад Хөтөл орж пиво авахаар явах гэж байхад нэг сургуульд цуг сурч байсан доод ангийн С, Т нартай тааралдсан. Ингээд бид 4 уулзаад Хөтөл орж архи авахаар болоод Баянхошууны Хөтөлийн тэнд очиж шагаар архи пиво зарж байсан хувь хүнээс том 1 пиво, нэг шил 0.75 граммтай “Хараа” нэртэй архи аваад одоо миний амьдарч байгаа гэрт очиж уухаар болоод явсан. Манайд ирээд бид 4 архи пиво хувааж уугаад нилээн согтоод юм яриад сууж байтал С, Т хоёр босоод хөргөгч шүргээд хананд налсан байхаар нь би хөргөгчөө босгоод тэр хоёрт “хөөе сэргээдэх” гэж хэлээд тэр хоёрын хацар руу нь гараараа зөөлхөн алдагдсан. Тэгээд би “та хоёр ийшээ хэвт” гэж хэлэхэд том өрөөний орон дээр тэр очоод суусан. Жоохон байж байгаад С, Т гэрээс гараад явсан удалгүй Т ганцаараа орж ирэхээр нь би “С яасан юм” гэж асуухад “үүдэн дээр хүнтэй утсаар ярьж байна” гэж хэлсэн. Удалгүй С орж ирээд Т-ийн хажуугаар ороод унтаад өгсөн. Өмнө нь Н манайд ирсэн бид нартай хамт ууж байсан тэр хоёр унтаад өгөхөөр нь Т, Н бид 3 ууж байхад Н жижиг өрөө рүү ороод унтсан. Т бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад дуусаад Т гал түлээд би жижиг өрөөнд ороод Н-ыг сэрээж “ахын дүү эндээ унтах юм уу, харих юм уу” гэхэд харьлаа гээд боссон. Т, Н 2 “найзтайгаа уулзана” гэж хэлээд манайхаас гараад явсан. Би жижиг өрөөний орон дээр унтаж байхад Ц манайд 5 цагийн үед орж ирээд “сэрээч ээ” гэж хэлээд намайг сэрээхээр нь би “хэнтэй явж байгаа юм” гэж асуухад “Мтэй явж байна” гэж хэлээд тал пиво барьсан явж байсан. М манайд орж ирээгүй болохоор би гараад машин дээр очоод Мтэй уулзаад тамхи аваад буцаад ороод ирэхэд С сэрсэн байсан. М машиндаа унтаад үлдсэн. С, Ц бид 3 пивоноос нэг нэг удаа уугаад дуусгасан. Тэр хоёр юм ярьж байгаад С надад “би өглөө ажилтай М, Ц хоёроор хүргүүлнэ” гэж хэлээд Ц-тэй хамт манай гэрээс гарсан. Би хаалгаа цоожлоод унтаад маргааш өдөр нь 12 цагийн үед сэрээд гэрээ цэвэрлэж байтал Сын гар утас орны завсраас гарч ирэхээр нь зурагтын тавиур дээр тавиад Тд “чи энийг С ирэхээр нь өгөөрэй, би эгчийнхээ ажил явдалд явлаа” гэж хэлээд Тг гэртээ үлдээгээд явсан” /1-р хх-н 62/,

гэрч Н-ийн Т-ны “... би найз Бын хамт Баянхошууны эцсийн буудал дээрээс пиво аваад явж байхад нэг сургуульд цуг сурч байсан доод ангийн С, Т нартай тааралдсан. Бид 4 нийлж архи авахаар болоод Баянхошууны Хөтөлийн тэнд очиж шагаар архи пиво зарж байсан хувь хүнээс том 1 пиво, нэг шил 0.75 граммтай “Хараа” нэртэй архи аваад Бын гэрт очиж уухаар болоод явсан. Нилээн согтоод юм яриад сууж байтал С согтуу учир Бын хөргөгчийг шүргээд унасан. Би тэгэхээр нь очоод Сыг татаж босгоход миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон. Гэтэл Б босож ирээд “та хоёр больцгоо” гэж хэлээд дундуур ороод гарынхаа алгаараа С бид хоёрыг нэг нэг удаа нүүр рүү алгадсан. Б “та хоёр ийшээ хэвт” гэж хэлээд том өрөөний орон дээр унтуулсан. Би орон дээр Стай унтаад өгсөн. Ингээд би тэр чигтэй унтаад маргааш өдөр 12 цагийн үед сэрээд харахад Б жижиг өрөөндөө ганцаараа унтаж байсан. Тэгээд би тэндээсээ гараад гэртээ харьсан” /1-р хх-н 65/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Өөрөөр хэлбэл талийгаач Э.С иргэн У.Бын гэрт очиж архидан согтуурах явцад У.Б нь түүнийг нэг удаа алгадсан гэх үйлдэл нь талийгаачийн үхэлд хамааралгүй гэж үзэхээр байна.

 

Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн прокурорын газраас Ц.Мийн холбогдсон гэх бусад эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар “Хэргийг нэгтгэн шалгуулахаар харьяалал тогтоолгох тухай” 1/493 тоот албан бичгийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн байдаг.[3]

 

Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/1595 тоот албан бичигт “... хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг буцаан хүргүүлэв” гэжээ.[4]

 

Ц.Мийн холбогдсон гэх бусад эрүүгийн хэргүүд одоогийн байдлаар ямар шатанд байгааг талуудаас /прокурор, өмгөөлөгч/ тодруулах зорилгоор шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан болно.

 

Шүүгдэгч Ц.М 7 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргаж, уг саналыг нь шүүгдэгчийн өмгөөлөгч “дэмжиж” байр сууриа илэрхийлсэнийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гэм буруу нь хэдийгээр болгоомжгүй хэлбэртэй боловч хүний амь нас хохирсоны хор уршиг, нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Мий хувийн байдал /үүнд: тэрээр өөр гэмт хэрэгт шалгагдсан гэх байдал[5], энэ хэрэгт шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарч, улмаар гадаад улсад эрэн сурвалжлагдсан гэх байдал/ зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдууллаа.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч

гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ... , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулсан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

  1. Ө овогт Цын Мийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Мийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Мд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай захирамж

[2] ГССҮТ эмнэлэг Өвчний түүх

[4] 2 дугаар хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас