Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

 

     2023          4           11                                    2023/ШЦТ/282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Г

шүүгдэгч Г.Б

хохирогч Э.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ***** дугаарын регистртэй Ж овогт Г-ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Б 2023 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вайбе” бааранд согтуурсан үедээ хохирогч Э.Мтай үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нэг шүдний булгарал, доод уруулд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул би өмгөөлөгч авах шаардлагагүй. Прокурорын уншиж байгаатай санал нэг байна. Нэгэнт хүн зодож гэмтэл учруулсан болохоор хохирлыг нь төлж барагдуулах болно. Хохирогчтой уг нь хамт яваад шүдийг нь хийлгэнэ гэсэн боловч бид хоёр огт тааралдаж уулзаагүй. Би нэг салонд үсчин ажил хийдэг. Ажлаа хийж байгаа тохиолдолд хохирлыг нь төлж чадна. Архи ууж согтуудаа хүн зодсон нь миний буруу гэв.

 

Хохирогч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад би бүгдийг ярьсан тул нэмж ярих зүйл алга даа. Тухайн өдөр 4-5 найзтайгаа уулзаад, одоо энд ирсэн байгаа найз А бид нар хамтдаа хорооллын “Вайбе” нэртэй бааранд 00:00 цагийн үед орсон. Би их нойрмоглоод хэсэг хугацаанд унтчихсан байсан. Энэ залуугийн ярьж байгаа шиг би замд нь тээглээд байсан зүйл болоогүй. Харин би цохиулаад ухаан алдаад сэргэсэн.

Хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй. Би өмгөөлөгчийн зөвлөснөөр хоёр ч шүдний эмнэлэг дээр очиж имплант шүд хийлгэхэд хичнээн төгрөгийн зардал гарах талаар судалсан. Аль аль эмнэлэг нь шүд хийлгэхэд гарах зардлыг ойролцоо тодорхойлсон байна лээ. Эдгээр баримтуудыг нь шүүхэд өгмөөр байна. Миний хувьд хөдөө орон нутагт, уурхайд ажилладаг. Энэ асуудлаас болж ажилдаа очиж гэдгээр миний цалингийн оноо хасагдсан. Энэ бүхнийг ч нэхэмжилмээр байна. Гэвч баримт бүрдүүлээгүй тул нэхэмжлэхгүй. Ямар ч байсан шүдний хохирлоо барагдуулвал өөр гомдол саналгүй гэв.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ын М “... 2023 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00:00 цагийн үед найз А, Г, Ц, Ц нартай уулзаад, ярилцаж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Vibe” нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод 0.75 литрийн хэмжээ бүхий 2 шил “Эден” нэртэй архи захиалаад хувааж ууцгаасан. Миний нойр маш ихээр хүрч байсан учир сандал дээрээ дуг хийгээд сэрээд харсан чинь найзууд юм яриад сууж байсан. 04:00 цагийн үед найз Ц, Г, Ц нар гараад гадаа тамхи татаад дэлгүүр ороод байж байя гэж хэлээд гараад явсан. Би ариун цэврийн өрөө ороод гарч ирээд ширээн дээр ирэх үед А сууж байсан. Би гадуур хувцсаа өмсөөд гарах гээд явж байхдаа А руу хараад түүнд хандаж “хурдал гаръя” гэж чангаар хэлсэн чинь үл таних залуу надад хандаж “юу гээд байгаа юм бэ” гэж асуухаар нь “чамд хэлээгүй юм аа, найзтайгаа ярьж байна, чи мөрөөрөө дуугүй яв миний дүү” гэж хэлсэн чинь “юу гэнэ ээ, юу гэнэ ээ” гээд чихээ миний аман дээр наагаад байхаар нь түүнд хандаж “зайлаа” гэж хэлсэн чинь үл таних залуу гараараа миний ам хэсэг рүү цохисон. Энэ үед би газар унасан. Миний эрүүл мэндэд үл таних Б нэртэй залуу халдсан. Намайг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Б гэх хүний эрүүл мэндэд манай найз болон би халдсан зүйл байхгүй. Миний бие шүд хийлгэх болон цаашид эмчилгээ хийлгэх хийх төлбөрөө нэхэмжилж байна” /хх-н 7-8/ гэж,

гэрч Ц-ийн А “... би Мн хамт бааранд үлдсэн бөгөөд тэр ариун цэврийн өрөө орохоор явсан. Удалгүй тэр хүрч ирээд бид хоёр хувцсаа өмсөөд гарах гээд баарны голд байх бүжгийн талбайгаар гарсан. Би Мгаас 20-оос 30 алхам зайтай явж байсан чинь үл таних залуу манай найзын нүүр хэсэг рүү нь цохих үед найз хойшоо саваад унасан. Энэ үед бааранд байсан хүн манай найзыг өргөөд сандал дээр хэвтүүлсэн. Удалгүй найз ухаан орох үед амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би цохисон залуугийн гар руу харсан чинь түүний цохисон гараас цус гарсан байсан. Тэр залууд хандаж “яагаад цохисон юм бэ” гэж асуухад “би цохисон юм аа, уучлаарай ах аа” гэж хэлсэн. М бид нартай болон өөр хүмүүстэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Б гэх залуу түүнийг цохисон. Өөр хүн манай найзыг зодоогүй” /хх-н 10-11/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Мн биед нэг шүдний булгарал, доод уруулд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 1223 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 16-17/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Г.Бын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж овогт Г-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бод ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

Шүүгдэгч Г.Бын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 31-33/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.М “... миний бие шүд хийлгэх болон цаашид эмчилгээ хийлгэх хийх төлбөрөө нэхэмжилнэ” /хх-н 7-8/ гэж мэдүүлснээс гадна

тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцож “Цагаан титэм” эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөгийн баримт, тухайн эмнэлгийн “... нийт эмчилгээний төлбөрт 3.760.000 төгрөг шаардлагатай болно” гэсэн тодорхойлолт, “Мондент” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн баримт, “Cool Dent” эмнэлгийн “... нийт 3.750.000 төгрөгийн өртөг бүхий эмчилгээ хийнэ” гэсэн тодорхойлолтыг эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

 

Дээрх баримтуудыг шүүх судлаад “Цагаан титэм” эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөгийн баримт, тухайн эмнэлгийн “... нийт эмчилгээний төлбөрт 3.760.000 төгрөг шаардлагатай болно” гэсэн тодорхойлолт, “Мондент” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн баримт тус тус нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд шүүгдэгч Г.Боос нийт 3.900.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мд олгохоор шийдвэрлэв.

Хохирол, гэм хорын зардлыг урьдчилан гаргах нь хэдийгээр зохимжгүй боловч нэгэнт тогтоогдсон хэргийн үйл баримт, өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн нэг шүд хугарсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрвээ шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Мг зодож түүний үүдэн нэг шүдийг хугалаагүй байсан бол тэрээр шүдний эмнэлгээр явж эмчилгээ үйлчилгээ авах, хиймэл шүд хийлгэх талаар тодорхойлолт авах шаардлага үүсэхгүй байх байсан гэсэн шалтгаан нөхцөл буюу харилцан хамааралыг бий болгохоос гадна дээрх баримтуудыг хууль бус хуурамч баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтад “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг мөн дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн плаш 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Г.Б Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэйгээс гадна тэрээр Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19 дүгээр байр гэсэн хаягтай “Wolf barber shop”[1] ХХК-д ажилладаг тул түүнд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хяналтын харьяаллыг нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Г-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Бод оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Г.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боос 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.М-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн плаш 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

[1] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас “Тодорхойлолт”