Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/297

 

 

     2023       4            17                                      2023/ШЦТ/297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Ш.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

****** дугаарын регистртэй Х овогт Шийн М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ш.М 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старс” худалдааны төвийн 4 давхарт “... шилэн лангуун дээр дараад байна” гэх шалтгаанаар хохирогч Б.Атай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ш.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтийг ойлгож байгаа. Гэхдээ тухайн үед болж өнгөрсөн асуудлыг өөрөөр бичсэн байна. Би тэр лангуун дээрээс ангийн зориулалттай хоёр хутга авч сонирхоод ир нь хэр зэрэг байна гээд хооронд нь хавиралдуулж үзтэл хохирогч гээд байгаа залуу “пи..да минь яах гээд байгаа юм” энэ тэр гэж намайг харааж доромжилсон. Үүнээс маргаан үүссэн. Нэгэнт хүн зодсон болохоор одоо яахав дээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би уучлалт гуйхаар ажил дээр нь очсон боловч хохирогч надтай харьцахгүй байхаар нь тэнд байсан дансыг нь аваад 269.050 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Прокурорын хэлж байгаа эрүүл мэндийн даатгалаас гарсан зардлыг төлөх болно гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн А “... 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед би Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Старс” худалдааны төвийн 4 давхарт байрлах “Вип” гэсэн хаягтай бэлэг дурсгалын зүйл зардаг лангуун дээрээ эхнэр А  /ОХУ-ын иргэн/-ийн хамт байж байсан. Гаднаас хар рамтай нүдний шилтэй, намхавтар, махлагдуу, 30 гаруй насны М гэх нэртэй залуу лангуун дээр орж ирсэн. Орж ирээд манай лангуун дээр байсан юмнуудыг үзэж байгаад шилэн лангуун дээр хоёр гараараа дээрээс нь дараад шилэн хоргон дотор байсан зүйлсүүдийг зөвшөөрөлгүй авч үзээд байсан. Би шилэн дээр нь битгий дараарай гээд хэлсэн. Би 3-4 удаа шилэн дээр битгий дараарай гэж сануулж хэлсэн. Гэнэт уурлангуутаа би чамд үйлчлүүлж байна, үйчлүүлэх эрхтэй гээд уурлаад эхэлсэн. Би танд үйлчилмээргүй байна гэж хэлсэн. Лангуунаас авч үзээд байсан түрүүвчээ лангуу руу шууд шидсэн. Ахин дахин орж ирээд хэрүүл өдөөд байсан. Манай эхнэр хамт байсан. Татаад байхаар нь би лангуунаас гарсан. Гараад ирэхэд над руу орилоод эхэлсэн. Манай 4 давхарт байрлах худалдаа эрхэлдэг хүмүүс бүгд гарч ирсэн. Манай хажуу талд байдаг түрээслэгч нар нөгөө залууг болиулах гээд хорьж байхад над руу хүрч ирээд хоёр гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Цохисны дараа миний хамраас цус гарч эхэлсэн. Уруулны дээд доод хэсэг сэтэрч цус гарч эхэлсэн. Цус гарсаны дараа гар утсаа гаргаж ирээд, цагдаа дуудах гэтэл тухайн эрэгтэй зүүн гараараа миний баруун талын шанаа, хүзүүний хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цохисны дараа би шууд ухаан алдаж хойшоо дагзаараа савж унасан. Савж унасныхаа дараа би нэг хэсэг ухаан ороогүй. Шокийн байдалтай байж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирээд ухаан орсон” /хх-н 7-8/ гэж,

гэрч З-ын О  “... өөрийнхөө лангуун дээр байж байхад эрэгтэй хүн орилоод байхаар нь гараад харахад А нь танихгүй, намхан, бордуу царайтай, 37-38 орчин насны, эрэгтэй хүнтэй заамдаад бариад авсан байсан. Бүх хүмүүс “боль” гээд байсан. А лангуугаа түгжээд дотогшоогоо ортол гадна талаас нь тухайн эрэгтэй хүн “пизда минь гараад ир, айгаад байгаа юм уу” гээд байсан. Аыг гараад ирэхэд Аын нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд А муужраад унасан. Бид нар тухайн эрэгтэй хүнийг салгаад байж байхад А руу дахин дайраад хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохиход А нь ухаан алдаж унасан” /хх-н 18-19/ гэж,

гэрч З-н О  “... Үндэсний хувцасны урлан дотроо сууж байтал эрэгтэй хүний орилж, чарлах сонсогдсон. Гараад харахад намхан, таргандуу, жийнсэн өмдтэй эрэгтэй хоёр хөлөөрөө газар дэвсээд уурлаад, чанга орилоод байсан. Би “юу болоод байгаа юм бэ, ахаа” гэсэн чинь “энэ пизда гарч ирэхгүй байна” гээд байсан. Манай хажуу талын лангууны А гар утсаа аваад гараад ирсэн. Орилоод байсан эрэгтэй хүн нь А руу дайраад нүүр ам руу нь 2-3 удаа цохисон. Цохисных нь дараа А нь газар муужраад унасан. Бид нар тухайн Аыг цохисон эрэгтэй хүнийг салгаад холдуулахад А нь сэргэж босож ирээд, гар утсаараа цагдаа дуудах гэсэн чинь дахин А руу дайраад зүүн гараараа Аын хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон. А нь ухаан алдаж унасан” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Аын биед уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 2024 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргаснаас /хх-н 41-42/ гадна тухай үйл баримтын талаарх CD бичлэг, гэрэл зургууд зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ш.Мы гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Шийн Мг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Мд ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

Шүүгдэгч Ш.Мы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 66-75/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 77-80/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.А нь эмчилгээний зардалтай холбоотой нийт 266.597 төгрөгийн хохирлын баримт гаргасныг шүүгдэгч Ш.М ХААН банк дахь Б.А-ын эзэмшлийн 5030314448 дугаартай дансаар 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 269.050 төгрөг шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ш.М нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Ц.Сайнзаяа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04/853 тоот албан бичиг /хх-н 83/, уг албан бичиг хавсаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгөх санал гаргасныг шүүх хүлээж авлаа.

 

Шүүгдэгч Ш.М нь прокуророос гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.М цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн СD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Ш.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.М-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тэрээр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг байх тул хяналтын харьяаллыг нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Шийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ш.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.М хохирогч Б.Аын хохиролд гэж 269.050 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ