Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/318

 

   2023          4             20                           2023/ШЦТ/         

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт *** дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

**** дугаарын регистртэй, Э овогт Сын Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.Б *** дүүргийн ** дүгээр хороон, ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа буюу 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т.Д-гийн фейсбүүк цахим хаягт буюу кибер орчинд хууль бусаар халдан, улмаар түүний хаягт нэвтэрч, хаягийн нууц үгийг өөрчилж, ашиглах боломжгүй болгож, тухайн фейсбүүк хаягаас Т.Д-гийн фейсбүүк найзууд болох нэр бүхий 3 иргэний фейсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн утга бүхий зурвас илгээж, тэдгээр иргэдээс өөрийн болон бусдын эзэмшлийн дансаар нийт 330.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар шилжүүлэн авч, кибер орчинд хууль бусаар халдан, бусдыг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Анх би “+18” гэсэн сайтын групп рүү орж зар тавьсан юм. Гэтэл Д гэж хүн орж ирэхээр нь гар утасныхаа дугаараар бүртгүүлж ороорой гэж хэлэхэд гар утасны дугаараа өгсөн. Ингээд түүний фэйсбүүк хаягийн “нууц үгээ мартсан” гэсэн хэсэг рүү орж шинээр нууц үг үүсгээд нууц үгийг нь сольж Д-г өөрийг нь нэвтрэх боломжгүй болгосон. Тэгээд Д-гийн хувийн чатаас түүний найзууд болох эхний 10-аад хүн рүү мөнгө зээлээч гэсэн мессеж явуулахад 3 хүнээс нь мөнгө орж ирсэн. Эдгээрээс 200.000 төгрөгийг би найз Эынхоо дансаар, 100.000 төгрөг, 30.000 төгрөг тус бүрийг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан. Хамгийн сүүлд, 100.000 төгрөг авсаны дараа Д гэж хүн рүү би өөрөө залгаад Монгол-3 дугаар сургуулийн тэнд уулзаад учраа ольё гэтэл “тэгье” гэсэн мөртлөө намайг шууд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан.

Надад өөр үйлдэл байхгүй. Анх яаж сурсан бэ гэхлээр РС тоглож байхдаа “****” гэж хүнтэй танилцахад тэр аягүй их мөнгөтэй байгаад байдаг байсан. Тэгээд яаж мөнгө олдог талаар асуухад нэг тиймэрхүү учиртай юм хэлэхээр нь ойлголт авсан. Тухайн үед би өрөнд оронгуутаа дээрх хүмүүсээс нийт 330.000 төгрөгийг залилаж авсан.

Намайг 2 зүйл ангиар буруутгаж байгаад маргахгүй. Хохирлын 200.000 төгрөгийг би аавынхаа ажлын газар ажиллаад олсон мөнгөө хохирогч  Г гэж хүнд өгсөн. Хохирогч Бад өгөх ёстой 100.000 төгрөг, хохирогч Гт өгөх ёстой 30.000 төгрөг тус бүрийг манай ээж төлсөн байгаа.

Цаашид өөртөө анхаарах болно. Би ажил хийдэг, мөн ирэх намраас сургуульдаа сурах хүсэлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т-гийн Д “... 2022 оны 7 дугаар сарын сүүлчээр Өмнөговь аймагт ажлаар явж байгаад орой амралтын өрөөндөө байж байхад манай найз Б /ОХУ-д ажиллаж амьдрахаар явсан/ миний гар утсыг гуйгаад “чиний гар утсаар кино үзэж болох уу” гэж хэлээд миний утсыг авсан. Тэгээд байж байгаад буцаагаад надад гар утсыг минь өгөхдөө “чиний гар утас ерөөсөө болохгүй байна, би фейсбүүк орж чадсангүй” гэж хэлээд буцаагаад өгөхөд нь би rap утсаараа фейсбүүк орох гэхэд орж болохгүй байсан. Ингээд өглөө нь миний эхнэр Х над руу утсаараа залгаад “чиний фейсбүүкээс надаас мөнгө нэхээд байна, “маньдаа мөнгө зээлчих” гээд байна, чи фейсбүүкээ алдчихсан юм уу, гэж асуухад нь би фейсбүүкээ алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд байж байхад миний найз А-аас “найзаа мөнгө зээлээч гэж хэлээд дансаараа шилжүүлээд авсан байсан. Мөн Дархан-Уул аймагт байдаг надаас байнга бараа худалдаж авдаг хүн болох Х гэх хүнээс утааны мөнгө гэж хэлээд 100.000 төгрөгийг бас авсан байсан.

... 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт наадмын оройн цэнгүүний тайз засах ажилтай байж байгаад шөнө унтах гээд хэвтэж байхад шөнийн 02 цагийн орчим миний гар утасны фейсбүүк рүү орж болохгүй болсон тэгээд би тухайн үедээ нэг их тоохгүй унтсан. Өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим манай эхнэр Х миний утас руу залгаад “чиний фейсбүүкийн чатаас миний фейсбүүк рүү мөнгө асуугаад байна. Намайг найз гээд байна” гэж хэлсэн тэгэхээр нь би эхнэртээ “харин би фейсбүүкээ алдчих шиг боллоо би өөрөө орж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд л хүмүүс миний гар утас руу залгаад эхэлсэн. Ингээд тэр өдрөөс хойш 8 хоног гэр бүлээрээ хөдөөгүүр аялаад сүлжээгүй байж байгаад хотод гэртээ ирээд байж байхад миний багын найз  /А/ миний утас руу залгаад зээлсэн 200.000 төгрөгөө шилжүүлэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “юун 200.000 төгрөг билээ” гэж асуухад чи надаас 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкийн чатаар 200.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан биз дээ” гэж хэлсэн. Дараа нь мөн хэд хоногийн дараа Б эгч миний гар утас руу залгаад бараа хэзээ явуулах вэ би чамтай фейсбүүкээр харилцаад барааны дүн болох 800.000 төгрөг явуулсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд миний фейсбүүк рүү халдсан хүн манай найз Ааас 200.000 төгрөг, Б эгчээс 100.000 төгрөг, манай найз Лаас 30.000 төгрөг нийт 330.000 төгрөг гурван хүнээс залилсан байсан. Одоо манай найз миний фейсбүүк рүү халдсан С.Бийн ааваас 200.000 төгрөгийг нь авсан. Мөн би Лд 30.000 төгрөгийг өгсөн. Б эгчээс авсан 100.000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа. Надад учирсан хохирол гэвэл 30.000 төгрөг байна.

Манай найз тухайн үед миний утсыг оролдож байгаад кино үзэх гээд киноны сайт руу дарахад л болохоо больсон. Миний фейсбүүк хаягаас олон хүн рүү мөнгө зээлээч гэж асуусан боловч аль аль нь өгөөгүй байсан. Мөнгө өгсөн гурван хүн нь А, Б эгч, Л гурав л мөнгө өгсөн байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 40-45/ гэж,

хохирогч Н-ийн Б “... би *** аймаг *** сумын ** дүгээр баг ** тауны ** дугаар байрны ** тоотод гэртээ байхдаа Улаанбаатар хотод байдаг Д гэх хүний фейсбүүк хаяг руу нь утааны шингэн авъя гэсэн утгатай чат бичихэд уг Д гэх хүн фейсбүүк чатаар би дансаа сольсон шүү гэж бичээд ХААН банкны ***** дугаарын Б гэх нэртэй данс явуулсан болохоор нь би 100.000 мянган төгрөгийг өөрийнхөө ХААН банкны **** дугаарын данснаас шилжүүлсэн юм. Ингээд миний захиалсан утааны шингэн ирэхгүй байхаар нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд Т.Д-гийн утас руу залгаад “миний захиалсан барааг явуулсан уу” гэж асуухад “эгчээ миний фейсбүүк хаягийг хакердчихсан байна” гэж хэлсэн. Ийм асуудал болсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрийн хохирол 100.000 төгрөгөө буцаагаад авчихсан” /хх-н 50-51/ гэж,

хохирогч Б-ын  Г “... *** аймагт нөхөр Г.А-ын хамт захиалгын гэрээ хийгээд явж байхад манай нөхрийн фейсбүүк чат руу нь найз Дгийн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч пүүз авах гэсэн юм гэсэн утга бүхий чат /зурвас/ ирсэн. Тухайн үед манай нөхөр мөнгөгүй байсан болохоор би өөрийнхөө ****** дугаарын данснаасаа ирсэн чат дээр нь байсан ХААН банкны данс руу 200.000 төгрөг “Puuz гэсэн утгатай шилжүүлсэн. Ингээд 10 хоногийн дараа Д манай нөхөртэй холбогдоод “миний фейсбүүк рүү өөр хэн нэгэн нэвтрээд хүмүүсээс мөнгө авсан байна, чи мөнгө өгөөгүй биз дээ” гэж асуусан. Тэгэхэд манай нөхөр Г.А “мөнгө шилжүүлсэн шүү, манай эхнэр 200.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. Ингээд 200.000 төгрөг залилуулснаа мэдсэн. Дгийн фейсбүүк рүү нэвтэрсэн С.Б-ийн аав Саас 200.000 төгрөг 2022 оны 10 дугаар сард буцааж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 55-56/ гэж,

хохирогч Р-ийн Г “... Д бол миний нөхөр Н.Лы дүүгийнх нь найз юм. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би нөхрийнхээ гар утсыг аваад гадуур ажилтай явж байтал 11 цагийн орчимд манай нөхрийн фейсбүүк чат руу Дгийн фейсбүүк чатаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат ирсэн. Манай нөхөр бид хоёр дундаа эзэмшдэг **** дугаартай данснаасаа 30.000 төгрөгийг чат дээр байсан ХААН банкны данс руу “Д” гэсэн утгатай шилжүүлсэн. Гэтэл 10 орчим хоногийн дараа Д манай нөхөртэй холбогдоод “миний фейсбүүк рүү өөр хэн нэгэн нэвтрээд хүмүүсээс мөнгө авсан байна, та мөнгө өгөөгүй биз?” гэж асуусан байсан. Тэгээд манай нөхөр Л надаас асуухаар нь би 30.000 төгрөг шилжүүлсэн гэдгээ хэлээд залилуулсан байна гэж мэдсэн юм. Тэгээд Д манай нөхөр бид хоёрын дундаа ашигладаг данс руу 30.000 төгрөг буцааж шилжүүлсэн. Одоо бол надад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 60-62/ гэж тус тус мэдүүлсэнээс гадна

***” гэсэн фейсбүүк хаягаар бичигдсэн зурвасууд /хх-н 8-11/, дансны хуулгууд /хх-н 12-13, 23-37, 63/, гэрч Тэрбишийн Хулангийн мэдүүлэг /хх-н 74-75/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч С.Бийн гэм буруутайг нотолно.

Шүүгдэгч С.Бт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр иргэн Т.Дгийн “****” гэсэн фейсбүүк хаяг руу нэвтэрч, улмаар нэр бүхий 3 хүнээс үүнд: иргэн Г.А буюу түүний эхнэр, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б. Гаас 200.000 төгрөгийг, хохирогч Н.Баас 100.000 төгрөгийг, иргэн Н.Лы эхнэр буюу энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Гээс 30.000 төгрөгийг, нийт 330.000 төгрөг залилж авчээ.

 

Цахим орчинд хууль бусаар нэвтрэх нь гэмт хэрэгт тооцогдохоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэгт “Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан.

 

“Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүгдэгч С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн “... мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэсэн шинжийг агуулж байна.

Түүнчлэн хуулийн тухайн зүйл, хэсгийн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу ямар нэгэн бодит хохирол учирсан байхыг шаардахгүй.

Харин “Залилах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаарддагаас гадна энэ гэмт хэргийн үндсэн шинжид “цахим хэрэгсэл ашиглаж” үйлдсэн байхыг хуульчилан тодорхойлсон байдаг.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Бийг “кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бт ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Баянмөнх шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцож, энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцэх бөгөөд тэрээр “... би ажил хийдэг, мөн ирэх намраас сургуульдаа сурах хүсэлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.Д, Н.Б, Б. Г, Р.Г нар тус бүртээ “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Бийн хувийн байдал үүнд; анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, мөн тэрээр МУИС-д суралцагч гэсэн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүх түүнд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл анх удаа гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө төлсөн шүүгдэгч С.Бт хорих ял оногдуулах шаардлагагүй бөгөөд “нийтэд тустай ажил хийлгэх ял” эсхүл “зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах нь зохимжгүй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч С.Б нь шүүх энэ удаад түүнд боломж олголоо гэдэгт өөртөө дүгнэлт хийж, цаашид өөрийн хувийн байдлаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч С.Бийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 100/, оюутны тодорхойлолт /хх-н 109/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 97/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

 

                            ТОГТООХ нь:

 

1. Э овогт Сын Бийг “кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

“цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан торгох ялыг нийт 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Бт оногдуулсан 5.850.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч С.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Бт урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ