Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 05

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга  О.Мөнхдэлгэрэх,

     улсын яллагч Э.Нямбилэгт,

     шүүгдэгч Н.Хишигсүрэн, А.Амгаланбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Борлууд овогт Норслоогийн Хишигсүрэн, Цагаач овогт Алтанцэцэгийн Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн 201608000152 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Борлууд овогт Норслоогийн Хишигсүрэн /РД:ЖЙ84032271/, Дорнод аймгийн Халхгол суманд 1984 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бигом ХХК”-д бутлагч ажилтай байсан, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-90 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Цагаач овогт Алтанцэцэгийн Амгаланбаатар /РД:ЕЙ81100852/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бигом” ХХК-д гагнуурчин ажилтай байсан, ам бүл 3, эх, ахын хамт, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь ялтай байхдаа А.Амгаланбаатартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Бигом” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрт хууль бусаар нэвтэрч 93.2 метр урттай 380 вольтын кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч А.Амгаланбаатартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, тус үйлдвэрийн бутлуурын байранд хууль бусаар нэвтрэн орж давтан үйлдлээр 36.88 метр урттай 6000 вольтын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгний хохирол буюу нийт 816200 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Амгаланбаатар нь Н.Хишигсүрэнтэй бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Бигом” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрт хууль бусаар нэвтэрч 93.2 метр урттай 380 вольтын кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч Н.Хишигсүрэнтэй давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцон тус үйлдвэрийн бутлуурын байранд хууль бусаар нэвтэрч 36.88 метр урттай 6000 вольтын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгний хохирол буюу нийт 816200 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр А.Амгаланбаатартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах “Бигом” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрийн цонхоор нэвтрэн орж 3 зэрэгцээ тус бүр нь 7 ширхэг зэс голтой, 93.2 метр урттай, 380 вольтын бөөгнүүлж тавьсан байсан гүний худгийн цахилгааны кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч А.Амгаланбаатартай давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, тус үйлдвэрийн бутлуурын байрны хаалгаар нэвтрэн орж 4 ширхэг зэс голтой, 36.88 метр урттай, 6000 вольтын бутлуурын моторын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Амгаланбаатар нь Н.Хишигсүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах “Бигом” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрийн цонхоор нэвтрэн орж 3 зэрэгцээ тус бүр нь 7 ширхэг зэс голтой, 93.2 метр урттай, 380 вольтын бөөгнүүлж тавьсан байсан гүний худгийн цахилгааны кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч Н.Хишигсүрэнтэй давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, тус үйлдвэрийн бутлуурын байрны хаалгаар нэвтрэн орж 4 ширхэг зэс голтой, 36.88 метр урттай, 6000 вольтын бутлуурын моторын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Хишигсүрэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 сард “Бигом” ХХК-нд ажилд ороод 2016 оны 06 сард нэг удаа цалин авсан. Үүнээс хойш цалин аваагүй. Тэгээд би даргадаа цалин өгөхгүй бол чаддагаараа авна шүү гэж хэлэхэд дарга юу ч хэлээгүй явчихсан. Би “Бигом” ХХК-нд хамт ажилладаг Амгаланбаатартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14-15 цагийн хооронд “Бигом” ХХК-ийн үйлдвэр дотроос гүний худгийн 3 зэрэгцээ 30 орчим метр, нийт гурвуулаа нийлээд 90 орчим метр утсыг гараараа хоёр тийш нь ганхуулж хугалаад бүрээсийг нь үйлдвэр дотор байсан хайчаар таслаж хулгайлсан. Би эхлээд үйлдвэр рүү баруун талын цонхоор орсон. Цонх цоожгүй байсан. Тэгээд үйлдвэрийн урд хаалгыг нээгээд Амгаланбаатарыг оруулаад хамт гүний худгийн кабель утсыг чирээд үйлдвэрийн урд хаалгаар гарсан. Тэгээд хулгайлан авсан гүний худгийн цахилгааны утсаа “Бигом” ХХК-ийн үйлдвэрийн хойд талд байдаг 2 давхар дэлгүүртэй Батмөнх гэдэг хүнд 40000 төгрөгөөр зарсан. Мөн өдрийнхөө орой 22 цагийн үед үйлдвэрийн байрны баруун талд байх бутлуурын хэсэг рүү хаалгаар дотогш Амгаланбаатарын хамт ороод бутлуурын 6000 вольтын 4 пазын утсыг 2 талын үзүүрийг нь түлхүүрээр боолтыг нь тайлаад үйлдвэрээс чирч авч гараад мөн Батмөнхөд 160000 төгрөгөөр бодоод зарсан. Бутлуурын байрны хаалга онгорхой байсан. Энэ мөнгөөр архи дарс тамхи хоол ундны зүйл аваад дуусгасан. Дэлгүүрт болон хүмүүст өр тавьсан байсан болохоор аргагүй эрхэнд хулгай хийсэн. Хулгай хийхэд Амгаланбаатар нь хүн харж байсан, кабель цуг чирж явсан, мөн кабель зарж олсон мөнгийг цуг үрэлцсэн. Эхний хулгайлж авсан кабель утас чигчий хурууны хэмжээтэй, 3 зэрэгцээ, тус бүр нь 7 ширхэг зэс голтой, 380 вольтын кабель утас байсан. Дараагийнх нь 36.88 метр урттай 6000 вольтын кабель утас байсан. Туршилт хийхэд би оролцсон. Хулгайлж авсан гүний худгийн кабелийн үлдэгдлээс 1 метрийг таслаж аваад шатааж туршилт хийсэн. Бурлуурын кабелийн уртыг тогтооход би өөрөө оролцож зааж өгч хэмжилт хийж тогтоосон. Би цахилгааны утас мэднэ бутлуурын кабель нь 6000 вольтын утас байсан. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

2. Шүүгдэгч А.Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.Хишигсүрэнтэй юм ярьж байсан чинь хоёулаа “Бигом” ХХК-аас кабель утас хулгай хийх үү гэхээр нь зөвшөөрсөн. Н.Хишигсүрэнг дагаад “Бигом” ХХК-ийн үйлдвэрийн байр руу очоод Хишигсүрэн үйлдвэрийн баруун талын цонхоор дотогш ороод үйлдвэрийн урд талын хаалгыг дотор талаас нь онгойлгож өгсөн. Тэгээд хаалгаар дотогш ороод үйлдвэрийн зүүн хойд хэсэгт байсан чигчий хуруунаас арай нарийхан зэс голтой бөөгнүүлсэн цахилгааны утас байхаар нь Хишигсүрэнтэй хамт чирээд орж ирсэн хаалгаараа буцаад аваад гарсан. Намайг ороход Хишигсүрэн кабель утсыг таслаад бэлдсэн байсан. Юугаар яаж тасалсан талаар мэдэхгүй. Тэгээд үйлдвэрээс гараад Хишигсүрэн бид хоёр дамжлаад үйлдвэрийн хойд талд байдаг 2 давхар дэлгүүртэй Батмөнх гэдэг хүнд зарсан. Хишигсүрэн мөнгийг нь тоолж авсан надад хэлэхдээ 40000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн. Тэгээд энэ мөнгөөрөө архи ууж байгаад мөн өдрийн орой 22 цагийн үед үйлдвэрийн байрны баруун хэсэгт байдаг бутлуурын байр руу ороод бутлуурын тэжээлийн бүдүүн голтой 4 ширхэг зэс голтой, 30 метр орчим цахилгааны утсыг хулгайлан аваад мөн Батмөнхөд 160000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөрөө мөн архи уусан. Хулгай хийх санааг Хишигсүрэн эхэлж гаргасан.  Хишигсүрэн бид хоёр кабель зарсан мөнгөө хамтдаа үрсэн. Эхний авсан утас нь 3 зэрэгцээ, тус бүр нь 7 ширхэг зэс голтой байсан. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

3. Хохирогч Н.Өнөржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бигом” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас кабель утас алдсанаа мэдээд цагдаад хандсан. Анх үйлдвэрийн дотор байдаг гүний худгийн 380 вольтын 3 зэрэгцээ утас алдсанаа мэдсэн. Тэгээд гадаа гүний худгийн кабель утсыг үзэхэд мөн адил алга болсон байсан. Маргааш нь үйлдвэрээ ажиллуулах гээд тоног төхөөрөмжөө шалгаад явж байсан чинь бутлуурын утас алга болсон байсан. Эхний алдсан гүний худгийн утас нь барагцаагаар 380 метр орчим 3 зэрэгцээ зэс голтой утас байсан. Бутлуураас алдсан утас нь 4 ширхэг бүдүүн 04-ийн зэс голтой 70 метр кабель утас байсан. Цагдаагаас очоод холболт хийсэн шийднүүдийн хооронд хэмжиж үзэхэд 36,88 мерт болж байсан. Би хэмжилт хийхэд нь хажууд нь байсан. Гадна гүний худгийн утсыг би нүдээр үзэж хүлээж аваагүй. Инженер Батмөнхөөс асуухаар байсан гээд байгаа. Би алдсан кабель утасны үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй. Энэ хэргийн хохирлыг бүрэн гүйцэт авсан. Амгаланбаатар, Хишигсүрэн нараас тус бүр 500 000 төгрөг авсан болно. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 дүгээр хуудас/

 

4. Гэрч С.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хишигсүрэн, Амгаланбаатар нар надад хоёр удаа зэс голтой кабель утас авч ирж өгч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэгээтэй байхад чигчий хурууны хэрээтэй бүдүүн 3 зэрэгцээ кабель утас авч ирээд Хишигсүрэн та авах уу гэхээр нь бөөнд нь 40000 төгрөгөөр бодож авсан. Мөн тэр өдрийнхөө орой харанхуй болж байхад дотроо 4 ширхэг зэс голтой нэг нь чигчий хурууны хэрээтэй бүдүүн, нөгөө 3 нь арай бүдүүн нийт 4 ширхэг голтой кабель утас авч ирж өгсөн. Тэр утсыг нь би бөөнд нь 160000 төгрөгөөр бодож авсан. Эхний авч ирсэн зэс утсыг шатаахад 20 кг зэс гарсан. Сүүлийн авч ирсэн дотроо 4 голтой кабелийг шатаахад 41 кг болсон. 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зэс авна гэсэн цагаан өнгийн Портер машинтай хүмүүс явж байхаар нь 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр бодоод зарсан. Нийт 305000 болсон. Дараа нь цагдаагаас хүмүүс ирэхэд нь Хишигсүрэн, Амгаланбаатар нарыг хулгайн кабель надад зарсан болохыг мэдсэн. Кабель утаснуудыг “Бигом” ХХК-ний хашаанаас авч ирсэн болохыг мэдээгүй. Хишигсүрэн надад хэлэхдээ хуучин ажиллаж байсан уурхайгаас авч ирсэн гэсэн. Эхний кабелийг өдрийн цагаар авч ирсэн болохоор хулгайн зүйл гэж мэдээгүй. Хишигсүрэн Амгаланбаатар нарыг хулгай хийнэ гэж бодоогүй. Эхний авч ирсэн кабель нь бөөгнүүлсэн байсан болохоор хэдэн метр байсан талаар мэдэхгүй. Сүүлийн авч ирж өгсөн кабель нь 40 орчим метр байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 дугаар хуудас/

 

5. Гэрч Ж.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Үйлдвэр хүлээж авсан Өнөржаргал дуудахаар нь очсон чинь үйлдвэрийн байр руу ороод савалгааны хэсгийг заагаад энд юу байсан юм бэ эндээс юм чирээд гарсан мөр байна гэхээр нь гүний худгийн цахилгааны утас байсан гэж хэлсэн. Мөн хэд хоногийн дараа үйлдвэрийн урд талын худгийн кабель алга болсон байна гэж байсан. Дараа нь бутлуурын моторын кабель утас алга болсон гээд надад кабель захиж байсан. Бутлуурын утас 4 пазтай. 35-40 метр орчим утас байсан. Би ажил хүлээлгэж өгөхдөө бүх тоног төхөөрөмжөө асаагаад ажиллуулж өгсөн. Тэгэхэд бутлуурын утас болон дотор гүний худгийн утас байсан. Үйлдвэрийн гадна талд байдаг гүний худгийн утсыг байгаа гэдгийг хэлж байсан. Түүнээс нүдээр үзүүлж хүлээлгэж өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Тэр худгийн утсыг сугалж гаргаад 1 сар орчим гадаа худгийнхаа хажууд байсан. Хэзээ алга болсныг хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 дугаар хуудас/

 

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 18-20 дугаар хуудас/

 

7. Мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: “Гүний худгийн 1 метр цахилгааны утсыг шатаахад дотор байх зэс нь 215 грамм жинтэй байх ба гэрч С.Батмөнхийн мэдүүлсэн 20 кг хувааж үзэхэд /20000гр : 215гр=93,2метр/ болж байв. Гүний худгийн цахилгааны кабель утас нь 93,2 метр байсан байна гэж туршилтаар үзэв”

Туршилтын тэмдэглэл хөтөлсөн: Мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч А.Цогбадрах гэжээ. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 22-28 дугаар хуудас/

 

9. Эд зүйлийн үнэлгээг тогтоосон Үнэ тогтоох комиссын 150, 156 дугаар шийдвэрүүд /х.х-ийн 67, 69 дүгээр хуудас/

 

10. Шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 84-98, 116-121 дүгээр хуудас/

 

11. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан гэрч С.Эрдэнээ, Х.Дашдэлэг, А.Амаржаргал, И.Мөнхбат, Ш.Билэгзүмбэрэл, А.Энхбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 39-44 дугаар хуудас/

 

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81-82, 99-100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Хишигсүрэнг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан, шүүгдэгч А.Амгаланбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Амгаланбаатарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг, шүүгдэгч Н.Хишигсүрэнгийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

харин шүүгдэгч Н.Хишигсүрэн нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч А.Амгаланбаатарын ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Н.Хишигсүрэнгийн цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Хишигсүрэн, А.Амгаланбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Амгаланбаатар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борлууд овогт Норслоогийн Хишигсүрэнг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан, шүүгдэгч Цагаач овогт Алтанцэцэгийн Амгаланбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Хишигсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Амгаланбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Хишигсүрэнд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Амгаланбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Н.Хишигсүрэнгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Н.Хишигсүрэн, А.Амгаланбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Амгаланбаатар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Амгаланбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Амгаланбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Хишигсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА