Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0890

 

 

2021 12 21 128/ШШ2021/0890

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Бяоажя

Гуравдагч этгээд: Р.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нөхөж олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хуучин эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд буцаан томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах.

Нэхэмжлэлийн агуулга Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц Б/2** дугаартай тушаалаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, ой нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ч.М-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон Т3-7-1 шатлалаар цалинжихаар болсон. Томилогдсон албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хоёр жил гаран хангалттай сайн биелүүлэн, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байтал 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/1** дугаартай тушаал гарч миний ажлын байрыг өөрчлөн Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-т шилжүүлэн ажиллуулах болсон талаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дугаартай тушаал нь доорх үндэслэлээр миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. 1. Б/1** дугаартай тушаалыг миний хууль ёсны эрх ашгийг шууд хөндөж байгаа захиргааны актын хувьд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа хийгдээгүй. Миний ажлын байрыг шилжүүлэн өөрчилж байгаа талаар надад мэдэгдэж тайлбар, санал аваагүй.

2. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т "Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана гэж зохицуулжээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд түр орлон гүйцэтгэгч тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа учраас шилжүүлэн ажиллуулах тухай асуудлыг төрийн жинхэнэ албан хаагчийн шилжүүлэн шийдвэрлэнэ. Мөн түр орлон гүйцэтгэгчээр томилох хугацааг "Ч.М-н ажиллуулах нийтлэг журмаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд" гэж Б/2** дугаартай тушаалд дурдсан ба Ч.М нь хуучин ажлын байрандаа ажиллахгүй, сайн дураараа ажлаасаа гарсан байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэж зохицуулсан ба миний хувьд намайг шилжүүлэн ажиллах талаар надтай тохиролцоогүй, би тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажиллаагүй юм.

4. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй" гэж зохицуулсан байхад намайг миний зөвшөөрөлгүйгээр Т3-7-1 шатлалаар цалинждаг, төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байранд ажиллаж байхад Ой судалгаа хөгжлийн төв ТӨҮГ-т шилжүүлэн төрийн үйлчилгээний албан хаагч болгож байгаа нь дээрх хуулийн зарчимд харшилж байна.

Миний зүгээс Төрийн албаны зөвлөлд энэ талаар гомдлоо гаргасан боловч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/4** тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Намайг шилжүүлэн ажиллуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дугаартай тушаал нь илт хуулийн үндэслэлгүйгээр миний эрх ашгийг дордуулсан байх тул уг тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Тухайн үед нөөцөөс томилогдоод тусгай шалгалтыг сул орон тоонд Ч.М-г чөлөөлөх өргөдөл өгснөөс хойш тусгай шалгалт зарлаагүй. Ойн бодлого зохицуулалтын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарт түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа жинхлэгдэх хүсэлтээ өгсөн боловч төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй гэдэг шалтгаанаар тусгай шалгалтыг зарлаагүй. Бид төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд биш учир Ч.М-г ажлаас гарсан талаар мэдэхгүй. Холбогдох албан тушаалтан буюу тухайн үед хүний нөөц хийж байсан н.У гээд албан тушаалтан Ч.М-г ажлаас чөлөөлөх тушаал гарсан удахгүй тусгай шалгалт зарлана гэсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулдаг. Намайг ажилд томилогдсоноос хойш Төрийн албаны салбар зөвлөл тангарах өргөх ёслолд Ч.М-г ажлаас чөлөөлөх нөхцөл үүссэнээс хойш зохион байгуулаагүй бөгөөд Төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг сүүлийн бүтэц орон тоо шинэчилсэн тушаалаар одоо ажиллаж байгаа нэг ч албан тушаалтан тусгай шалгалтаа өгөөгүй. Би төрийн албаны нөөцөөс томилогдсон. Төрийн албан хаагчийн тусгай шалгалт зарлагдвал өгөхөд татгалзах зүйл байхгүй ба миний туршлага хангалттай гэж үзэж байна. ТЗ-7, ТЗ-8 төрийн албаны холбогдох журмаар Төрийн албаны дэс түшмэлд хамаарч байгаа. Тухайн ажлын байранд нэг шаардлага тавигдаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод өөрчлөгдсөн зүйл байхгүй. Утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн шиг зүйл болоогүй учир үгүйсгэж байна. Шилжүүлэн ажиллах баримтад гарын үсэг зурсан. Уг баримтыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өгч зуруулсан мөн гэрч хэлсэн. Хэрэв би тухайн ажлын байранд шалгуур хангахгүй байсан бол Ч.М эргээд ажилдаа орох хүсэлт гаргасан, ямар нэг асуудал үүсээд ажлаас чөлөөлөгдөхөөр байсан бол ажилгүйдлийн тэтгэмжээ авах байсан. Төрийн албаны нөөцөд байх хугацаандаа өөр төрийн албанд орох хүсэлтээ гаргах байсан. Төрийн албаны шинэ хуулиар албан тушаал шинэчлэгдсэн гэсэн зүйл үүснэ. Өнөөдрийн хүртэл би тогтвортой ажил хийж чадахгүй байгаа. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээрх гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй оролцогчийн эрхийг хязгаарласан. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн хуулийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44.3 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн. Хоёр байгууллага хоорондоо зөрчилддөг. Эдгээр хуулийн заалтуудыг зөрчсөн тухайн шилжүүлэн томилж байгаа албан тушаал дээр ийм орон тоо байхгүй гэсэн хариуг тухайн байгууллагаас өгсөн бичиг хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй юм.

... Захиргааны эрх зүйн гол эх сурвалж болсон Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүнийг нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, хүйс эрхэлсэн албан тушаал, боловсрол гэх мэт зүйлээр ялгаварлан гадуурхахыг хориглоно, хууль тэгш үйлчилнэ гэсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж байгаа бол 44.3 дахь хэсэгт нэхэмжлэгч хамаарна. Уг хуулийн заалтад сэлгүүлэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, зэрэг дэвийг бууруулахгүй гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийг Төрийн захиргаагаар цалинжиж ажиллаж байсан хүнийг Төрийн өмчийн үйлдвэрийн газарт ТҮ гэсэн зэрэглэл рүү бууруулж эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн гэрчийн хэлж байгаагаар зөвшилцөөгүй, тушаал гарсан хойно хэлсэн гэсэн. Энэ хариуцагчийн маргаж байгаа захиргааны акт нь хүчин төгөлдөр бус гэдгийг агуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-г 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/2** дугаар тушаалаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, ой нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ч.М-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д зааснаар Ц.Б нь өмнөх мэргэжилтний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-д "жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байсан тул түр орлон гүйцэтгэгчээр тодорхой хугацаа зааж томилсон байсан болно.

Ч.М нь өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд тус мэргэжилтний сул орон тоо гарсан байсан. Уг сул орон тоон дээр Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу тусгай шалгалт зарлаж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, сонгогдсон албаны нөөцөд бүртгэгдсэн ч тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй томилохыг хуульчилсан байдаг. Ц.Б нь ерөнхий шалгалт өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн ч тусгай шалгалт өгөөгүй /тухайн албан тушаалын/ бөгөөд тус албан тушаалд жинхлэгдэн томилогдох нөхцөл бүрдээгүй байсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны ** дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг, үүрэг/, ангилал зэрэглэл батлах тухай А/3** дугаар тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газрын орон тоо 8 байснаас 7 орон тоотой байхаар батлагдсан. Ингээд Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-г Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т шилжүүлэхээр болсон болно.

Дээрх тушаалыг гарах болсон талаар захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагааг хийсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Ойн судалгаа хөгжлийн төвийн захиралтай тус албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар харилцан зөвшилцөж гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон хугацаа дуусгаж, ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтний /тухайн албан тушаалын/ тусгай шалгалтыг төрийн албаны тухай хуульд заасны дагуу өгөөгүй байх тул эгүүлэн уг албан тушаалд томилох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагаа шилжүүлснээр дуусгавар болж байгаа. Ц.Б тухайн байгууллагад ажилд орох талаар хүсэлтээ өгсөн гэрчийн мэдүүлэгт мөн байна. Тухайн үед нь 12 хүний орон тоо байсан ба үндсэн орон тоонд авах боломжгүй байсан. Гэхдээ уг орон түр орон тоонд авах боломжтой байсан.

Бид дунд нь тушаал гарахгүй үлдээсэн зүйл байгаа үүнийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын ангилал зэрэглэл өөрчлөх тухай тушаал гараад ТЗ-7 буюу Ц.Б-гийн ажиллаж байсан албан тушаал нь ТЗ-8 болох үед нь Ц.Б-г шилжүүлэн ажиллуулаад тухайн орон тоонд нь Р.Г-ыг томилсон. Энэ тохиолдол Ч.М-н эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгоогүй үлдээсэн. Ч.М-г ТЗ-7 ангиллаас нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаар нь дуусгавар болгохгүйгээр үлдээсэн. Ч.М тухайн үед нь ТЗ-7 ангиллаас нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг дуусгавар болгож чөлөөлсөн тушаал гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь Ч.М хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгоё бид цаашид ажиллах боломжгүй гэж аман хэлбэрээр хэлж байсан бичгээр өгсөн зүйл байхгүй. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ТЗ-7 дээр байгаа Ч.М-г эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгож чөлөөлөөд ТЗ-8 болсон албан тушаалд Р.Г-ыг томилсон. Ц.Б-гийн эрх зүйн үр дагавартай холбоотой хууль зөрчсөн зүйл байхгүй.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар цаашид үйл ажиллагаа явагдана. Ц.Б энэ талаар дадлага туршлагатай хүн хэдий ч төрийн албаны тусгай шалгалтаа өгөөд хүсэлтээ гаргаад төрийн жинхэнэ албан хаагч болоод ажиллах боломжтой.

Нэхэмжлэгч нь хүүхдээ асрах чөлөөнд гаргасан тушаалыг дуусгавар болох хугацаа дуусгавар болох нь хэд хэдэн шалтгаантай. Энэ хугацаа дуусгавар болоход Ч.М ажилдаа эргэн орох ёстой, эсхүл орохгүй болсон тухайгаа мэдэгдсэнээр гуравт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын бүтэц орон тоо батлагдсан тушаалаар тухайн ТЗ-7 ангилал зэрэглэлийн албан тушаал нь байхгүй болсноор үүрэгт ажлын дуусгавар болох хугацаа тодорхойлогдоно. Ц.Б-г гарал үүсэл, ажил албан тушаалаар нь ялгаварласан зүйл байхгүй. Бид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь тухайн этгээдийн түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэх тухай заасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг олон удаа тодруулсан нэхэмжлэлийн шаардлага нь Б/1** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, гуравдагч этгээдийн орон тоо болох ТЗ-8-д томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах.

Эдгээр шаардлагууд нь хангагдах боломжгүй гэдэг нь хэд хэдэн үндэслэлээр тогтоогдоно. ТЗ-8 гэдэг албан тушаалд эргүүлэн томилуулах эрх зүйн үр дагавар нэхэмжлэгчид байхгүй. Тухайн албан тушаалд томилогдохын тулд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хуулийг хэрэгжүүлж буй албан тушаалтан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын хувьд Төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, төрийн албаны жинхэнэ албан тушаалтан биш. Мөн тухайн 2020 оны 12 дугаар сард тушаал гарах хугацаанд төрийн албаны нөөцөд байх хугацаа дуусгавар болсон гэсэн. Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн үүнээс өмнө нөөцөд байх хугацаа хоёр жил байсан. 2018 оны 7 дугаар сард шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн этгээд хоёр жилийн хугацаанд бүртгэлтэй байна.

Иймд уг хугацаанаас хойш 2020 оны 7 дугаар сарын хугацаанд нэхэмжлэгчийн нөөцөд байх хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, төрийн албан хаагч биш болсон гэсэн үг юм. Бидний тайлбарлаж байгаа зүйл хууль зөрчсөн зүйл биш учир нь тухайн этгээд олон жил хамт ажилласан гэх этгээд нь ажлын байр тохирохгүй үүднээс бид боломжит хуулийн зохицуулалтыг хийсэн. Ч.М-н ТЗ-7 ангилал зэрэглэл нь 2019 оны ангилал зэрэглэл тогтоох тухай Засгийн газрын тогтоолын дагуу уг зэрэглэл байхгүй болсон. Нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 %-д хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын бүтэц, орон тоо шинээр батлагдсан. Үүнтэй уялдан ойн санд авч хэрэгжүүлдэг гол 3 чиглэл болох ойн ашиглалт, ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хамгааллын чиглэлийн албан тушаалыг шинжээч, ахлах мэргэжилтнүүдэд хариуцуулж, томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 сарын 25-ны өдрийн "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 71 дүгээр тогтоолоор батлагдсан тус яамны бүтцийн өөрчлөлттэй уялдан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалд томилж, цалин хөлсийг шинэчлэн тогтоох тухай А/4** дугаар тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газарт ойн нөхөн сэргээлт, ойжуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. 2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно" гэж зохицуулсан. Хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн мэдлэг боловсрол, мэргэшил, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурлан, төрийн захиргааны албан тушаалд томилох шаардлага, шалгуурыг бүрэн хангасан тул тус албан тушаалд томилсон гэж үзэж байна.

Миний бие Политехникийн дээд сургууль /хуучнаар/-ийг 1988 онд ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон харья судалгааны байгууллагад ойн чиглэлээр 23 жил ажилласан. 2009 оны 05 сарын 28-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, Ойн агентлагт мэргэжилтнээр орж, 2010 оны 10 сарын 11-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 2021 оны 02-03 сард хамрагдсан. Төрийн нарийн бичгийн даргын дээрх шийдвэрийг үндэслэн 2020 оны 12 сарын 28-ны өдөр тус ажлыг хүлээлцэж, актаар хүлээж авсан.

Тус нэхэмжлэлийн ойн нөхөн сэргэлт ойжуулалтын орон тоонд томилуулах нэхэмжлэл нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч , хянан шийдвэрлэх журам-д нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Ц.Б-гийн гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Ц.Б-гээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дүгээр Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг, нөхөж олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нөхөж олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж тодруулсан бөгөөд дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ч.М-д хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/2** дүгээр тушаалаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.М-д өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хүүхдийг нь 3 нас хүртэл нь хүүхэд асрах чөлөө олгож[2], Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ц.Б-г мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/2** дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Б-г тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, ой нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ч.М-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, сарын үндсэн цалинг Т3-7-1 шатлалаар цалинжихаар шийдвэрлэжээ[3].

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан Журам батлах тухай 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нэхэмжлэгч Ц.Б-г үүрэгт ажлаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, Ойн судалгаа хөгжлийн төв ТӨҮГ-т шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна[4].

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/******* дугаар[5] Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг/, ангилал, зэрэглэл батлах тухай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг/, ангилал, зэрэглэлийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар шинэчилж баталж, 4 дүгээр заалтаараа уг тушаал гарсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/4** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ойн бодлого зохицуулалтын газрын Ойжуулалт, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь чиг үүргийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/5** дугаар Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/1** дугаар тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтад зааснаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлт, ойжуулалт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны ТЗ-7 ангилалд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/4** дугаар Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчилж тогтоох тухай тушаалаар Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн албан тушаал нь төрийн албаны ТЗ-7 ангилалд тус тус хамаарч байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/3** дугаар Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг/, ангилал, зэрэглэл батлах тухай тушаалаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ахлах мэргэжилтэн албан тушаал төрийн албаны ТЗ-8 ангилалд орж өөрчлөгдсөн байна.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан Журам батлах тухай 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, 44.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно., Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан Журам батлах тухай 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.3. тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлж болно гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтуудын агуулгаас үзвэл, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зорилготой байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дүгээр тушаалаар Ц.Б-г Ойн судалгаа хөгжлийн төв ТӨҮГ-т шилжүүлсэн байх боловч тус газраас Ц.Б-г ажилд томилсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Хууль болон журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болохоор байна.

Маргаан бүхий тохиолдолд, Харилцан тохиролцож шилжүүлэн ажиллуулах зөвшөөрөл гэх баримтыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирал нар үйлджээ[6].

Уг баримтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б /РД:ЧЕ780****/ Ойн судалгаа хөгжлийн төвд шилжүүлэн ажиллахыг зөвшөөрөв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ойн судалгаа хөгжлийн төвд Ц.Б-г мэргэжилтнээр авч ажиллуулахыг зөвшөөрөв. гэжээ.

Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/479 дүгээр албан бичигт Иргэн Ц.Б 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дүгээр тушаалын хуулбарыг манай байгууллагад өөрийн биеэр авч ирсэн.

Тухайн үед ярилцаад бичиг хэрэг, нярвын хавсаргасан ажлын байрыг санал болгосон мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/28 тоот албан бичгийг Ц.Б-д өгсөн.

Зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх хариуг албан ёсоор манай байгууллагад мэдэгдээгүй болно. гэжээ[7].

Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/** дугаар албан бичигт Таны хүсэлттэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар таны мэргэжлийн дагуу ажиллах сул орон тоо гараагүй бөгөөд гэрээт ажилтны төсөв батлагдсан тохиолдолд гэрээт ажилтнаар ажиллуулахад татгалзах зүйлгүй болохыг үүгээр уламжилж байна. гэжээ[8].

Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1** дүгээр тушаалыг гарах үед Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.М шүүхэд гэрчээр өгсөн тайлбартаа ... 2016 оны оны 8 дугаар сараас эхлэн 2021 оны 2 дугаар сар хүртэл захирлын албан тушаалд ажиллаж байсан., ... Шүүгч: тушаал гарахаас өмнө тантай холбогдсон уу?, Гэрч: Шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан гэж хэлсэн., Шүүгч: Тушаал гарахаас өмнө мэдэгдсэн үү?, Гэрч: Мэдэгдээгүй. ... Би хариу хэлэхдээ манайд таны гаргасан тушаалын дагуу Ц.Б-г ажилд авах боломж байхгүй. ... .Шүүгч: Шилжүүлэн ажиллуулах тушаал хэрэгжээгүй юм байна. Тийм үү?, Гэрч: Тийм., Нэхэмжлэгч: Төрийн нарийн бичгийн дарга Ой судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын дарга Д.М нарын хооронд Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай зөвшилцлийн тодорхой огноогүй албан бичиг дээр та гарын үсэг зурсан байсан. Энэ бичиг дээр та хэзээ гарын үсэг зурсан бэ?, Гэрч: Шилжүүлсэн тушаал гарсны дараа байх. Сайн санахгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга намайг дуудаж Ц.Б-г танайд ажиллуулна гэсэн зөвшилцөл хийгээгүй санаж байна. ... . гэжээ[9].

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь хэдийгээр маргаан бүхий тушаалыг гаргахдаа хууль болон журамд зааснаар шилжүүлэн авч байгаа байгууллагын даргатай тохиролцсон гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгч байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн тайлбар зэргүүдээс үзвэл маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Ц.Б-г шилжүүлэн авч байгууллага болох Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын захиралтай тухайн үед энэ талаар тохиролцож, зөвшилцөөгүй байна гэж үзэхээр байна.

Иймд маргаан бүхий тушаал нь зорилгодоо нийцээгүй буюу бодит байдалд хэрэгжээгүй, хариуцагч нь тушаалыг гаргахдаа холбогдох хууль болон журамд заасан нөхцөл шаардлагыг хангалгүйгээр гаргасан байх бөгөөд уг тушаалыг гаргасан, хэрэгжүүлсэн зэрэг үйл баримт нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай Б/1** дүгээр тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 86 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 31 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 91-96 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 37 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтас, 42 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтас, 43 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтас, 86-88 дугаар хуудас