| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 112/2025/0004/з |
| Дугаар | 221/МА2025/0391 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0391
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ш.Э
Нэхэмжлэгч:Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Хариуцагч: Ш.Э /Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга/
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,926,554 төгрөгийг гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112/ШШ2025/0014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 112/2025/0004/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байгаа Ш.Эад холбогдуулан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,926,554 төгрөгийг гаргуулах”-аар маргасан.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112/ШШ2025/0014 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ш.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн огт яриагүй “... төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн зүйлийг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.
3.2. Ажил олгогч, ажилтан аль аль нь өөрт ногдсон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлөх хуультай. Гэтэл шүүх үүнийг ялгаж салгаж дүгнэсэнгүй.
3.3. Анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо “... төсвийн шууд захирагч байна. Мөнгийг шууд захиран зарцуулсан байна” гэсэн дүгнэлт тайлбарыг хийсэн ч тэр нь алга. Уншиж сонсгохдоо нэг зүйл ярина, бичгээр гаргахдаа өөр зүйл бичнэ. Хууль ёсны болж чадаагүй.
3.4. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн “захиргааны хэргийн оролцогч биш, захиргааны акт алга байна, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх дууссан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар иргэний хэргийн шүүхийн маргаан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар төр хариуцна гэсэн хууль байна, мөнгөн зардал, төлбөртэй асуудлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуультай, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна” гэсэн тайлбар, мэтгэлцэл маргаанд ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байгаа Ш.Эад холбогдуулан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,926,554 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэл гаргасан.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… хариуцагч Ш.Э нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувиар, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаал гаргаж, тус Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Аыг төрийн албанаас хууль бусаар халсан, 1,926,554 төгрөгийг Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нөхөн бичилт хийсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, … шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төрд учирсан хохирол гэж үзнэ, …. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлана.
2.2. Хариуцагчаас “... Ц.А нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй, ... аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,926,554 төгрөгийг мэргэжилтэн Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийсэн нь төрд учирсан хохирол биш бөгөөд тус мэргэжилтний оронд хэн нэгэн иргэнийг Ц.Аын ажлын байранд томилж, төрийн албанаас цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл давхардуулан олгосон зүйл байхгүй, Ц.А ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч мөнгө төлнө гэж эвлэрээгүй, зөвхөн дэвтэрт бичилт хийж өгнө гэж тохиролцсон, Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
3. Маргааны үйл баримтын тухайд;
3.1. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаал гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Аыг төрийн албанаас халжээ. Ц.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 112/ШШ2023/0042 дугаар шийдвэрээр Ц.Аын гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” Б/20, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн “Ц.Аыг ажлаас халах тухай” Б/20 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3.2. Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-аас давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ш.Э нар харилцан буулт хийж, эвлэрснээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр шүүхэд илэрхийлсэн байна.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/Ш32023/2395 дугаар захирамжаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг баримтлан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 112/ШШ2023/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Аын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт “нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” хэсгээс татгалзах, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагын “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.Аыг ажлаас халах тухай” Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” хэсгийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүлээн авмагц Ц.Аыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд тушаал гаргаж томилох” нөхцлийг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 дүгээр тушаалаар, Ц.Аыг тус өдрөөс Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр /буцаан/ томилсноос гадна 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын 100050051001 дугаар данснаас Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн /төрийн сангийн/ 100050090000 дугаар дансанд “НДШ төлөв” гэсэн утга бүхий 1,926,554 төгрөгийн гүйлгээ хийж, Ц.Аын 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн байна.
3.4. Ц.Аыг ажлаас халсан хугацаанд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс Р.Мягмаржаргалаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... хариуцагч нь Ц.Аыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор эвлэрэн хэлэлцсэн нь өөрийн шийдвэрийн хууль бус байдлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.926.554 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, төрийн албан хаагчид цалин хөлс олгох, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тодорхой хувиар тооцож суутгах зарчмыг алдагдуулсан энэ үйлдэл нь төрд хохирол учруулсан нөхцөлийг бүрдүүлсэн, гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө нөхөн хариуцах нь захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх, шударга ёсны зарчимд нийцнэ, захиргааны байгууллагаас чиг үүргийнхээ дагуу гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3-т “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж хэргийн харьяаллыг тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох хариуцагчаар тодорхойлсон этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд түүнээс төр учруулсан хохирлыг нэхэмжилсэн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
Нэхэмжлэгчийн хувьд, тухайн асуудлаар хариуцагчид шаардлага хүргүүлсэн, дараа нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж, хэргийн хэрэгсэхгүй болгосон даруй захиргааны хэргийн шүүхэд хандсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх ч зөв дүгнэжээ.
6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.
7. Дээрх зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай ба тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны албан тушаалтны хувьд, гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь төрийн албанд баримтлах зарчимд нийцнэ.
8. Энэ хэсгийн 3-т заасан буюу хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, хариуцагчаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэхээр байна.
Учир нь хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/Ш32023/2395 дугаар захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний нөхцөл ёсоор, хариуцагч Ш.Э нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувиар Ц.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.Аыг ажлаас халах тухай” Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” хэсгийг хүлээн зөвшөөрч, улмаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төсвөөс зарцуулсан 1.926.554 төгрөг нь төрд учруулсан хохирол мөн.
9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.4. хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол” гэж зааснаар хууль бусаар халагдсан хүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг /шийдвэр гаргасан/ буруутай албан тушаалтан нөхөн төлөхөөр байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас уг хохирлыг барагдуулсан нь баримтаар эргэлзээгүй тогтоогдохоос гадна зэрэгцээ хэргийн оролцогчид ч энэ талаар маргаагүй.
Нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийх нь угтаа хуулиар тогтоосон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсний үндсэн дээр хийгдэх ажиллагаа тул ажил олгогчоос хийх нийгмийн даатгалын нөхөн бичилтийг түүний шимтгэл төлөх үүргээс тусад нь авч үзэх, хууль зүйн үр дагаврыг зааглан тайлбарлах боломжгүй.
Нөгөөтээгүүр Ц.Аыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хүртэл тухайн албан тушаалыг өөр хүн хашиж, цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас хариуцагчийн “шүүхээс баталсан эвлэрлийн гэрээгээр зөвхөн бичилт хийх үүрэг хүлээсэн, шимтгэл төлөх нөхцөлийг тохиролцоогүй, төрийн сангаас цалин хөлстэй холбоотой зардал гараагүй, төр ямар нэг хохирол учраагүй” гэх татгалзал үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг ч хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ