| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/226 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/226
2023 04 05 2023/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 22100 0000 0193 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Б нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 3, ээж, охины хамт амьдрах, * дүүргийн * дугаар хороо, * дүгээр цэргийн анги *дүгээр гудамжны * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- * дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж биеэр эдэлж байгаад * дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас 01 сарын хорих ялыг хассан ба оногдуулсан ялыг биеэр эдэлж байгаад * аймгийн * сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн * дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Ц-ийн Б\ /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн * дугаар хороо * тоотод өөрийн төрсөн эх Д.Т-г “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед * дүүргийн * дугаар хороо * тоотод өөрийн төрсөн эх Д.Т-ийг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь “... зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Шүүх, шүүгдэгч Ц.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт болон шүүгдэгчийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Ц-ийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д 02 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын * дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялын 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор дүйцүүлэн тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-ы цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 22100 0000 0193 дугаартай хэрэгт Ц.Б-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД