Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга   Ч.Алтанзул

Улсын яллагч  Б.*******

Шүүгдэгч  Э.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******ад холбогдох 2223001510053 дугаартай эрүүгийн хэргийг  хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, *******, Завхан аймгийн ******* сумын******* баг ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, мөн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 08 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 02 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн   овогт гийн *******, /Регистрийн дугаар: /

Э.******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр  шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын урд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч Б.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж албаны хээрийн хувцсыг нь урах, толгойн тус газар нь цохих зэргээр эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                       1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Э.******* 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон  зөрчилд холбогдсон бөгөөд тухайн зөрчлийг шалгасан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай Б.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж биед нь халдаж, албаны хувцсыг урсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг эсэргүүцсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч  Б.ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ний шөнийн нэгдсэн хяналт шалгалтаар 20 цагаас шөнийн 02 цаг хүртэл Завхан аймгийн ******* сумын 6 багийн нутаг дэвсгэрт зохицуулагч цагдаа дэд ахлагч Б.ы хамт албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч М. над руу залгаад ченжийн захын уулзвар дээр хүрээд ир согтуу жолооч шаардлага биелүүлэхгүй шалгуулахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед ойрхон явж байсан ба Петровис ШТС-ын орчимд очиход улаан хүрэн өнгийн “forester” маркийн тээврийн хэрэгслийг Э.*******  нь согтуугаар жолоодсон байдалтай дэд ахлагч М. нь машины түлхүүрийг нь салгаж авсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн  жолооч Э.*******ыг та машинаасаа буугаад хойд суудал дээрээ сууна уу? гэсэн шаардлага тавихад чадахгүй буухгүй гээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөхөөр нь түүнийг та яагаад байгаа юм бэ? гээд машинаас буулгах гээд гараас нь татахад миний энгэрээс заамдаж аваад энгэрийн камер газарт унагаасан. Үүнээс болоод энгэрийн камераар бичлэг хийж чадаагүй. Түүнийг машинаас буулгаад  арын суудал дээр суулгах гэхэд суухгүй, чамайг ална шүү зүгээр байгаарай, би суухгүй чадахгүй, чи наад төрийн хувцсаа тайлчих хоёулаа үзье, чамайг алнаа гээд шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд дэд ахлагч Б.ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон *******тай хамт машины хойд талын суудал дээр суулгасан. ...Машиныг асаагаад хөдөлж байхад Э.******* нь миний дагз руу 2-3 удаа гараараа цохиод албаны хувцас цамцны захнаас хойш нь татаад хоолой боохоор нь хойшоо эргээд хартал кителийн зүүн суганаас татаад урсан. Намайг дахиад нүүр рүү цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад түүний хоолой руу нь гараараа түлхсэн энэ үед дэд ахлагч Б. түүний хоёр гараас нь бариад хөдөлгөөнийг нь хязгаарлаж аюулгүй болгосон...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, хохирогчийг цохисныг харсан талаар шууд тусган  мэдүүлсэн гэрч  Б.ы “...Петровис ШТС дээр очиход улаан хүрэн өнгийн форестор маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх залуу машинаасаа буухгүй жолооныхоо ард сууж байхаар нь дэд ахлагч Б. очоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон залууг машинаасаа буу гэсэн шаардлага тавьсан боловч машинаасаа буухгүй түүнийг хэл амаар доромжлоод байхаар нь би согтуу жолооч дээр очоод та машинаасаа бууна уу гэхэд уг залуу машинаасаа буусан. Тэгтэл үл таних согтуу жолооч дэд ахлагч Б.ыг хувцсаа тайлчих хоёулаа үзье гээд маргалдаад байхаар нь согтуу залууг машины хойд хаалгыг онгойлгож түүнийг суулгаад би хажууд нь суусан. Тэгтэл согтуу залуу машинд суугаад дэд ахлагч Б.ыг ганц хутга шаавал яавал гэж хэлж байсан тухайн үед Б. машины гадаа байсан ба удалгүй тухайн согтуу залуугийн машиныг жолоодож цагдаа руу явах гээд машинд орж ирээд машиныг дөнгөж хөдөлгөөд явж байхад юм ярьж байснаа гэнэтхэн үл таних согтуу залуу Б.ын зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиход Б. машиныг зогсоогоод эргэж хараад түүний цамцны энгэрээс нь татаад зууралдаж авсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч М.ын “...Дэд ахлагч Б. нь Э.******* гэх залуутай буруу зөрүү харьцсан зүйл байхгүй. Түүнийг машинаас буу гэж хэлэхэд Э.******* нь буухгүй суугаад байсан би ч мөн Э.******* гэх залууг машинаас буу гэж хэлсэн боловч машинаас буухгүй суугаад байсан. Э.******* нь машинаас буу гэсэн шаардлага биелүүлэхгүй жолооны ард суугаад байсан. гэх залуу над руу дайраад байсан болохоор би Б., Э.******* нарыг асуудлыг сайн мэдэхгүй байна Э.******* гэх залуу надтай маргалдаагүй харин машинаас буу гэсэн шаардлага тавихад жолооныхоо ард суугаад байсан. Би түүнийг согтуу гэдгийг нь хараад мэдэж байсан мөн түүнээс архи үнэртэж байсан болохоор илт мэдэгдэж байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч  Ц.гийн “...Машиныг Э.******* өөрөө унаж ирээд зогсож байхад М. гэх цагдаа ирээд та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлэхэд Э.******* юм хэлэхгүй дуугүй суугаад байсан. Тэгтэл Б. гэх цагдаа ирээд машинаас буу гэхэд Э.******* буухгүй суугаад байхаар нь машинаас нь татаад буулгаад машины хойд суудал дээр нэг цагдаагийн хажууд суулгасан. Би тухайн үед машины урд суудал дээр сууж байсан. Э.*******ын авто машиныг дэд ахлагч Б. гэх цагдаа жолоодож дөнгөж хөдөлтөл Э.******* чи хаачих гэж байгаа юм бэ  гээд цагдаагийн хойноос нь татсан. Тэгтэл шарх гээд хувцас урагдаж байгаа чимээ гарсан тэгтэл цагдаа машиныг гэнэт зогсоогоод эргэж хараад Э.*******ын хүзүү, толгой руу 2 удаа гараараа цохисон мөн ******* зөрүүлээд цагдаагийн мөр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ын  “...Э.******* дэлгүүрээс 2,5 л хэмжээтэй хоёр том пиво аваад өөрт байсан нэг том пивоо аваад бид нар голын зах орж надаас бусад нь пиво уусан. ...шөнө 00 цагийн орчимд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Петровис ШТС дээр ирсэн. Голын эргээс хөдлөхдөө Э.******* өөрөө машинаа бариад ирээд байж байхад замын цаанаас 2 цагдаа ирээд Э.*******тай уулзаад ...түлхүүрийг нь аваад согтуу машин барилаа машинаасаа буу гэхэд Э.******* буухгүй гээд маргалдаад байх шиг байсан энэ үед цагдаагийн албан машинаар 2 цагдаа ирээд Э.*******ыг машинаас буу гэхэд буухгүй гээд Б. гэх замын цагдаатай маргалдаад түүнийг татаад буулгаж байсан...  Б. гэх цагдаа одоо харь гээд түүнийг дагуулж зам гаргаад буцаж ирээд Э.*******ын машиныг жолоодоод хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Д.ын “...Б. гэх цагдаа ирээд *******ыг машины түлхүүрээ өг гэхэд өгөхгүй, машинаас буу гэхэд буухгүй гэсэн. Тэгтэл Б. гэх цагдаа нь чи хэзээ ийм болсон юм бэ  гээд бие биеийгээ заамдаад авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад салгасан. Тэнд байсан цагдаа нар Э.******* бид хоёрт ямар нэгэн биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглээгүй. Маргаан бол Э.******* согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон цагдаа нар түүнийг машинаас буу гэсэн шаардлага тавихад машинаас буугаагүй түүнээс болж асуудал үүссэн...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч  Э.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан ч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.ын 2022-08-10-ны өдрийн “Иргэн Б.ын биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн  000000418 дугаартай дүгнэлт,

Хохирогч Б.ын өмсөж явсан цагдаагийн  албаны хээрийн хувцас /китель/ урагдсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  000000041 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хээрийн кительд 200 мм хэмжээтэй гэмтлийн оёдлын дагуу утаснууд таслагдсан. Оёдлын зүүний алхам хоорондын мөртэй, өнгөө алдаж гандаагүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэсэн шинэ ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хагас хээрийн кительд үүссэн шинэ гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэсэн дүгнэлтээр  тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч  Б. нь Завхан аймаг дахь Цагдаагийн газарт  Замын цагдаагийн зохицуулагч цагдаа  ажилтай ба тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны  өдрийн Завхан аймгийн  Цагдаагийн газрын жижүүр харуул, эргүүлд ажиллах алба хаагчдын томилгоо, зааварчилгаа танилцуулсан тэмдэглэлээр болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1-дЦагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дэх хэсгийн 25.5.4-т зааснаар  “цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа ... хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл ...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

Мөн  Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч Э.******* Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч Б.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлага нь Цагдаагийн албан хаагчийн  хууль ёсны шаардлага байна.

Шүүгдэгч Э.******* нь Цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, биед нь халдаж түүний албаны хувцас /хүрэм/-ийг нь урах, толгойн  хэсэгт цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэн нийтийн албаны ашиг сонирхол, цагдаагийн албан хаагчийн хэвийн үйл ажиллагаанд шууд санаатай саад учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр болон бусад зардал нэхэмжлээгүй учир түүнийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Э.******* өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд  шүүх түүний хүсэлтийг хангаж шийдэрлэсэн ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын  сонсгосон ялын саналыг баталж, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ба уг ялаас  01 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй болох нь 2023 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ирүүлсэн  ялын тооцоо болон мэдээллээр тогтоогджээ.

 Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн  төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялыг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  01 жил 02 сарын 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. *******ад оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр /250.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.*******ын 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 02 сар 26 хоногийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 01 сар 10 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.*******ыг Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг  01 сар 10 хоногийн хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  01 сар 10 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Э.*******ад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

13.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА