| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Б овогт Цын Бд холбогдох 2312000000058 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Хиад Б овогт Цын Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивээт гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 25 ширхэг 1.5322м3 шоо метр шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 163.174 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивээт гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 25 ширхэг 1.5322м3 шоо метр шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 163.174 төгрөгийн хохирол учруулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
гэрч Ж.Дын мэдүүлсэн “Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивээт гэх газар экологийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Чийн хамт хэргийн газрын үзлэг хийхээр уг газарт очиход иргэн Ц.Б нь галын түлээний мод бэлтгэхдээ 2 ширхэг босоо мод огтолж унаган бэлтгэсэн байсан. Тухайн үед иргэн Б нь модоо тээвэрлээгүй, бэлтгэж дуусаад байхад нь очсон. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлд нь ачуулан Архангай аймгийн төвд байх тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авчирч саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
гэрч Б.Лгийн мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн төвөөс машинтайгаа манайд өвс тэжээл хүргэж ирээд маргааш нь буюу 02 дугаар сарын 08-ны өглөө мод ачаад буцна гээд 08-ны өглөө эрт босоод Б ганцаараа уул руу явж модоо бэлтгэсэн. Тэр үед манайх ганц гэр байсан болохоор би малдаа явсаар байгаад мод хийж байгаа газарт нь очиход Б нь цагдаад шалгуулаад зогсож байсан. Б нь модоо ганцаараа бэлтгэсэн бөгөөд намайг цуг бэлтгээдэхээч гэхээр нь би за гэсэн боловч малдаа явчихаад очтол модоо бэлтгэж дуусаад цагдаад баригдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
гэрч А.Бын мэдүүлсэн “иргэн Бгийн бэлтгэсэн гэх Шивээт гэх газар нь Халзан шивэрт гэх газраас баруун ард голын хойно байх газар бөгөөд миний мод бэлтгэх АРА 22-074376 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт бичиж өгсөн газраас өөр газар модоо бэлтгэсэн байна. Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивээт, Халзан шивэрт гэх хоёр газар нь хоорондоо 5-7 км зайтай, голын урд хойно байдаг газар. Иргэн Б нь мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичигт заасан газар буюу сумын Засаг дарга иргэдийн нийтийн хурлаас гарсан тогтоол ойн ангиар тусгайлсан талбай тусгаарласан газарт модоо бэлтгэнэ. Харин мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт модоо бэлтгэж байгаа нь хууль бус үйлдэл болно” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/
Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17, 21-23/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20/, “Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн АЦ-23-19 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-38/, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 70-71/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай албан бичиг /хх-ийн 75 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас ойн санд 163.174 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлж нийт 489.522 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй болохыг шүүгдэгч Ц.Б нь ойлгож, сайн дураар төлж барагдуулахаа бодитоор илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Бгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5322 м3 шоо метр шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 285.522 төгрөгийг шүүгдэгч Ц.Бгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад Б овогт Цын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгээс 489.522 /дөрвөн зуун наян есөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5322 м3 шоо метр шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 285.522 төгрөгийг шүүгдэгч Ц.Бгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ