Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

 

 

 

 

2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр                           Дугаар 2023/ШЦТ/40                              Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Д.О,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дгийн От холбогдох 2328000000050 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 давхрын 305 тоот болох зүрхний цахилгаан бичлэг хийдэг өрөөний үүдний сандал дээрээс иргэн Д.Ггийн мартаж, гээгдүүлсэн “ОРРО-А8” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлийн утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Оын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхрөө зүрхний бичлэг хийлгэж байхад би гадаа нь хүлээгээд сууж байсан. Миний хажуу талын суудал дээр эзэнгүй утас байсан. Хэний утас вэ? гээд тэнд байгаа хүмүүсээс асуухад хүн дуугараагүй. Би эзэн нь эмнэлэг дотор явж байгаа байх гэж бодоод хармаалсан. Тэгээд машины урд хайрцагт хийгээд мартчихсан байсан. Манай хүү миний утсыг усанд хийгээд ажиллагаагүй болгосон. Би нөгөө утсыг ашиглах боломжтой гэж бодоод симээ сэргээлгээд тухайн утсыг ашигласан. Тэгээд цагдаагаас дуудсан гэв.

Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн эрт илрүүлэгт байгууллагаараа үзүүлж байх үедээ зүрхний бичлэгийн тасгийн хажуу талын хүлээлгийн сандал дээр сууж байгаад явах үедээ өөрийн гар утсаа алга болгочихсон. Тэгээд хамт байгаа хүмүүсээс гар утсаа асуух үед хэн ч мэдэхгүй байсан. Тэгээд би эргээд эмнэлэг дээр очиж асуугаад камерыг нь шүүлгэхэд миний утас олдоогүй. Уг гар утсыг харсан үзсэн хүн байхгүй байсан. Тэгээд зүрхний бичлэгийн эмчээс асуусан чинь үзлэгт орох гэж байгаа бололтой нэг хүн сандал дээр нэгэн гар утас байна эзэн нь байна уу?, гэж асуугаад явсан гэсэн гэж эмч хэлсэн. Тэгээд камерын бичлэг үзэж байтал авсан байж болзошгүй нэгэн аав, ээж, хүү  гурав орж ирсэн. Камерын бичлэгт авсан эсэх нь харагдаагүй. Тэгээд би эмнэлэг дээр гар утсаа мартаж яваад хүн авчихсан юм байна гэж бодоод цагдаад хандсан юм. ...Миний гар утсыг цагдаагийн байгууллагын ажилтан олоод надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Уг гар утас миний алга болгосон гар утас мөн байсан гэжээ.  /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ... Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд айлын 4 дахь хүүхэд болж төрсөн. Эцэг эхээс 8 уул. Даланзадгад сумын 2 дугаар сургуульд 1978 онд элсэн орж 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд МСҮТ 1986-1988 онд барилгын засал чимэглэл мэргэжлээр сурч төгссөн. Тэгээд 1988 онд Барилга угсралтын конторт ажиллаж эхэлсэн. Өмнөговь аймгийн сумдад олон барилга барьж бүтээсэн. 1994 оныг хүртэл ажиллаж байгаад барилга угсралтын контор гэх байгууллага нь татан буугдаад 1994 оноос Хувиараа гутал засварын газар ажиллуулж гутал оёдог байсан. Хувиараа гэртээ гутал оёх ажлыг 25 жил хийгээд 2022 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан. Би 4 хүүхэдтэй хамгийн том охин 1989 онд төрсөн дараа нь 1991 онд хоёр дахь охиноо төрүүлсэн. 1996 онд хүүгээ төрүүлсэн. 2003 онд хамгийн бага охиноо төрүүлсэн. Нөхөр Мөнхчулуунтай 1988 оноос хамт амьдарч байна. Манай нөхөр Даланзадгад сумын хүүхдийн ордны жижүүр ажилтай. Хамгийн бага охин маань 1 дүгээр курсийн оюутан. ...2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 давхар нөхөр Мөнхчулууны зүрхний бичлэг хийлгээд хамт явсан. Тэгээд Мөнхчулууныг зүрхний бичлэг хийлгэж байх үед нь би хүлээлгийн сандал дээр сууж байсан. Тухайн үед эхлээд анзаараагүй байж байгаад сууж нэг харсан чинь хажууд талын эзэнгүй сандал дээр бор өнгийн гэртэй утас байсан. Тэгээд эсрэг талын сандал дээр хүмүүс байсан тэгээд уг утсыг аваад хэний утас болох талаар хүмүүсээс асуухад хэн нэгэн ямар нэгэн хариулт өгөөгүй. Тэгээд би эзэн нь мартаад орхиод явсан утас байна гэж бодоод уг утасны эзнийг олж өгөх санаатай үүдний жижүүр рүү явах гэж байтал манай нөхөр зүрхний бичлэг хийлгэж дуусгаад гараад ирсэн. Би нөхрийг аваад цаашаа дараагийн эмчдээ үзүүлэх гээд явсан юм. Тэгээд цаашаа явах үедээ уг утсыг халаасандаа хийгээд мартчихсан юм. Нас дээр гарсан болохоор цаашаа дараагийн эмч дээр очиж үзүүлчихээд гарах үедээ нөгөө утсаа кармалсанаа мартсан. Тэгээд эмнэлгээр явж байгаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад хувцсаа тайлж байх үедээ нөгөө утсыг кармалсан чигээрээ гэртээ ирсэн гэдгээ мэдсэн. Тэгээд уг утсыг мартахгүйн тулд машины урд талын хайрцганд хийсэн. Эзэн нь гарч ирвэл өгөхөд амар гэж бодоод машины урд талын хайрцагт хийсэн юм. Учир нь би ийш тийшээ явах үедээ байнга машинтайгаа явдаг юм. Гэртээ байх үед бол машин маань байнга гэрийн гадаа байдаг болохоор энд тэнд эзэн нь гарч ирвэл буцааж өгөхөд амар гэж бодож машины хайрцагт хийсэн. Уг утас машины урд талын хайрцагт 10 гаруй хоног байсан. Тэгээд 12 дугаар сарын эхээр манай зээ хүү миний утсыг усанд унагаад ямар ч ажиллагаагүй болгосон. Тэгээд би гэнэт нөгөө утсыг машинд байгаа гэдгээ санаад шинээр утас автлаа сим карт хийгээд ашиглах талаар бодоод, ашиглаж эхэлсэн. Тэгээд би уг гар утсыг ашиглаж байсан чинь цагдаагаас шалгаж намайг дуудсан гэжээ. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1155 дугаар шинжээчийн дүгнэлтэд: гар утас OPPO-A8  1 ширхэг 600.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 46-49 дэх тал/

Зөрчлийн хэргийн материал /хавтаст хэргийн 7-33 дахь тал/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/

Эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/

Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62-65 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дэх тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Д.О миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-нд Д.Ггийн мартаж гээгдүүлсэн гар утсыг олж аван өөртөө ашигласан бөгөөд хохирогч Д.Ггийн гар утсыг бүрэн бүтэн буцааж өгч хохиролгүй болгосон бөгөөд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 74-75 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Оын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Оын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/ гаргаж 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж байгааг ойлгодог. 

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 давхрын 305 тоот болох зүрхний цахилгаан бичлэг хийдэг өрөөний үүдний сандал дээрээс иргэн Д.Ггийн мартаж, гээгдүүлсэн “ОРРО-А8” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлийн утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Зөрчлийн хэргийн материал /хавтаст хэргийн 7-33 дахь тал/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, Эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, Эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэм хэрэг нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ггийн гээгдүүлсэн OPPO-A8 гар утас нь бага хэмжээнээс дээш зах зээлийн үнэлгээтэй болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1155 дугаар шинжээчийн дүгнэлтэд: гар утас OPPO-A8  1 ширхэг 600.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 46-49 дэх тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гд  600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Гд 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий хохирол учирсан бөгөөд гээгдүүлсэн гэх гар утсыг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.О буцаан өгсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Д.О миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-нд Д.Ггийн мартаж гээгдүүлсэн гар утсыг олж аван өөртөө ашигласан бөгөөд хохирогч Д.Ггийн гар утсыг бүрэн бүтэн буцааж өгч хохиролгүй болгосон бөгөөд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/-ээр шүүгдэгч Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.О нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г шүүгдэгч Д.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Д.О танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.О нь OPPO-A8 гар утсыг өөрийн эзэмшлийн гар утас биш гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр уг гар утсыг захиран зарцуулах эрхийг өөрт бий болгож, зохих байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул тус гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Д.О нь хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Д.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн  хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Д.О шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Гд “OPPO-А8” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ