Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01385

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 532 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Түрээсийн гэрээ-ний үүрэгт 24,934,620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхангай жуулчны баазын аялал жуулчлалын амралтын газрыг эд хөрөнгийн хамт 2018.04.09-ний өдрөөс 2019.04.09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр *******тэй түрээсийн гэрээ байгуулсан. *******ийн бэлдсэнээр гэрээгээ байгуулж, 2018.03.30-ны өдөр амралтын газрын эд хөрөнгийг эд хөрөнгө хүлээлгэн өгөх актаар хүлээлгэн өгсөн. ******* нь энэ жил бэлтгэл ажил, тохижилтод ямар ч гэсэн 30,000,000 төгрөг зарцуулна, гэрээний хугацаа дуусаж буцааж хүлээлгэн өгөхдөө сайхан болгоод өгнө гэхээр нь бэлтгэл ажлаа хийхэд нь дэмжлэг болгож эхний сарын түрээс буюу 2018 оны 4-р сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөгийг тохижилтдоо хэрэглээрэй гээд аваагүй. Ингээд ******* нь түрээсийн гэрээ байгуулсан сараас ажиллаж эхэлж, манай зүгээс хуучин амарч байсан байнгын харилцаатай амрагчдаа зуны турш явуулж ашиг орлогыг нь дэмжиж байсан. ******* нь 2018 оны 07-р сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул 08-р сарын 20-ны өдөр түрээсээ төлөхийг сануулахад дургүйцэж түрээслэхээ болилоо, 09-р сарын 25-ны өдөр юмаа буцаагаад хүлээж ав гэсэн. Ингээд 10 сар гаргаад ******* нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. 2018.10.04-ны өдөр эд хөрөнгө хүлээлцэх актаар эд хөрөнгө хүлээн авахад бүрэн бүтэн байдлыг нь сүйтгэж, заримыг нь устгаж, байхгүй болгож, зарим эд хөрөнгийг цаашид ашиглах ямар ч боломжгүй болгож их хэмжээний хохирол учруулсан. Дутагдсан болон дахин ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг ******* ХХК дахин худалдан авсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслээгүй. Актаар хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байгаа. Газрыг *******т түрээслээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа өөрөөр хэлбэл Баянхангай амралтын газрын эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд түрээсэлж, актаар хүлээлгэн өгсөн. Эд хөрөнгөө 10-р сарын 04-нд хүлээн авсан. Хүлээж авахад тодорхой эд хөрөнгө хагарч эвдэрсэн, устаж үгүй болсон талаар 2 тал харилцан тохиролцож дутуу эд хөрөнгийг акт үйлдэж ******* нь нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Дутаасан эд хөрөнгийн үнэлгээг Хас үнэлгээ ХХК-иар гаргуулсан. ******* нь 2018.04.09-ний өдрөөс 2018.10.04-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулах, зарим сард түрээсээ хагас өгч байсан. Иймд *******ээс төлөгдөөгүй түрээсийн үлдэгдэл төлбөр 6,620,000 төгрөг, алданги 5,452,620 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэ 6,462,000 төгрөг, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан 1 сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, түлээний төлбөр 1,400,000 төгрөг, түрээсийн гэрээний 9.5-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагааны зардал 1,500,000 төгрөг, нийт 24,934,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт амралтын газартай бөгөөд их ашигтай ажилладаг талаараа хэлж, түрээслэх саналыг анх *******т гаргасны дагуу амралтын газрыг очиж үзсэн. Гэтэл амралтын газарт үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх эд зүйл ор, сандал, ширээ эвдэрсэн, тоног төхөөрөмж усны суваг нь хөлдсөн, цахилгаан татаагүй гэх зэрэг шууд ашиглах боломжгүй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Энэ талаар түрээслүүлэгчид хэлэхэд засвар үйлчилгээ хийх буюу эхний сар үйл ажиллагаа явуулахгүй тухайн сарын түрээсийн төлбөрийг авахгүй, зуны улирал эхлэхэд хангалттай ашигтай ажиллаж чадна гэсэн. Улмаар ******* ХХК-тай 2018.04.09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт аялал жуулчлалын зориулалттай 15 га газарт байрлах 240 м.кв талбай бүхий 6 ширхэг том, жижиг хувийн сууц, 11 ширхэг монгол гэр, улсын бүртгэлийн 0297188, 0297189 дугаарт бүртгэлтэй амралт, жуучлалын байгууламжийг 1 жилийн хугацаатай, сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулсан. ******* түрээсийн зүйлийг ашиглах зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгөөр амралтын газарт засвар, үйлчилгээний ажил хийсэн бөгөөд үнийн дүнг нь тодорхойлох боломжгүй байсан. Гэтэл амралтын газрыг ажиллуулах явцад байнга асуудлууд тулгарч байсан. Тухайлбал, усны суваг байнга хөлдөх, цахилгаан тасалдах, үүнээс болж үйлчлүүлэгчид дургүйцэж, үйлчилгээний хөлсөө төлөхгүй байх, ор, ширээ, сандал зэргийг засварласан боловч хэт хуучин учир үйлчлүүлэгчид голдог учраас түрээслүүлэгчийн хэлсэн шиг ашигтай ажиллах боломжгүй байсан. Хэдийгээр амралтын газрын эд хэрэгсэл хэт хуучирсан, үйлчлүүлэгчид хомс байсан боловч амралтын газарт үйлчлүүлэгч ирсэн даруйд ажилчдын цалин болон бусад урсгал зардлыг хасч, үлдсэн мөнгийг түрээслүүлэгчид шилжүүлдэг байсан. 2018.04.10-ны өдөр 3,500,000 төгрөг барьцаанд тавьсан бөгөөд уг мөнгийг 1 сарын төлбөрт нь суутгасан, 6 сарын төлбөрийг 3 хувааж төлсөн, 7 сарын төлбөрийг 3 хуваагаад бүтэн төлсөн, 8 сарын төлбөрт 2,230,000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрт 13,740,000 төгрөг шилжүүлснээс барьцааны 3,500,000 төгрөг багтаж байгааг ******* ХХК зөвшөөрсөн. Дансны хуулгаас харахад 750,000 төгрөг төлсөн байсан. Одоо 260,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Түрээсийн гэрээний алданги, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан 1 сарын төлбөр, түлээний төлбөр, өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь амралтын газар нь ашигтай ажиллах боломжгүй байсан бөгөөд үйлчлүүлэгчийн төлсөн төлбөрөөр ажилчдын цалин, урсгал зардлыг хасч, үлдсэнийг түрээсийн төлбөрт шилжүүлдэг байсан. Эд хөрөнгө дутаасан гэж 6,462,000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эд хөрөнгө хүлээлгэж өгөхдөө нэг бүрчлэн тоолж өгөөгүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулахад гаргасан жагсаалтад гарын үсэг зур гэхээр нь зурсан. Гэтэл амралтын газарт очиход зарим эд хөрөнгүүд нь дутуу, ашиглах боломжгүй эвдэрсэн байдалтай байсан. Үүнийг нь тухайн үед хэлэхэд эд хөрөнгө буцаан хүлээн авахдаа тооноос хасаад тооцно гэсэн. Гэтэл ******* түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд түрээслүүлэгч үүнийгээ баталгаажуулж тооцоо нийл гэж байнга дарамталж, эд хөрөнгө хүлээн авсан актад гарын үсэг зуруулсан. Иймд эд хөрөнгө дутаасан зүйл байхгүй. Түлээний мод хэрэглэсэн гэж 1,400,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл ийм хэмжээний түлээний мод байгаагүй. Нийт 7 хоног хүрэхгүй хэмжээний түлээ байсан. Амралт, жуучлалын байгууламжийг түрээслэх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нээлттэй ба улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд үүрэг болгож хуульчлаагүй. Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг аваагүй. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, алданги, гэрээг цуцалсантай холбоотой хохирол болон бусад зардлыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан түрээсийн гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу гэрээнд заасан тохиолдолд алданги төлөх үүрэг үүсэх бөгөөд талуудын хооронд тохиролцсон түрээсийн гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Түүнчлэн хариуцагч ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал М.Тэгшжаргалд баталгаа гаргасан байдаг. Үүгээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 1,000,000 төгрөг гэж нотариатаар баталгаажуулсан. Уг тооцоог үйлдсэнээс хойш ******* нь 750,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог. Харин ******* нь энэ жил бэлтгэл ажил, тохижилтонд ямар ч гэсэн 30,000,000 төгрөг зарцуулна. Гэрээний хугацаа дуусч буцааж хүлээлгэн өгөхдөө сайхан болгоод өгнө гэхээр нь бэлтгэл ажлаа хийхэд нь дэмжлэг болгож 2018 оны 04-р сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөгийг авахгүй, тохижилтдоо хэрэглээрэй гэж хэлсэн байдаг. Энэ нь *******ийн тайлбараар мөн нотлогдоно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч ******* нь тухайн амралтын газрыг ажиллуулахдаа усны шугам нээх, цахилгаанд холбох, сурталчилгааны самбар байршуулах, Монгол гэрт хийсэн засвар үйлчилгээ зэргийг 2018 оны 4-р сард хийж гүйцэтгэсэн. ******* нь түрээсийн гэрээний 6.1-д зааснаар 3,500,000 төгрөгийг барьцааг түрээслүүлэгч талд байршуулсан. Хариуцагч ******* түрээсийн гэрээний барьцаа болон түрээсийн төлбөрт нийт 13,740,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн. Талууд эд хөрөнгө хүлээлцэхдээ акт үйлдсэн байдаг. Хэрэгт авагдсан эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актууд хоорондоо зөрүүтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээг үндэслэж 6,462,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл *******ээс эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актад нийт 29 нэр төрлийн эд хөрөнгө дутсан гэж бичигдсэн байдаг боловч хохирлын үнэлгээгээр нийт 47 төрлийн эд хөрөнгийг 7,343,000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч тал ямар эд хөрөнгийг дутаасан улмаар ямар баримтыг үндэслэн дутсан гэх эд хөрөнгийн тооцоог гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн Хас үнэлгээ ХХК нь энэхүү үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд эсэх нь эргэлзээтэй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан журмын дагуу хийгдээгүй эд хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 24,674,620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 260,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8,450 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 532 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,623 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн 532 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 260,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 24,674,620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Нэхэмжлэгч компани нь түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 6,620,000 төгрөг, алданги 5,452,620 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэ 6,462,000 төгрөг, хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсны хохирол 3,500,000 төгрөг, түлээний төлбөр 1,400,000 төгрөг, нийт 24,934,620 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь 2018.04.09-ний өдрийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбогдуулан дээрх шаардлагуудыг гаргасан байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, гэрээний бус үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэн, улмаар анхан шатны шүүхийг хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, алданги, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой хохирол болон бусад зардал зэргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Дутаасан эд хөрөнгө, хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсны хохирол, түлээний төлбөр зэрэг нь дээрх хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үүссэн үүрэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй нөхцөл байдалд анхан шатны шүүх буруутай мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, шүүхэд шаардлага хангасан нотлох баримт гаргах, нотлох үүрэгтэй талаар тайлбарласан байдаг. Мөн нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн үйл баримтад гомдол гаргаагүй байхад уг асуудлаар дүгнэлт хийсэн нь талуудын нотолгооны үүргийн хуваарилалт болон мэтгэлцэх зарчимд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Дээрхээс гадна нэхэмжлэгч байгууллага нь амралтын газар, жуулчны ажиллуулах зөвшөөрөл авсан эсэх талаар ажиллагаа хийгдээгүй талаар магадлалд дурдсан. Үүнтэй холбоотой хүсэлтийг хариуцагч талаас гаргасан бөгөөд амралтын газар, жуулчны газар ажиллуулах зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК *******т холбогдуулан Түрээсийн гэрээ-ний үүрэгт 24,934,620 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 260,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянхангай жуулчны баазын аялал жуулчлалын амралтын газрыг 2018.04.09-ний өдрөөс эд хөрөнгийн хамт 1 жилийн хугацаатай, сарын 3,500,000 төгрөгөөр хариуцагч *******т түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй, энэ талаар шаардлага гаргахад 2018.09.25-ны өдөр гэрээг цуцлах санал гаргасан. 2018.10.04-ний өдөр эд хөрөнгөө хүлээж авахад зарим эд хөрөнгө дутагдсан, эвдэрч гэмтсэн байсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 6,462,000 төгрөг, алданги 5,452,620 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсны 1 сарын төлбөр 3,500,000 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэ 6,462,000 төгрөг, түлээний төлбөр 1,400,000 төгрөг, өмгөөллийн үйл ажиллагааны хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,934,620 төгрөгийг нэхэмжилнэ... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...амралтын газар нь шууд ажиллах боломжгүй, үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх эд зүйл, ор, сандал, ширээ эвдэрсэн, тоног төхөөрөмж, усны суваг нь хөлдсөн, цахилгаан татаагүй байсан тул засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагааг явуулсан боловч үйлчлүүлэгчид хомс, ашигтай ажиллах боломжгүй байсан. Эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлгэж өгөөгүй, дутагдуулсан хөрөнгө байхгүй, гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

2.   Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.2., 9.3.-т заасан шаардлагыг хангаагүй талаар зохигч мэтгэлцэж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан ажиллагааг хийх эрхээ хэрэгжүүлээгүй, ...давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй... гэх үндэслэл зааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг удирдлага болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7.-д зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, эсхүл нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дутагдсан эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардсан бөгөөд зохигч эд хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөхдөө хөрөнгө тус бүрийн үнийг тусгаагүй, Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан Үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, хохирлын хэмжээ үндэслэлтэй тогтоогдоогүй, хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 532 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлээс 2020.03.31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД