Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0035

 

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0035

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагч: А газар, 

А газрын К хэлтэс

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э

Маргааны төрөл: Э ХХК-ийн эзэмшиж байсан XV- дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, Э.Б, Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Э ХХК-иас А газарт холбогдуулан гаргасан А газрын 2020 оны 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4772 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э ХХК-ийн эзэмшиж байсан XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан А газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг А газарт даалгуулах,

Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан А газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг А газарт, 

Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг А газрын К хэлтэст тус тус даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн авч, шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

2.            Нэхэмжлэгч компани Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Гурвантэс сумын Толгод нэртэй газар орших 73776 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эзэмшиж хайгуул явуулж байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тус тусгай зөвшөөрийн хугацаа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчилэн давхацсан байна.

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ej/20-19 дүгээр албан бичгээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд ойн сан бүхий газартай давхцан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 9993.59 га талбайд нөхөх олговор авах хүсэлт гаргасныг хариуцагч ... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг холбогдох газарт хүргүүлээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах боломжгүйг 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгээр мэдэгджээ.

Мөн нэхэмжлэгч компани нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ej/20-34 дүгээр албан бичгээр Коронавирусын улмаас Монгол Улсын хил хаагдаж, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд Монгол Улсад байхгүй, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаж чадаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан өргөдөл гаргах боломжит хугацаа олгуулахаар хүсэлт гаргасныг хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн байна.

3.            А газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваад, тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг үүссэний дараа нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ej/20-21 дүгээр албан бичгээр XV- дугаартай ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны аливаа үйл ажиллагааг явуулахгүй байх, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ej/20-23 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ej/20-28 дугаар албан бичгүүдээр тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалж хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг гаргасныг А газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3866 дугаар албан бичгээр уг хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ej/20-34 дүгээр албан бичгээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулах өргөдөл гаргах хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрчилжээ.

4.            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-д тус тус зааснаар Э ХХК өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн төлбөрийг давхцалтай талбайг оруулан төлсөөр ирсэн.

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан 9,994.36 гектар хайгуулын талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байхад хайгуулын ажлын зардлын доод хэмжээг илүү баталж, биелэлт шаардаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг илүү төлүүлсэн байх тул нөхөх олговор авахад шаардлагатай шийдвэр гаргахыг А газар даалгаж өгнө үү.

2/ А газар нь манай компанийн хүсэлтийг сайтар судалж үзээгүй, бодит байдлыг тогтоогоогүй зэргээр асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журман дагуу шийдвэрлээгүй байх тул гомдолтой байна.

Бид соvіd-19 цар тахлаас шалтгаалан нөөц бүхий хайгуулын үр дүнгийн тайлан бичих бололцоогүй, цаашлаад хуульд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон байсан учир хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж чадаагүй бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Иймд Э ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV тоот тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан А газрын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг А газарт,

Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан А газрын 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт,

Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг А газрын к хэлтэст тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Бүгд найрамдах Хятад ард улсын зуун хувийн хөрөнгө оруулалттай компани. Тусгай зөвшөөрлийг эзэмшээд 12 жил болж байна. Энэ хугацаанд эхний 9 жилд Монгол Улсын геологи хайгуулын компаниудаар хайгуулын ажлыг гүйцэтгүүлсэн. Сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах Хятад ард улсын геологийн компанитай холбоо барьж ажиллахаар болсон байдаг. Хэрэгт авагдсанаар гэрээ хийгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил явагдаж, геологийн баг биетийг олсон. Биетийг олж журам стандартуудын дагуу тайланг бичих ёстой байсан. Энэ үеэр Бүгд найрамдах Хятад ард улсын цагаан сар болж хүмүүс буцсан. Яг тэр үед Монгол Улсад коронавирус тархаж эхэлсэн. Үүний улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл, өргөдөл өгөх хугацааг алдсан. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж нөхөн олговор болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг боломжит хугацаа олгож өгөхийг хүсэж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У тайлбартаа: ... Мөн журамд заасан хугацаанд хүсэлтийг гаргаагүй гэж хариуцагч хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэтэл ойн сан бүхий газартай хайгуулын лиценз бүхий талбай давхцалтай гэдгийг мэдээгүй байсан. Хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэх үүргийг, хуульд заасан журмын дагуу зохих ёсоор биелүүлээгүй. Хэрэгт авагдсан н.С, н.С зэрэг хүмүүст тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим  хэсэг давхцалтай талаарх мэдэгдлийг гардуулсан гэх боловч энэ нь Э ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 08 дугаар сард дуусах байсан учраас 2020 оны 05 дугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай ойн сан бүхий газартай тодорхой хэмжээгээр давхацсан гэдгийг олж мэдсэн. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг даалгаж өгөхийг хүсэж байна. 

Хариуцагч 2012 оны эхээр сонинд нийтлүүлсэн. Нийтлүүлснээс хойш хүсэлтээ өгөх байсан гэдэг.  Дээр дурдсанчлан эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар ойн сан бүхий газартай давхцалтай гэдгийг мэдээгүй учраас хүсэлт гаргах үндэслэл байхгүй. Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хилийн заагийг тогтоох тухай тогтоолтой холбоотойгоор манай газар ойн сан бүхий газартай давхцалтай болсон. Өөрөөр хэлбэл 2012 оны эхээр сонинд нийтэлсэн. Давхцал 2012 оны 06 дугаар сард үүссэн. Цар тахалтай холбоотойгоор Э ХХК-тай гэрээтэй ажил хийх Хятад улсын компани хилээр орж ирэх боломж хаагдсан. Нөөцийг илэрхий байдлаар тогтоосон боловч тусгайлан нарийвчлан тогтоож амжаагүй. 12 жилийн турш тусгай зөвшөөрөл эзэмшиж, хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжийг төлж ажилласны эцэст цар тахал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас онцгой эрхээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болсон. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хуульд зааснаар нийт 12 жил ба түүнээс цааш сунгах боломжгүй. Иймд байдлаар хандаж эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүй байгааг шүүх ойлгохыг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б тайлбартаа: Гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байсан хугацаандаа 15.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Нэхэмжлэгч компанид нэг удаа боломж олгохыг хүсэж байна. Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулалт байхгүй ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримталж, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А тайлбартаа: Нөхөн олговор олгох Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам байдаг. Үүний 3.4.2-т хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор өргөдлөө гаргана гэсэн байдаг. Хэвлэлд нийтэлсэн боловч түүнд Э ХХК-ийн тухай байдаггүй. Тийм учраас хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоног гэсэн хугацаа яригдахгүй. Хэвлэн нийтлэх, мэдэгдэх үүрэг хариуцагч байгууллагад байна гэж үзэж байна. Нөхөн олговор авах шаардлага үүсчхээд байгааг мэдээгүй байсан. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Ашигт малтмалын талбайд ойн сан бүхий газар давхцал үүсчихсэн аль ч нөхцөлийг харж үзвэл нэхэмжлэгчид нөхөн олговрыг олгох, мөн хариуцагч материалуудыг хүлээж авч саналыг Сангийн яам руу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна гэв. 

5.            Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохоор заасан тул хэсэгчлэн давхцаж буй хуулиар хориглосон талбайд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд харин давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй.

2/ Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тев, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус даалгасан.

Уг журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны Мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад. Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мерний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана гэсэн заалтын дагуу хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй.

3/ Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гаргах эрхтэй бөгөөд тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч ашиглалтын туссгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.

4/ Монгол Улсад Коронавирусын анхны тохиолдол илэрснээр Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол гарч төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Дээрх тогтоол гарахаас өмнө иргэдийн хөл хориог хязгаарлаагүй, орон нутагт зорчих эрх нээлттэй байсан тул Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болох шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гараагүй тохиолдолд мэдэгдэхгүй. 2011, 2014, 2017 онд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан, хугацаа сунгахдаа танай компани мэдэгдлээ авчихсан байдаг. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх ямар ч оролдлого хийгээгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жилийн хугацаагаар эзэмшдэг. 3 жилийн хугацаагаар олгож 3 жилээр 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. Дуусгавар болсон тохиолдолд хугацаа сунгах асуудал байхгүй. 

Гадаадаас компани орж ирэх боломжгүй байсан бол өмнө нь хийсэн геологи хайгуулын ажил дээр нөөцөө бодож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг өгч нөөцөө өсгөөд явах боломж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.            XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан А газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг А газарт даалгуулах тухай шаардлагын тухайд,

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно. гэж зааснаар  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдид нөхөх олговор олгох журмын 3.4-д Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй: 3.4.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй; гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд ойн сан бүхий газартай давхцан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 9993.59 га талбайд нөхөх олговор авах хүсэлтээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдид нөхөх олговор олгох журамд (журмын Дөрөв дэх хэсэгт зохицуулсан) заасан баримтыг бүрдүүлэн 90 хоногийн дотор гаргаагүй болох нь тогтоогдож байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хайгуулын талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцаагүй тул давхцаагүй хэсэгтээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана. гэж заасны дагуу өргөдөл гаргаж үйл ажиллагаа явуулах боломжтой байжээ.

Нэхэмжлэгч нь А газрын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6-4326 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4681 дүгээр, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5204 дүгээр Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүлээн авсан хүмүүс тус  компанид ажилладаггүй, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхцалтайг мэдээгүй гэх боловч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд, Монгол Улсын Засгийн газрын Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоол 2012 онд тус тус батлагдсан бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хайгуулын үйл ажиллагаа явуулах талбайг лавлах, мэдэх боломжтой байжээ.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрлийн хамт хүргүүлсэн бөгөөд мэдэгдлүүдийг хүлээн авсан хүмүүс (мэдэгдэл хүлээн авсан хүмүүс тус компанид ажилладаггүй гэх боловч) нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрлийг өгч мэдэгдлийг хүлээлгэн өгөөгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговор авах хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдож байх тул XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг А газарт даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.            Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан А газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг А газарт, Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг А газрын К хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас тусгайлан баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөрөөр зохицуулаагүй учир Ашигт малтмалын тухай хуулийг энэхүү маргаанд хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. гэж заасан бөгөөд  нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан баримт бичгийг хавсарган гаргаагүй байна.

Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хугацааг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөрөөр зохицуулаагүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй тул нэхэмжлэгчийн ...цар тахлаас шалтгаалан нөөц бүхий хайгуулын үр дүнгийн тайлан бичих бололцоогүй, ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй байсан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. 

Иймд хариуцагчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан татгалзал үндэслэлтэй байх тул Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан А газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг А газарт, Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг А газрын К хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл,  заасныг баримтлан Э ХХК-иас А газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан А газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг А газарт даалгуулах, Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан А газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг А газарт,  Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг А газрын К хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН