| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0766/з |
| Дугаар | 221/МА2025/0392 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0392
Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Д.А
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0235 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0766/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ааас нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0235 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4-д заасныг баримтлан Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Д.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хууль болон холбогдох журмыг буруу хэрэглэж гарсан тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3.2. Нэхэмжлэгч Д.А би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баримтлаагүй зөрчсөн, сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явагдаагүй буюу маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил давтан гаргасан” гэж заасан давтан гаргасан зөрчил байхгүй, түүнчлэн миний зөрчлийг шалган тогтоогоогүй хэрнээ сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн гэж маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.
“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6, 2.3, 2.4.1, 2.4.2, 2.4.5, 2.5, 2.6 гэх заалтуудыг Д.А нь хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цаг ажил тасалсан зэрэг дүгнэлт гараагүй, сахилгын зөрчлийг тогтоогоогүй, шүүх хуралдааны явцад хариуцагчаас асуухад мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн.
3.3. Миний тухайд цагийн бүртгэлтэй холбоотой асуудлаар удирдлагадаа хүсэлт гаргаж, зайнаас ажиллах хүсэлтийг 2023 оны 10 сард гаргасан бөгөөд энэ хүсэлтийн хариуг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Э 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 01/2266 “тайлбар хүргүүлэх” тухай албан бичгээр “зайнаас ажиллуулах боломжгүй” тухай хариу өгсөн. Үүний дараа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цалин хассан шийдвэрт, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөн цалин дутуу олгогдсон, ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байна, хүүхэд асрах чөлөөгөө ав гэх мэтээр дарамтлаад байна гэх гомдлыг тус тус гаргасан.
3.4. Мөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн сонсох ажиллагаан дээр дурдсан баримтыг танилцуулаагүй тул захиргааны акт гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа хийгээгүй, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах журмыг зөрчсөн гэх зэргээр маргаж байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт материаллаг хуулийн зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 37, 48 дугаар зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бичсэнээ “... маргаан бүхий актыг холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн.
3.5. Түүнчлэн шүүх хуралдааны явцад ажил хөдөлмөр эрхлэх Үндсэн хуулиар олгосон эрхэд халдаж “… хүүхэд асрах чөлөө авах боломжтой байсан байна, өөрөө чөлөөгөө аваагүй байна, ажлын байраа хадгалах боломжтой, эрхээ хамгаалах боломжтой байсан” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэсэн хэрнээ энэ талаар ямар нэгэн дүгнэлт шийдвэрт бичээгүй.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны үүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Ааас нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргасан.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... ажлаас халах үндэслэл болсон зөрчлийг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй процесс зөрчсөн, маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж тодорхойлж маргасан.
2.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2023 оны 6 дугаар сараас хойш 25 удаа ирсэн, бүртгэл дутуу, хоцорсон гэх мэтээр цагаа бүртгүүлсэн бөгөөд энэ зөрчлийг давтан гаргаж, удирдлагаас өгсөн үүргийг үл тоосон, цаг бүртгэлийн кодын зөрүүг арилгах талаар хүсэлт гаргаж байгаагүй, төрийн албаны цаг бүртгэлийг системийг баталгаажуулж хяналт шалгалт хийсэн, хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын маргаан бүхий 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг тус тус үндэслэн “төрийн албан хаагчийн захирах захирагдах ёс, байгууллагын соёл, дэг журмыг сахих, хөдөлмөрийн дотоод журмын хэм хэмжээг дагаж мөрдөн ажлын цаг баримтлах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан ноцтой зөрчил давтан гаргасан” гэх үндэслэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Аыг халахаар /гэж/ шийдвэрлэжээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд;
4.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.А нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан гэх үндэслэлээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/935, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар түүнийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар шилжүүлэн томилжээ.
4.2. Төрийн албан хаагчдын цагийн цахим бүртгэл ERP системд Д.Аыг “159”, “170” кодоор давхардуулан бүртгэснээс зарим хугацааны цагийн бүртгэл хөтлөгдөөгүй, улмаар “170” кодыг устгасан байна. Түүний 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх цагийн бүртгэлийг хүний нөөцийн мэргэжилтэн цахимд гараар бүртгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд тодорхой хугацаанд ажлын цаг бүртгүүлээгүй үйл баримт илэрхий боловч захиргааны байгууллагын хувьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа “2023 оны 6 сараас хойш халагдах хүртэл 25 удаа ирсэн, хоцорсон, бүртгэл дутуу гэж бүртгэгдсэн” гэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01/157 дугаар албан бичгээр “... 2024 оны 1 дүгээр сараас халагдах өдөр хүртэл 129 өдөр тасалсан, 5 өдөр хагас ажилласан, бүтэн ажилласан өдөр байхгүй нь erp.ulaanbaatar.mn системээс татаж баталгаажуулсан” гэж ажил тасалсан зөрчил гэж үзсэн хугацааны цагийн бүртгэлийн талаар зөрүүтэй тайлбарлана.
4.3. Д.Аын хувьд, нүүр танилтын төхөөрөмжөөр цаг бүртгэх нь хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хууль зөрчиж байгаа талаар, байгууллагаас ажиллах орчин нөхцөлөөр хангахгүй байгаа талаар болон үндэслэлгүйгээр цалин хассан зэрэг асуудлаар өргөдөл гомдол гаргаж байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан сонсох ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон байна.
4.4. Маргаан бүхий актыг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “А/128” дугаартай гаргасан боловч “тушаалын дугаар алдаатай” гэх үндэслэлээр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хүчингүй болгож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хэвээр үлдээн, огноо дугаарыг “2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128” болгон зөвтгөж гаргасан ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 37.1.16. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.5. хуульд заасан бусад үндэслэл”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4. төрийн албанаас халах; 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, 48.10-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж тус тус заасан.
Маргаан бүхий актад үндэслэл болгосон дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд, тус хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргийг зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд сахилгын шийтгэл ногдуулах, харин төрийн албан хаагчийн үүрэгт үл хамаарах үндэслэлээр буюу гагцхүү хуульд нэрлэн заасан нөхцөл бүрдвэл төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх ба төрийн албан хаагчид “халах” сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх харилцаа нь эрх зүйн зохицуулалт, үр дагаврын хувьд ялгаатай тул тухайн тохиолдолд зэрэг /давхар/ хэрэглэгдэхгүй, харин төрийн албанаас халах тохиолдолд үндэслэлийг тогтоосон журмын дагуу, заавал шалган тогтоох зарчим үйлчилнэ.
6. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.4-т “... шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.5. цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, ...”, 3.1-д “Шалгалт албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг ... томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах ...”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
7. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг буруутгаж буй зөрчлийг тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүрэг бүхий /эсхүл дээд шатны/ этгээдээс зохих журмын дагуу шалган тогтоож, гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд харгалзан үзсэний дүнд зөрчил бодитой үйлдэгдсэн гэж үзсэн нөхцөлд тэдгээр баримтад тулгуурлан, холбогдох хүчин зүйлсийг харгалзан, тохирсон шийтгэл ногдуулах шаардлагыг хангасан байх нь уг захиргааны актыг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах зөрчил нь холбогдох шалгалтын хүрээнд баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдах бөгөөд энэ нь шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд бүрдүүлсэн баримтаар тодорхойлогдох захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчим, нийтлэг шаардлага ч нэгэн адил хамаарна.
8. Гэтэл энэ хэсгийн 3 болон 4-т дурдсан үйл баримт хийгээд маргаан бүхий актаас үзэхэд, Д.Аын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, дээрх журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй, сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй.
Тодруулбал, захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан ямар үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийн чухам алийг нь гаргасан болохыг хууль зүйн хувьд тодорхойлох боломжгүй буюу хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
9. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бичгийн нотлох баримт, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, тайлбараас “... Д.А нь ямар хугацаанд цаг бүртгэлийн цахим системд бүртгүүлэхгүй, хэд хоногийн ажил тасалсан болох, тэр нь холбогдох хууль, хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлсон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ноцтой зөрчилд хамаарах, магадгүй захиргааны байгууллагаас илэрхий гэж үзсэн энэ зөрчлийг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын хэрхэн шалгаж, дүгнэлт гаргасан, маргаан бүхий актад төрий албанаас чөлөөлөх, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн” талаарх бодит нөхцөл, хууль зүйн үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй байна.
10. Харин нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь сахилга ба ёс зүйн ноцтой зөрчил болохыг захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, түүний хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулийн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл “төрийн албанаас чөлөөлөх” зохицуулалтын аль үндэслэлээр дуусгавар болгосон нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг мадаггүй тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд магадлах ажиллагаа явуулахгүйгээр “...маргаан бүхий акт Төрийн албаны тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, төрийн албанаас халсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж хэлбэрийн төдий дүгнэлт хийж, хариуцагчийн нэгэн адил Төрийн албаны тухай хуулийн “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах”, “төрийн албанаас чөлөөлөх” агуулгатай эрх зүйн зохицуулалтыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.
12. Үүнээс үзвэл Д.Аын гаргасан гэх зөрчлийг зохих журмын дагуу, бүрэн шалгаж тогтоосон эсэх, мөн түүний хөдөлмөрийн харилцааг хууль зүйн ямар үндэслэлээр дуусгавар болгосон /төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл төрийн албанаас чөлөөлсний аль нь болох/ нөхцөл байдал нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалын хуулийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход ач холбогдолтой боловч шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тодорхойлогдохгүй байх тул цаашид маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой эдгээр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
13. Зөрчлийн шалган тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах бөгөөд маргаан бүхий актад үндэслэл болгосон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрэм, Д.Аын зөрчил гаргасан гэх хугацааны цагийн бүртгэл хэрэгт бүрэн ирээгүй зэргийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон сахилгын ноцтой зөрчлийг шалган тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарна.
14. Тухайлбал, хэргийн оролцогчдын хэн аль нь “Д.А тодорхой хугацаанд цагийн бүртгэлд бүртгүүлээгүй” гэх үйл баримтын талаар маргаагүй боловч хэзээний аль үйлдлийг давтан зөрчил гэж үзсэн, уг дотоод хяналтын чиг үүрэг бүхий нэгжээр шалган тогтоолгож, зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь захиргааны байгууллагын байгууллагын сонгон боломжид хамаарах тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй.
Хариуцагч нь шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдав.
15. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.
16. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “... сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх буюу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг холбогдох журмын дагуу шалгаж тогтоогоогүй тул маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй” гэх тайлбар үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ