Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 06

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Энхбаяр

  Улсын яллагч Э.Нямбилэгт

        Шүүгдэгч Т.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

         Хохирогч М.Рэнцэндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Оюунбаярт холбогдох 201608000162 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 22-ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагт зохицуулагч цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3-7-102 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Толягийн Оюунбаяр /РД:МА89122214/

Холбогдсон хэргийн талаар:

/ яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр / 

 

        Шүүгдэгч Т.Оюунбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутагт байрлах Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 481/192 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота марк 2 маркийн 33-33 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хаалт хийсэн шороог мөргөж  зорчигч М.Рэнцэндоржийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Т.Оюунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 дугаар зөрлөгийн шүлхийн пост дээр М.Рэнциндорж намайг дуудахаар нь очсон. Тэнд байсан 2 хүнтэй нийлээд дөрвүүлээ 1 шил архи хувааж уусан. Миний хувьд уугаагүй, амсаад өгсөн. Говьсүмбэр аймаг руу буцах замдаа осол гаргасан гэсэн мэдүүлэг.

 

 Хохирогч М.Рэнцэндорж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би 16 дугаар зөрлөгт шүлхийн постонд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой 20 цагийн үед манай тасгийн цагдаа Т.Оюунбаяр өөрийнхөө 33-33 ГСА улсын дугаартай автомашинтай ганцаараа ирсэн. Т.Оюунбаяр 0.75 литрийн “ Соёрхол” архи авчирсан тул тэрийг нь надтай цуг постонд үүрэг гүйцэтгэж байсан Чагнаадорж, Оюунтунгалаг болон Оюунбаяр бид нар хувааж уусан. Тэнд байсан Бямбажаргал архи уугаагүй. Тэгээд би 25 дугаар зөрлөгт байсан эхнэр хүүхэд дээрээ очих санаатай Чойрын постон дээрээс машинд суух гэж Оюунбаяртай хамт явсан. Оюунбаяр жолоо барьж явсан. Би жолоочийн хажуугийн урд суудал дээр хамгаалах бус бүсэлж явсан. Тэгээд явж байхад урд талд гэнэт шороо гараад ирсэн. Оюунбаяр тормоз гишгээд амжаагүй уг шороог мөргөсөн. Би нэг сэрэхэд эмнэлгийн Пургон автомашинд явж байсан. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 37-38 дугаар хуудас/ 

 

Гэрч Ж.Түвшинзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Чойр орох гэж өөрийнхөө авто машиныг жолоодож явсан бөгөөд Баянтал сумын хойно явж байгаа засмал зам дээр овоолсон шороо байхаар нь баруун гар тийшээ засмал замаас гараад зогсож байхад миний араас ирж байсан автомашин засмал зам дээр овоолсон байсан шороог нэвт мөргөөд зогссон. Би тухайн үед Булгаа гэх залуутай явж байсан бөгөөд бид 2 осолд орсон автомашин дээр гүйж очиход Говьсүмбэр аймгийн замын цагдаа Оюунбаяр хамгаалах бүсгүй жолооны хүрднийхээ доор орчихсон байсан. Нөгөө талын урд зорчигчийн суудал дээр цагдаа Рэнцэндорж явж байсан бөгөөд хамгаалах бүсээ бүсэлчихсэн суудал дээрээсээ босож чадахгүй ёолохоос өөр зүйл хэлэхгүй байсан. Эхлээд Оюунбаярыг авто машинаас нь гаргаад зүгээр үү гэсэн Оюунбаярын хувьд зүгээрээ гээд ойр зуурын юм ярьж байсан. Тэгээд би Говьсүмбэр аймгийн цагдаа болон эмнэлэгрүү дуудлага өгсөн. Баянтал сумын цагдаа, эмнэлэг нь иртэл нь Булгаа бид 2 ослын газар дээр байж  байгаад ирэхээр нь Рэнцэндорж, Оюунбаяр нарыг хүлээлгэн өгөөд явсан.  Рэнцэндорж, Оюунбаяр нар хоёулаа цагдаагийн хувцастай байсан. Хэр хурдтай ирсэн талаар мэдэхгүй байна. Гэнэт юм мөргөх чимээ гарахаар нь харсан чинь шороо бутраад автомашин нь зогссон байсан гэсэн мэдүүлэг. /хх-н 39-40 дүгээр  хуудас/ 

 

   Гэрч Ц.Чагнаадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 16 дугаар зөрлөгийн орчим шүлхийний постонд Аймгийн онцгой байдлын газраас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой цагдаагийн Рэнцэндорж Баянтал сумаас ирсэн Бямбажаргал, Оюунтунгалаг бид 4 постны гэртээ байж байхад 20 цагийн үед Оюунбаяр гэдэг цагдаа автомашинтай ганцаараа ирсэн. Ирэхдээ 1 шил 0.75 литрийн “Соёрхол” архи авчирсан бөгөөд тэр архийг нь Рэнцэндорж, Оюунбаяр, Оюунтунгалаг бид 4 уусан. Оюунбаяр жолоо барьж яваа гээд архи нэг их уугаагүй. Тэгээд удалгүй 21 цагийн үед Рэнцэндорж 25 дугаар зөрлөг орж эхнэр хүүхэд дээрээ очиж хоночихоод өглөө ирнэ гэж хэлээд Оюунбаяртай цуг явсан. Тэр хоёртой өөр хүн яваагүй бөгөөд хоёулаа согтоогүй байсан. Тэгээд тэр шөнө нь би Рэнцэндорж, Оюунбаяр хоёрыг осолд орсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 41 дүгээр хуудас/ 

 

   Гэрч М.Оюунтунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 16 дугаар зөрлөгийн орчим шүлхийний постонд Чагнаадорж, Рэнцэндорж, Бямбажаргал бид 4 байсан. Тэр орой Чойроос Оюунбаяр гэх цагдаа ирээд Рэнцэндоржтой уулзсан. Би тэр ирсэн залууг танихгүй, урд нь харж байгаагүй бөгөөд дээгүүрээ цэнхэр өнгийн цамцтай, доогуураа хар өмдтэй байсан шиг санаж байна. Тэгээд Оюунбаяр 1 шил “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэр архийг нь Чагнаадорж, Рэнцэндорж, Оюунбаяр бид 4 хувааж уусан. Чагнаадорж архи аягалаад тойруулсан. Тэр архийг ууж дуусгаад Рэнцэндорж Оюунбаяртай цуг явлаа, эхнэр хүүхэд дээрээ очоод ирнэ гэж хамт явсан. Тэр шөнө нь Рэнцэндорж, Оюунбаяр нарыг постноос гарч яваад авто осолд орсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 42 дугаар хуудас/

 

   Гэрч Б.Бямбажаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Уг постонд Чагнаадорж, Рэнцэндорж, Оюунтунгалаг нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Чойроос нэг цагдаа ирсэн. Тэр цагдааг Оюунбаяр гэсэн. Тэгээд Оюунбаяр “ Соёрхол” нэртэй нэг том шил архи гаргаж ирээд надаас бусад хүмүүс тойруулаад уусан. Архи ууж дуусчихаад Оюунбаяр гэдэг цагдаатэй цуг Рэнцэндорж явлаа гээд хамт явсан. Явахдаа эхнэр хүүхэд дээрээ оччихоод ирнэ гэсэн. Рэнцэндорж Оюунбаяр нар цагдаа хувцастай явсан. Тэр 2 согтоогүй,хэр их уусан талаар би мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 43 дугаар хуудас/

 

   Гэрч М.Золбоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Т.Оюунбаяртай 2009 онд танилцаад 2010 онд гэр бүл болсон, бид 2 дундаасаа 1 ой 8 сартай Чинхүслэн хүүтэй бөгөөд бид Хонхорын 3-102 тоотод оршин суудаг. Манай нөхөр Т.Оюунбаяр нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст замын цагдаа хийж байгаад 2016 оны 10 дугаар сард авто осолд гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо бид 2 ажилгүй гэртээ хүүгээ харж байгаа. Зан байдлын хувьд архи уугаад байдаггүй, тайван дөлгөөн зантай, хүнд тусархуу, өгөөмөр, өглөгч, бусадтай нийтэч, нөхөрсөн хүн байгаа юм. Урд нь хамт ажиллаж байсан цагдаагийн байгууллагадаа нэр хүндтэй, тэмцээн уралдаанд байгууллагаа төлөөлөн байнга оролцож амжилт гаргадаг байсан гэсэн мэдүүлэг. /хх-н 44-45 дугаар хуудас/

 

   Гэрч Р.Одбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагт ахлах зохицуулагч хийдэг бөгөөд Т.Оюунбаяр миний удирдлаган доор ажилладаг цагдаа зохицуулагч байсан. 2016 оны 10 дугаар сард авто осол гаргасан гэдэг шалтгаанаар албаны шалгалт хийгдээд даргын зөвлөлөөс Т.Оюунбаярыг албанаас чөлөөлсөн. Т.Оюунбаяр нь өөрөө дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй манай хамт олны тэргүүний алба хаагч бөгөөд Замын Цагдаагийн тасаг болон Цагдаагийн хэлтсийн нэрийн өмнөөс спортын уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож, орсон тэмцээн болгондоо тэргүүн байр, дэд байр ордог идэвх санаачлагатай алба хаагч юм. Хамт олны дунд нэр хүнд сайтай, архи уудаггүй, ажлын цаг баримталдаг, Т.Оюунбаяр 1 ой гарантай хүү болон эхнэрийн хамт амьдардаг. Одоо өөрөө ажил төрөл хийхгүй байгаа гэсэн мэдүүлэг. /хх-н 46 дугаар хуудас/

 

   Гэрч Д.Мөнх-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагаас замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэх байсан юм. Тэгээд орой нь 17 цаг өнгөрч байхад манай тасгийн цагдаа Т.Оюунбаяр постон дээр ирээд ээлжээ хүлээгээд аваач би гадуур ажилтай байна гэхээр нь очиж ажлаа Т.Оюунбаяраас хүлээж авсан. Тэгээд орой нь осол гарсан талаар мэдсэн. Би Т.Оюунбаяртай нэг тасагт хамт ажиллаж байсан. Т.Оюунбаярын хувьд хүнд тусархуу даруу төлөв зан ааштай, архи дарс уугаад байдаггүй. Спортын тэмцээн уралдаанд байгууллагаа төлөөлөн оролцож байсан, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэсэн мэдүүлэг. /хх-н 47 дугаар хуудас/

 

   Гэрч Д.Гэрэлсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манай Саруул-Харгуй ХХК нь Чойр-Улаанбаатар чиглэлийн хутуу хучилттай 160-230 хүртэлх км-ийн авто замын нөхөөс хийж эхэлсэн. 191-195 дугаар км-ын хооронд гэмтэл маш их байсан учраас замын хөрсөн дээр нь хуулж зохих тэмдэг тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу тавьсан бөгөөд уг зам нь хөдөлгөөн ихтэй, хүнд даацын машин их зорчдог учраас шороогоор хаалт хийж түр зам гаргаж тэмдэг тавьсан. Уг овоолсон шороо аваар ослоос урьдчилан сэргийлж хаалт хийсэн шороо байсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагаас надруу утсаар мэдэгдэж би газар дээр нь очиж үзэхэд 33-33 ГСА улсын дугаартай Гранд 2 маркын тээврийн хэрэгсэл замын гол хийсэн шороог мөргөж осол гаргасан байсан гэсэн мэдүүлэг. /хх-н 117 дугаар хуудас/

 

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 334 тоот дүгнэлтэнд:

1. Т.Оюунбаярын биед тархи доргилт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /ХХ-ийн 53 дугаар хуудас/,

 

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 333 тоот дүгнэлтэнд:

1. М.Рэнцэндоржийн биед дэлүүний урагдал, нарийн гэдэсний чацархайн уг хэсгийн урагдал, нарийн гэдэсний үхжил, их сэмжний урагдал, мухар гэдэсний гялтан бүрхүүлийн цус хуралт болон урагдалт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун хөмсөг орчимын няцарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, доод уруулын цус хуралт, баруун бугуйн цус хуралт, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Дээрх гэмтлүүдийн дэлүүний урагдал, нарийн гэдэсний чацархайн уг хэсгийн урагдал, нарийн гэдэсний үхжил, их сэмжний урагдалт, мухар гэдэсний гялтан бүрхүүлийн цус хуралт болон урагдалт, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт, баруун хөмсөг орчмын няцарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, доод уруулын цус хуралт, баруун бугуйн зулгаралт, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН нь  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,

 

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн М.Рэнцэндоржийн гэх цусанд 0.6 промилли спиртийн алкоголь илэрлээ.

2. Цусанд 0.6 промилли спиртийн алкоголь илэрч байгаа нь согтолтын ХӨНГӨН зэрэгт хамаарна

Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /ХХ-ийн 63 дугаар хуудас/,

 

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Оюунбаярын гэх цусанд 0.6 проилли спиртийн алкоголь илэрлээ.

2. Цусанд 0.6 промилли спирийн алкоголь илэрч байгаа нь согтолтын ХӨНГӨН зэрэгт хамаарна

Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /ХХ-ийн 63 дугаар хуудас/,

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын

14-ний дөрийн 8699 тоот дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн аваарын дэрэн дээр цус

илэрсэн. Энэ нь О /I/ бүлгийн харьяалалтай байна

Дүгнэлт гаргасан биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж

гэжээ. /ХХ-ийн 72 дугаар хуудас/

 

       - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-р хуудас/,

 

        - Ашид билгүүн ХХК-ниас гаргасан автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх-ийн 76 дугаар хуудас/

 

      - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/

 

       - Т.Оюунбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, урлаг спортын арга хэмжээнд үзүүлж байсан амжилтуудын өргөмжлөлүүдийн хуулбар, зураг , хүү Оюунбаярын Чинхүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

   Шүүгдэгч Т.Оюунбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутагт байрлах Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 481/192 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота  Гранд марк 2 маркийн 33-33 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хаалт хийсэн шороог мөргөж  зорчигч М.Рэнцэндоржийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан хүнд гэмтэл  болох нь хохирогч М.Рэнцэндоржийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №334 /хх-ийн 53-р хуудас/, 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №333 /хх-ийн 57-58-р хуудас/  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Т.Оюунбаяр, хохирогч М.Рэнцэндорж нар нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.5. Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх; шүүгдэгч Т.Оюунбаяр нь мөн дүрмийн 4.4.6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чанд сахих; гэснийг зөрчиснөөс уг гэмт хэрэг гарах шалтгаан болсныг дурьдах нь зүйтэй байна.

 

     Иймд шүүгдэгч Т.Оюунбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

      Шүүгдэгч Т.Оюунбаяр нь хохирогч М.Рэнцэндоржид учирсан хохирлыг төлсөн, хохирогч М.Рэнцэндорж гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэснийг үндэслэн шүүгдэгч Т.Оюунбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

 

      Шүүгдэгч Т.Оюунбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33-33 ГСА улсын дугаартай автомашины урд талын зорчигчийн суудлын аваарын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Оюунбаярын 597015 дугаартай А,В,С,D ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 -297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Боржигон овгийн Толягийн Оюунбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Толягийн Оюунбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оюунбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33-33 ГСА улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашины урд талын зорчигчийн суудлын аваарын дэрийг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Оюунбаярын 597015 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Оюунбаяр нь энэ хэрэгт цагдан хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Т.Оюунбаярт оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг  Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оюунбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Оюунбаярт авсан  бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАНДАХ