| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0041/э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/44 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч М.Г,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Мын Год холбогдох 2328000000056 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Дундсайханы 1 дүгээр гудамжны 26 тоот буюу Т.Сын хашааны гадаа Т.Стай үл ялих зүйлээр шалтаглаж, маргалдан улмаар Т.Сгийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хурал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Гын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой би ажлаа тараад 12 цагийн үед Хонгороотой яриад гэрт нь гал түлэхээр болоод нэг найзтайгаа очсон. Би ядраад байсан болохоор 2 пиво аваад гэрт нь очоод гал түлэхдээ уусан. Хонгороо, Урнаа 2 ирээд унтах гээд хэвтсэн. Хонгороогийн гэрийн гадаа хүн ирсэн. Тэгээд 3 согтуу хүн орж ирсэн. Тэгээд гэр рүү нь орж ирээд Хонгороогийнд архи ууя гэж хэлсэн. Тэгэхэд нь би яахаараа энд уудаг юм, ганц бие эмэгтэйг дээрэлхээд байдаг юм уу гэж хэлээд Сг 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд машиндаа суугаад явсан. Би найзтайгаа сууж байхад цагдаа орж ирээд баривчлагдсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой Бтай ярихад аймгийн баарны гадаа байна гээд намайг дуудсан. Очиход Б, найз охинтойгоо байсан. Бид 3 Хүрмэн явах засмалын хажууд ууж байгаад би харилаа гэхэд Бгийн найз охин би харимааргүй байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэртээ орж чадахгүй. Намайг манай найзынд хүргээд өг гэж хэлсэн. Би хүргэж өгөхөд оруулж өгчхөөд гараад ирье гээд орсон. Тэгээд би араас нь орох гэхэд өмнөөс нэг хүн гараад ирсэн. Би таньдаг хүн байна, сайн уу гэхэд би чамайг танихгүй гээд 2-3 удаа цохисон. Надад одоо гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 200.000 гарсан. М.Г нь ажилгүй учраас түүнээс эмчилгээний зардлаа авахгүй гэв.
Зөрчлийн хэрэгт Т.С хохирогчоор өгсөн мэдүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, үүрийн 4 цагийн үед Б, Бгийн найз охины хамтаар бид гурав Дундсайханы 1-26 тоот буюу Бгийн найз охины найзынх нь гэрт ирсэн. Тэгээд бид гурав уг тоот хашааны гадаа машин дотор юм яриад сууж байхад Г гэдэг залуу гарч ирсэн. Тэгээд манай машин дээр ирэхэд нь би бууж очсон. Тэгээд би Гыг сайн уу, юу байна даа гэж хэлсэн. Тэгсэн чинь Г нь би чамайг танихгүй юм байна гээд баруун гараараа миний нүүр хэсэг рүү 2-3 удаа шанаадаж зодсон. Тэгээд миний хамарнаас цус гоожоод би эргэж машиндаа суугаад машинаа асаагаад хөдөлсөн. Намайг машинд сууж байхад Г нь 2 залуугийн хамтаар миний машин дээр ирээд машины шилийг гараараа цохиод хагалчих гээд байсан. Би тэгээд шууд хөдлөөд явчихсан. Тэгээд бид нар Бгийн найз охиных нь гэрт нь ирэхэд миний гар утас болон машины бичиг баримт нар алга болчихсон байсан. Тэгээд би Бгийн найз охиныг гэрт нь буулгачихаад Балжа, Санжаа хоёрын хамтаар уг Дундсайханы 1-26 тоотод эргэж очсон. Тэгээд бид нарыг ирэхэд цагдаагийн албан хаагчид ирчихсэн байсан. Тэгээд би бууж очоод цагдаа нартай уулзахад нэг цагдаа намайг цагдаагийн газар очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар ирээд байж байхад миний гар утас болон машины бичиг баримт нарыг дуудлагаар ирсэн цагдаа надад буцааж өгсөн. Би Гыг зүс танина. Манай найз Бгийн дүү Агийн найз нь байгаа юм. Би ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Хүрмэн явах засмалын хажууд Б, Бгийн найз охины хамтаар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан юм. Би тухайн үед Б, Бгийн найз охины хамтаар гурвуулаа явж байсан. Би тэр хоёрыг хүргэж өгье гэхэд Бгийн найз охин нь найзынхаа гэрт буугаад үлдье гээд тэгээд уг Дундсайхан хорооллын 1-26 тоотод очсон байсан юм. Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 23:30-д баарны гадна очиж авахад тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.Тухайн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би тухайн үед Б, Бгийн найз охины хамтаар хүрмэн гардаг засмал дээр байхад тэр хоёрын ууж байсан архинаас нэг татсан юм. Тэгээд Бгийн найз охиныг хүргэхээр дунд сайхан хороолол руу явсан байсан.Тухайн үед Г бид хоёрт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би тухайн үед Гыг зүс таньдаг болохоор мэнд мэдэх гээд очиход намайг танихгүй юм байна шүү гээд нүүр рүү гараараа цохиод авсан. Уг үед би Год цохиулж улмаар миний хамар муруйж, зүүн нүд хөхөрсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Уг үед Г нь намайг гараараа цохиод байсан. Г нь баруун гараараа миний нүүр хэсэг рүү 2-3 удаа шанаадаж зодсон. Тухайн үед Б, Бгийн найз охин хоёр миний машин дотор сууж байсан. Г бид хоёр миний машины хажууд уг тоот хашааны үүдэнд хоёулаа маргалдаж байсан. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайхан хорооллын 1-26 тоот хашааны үүдэнд гадаа байхад Гтой хэрэлдэж маргалдсан юм. Гтой ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Намайг уг Дунд сайхан хорооллын 1-26 тоот хашаанд ирэхэд миний гар утас болон машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний машин дотор байсан юм. Тэгээд намайг Год зодуулаад зугтахад байхгүй байсан юм. Тухайн үед намайг цагдаагийн газар байхад дуудлагаар ирсэн эрэгтэй, эмэгтэй цагдаа нар надад буцааж авчирч өгсөн юм.Тухайн үед миний гар утасны нүүрэн дэлгэц болон арын дэлгэцийг зурсан байсан. Уг нь би гар утсаа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шинээр худалдаж аваад ямар нэгэн хэрэглээний сэв зураас байхгүй байсан юм. Би өөрийн гаргасан зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хавтаст хэргийн 05-06 дахь тал/
Зөрчлийн хэрэгт Н.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, шөнийн 23 цагийн үед би найз охин Баярцэцэгийн хамтаар баарны гадаа байж байгаад найз Сг дуудсан. Тэгээд бид гурав хүрмэн гардаг засмалын хажууд түр зогсож Сэнгүр нэршилтэй 500 грамм 3 пиво уусан. Тэгж байтал манай найз охин Баярцэцэг найз Сын гэр рүү хүргүүлээд буугаад үлдье гэж хэлсэн. Тэгээд бид гурав Сын гэрийн гадаа ирсэн. Тэгээд манай найз охин Баярцэцэг гэр рүү нь орох гэхэд би хамт оруулж өгчхөөд харилаа гэж хэлсэн. Тэгээд Баярцэцэг бид хоёр Сын гэрт ороход Г нь Баярцэцэгийг авч үлдчихээд намайг гэрээс түлхээд гаргачихсан. Тэр үед манай найз С миний араас ирээд яасан хө зүгээр үү гэж хэлсэн. Тэр үед Г нь гэрээс гарч ирээд С бид хоёр руу цохих гэж дайрсан. Тэгээд бид хоёр ухраад Сын хашаанаас гарахад Г нь бид хоёрын араас хүрч ирээд Сг цохиод авсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад хөдлөөд явах гэхэд Г нь машины шил хагалчих гээд гараараа цохиод байсан. Тэгээд бид хоёр Баярцэцэгийг гэрт нь хүргэж өгөх замд С миний гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баярцэцэгийг гэрт нь буулгачхаад буцаад нөгөө тоот хаяг дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. тэгээд С нь уг цагдаа нартай уулзахад бид хоёрыг цагдаагийн газар хүрээд оч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн газар ирсэн. Би Сг танина, С бид хоёр найзууд байгаа юм. Би Баярцэцэгийг танина үерхэж нөхөрлөдөг найзууд байгаа юм. Би Гыг зүс танина бусдаар ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн үед Баярцэцэг бид хоёр уучихсан согтуу байсан, С болохоор бид хоёрын пивоноос амсах төдий хэрэглэсэн байсан. Г нь болохоор архи уучихсан согтуу байсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө би Стай цуг байсан юм. Тухайн машин нь манай найз Сгийн эзэмшлийнх байсан юм. Тухайн үед бид нар хүрмэн гардаг засмал дээр хүний нэг нэг пиво уусан. С нь машин барьж байгаа пивоноос амсаад орхисон. Тэгээд бид гурав манай найз охин Баярцэцэгийг найзых нь гэрт хүргэж өгөх гээд явсан юм. Тухайн үед Г нь ямар нэгэн шалтгаангүйгээр С руу дайраад байсан. Г нь манай найз Сгийн нүүр хэсэг рүү гараараа шанаадаж зодсон. Би харсан. Би тухайн үед хажууд нь байсан юм. Г нь Сг гараараа цохиод байсан. Уг үед би Гын хоёр найз бид 4 байсан юм. Уг үед Сгийн хамар хугарсан, нүүр нь хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн байсан. Бас толгой нь өвдөж байна гэж байсан. Толгой нь хөдөлсөн байж магадгүй. Г, С нар нь хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Уг үед С бид хоёр Гоос зайгаа бариад арагшаагаа ухарч байхад манай найз охин Баярцэцэг нь Сгийн машин дотор суусан байсан. Тэгээд Баярцэцэг нь С бид хоёрт анхаарлаа хандуулчихсан байсан болохоор хэн машинаас гар утас, бичиг баримт авсан талаар мэдэхгүй байна гэсэн. Тухайн үед Сгийн гар утас болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэн авсан талаар би мэдэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 07-08 дахь тал/
Зөрчлийн хэрэгт С.О гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би тухайн шөнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Цагдаагийн газрын даргын батлагдсан томилгооны дагуу цагдаагийн дэслэгч Б. А, цагдаагийн ахлах ахлагч Б.Б нарын хамтаар Жижүүрийн шуурхай албанд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны үүрийн 05 цагийн үед 7053102 тусгай дугаарын утсанд би үл таних хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн хамтаар Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дунд сайхан хорооллын 1-26 тоотод ирсэн. Тэгээд цагдаа жолоочийн хамтаар тус тоот хашаанд байх монгол гэрт ороод очиход уг гэрийн баруун, зүүн орон дээр 2 эмэгтэй хүн унтаж байсан ба гэрийн гол хэсэгт 2 эрэгтэй залуу пиво тавьчихсан ууж байсан. Дуудлага мэдээлэл ирэх үед дуудлага мэдээлэл өгөх үедээ миний гар утас болон машины бичиг баримт нарыг авчихсан гэж хэлсэн байсан. Тэгээд тус гэрийн баруун урд байх угаалгын машин дээр шороо тоос болчихсон гар утас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхаар нь. би тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад үзэхэд гомдол, мэдээлэл гаргасан хүний тээврийн хэрэгслийн дугаартай таарч байхаар нь хохирогчийнх юм байна гэж бодоод хурааж авсан юм. Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн газрын даргын томилгооны дагуу ерөнхий жижүүр цагдаагийн дэслэгч Б.А, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Б нарын хамтаар Жижүүрийн шуурхай албанд 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Би цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн хамтаар уг дуудлага мэдээллийн дагуу явсан юм. Би М.Г, Т.С нарыг танихгүй. Ямар нэгэн ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Уг үед Т.С, М.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Бид нарыг дуудлага мэдээлэлд ирэхэд гэр дотор ямар нэгэн маргалдсан шинж тэмдэг байхгүй баруун зүүн орон дээр 2 эмэгтэй унтаж байсан, гэрийн гол хэсэгт 2 эрэгтэй пиво ууж байсан. Би уг гар утас болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэнийх болохыг гэрт байсан 2 эрэгтэйгээс энэ хэнийх юм бэ гэж асуухад бид нар мэдэхгүй гэрийн гадаа байсан гэж хэлсэн юм. Уг гар утас, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тэмдэглэл үйлдэн хураан авсан зүйл байхгүй. Тухайн үед гэрт болон гэрийн гадаа байхад хоорондоо маргалдсан, газар сэндийчсэн, ямар нэгэн байдлаар цусны ул мөр тогтсон байдал байхгүй байсан гэжээ. /хавтаст хэргийн 09 дэх тал/
Зөрчлийн хэрэгт Т.С гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би тухайн шөнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-13-ны шилжих шөнө 02 цагийн үед би найз Урнаагийн хамтаар гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай найз Г нэг найзынхаа хамтаар манайд ирчихсэн гал түлээд байж байсан. Урнаа бид хоёр айлд хөзөр тоглож байгаад ирсэн болохоор ядраад хоёр орон дээрээ унтаад өгсөн. Г найзынхаа хамтаар авчирсан байсан пиво уугаад үлдсэн. Тэгээд би нойрмоглоод нэг сэрэхэд манай гэрийн гадаа хүмүүс орилж, хашгираад маргалдаад байх шиг болсон. Би нойрмог байсан болохоор эргээд унтаад өгсөн. Би Сг танихгүй. Би Бийг танина. Бид үеэлүүд байгаа юм. Би Гыг танина. Бид хоёр найзууд байгаа юм. Тухайн үед намайг гэртээ ирэхэд манай найз Г нь нэг найзтайгаа пиво хуваагаад ууж байсан. Б, С нар нь болохоор жоохон халамцуу байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Гтой цуг байсан Уг Premio маркийн 54-53 улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх болохыг би мэдэхгүй байна. Тухайн үед манай найз Г нь намайг хүмүүстэй нийлж гаргахгүй архи дарс уулгахгүй гэснээс болоод Стай маргалдсан байсан. Тухайн үед намайг гэрээс гараад очиход С нь машиндаа суучихсан Г Сг зуурчихсан машинаас гаргах гэж байгаа бололтой харагдсан. Тэгээд би Гыг салгаж гэр рүүгээ оруулсан. Уг үед Б, С, Б, Г, Гын найз бид тавуулаа байсан. Тухайн үед Г нь Сгийн бие эрх чөлөөнд халдсаны улмаас биед нь гэмтэл учирсан эсэхийг би ажиглаж хараагүй болохоор мэдэхгүй байна. Г, С нарын хооронд таарамжгүй харилцаа байхгүй. Урьд өмнө нь Г нь Сгийн бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Уг үед С нь манайхаас хөдлөөд явсныхаа дараа Бээр дамжуулж С нь надтай утсаар яриад би танай гэрийн гадаа машины бичиг баримт, гар утас хоёроо унагаачихсан юм шиг байна. Чи хараад өгөөч гэхээр нь би гэрийн гадаа хашааны үүдэнд очиход цас, шороо болчихсон газар байж байхаар нь би гэртээ оруулж угаалгын машин дээрээ тавьсан юм. Уг үед С, Г нар нь Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дунд сайхан хорооллын 1-26 тоот хашаа буюу манай гэрийн хашааны гадаа маргалдсан юм гэжээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Сн биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 18-20 дахь тал/
Хохирогч Т.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед миний найз Б буюу Б намайг хүрээд ир гэж дуудсан юм. Уг дуудсан азарт нь очиход Б найз охинтойгоо хамт миний автомашинд сууж бид гурав автомашин дотор Сэнгүр нэртэй 2,5 литрийн гурван сав пиво уусан. Бын найз охин нь найзынхаа гэрч очно гэж хэлсэн. Би автомашиныг унаж миний хажууд манай найз Б сууж арын суудал дээр Бын найз охин суугаад зааж өгсөн айлын хашааны гадна автомашиныг үлдээж хашаан дотор байрлах гэрт орох явцад гэрээс миний зүс таних Г гэх залуу гарч ирсэн. Тухайн цаг хугацаанд Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба намайг мэндлэхэд чамайг танихгүй юм байна гэж хэлээд шууд цохиж авсан. Тэрний улмаас миний хамар гэмтсэн. Автомашин дотор сууж байхад хаалга нээ гэж хэлээд автомашины салхины шил цохиж байсан тул уг газраас явсан. Хамт явсан Б Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж бодож байна гэжээ. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Сын гэрт хэрүүл маргаан болоогүй. Тухайн хүмүүс Сын гэрт архи дарс ууж хэрэглэхээр ирсэн гэдгийг сонсоод би тухайн хүмүүст хандаж ганц бие эмэгтэй хүн элэг барилаа гээд гэрээс гарч маргалдан улмаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн нүүрэн тус газар хоёр удаа цохьсон гэжээ. /хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн тодорхойлолт “” гэжээ. /хавтаст хэргийн 66 дахь тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт “/” гэжээ. /хавтаст хэргийн 67 дахь тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 68 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-78 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Дундсайханы 1 дүгээр гудамжны 26 тоот буюу Т.Сын хашааны гадаа Т.Стай үл ялих зүйлээр шалтаглаж, маргалдан улмаар Т.Сгийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хурал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Сн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Сгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06, 50-51 дэх тал/, гэрч Н.Б, С.Оюун-Эрдэнэ, Т.С нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 07-10 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Сн биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Сгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч М.Г нь Т.Сгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 200.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь шүүгдэгч М.Гоос хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд “Эмчилгээний зардалд 200.000 гарсан. М.Г нь ажилгүй учраас түүнээс эмчилгээний зардлаа авахгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Гыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч М.Г нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Г шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Мын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С шүүгдэгч М.Гоос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ