Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/00037

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/00037

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 13 915 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* би *******-ын хүсэлтээр 11 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ хийж нотариатаар батлуулан мөнгөө бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******-аас зээлийн төлбөр 11 000 000 төгрөг болон гэрээний дагуу алданги болох 2 915 000 төгрөг, нийт 13 915 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Би Л. С-тай 11 000 000 төгрөг дээр нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн. Одоо бодоход бидний хооронд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгээ үгүйсгэх гэж тухайн үед дансаар мөнгөө аваагүй юм байна гэж ойлгож байна. Мөнгөө бэлнээр авсан. Иймд Л. С-тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид чайзууд байсан юм. *******-ээс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр болон дансаар ямар ч мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн төлбөр 11 000 000 төгрөг, алданги 2 915 000 төгрөг, нийт 13 915 000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******-тэй 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан юм. *******- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн өдөр надад бэлнээр мөнгө өгсөн гэж бичсэн байна. Би бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно гэж заасан байгаа. Би *******-ээс бэлэн мөнгө аваагүй болохоор зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 13 915 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр нотариат дээр орж байгуулсан талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... *******-ын хүсэлтээр 11 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ хийж нотариатаар батлуулан, мөнгөө бэлнээр өгсөн... гэж тодорхойлсон боловч, шүүх хуралдаан дээр: ...мөнгийг маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******-т бэлнээр нь  хүлээлгэн өгсөн... гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...би *******-ээс 11 000 000 төгрөг зээлж аваагүй. *******-ийн компанийн нэр дээр манай ах нар тендер авч ажил хийсэн. Ах нар маань компанийг нь ашигласан гэж *******-т мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүй юм. Үүнээс болоод бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Тухайн компанийг нь манай ах нар *******-ээс худалдаж авсан. Найз ******* маань надад итгэхгүй байсан учраас энэ зээлийн гэрээг хийсэн юм. Миний хувьд бэлнээр болон дансаар энэ мөнгийг аваагүй тул зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан.  

Нэхэмжлэгч нь хариуцагч *******-ын шүүх хуралдаан дээр гаргасан дээрх тайлбарыг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй.   

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Хэдийгээр ******* нь *******-т бэлнээр 11 000 000 төгрөгийг өгч зээлүүлсэн гэж байгаа боловч бэлнээр өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна.

Учир нь *******, ******* нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан үйл баримтад зохигч маргаагүй ч, хариуцагч гэрээний дагуу мөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөө өөрөө нотлох үүрэгтэй юм.  

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аавынхаа “Т” ХХК-ийн данснаас 12 000 000 төгрөгийг авч, 11 000 000 төгрөгийг нь *******-т бэлнээр өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь, тухайн “Т” ХХК-ийн данснаас 12 000 000 төгрөг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарлага гарсныг нотолж буй болохоос энэ мөнгийг аваад *******-т бэлнээр нь өгсөн гэдгийг нотолсон гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэлд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гэрээ хийж нотариатаар батлуулан мөнгөө бэлнээр өгсөн, 15 хоногийн хугацаагаар... зээлүүлсэн гэжээ.

Зээлийн гэрээний 2.2-т Зээлийн гэрээний хугацаа: 20108 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл /арван тав/ хоногийн хугацаагаар олгов. Мөн гэрээний 2.5-д ...2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр бэлнээр олгоно гэсэн байна.

Гэрээний дээрх заалтуудаас ч үзсэн 2018 оны 07 дугаар сарын 19-нд мөнгийг шилжүүлсэн байхаар гэрээ хийгджээ.

Тиймээс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө бэлнээр өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд, нэхэмжлэгч ******* нь хариуцагчид гэрээний дагуу мөнгө буюу гэрээний зүйлийг бодитоор хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энд мөнгийг зээлдэгчийн өмчлөлд нь шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд мөнгийг зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй болно.  

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр *******-ийн үндсэн зээл, алданги нийт 13 915 000 төгрөг гагуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.  

  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227 525 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжаар 190 950 төгрөг гаргуулан хариуцагч *******-т олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан *******-аас үндсэн зээл, алданги нийт 13 915 000 төгрөг гагуулах *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227 525 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжаар 190 950 төгрөг гаргуулан хариуцагч *******-т олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА