Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/90

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа      

Шүүгдэгч: Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Жгийн Бад холбогдох эрүүгийн 2212002050081 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын .................. гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Жы Б/РД:АМ............./  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд хохирогч Б.Тг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг ногтоор ороолгож, эрүүл мэндэд нь цээж, нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212002050081 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Тгийн өгсөн:

“...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Өөрийн амьдардаг гэрээсээ гарч яваад 100 айл дээр ажил хийж байгаад өндөр Эрка гэх танихгүй хүнтэй танилцсан. Тэр хүн намайг хөдөө явж мал маллах уу, цалин өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг унаанд суулгаж хөдөө явуулсан. Би улмаар Архангай аймгийн Хотонт сумын Б гэх айлд очсон. Тэгээд тэр айл надаар малаа маллуулж, туслах малчнаар ажиллуулсан. Би тэднийхээс явж чадахгүй байсаар байгаад өдийг хүргэсэн. Тэгээд өчигдөр би Ж.Б ахыг найранд явсан хойгуур нь нутгийн Ё/утас:96048729, 80048729/ ахыг гуйж байгаад унаанд суулгуулж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд намайг Ё ахын танил ах /нэрийг нь мэдэхгүй, утас:88103048/ драгон дээрээс тосоод Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад авч ирж өгсөн. Надад цалин хөлс огт өгөөгүй. Миний хувьд мөнгөний тоо мэддэггүй. Намайг /он, сар, өдрийг нь мэдэхгүй байна/ хэд хоногийн өмнө Ж.Б ямар нэгэн шалтгаангүйгээр суран ногтоор зодож нурууны ард хэсэг ороолгож зодсон. Миний нуруу болон зүүн суганы дор хөхрүүлсэн, одоо шарх үүссэн байна. Намайг урд өмнө удаа дараа зодож байсан. Намайг гэртээ харъя гэхээр шоронд хийнэ шүү гэж айлгадаг байсан. Ерөөсөө намайг явуулдаггүй байсан. Надад ямар ч утас байхгүй. Огт хөдөө явах гэж байгаа талаараа хэлж мэдэгдээгүй. Би ямар нэгэн юм бодолгүйгээр шууд гэрээсээ гарч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар тал/

 

*Хохирогч Б.Тгийн дахин өгсөн:

“...Би тухайн Өндөр Эрка гэх хүнтэй зуун хорин мянгатын автобусны буудал дээр танилцаж байсан. Ж.Б нь намайг гэр эзэнгүй байхад тооноор орлоо гээд ногтоор нуруу болон зүүн суганы доод хэсгээр хоёр удаа ороолгож зодсон өөрөөр зодож цохиж байгаагүй. яг хэзээ хэзээ зодож байсан гэдэг цаг хугацааг би хэлж мэдэхгүй. Ж.Б нь надад цалин хөлсөө хэрхэн өгөх талаар ярилцаж тохирсон зүйл бол байгаагүй. Надад гэр барьж өгнө гэж л ярьж байсан болохоос яг гэр барьж өгөөгүй сүүлд надад 500.000/ таван зуун мянга/ төгрөг л өгсөн дахин надад 500.000 төгрөг өгсөн тухайн мөнгийг манай эмээ Цэцэгмаа болон манай бэр эгч Б.О нарын данс руу хийсэн юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг би түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна. Би олон дахин мэдүүлэг өгмөөргүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/  

 

*Гэрч Б.Оын өгсөн:

“...Манай дүү болох Буяндэлгэрийн Т нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8-223 тоот гэрээсээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны 07 цагт гарч яваад түүнээс хойш өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон. Тухайн үед Б.Т нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Стимо ХХК-д надтай хамт технологийн дамжлагын ажилтнаар ажилладаг байсан бөгөөд гэрээс гарч явахдаа өөрийн хамт амьдардаг эмээ болох Цэцэгмаад ажилдаа явлаа гэж хэлээд гарсан байсан. Ингээд өнөөдөр дүү болох Б.Тг олж авч байна. Өөрийн эмээ болох Цэцэгмаагийн хамт амьдардаг, боловсрол эзэмшээгүй, хэл ярианы хувьд ээрч гацах, зарим үг ойлгогдохгүй байх бэрхшээлтэй. Өөрийгөө бусдад бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй, зүг чиг, өнгө, зүс, тоо ширхэгийг таньж мэдэх чадваргүй. Нөхөрлөдөг найз нөхөд байхгүй, хувцасаа өмсөх, хоол унд идэх, хүний хэлж ярьж байгааг ойлгох чадвар хэвийн, ажил болон гэрийнхээ хооронд ганцаараа явж чаддаг, түүнээс өөр чиглэлд хол явсан тохиолдолд гэрээ олж чаддаггүй байсан. Ойр дотнын ах дүү, хамаатан садны утасны дугаар болон гэрийн хаяг байршлыг тодорхойлж чаддаггүй байсан. Манай хадам ээжийн гэр Сүхбаатар аймгийн Онгон сумаас 2019 оны намар Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд нүүж ирээд удаагүй байхад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Т ажлаасаа гарч яваад төөрөөд гэртээ харьж чадахгүй алга болоод 1-2 хоноод олдож байсан. Үүнээс өөрөөр сураггүй алга болж байгаагүй. Сураггүй алга болсноосоо хойш огт холбоо бариагүй. Манай хамаатан садангийн хүмүүсээс Архангай аймгийн Хотонт суманд байдаггүй. Би Ж.Б гэх хүнийг огт танихгүй. Б.Т нь өөрөө дур мэдэн шийдвэр гаргах, бусадтай ойлголцох чадваргүй. Ямар нэгэн хүний оролцоотойгоор явах боломжтой. Ямар нэгэн групп тэтгэмж авдаггүй. Ах дүү хамаатан садан бид бүгдийн зүгээс Ж.Б гэх хүнд гомдолтой байна. Ямар ч бид бүгдээс зөвшөөрөл авалгүй дур мэдэн манай дүү Б.Тг авч явж өөрсдийн хар бор ажлаа цалингүй хийлгүүлсэн, мөн бие эрхтэнд нь зодсон үйлдэл гаргасанд гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст өргөдөл гаргаж байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч Т.Сийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн нутаг Харбалгас гэх газар өвөлжөөндөө буусан байхад Улаанбаатар хотоос Б.Т ирж байсан бөгөөд манай нөхөр тосож авч байсан. Манайд ирсний дараа манай малчидтай хамт нэг гэрт амьдардаг байсан. Манайд байх хугацаандаа малын байр цэвэрлэх тэжээлийн хэдэн мал тэжээдэг байсан бөгөөд өөрөө бие даан мал маллаж чаддаггүй байсан. Шөнө унтаж чадахгүй айж цочоод байдаг, тэгсэн биеэ их маажаад байхаар нь манай малчин үзэхэд бөөсөндөө баригдчихсан байсан. Манайд байх хугацаандаа архи уудаг тамхи татдаг байсан. Тэгсэн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манайхны талын найр наадам болоод бид 2 найранд яваад шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн тооноор Б.Т барилга барьж байсан залуугийн хамтаар гарч ирж байсан. Тэгсэн 2 улаа шал согтуу байсан. Тэгсэн гэрийн тооно цуулаад аяга шанага хагалаад айраг цагаа асгаж гэрт байсан орос архинаас уусан байсан. Тэгэхээр нь ямар учраас орсон талаар асуухад би ороогүй гээд гүрийгээд байсан. Би гэрт дотор байсан болохоор зодсон талаар мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ ногтоор 2 ороолголоо гэж хэлж байсан. Манай нөхөр зодож цохиж гар хүрсэн зүйл байхгүй. Манайх яг өгсөн зүйл байхгүй. Гэр орон бэлдээд хувцаслаж өгнө гэж өөр нь хэлж байсан юм уг нь. Өөрөө надад явна гэж хэлж байгаагүй. Гэр орон байхгүй юм чинь гэдэг байсан...” гэх  мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/

 

*Яллагдагч Ө.Бгийн өгсөн:

“…Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10788 дугаартай “...Б.Тгийн биед цээж, нуруунд цус хуралт. Зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1099 дугаартай дүгнэлт/хх-ийн 105-107 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Ж.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газар иргэн Б.Т  нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд хохирогч Б.Тг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг ногтоор ороолгож, эрүүл мэндэд нь цээж, нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Тгийн“...Ж.Б ямар нэгэн шалтгаангүйгээр суран ногтоор зодож нурууны ард хэсэг ороолгож зодсон. Миний нуруу болон зүүн суганы дор хөхрүүлсэн, одоо шарх үүссэн байна. Намайг урд өмнө удаа дараа зодож байсан. Намайг гэртээ харъя гэхээр шоронд хийнэ шүү гэж айлгадаг байсан. Ерөөсөө намайг явуулдаггүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...Тэгээд нүүж ирээд удаагүй байхад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Т ажлаасаа гарч яваад төөрөөд гэртээ харьж чадахгүй алга болоод 1-2 хоноод олдож байсан. Үүнээс өөрөөр сураггүй алга болж байгаагүй. Сураггүй алга болсноосоо хойш огт холбоо бариагүй. Манай хамаатан садангийн хүмүүсээс Архангай аймгийн Хотонт суманд байдаггүй. Би Ж.Б гэх хүнийг огт танихгүй. Б.Т нь өөрөө дур мэдэн шийдвэр гаргах, бусадтай ойлголцох чадваргүй. Ямар нэгэн хүний оролцоотойгоор явах боломжтой. Ямар нэгэн групп тэтгэмж авдаггүй. Ах дүү хамаатан садан бид бүгдийн зүгээс Ж.Б гэх хүнд гомдолтой байна. Ямар ч бид бүгдээс зөвшөөрөл авалгүй дур мэдэн манай дүү Б.Тг авч явж өөрсдийн хар бор ажлаа цалингүй хийлгүүлсэн, мөн бие эрхтэнд нь зодсон үйлдэл гаргасанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Сийн”...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манайхны талын найр наадам болоод бид 2 найранд яваад шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн тооноор Б.Т барилга барьж байсан залуугийн хамтаар гарч ирж байсан. Тэгсэн 2 улаа шал согтуу байсан. Тэгсэн гэрийн тооно цуулаад аяга шанага хагалаад айраг цагаа асгаж гэрт байсан орос архинаас уусан байсан. Тэгэхээр нь ямар учраас орсон талаар асуухад би ороогүй гээд гүрийгээд байсан. Би гэрт дотор байсан болохоор зодсон талаар мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ ногтоор 2 ороолголоо гэж хэлж байсан. Манай нөхөр зодож цохиж гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10788 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн эрүүл мэндэд цээж, нуруунд цус хуралт. Зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Бад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг өнгийн 1.50 см урттай цулбуур 1/нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Жгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг өнгийн 1.50 см урттай цулбуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОРЖ