Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/91

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав     

Шүүгдэгч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их ангалаг овогт Бын Ст холбогдох эрүүгийн 2312000000078 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Зуунмод .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд хотын 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн 32-р зүйлийг журамлан мөн тусгай ангийн 63-р зүйлийн “Б” ангид зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Их Ангалаг овогт Бын С/РД:АБ............/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн ............ тоотод нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мыг зодож биед нь цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Д.Быг зодож духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Булаг хорооллын 604 тоотод иргэн Д.М, Д.Б  нар нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Булаг хорооллын 604 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мыг зодож биед нь цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Д.Быг зодож духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Мын“...Тэгээд үлдсэн 1 шил архиа Б.С өөртөө аяглаж уугаад агсагнаад байхаар нь би одоо болно хамаагүй ууж болохгүй гэсэн боловч тоохгүй намайг түлхэж унагаагаад байхаар нь би хамар хашааныхаа хүнийг дуудах гээд гараад явсан тэгээд хамар хашааны хүн орж ирэхгүй болохоор нь буцаад гэртээ ороход манай нөхөр Д.Быг цустай нь хольчихсон байсан. Д.Б, Б.С бид 3 байсан. Миний баруун талын хөхний доод хэсэг рүү хатгаж өвдөөд байна. Д.Бын толгойны дух хэсэгт хагарч зүсэгдсэн байсан. Б.Сын биед гэмт учраагүй байх. Би гараад явсан байсан...” гэх мэдүүлэг хх-ийн 5-6 дугаар тал, хохирогч Д.Бын”...Би 2016 онд даралт харваад тэрнээс болоод муухан ярьдаг болсон. Намайг Б.С гэдэг хүн толгой руу архины шилээр цохиж хагалсан. Их цус гарсан...” гэх мэдүүлэг хх-ийн 54-56 дугаар тал, гэрч Б.Тунгалагтамирын”...2023 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай ээж Д.М над руу залгаад аав бид хоёрыг чинь согтуу хүн орж ирээд зодлоо гэсэн. Тэгээд би орой нь Булган сумын төвд аав Д.Бын гэрт ирэхэд аавын толгой хагарсан, ээж цээж өвдөөд гээд байж байсан. Тэгээд маргааш нь Архангай аймгийн төв рүү очиж эмнэлэгт үзүүлж тархины зураг авхуулсан тэгээд шинжилгээний бичгийг Архангай аймгийн шүүх шинжилгээний эмчид өгсөн.  Ямар шалтгаанаас болж маргаан үүссэнийг би мэдэхгүй байна. Зодсон гэх хүнийг нь би танина Б.С гэж байгаа...” гэх мэдүүлэг хх-ийн 14-15 дугаар тал, гэрч Н.Өлзийжаргалын”...Д.Б биеийн ерөнхий байдал дунд, толгой хэсэгт 2 сантиметрийн ил шархтай цус гарсан нүүр хэсэг цус болоод хатсан байсан. Д.Мын баруун нүд хуучин хөхөрсөн, баруун хавирганы нуга хэсэгт дарахад эмзэглэлтэй байсан. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.М нь намайг ажил дээрээ байхад эрхлэгч эмчээс тодорхойлолт авах, мөн даралтаа үзүүлэх гэж ирсэн тэр үед Д.Мын баруун нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг хх-ийн 18-19 дүгээр тал, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Сын””...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Булган сумын Зуунмод  багийн нутагт байх Д.Б гуайнд орсон. Миний араас Бороохой гэж дууддаг хочтой М.Ү гээд миний үеийн хөгшин орж ирээд Д.Б түүний эхнэр Д.Мын хамт 4-лээ нэг шил архи хувааж уусан. Тэгсэн Д.М гуай нэг тэмдэг авсан гээд медаль гаргаж үзүүлэхээр нь тэрийг нь мялааж М.Ү бид 2 нэг нэг шил архи авч өгөөд хамт ууцгаасан. Тэгсэн М.Ү харихаар гарч Д.Б, Д.М бид 3 үлдсэн. Тэгээд Д.Б ахтай юунаас болсноо мэдэхгүй байна ам мурийгаад улмаар архины шилээр толгой орчим дух хэсэгт цохьчихсон. Тэгсэн дух нь язраад цус гараад байсан, тэгээд эмнэлэг дуудсан. Энэ хооронд Д.М нь намайг салгах гээд дундуур орж байгаад цохиулсан байх. Би Д.Мыг цохисноо санахгүй байгаа. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би Д.М болон Д.Б нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи ууж согтуудаа ийм зүйл болсон байна. Д.Б нь миний хамар хэсэгт цохих шиг болсон. Гэхдээ миний хамарт болон биед гэмтэл, шарх байхгүй байна. Хэрэв цохиж зодсон бол гэмтэл, шарх сорви үлдэх ёстой гэж бодож байна. Тиймээс тэр хоёр миний биед хүрээгүй байх. Би Д.Б хөгшин руу архины шил авч шидэж дух хэсэгт оносон, Д.Мыг түлхсэн санагдаж байна. Би нэлээн согтсон байсан юм. Тухайн зодоон болох үед Д.Б түүний эхнэр Д.М бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Би одоогоор Д.Б, Д.М нараас уучлалт гуйсан. Одоогоор хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөр барагдуулна. Би архи ууж согтуудаа буруу зүйл хийсэн байна. Маш их гэмшиж байна. Дахин архи дарс ууж асуудал гаргахгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 дугаар тал/, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай”...Д.Мын биед баруун нүдний зовхинд цус хуралт, цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун нүдний зовхинд цус хуралт, цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн  1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 30-32  дугаар тал/,  77 дугаартай”...Д.Бын биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Д.Б нь толгойн КТ шинжилгээнд тархинд цус харвалтын дараах уйланхайжилт /цистик/ өөрчлөлттэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46  дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Мын эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.Бын эрүүл мэндэд биед духанд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Сыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.С нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Ангалаг овогт Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР