Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

 

                                 2023/ШЦТ/98  

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа        

Шүүгдэгч: М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дархан овогт Мгийн Дид холбогдох эрүүгийн 2312000000076 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархан овогт Мгийн Д /РД:................../

 

                                        Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усны эх гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 ширхэг 1.2675м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 250.417 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                     Шүүгдэгч М.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн

Халуун усны эх гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 ширхэг 1.2675м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 250.417 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Иын өгсөн:“...М.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усны эх гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 250.417 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/, гэрч П.Нгийн өгсөн: “...Би тухайн өдөр Булган сумын байгаль хамгаалагч А, Цэнхэр Баянбулаг багийн нутаг дэвсгэр хойд могой гэх газраар эргүүл хяналт шалгалт хийх хугацаанд Булаг сумын Тамир багийн иргэн М.Д нь 52- 88 УБА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр хэрчимлэж тайрсан мод тээвэрлэн явахад нь сумын сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүү нарын хамт Булган сумын шалгаад хаанаас бэлтгэсэн талаар нь асуухад Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усны эх гэх газраас бэлтгэсэн байсан тул тухайн газрыг өөрөөр нь заалгуулж газар дээр нь очиход Халуун усны эх газар мод байсан. Тэгээд бэлтгэсэн модыг заалгахад шинээр босоо мод унагаж бэлтгэсэн байсан. Тэгээд чиний үйлдэл хууль бус байна гэхэд үйлдлээ сайн дураараа өөрөө хүлээн зөвшөөрч унагасан модныхоо хожуулыг зааж өгсөн. Тэгээд буцаад машин дээр нь очоод аймаг руу авч явах гэтэл машиныг нь дүү нь жолоодож гэрийнхээ гадаа аваачаад буулгачихсан байсан. Тэгэхээр нь энэ модоо буцааж ачаад аймаг руу дагаад яв гэтэл ар гэрийнх нь хэл амаар доромжилж шаардлага биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд бид нар хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шилжүүлж өгнө гээд явсан.  Тухайн үед үндсэн дэвшнээс дээш 40-50 см өндөртэй хэрчимлэж ачсан байсан. Нэг хүүхэдтэй хамт явж байсан. Би тэр хүүхдийг нь танихгүй. Эрхийн бичиг жолооны үнэмлэх 2-г би гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/,  гэрч Л.Даваахүүгийн өгсөн:“...Тухайн өдөр БОАЖГ-ын байгаль хамгаалагч А, П.Н, Х.М гэх хүмүүсийн хамт Булган сумын Баянбулаг багийн хойд могой, Нарийн ам гэх газруудаар эргүүл хяналт шалгалтаар явах хугацаанд Булган сумын Тамир багийн иргэн М.Д гэх залуу 52-88 УБА тээврийн хэрэгслээр мод бэлтгэн хэрчимлэж ачаад явж байхаар нь шалгаад хаанаас бэлтгэсэн талаар асуухад Халуун усны эх гэх газраас бэлтгэсэн гэхээр нь мод бэлтгэсэн газраа зааж өг гээд дагуулаад явтал  Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Халуун усны эх гэх газраас шинэс төрлийн босоо мод 3 ширхэг, бас унанги модноос бэлтгэсэн байсан. М.Д нь 2 унагасан модныхоо хожуулыг өөрөө зааж өгсөн. Энд байсан унанги модыг авсан гэж газар зааж өгсөн. Нэг хүнтэй хамт явж байсан тэрийг танихгүй. Би Цэнхэр сумын Сум дундын ойн ангийн инженер ажилтай. Өөрсөд нь байгаа дагуулж явах гэтэл шаардлага биелүүлээгүй.  Унагасан модны хожуулаар болон орчныхоо босоо модоор харьцуулж үнэлгээ гаргах боломжтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20  дугаар тал/, гэрч Х.Мын өгсөн: “...Би тухайн өдөр БОАЖГ-ын байгаль хамгаалагч П.Н, А, ойн ангийн инженер Л.Даваахүү нарын хамт Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээр хамтарсан эргүүл хяналт шалгалт хийсэн. Эргүүл хийх хугацаанд Баянбулаг багийн Нарийны ам гэх газар 52-88 УБА улсын дугаартай Тээврийн хэрэгслээр М.Д гэх залуу хэрчимлэж тайрсан мод ачиж явж байсан. Тэгэхээр нь шалгатал мод бэлтгэсэн газар нь Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг байсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзтэл өмнөх өдөр нь надаас авч байсан Булган сумын Баянбулаг багийн Улаан нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлж байсан. Тэгээд заагдсан газраас модоо аваагүй байна гээд хаанаас бэлдсэн талаар нь асууж заалгатал 2 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн байсан. Тэгээд бид нар аймгийн төв рүү хамт явна шалгуулна гэтэл хамт дагаж явж шалгуулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б ийн өгсөн: “...Иргэн М.Д нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллагад хандаж 10.600.000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Бид зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 36 сарын хугацаатай 2.7% хүүтэй, 10.600.000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд, мөн өдрийн ЗБ1003210579 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан шилжүүлсэн. Тус гэрээний 1.1-д “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 2.1-д заасан хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх...” мөн 2.3-т 'Үүрэг гүйцэтгэгч хөрөнгийг гэрээний хугацаа, нөхцөлийн хүрээнд эзэмшиж, ашиглана. гэж заасны дагуу автомашины өмчлөх эрх манай компани дээр харин эзэмших, ашиглах эрх зээлдэгч М.Дид байсан. Мөн гэрээний 5.1.6-т Гэрээний 5.1.4-ийг зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцахыг баталж байна." гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан аливаа хохирлыг зээлдэгч бие даан хариуцна. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 сард дуусах бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.693.308.63 төгрөг байна. Иймд манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон бусад гуравдагч этгээдэд шилжүүлж авсан тохиолдолд буруутай этгээдээс зээлийн гэрээний үлдэгдлийг тухайн үеийн байдлаар гаргуулан авч хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Тиймээс миний бие иргэний нэхэмжлэгчээр байгууллагаа төлөөлөн оролцож байна. ...Эсхүл тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллага өөрийн мэдэлд гэрээнд заасны дагуу авах хүсэлттэй байна. Учир нь зээлдэгч М.Д нь зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлдөггүй, гар утсаа авахгүй, гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хурааж авах гэхээр өгөхгүй хүндрэл чирэгдэл учруулж, бидний ажилд удаа дараа саа учруулж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 114-115 дугаар тал/, яллагдагч М.Дийн өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/, Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай”...Иргэн М.Дын бэлтгэсэн гэх мод нь Шинэс төрлийн хуурай мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээ болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 250.417 төгрөгөөр тогтоолоо. 1.2675 метр куб шоо метр шинэс төрлийн мод байна. Дээрх мод нь Шинэс төрлийн хуурай мод байна...” гэх дүгнэлт/хх-ийн 43-44 дүгээр тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн АА23-35 дугаартай: “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол улсад орж ирсэн 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 7.894.375/долоон сая найман зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаа өнгийн модны хуучин цахилгаан хөрөөний үнэ 152.100/нэг зуун тавин хоёр мянга нэг зуу/ төгрөгөөр, шинэс төрлийн 2 ширхэг буюу 1.2675 метр куб модны үнэ 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 93-97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Дийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч М.Дийг  зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 250.417  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /250.417*3=751,251/долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 751,251/долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгч М.Дийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь ЖиЭсБи капитал ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Доос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашины үнэ болох 7.894.375 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 751.251/долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 7.143.124/долоон сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.2675 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 152.100/нэг зуун тавин хоёр мянга нэг зуу/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Дид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Дархан овогт Мгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч М.Доос 751,251/долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь ЖиЭсБи капитал ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-88 УБА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашины үнэ болох 7.894.375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 751.251/долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 7.143.124 /долоон сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.2675 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 152.100 /нэг зуун тавин хоёр мянга нэг зуу/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР