| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 116/2024/0044/з |
| Дугаар | 221/МА2025/0414 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0414
“Д-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Р.Х
Нэхэмжлэгч: “Д-Э” ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Татварын газар
Хариуцагч: Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Г, Р.Х нарын үйлдсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 116/ШШ2025/0007 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, М.Г, Д.Н, Э.Ж, Р.Х, А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 116/2024/0044/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д-Э” ХХК-иас Дорнод аймгийн Татварын газар, тус газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан, нэр бүхий татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт, түүнийг хянан шийдвэрлэсэн Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 116/ШШ2025/0007 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.11 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Д-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Г, Р.Х нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах гомдлын агуулга:
3. Хариуцагч Дорнод аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Татварын улсын байцаагчийн НА-0724000030 дугаартай нөхөн ногдуулалтын актын бичвэр хэсэгт албан татвар ногдуулах дүнг 1,223,500.00 гэж нэг удаа орон андуурч бичсэн байх бөгөөд тооцоололд 1,223,500,000.00 бодогдсон бөгөөд оронгийн алдаа нь зөрчлийн дүнд нөлөөлөөгүй болно. Дээрх алдаа нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын актын үр дагаварт шууд нөлөөлөхүйц буюу шийдвэрийн дүнг нэмэгдүүлэх, эсхүл бууруулахтай холбоотой өөрчлөлт орох эсэхэд шүүгч дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг харгалзах үзэхгүйгээр хүчингүй болгох үндэслэл болгосонд гомдолтой байна.
Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн 2021 онд 1,221,880,700.20 төгрөгийн алт, 1,942,559.11 төгрөгийн мөнгө борлуулсан мэдээллийг үндэслэн ХШ07/01 маягтаар тооцоолсон 170,457,264.50 төгрөгийн татвар ногдуулах орлого, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өнөөгийн үнэ цэнээр тооцсон 1,223,500,000.00 төгрөгийг орлогыг нэмэгдүүлж нийт 1,393,957,264.50 төгрөгийн зөрчлөөс нөхөн татвар, торгууль, алданги тооцох тооцооллын зөрүү нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй шийдвэр байсан.
3.2. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 11/2209 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших MV-005639 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Өвөлжөөтийн алтны шороон ордын нөөцийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн н-35 дугаар тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байна. Өвөлжөөтийн шороон орд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар В+С зэрэглэлээр 175.0 мян.м3 элсэнд 161.19 кг /химийн цэврээр/ алтны үлдэгдэл нөөцтэй байгааг дурдсан байдаг.
Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан 08/1 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн 3.11.4-т заасны дагуу эрх борлуулсны орлогод ногдох нөхөн татварыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс баталгаажуулж хүргүүлсэн татварын тооцооллыг үндэслэн нөхөн ногдуулалт үйлдсэн байтал шүүх шийдвэртээ бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна.
3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” 01 дүгээр тогтоол нь захиргааны актын үндсэн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байгааг тус зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг дуусгавар болгохгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.4. “Д-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Л нь өөрийн хүү болох Л.Б компанийн нийт хөрөнгөөс өөрт оногдох 66.67 хувийг /88980 ширхэг хувьцаа, нэг бүрийн үнэ нь 1000 төгрөг/ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ” /Бүртгэлийн дугаар-2036/, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр /Бүртгэлийн дугаар-2037/ бүхэлд нь шилжүүлж, нотариатаар баталгаажуулсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Л.Б нь “Д-Э” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байна. “Д-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б нь өөрийн эцэг болох Л.Лд компанийн хөрөнгийг 100.0 хувь /133470 ширхэг хувьцаа, нэг бүрийн үнэ нь 1000/ төгрөг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Компанийн хувьцаа, бэлэглэлийн гэрээ” /Бүртгэлийн дугаар-0952/, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр /Бүртгэлийн дугаар-0953/ бүхэлд нь шилжүүлж нотариатаар баталгаажуулсан ба Л.Л нь “Д-Э” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн байна.
Гомдол гаргагч нь эцсийн өмчлөгч өөрчлөгдөөгүй гэх боловч “Д-Э” ХХК-ийн эцсийн өмчлөгч хяналт шалгалтын томилолт үүссэн хяналт шалгалт хийх жил 2020-2021 онд Л.Б байсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрт дурдсан “Д-Э” ХХК-ийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 116/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. “Д-Э” ХХК нь Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь түдгэлзүүлэх тогтоол гараад 3 сарын хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэж байгаа ч шүүх асуудлыг шийдвэрлэж дуусаагүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол хэрэгжүүлээгүй гэдгээ илэрхийлж байна” гэсэн тайлбараа тухай бүр гаргаж байсан боловч шүүх манай талаас гаргасан тайлбар болон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаараа шүүхийн шийдвэртээ тусгаагүй ба татварын байгууллага нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг үл харгалзан шинэ акт гаргах үйл ажиллагааг давхардуулан хийх ёстой байсан гэх агуулгыг илэрхийлж байна.
4.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” 01 дүгээр тогтоол нь захиргааны актын үндсэн шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай талаас гол үндэслэл болгож байгаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “... Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа үргэлжилж байхад шүүхэд гомдол гаргасан байна” гэсэн тайлбарыг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй.
4.3. “Д-Э” ХХК нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар эхлээд Маргаан таслах зөвлөлд өөрт нь гомдол гаргасан бөгөөд тус гомдолд нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр хариу өгсөн болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т тус албан бичгийг үндэслэл болгон бичсэн байгаад гомдолтой байна. Маргаан таслах зөвлөлийн зүгээс хамтран хариуцагчаар татагдаж хариу тайлбар гаргахдаа дээр дурдсан 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбар өгч байсан боловч нэхэмжлэгч талаас манай тайлбарт дурдсан үндэслэлтэй холбоотой нэг ч тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад ч маргаан таслан зөвлөлийг хариуцагчаар татсан үндэслэлээ огт тайлбарлаагүй бөгөөд бидний асуусан асуултад тохирсон хариу өгөхгүй байсан тул хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх зарчим алдагдсан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харж болно гэж үзэж байна.
4.4. Дээрхээс үзэхэд хяналт шалгалтын үйл ажиллагааг татварын улсын байцаагч нар хэрэгжүүлж, өөрсдийн хувийн тамга, тэмдгээр актаа баталгаажуулдаг тул үндсэн нэхэмжлэлийн хариуцагч нь Дорнод аймгийн Татварын газар бус акт гаргасан татварын улсын байцаагч нар байх ёстой гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбартаа дурдсан боловч шүүх хүлээж аваагүй бөгөөд шүүгч шийдвэрийнхээ тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулсны дараа хариуцагчийг Татварын газар гэж үзсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэрт хариуцагчийн асуудлыг огт дурдаагүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 116/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Д-Э” ХХК-иас Дорнод аймгийн Татварын газар, тус газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Г, Р.Х нарын үйлдсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
4. Маргааны үйл баримтын тухайд;
4.1. Дорнод аймгийн Татварын газраас “Д-Э” ХХК-ийн 2020-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 109,687,471.9 төгрөгийн нөхөн татвар, 32,906,241.57 төгрөгийн торгууль, 34,762,153.59 төгрөгийн алданги, нийт 177,355,867.06 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Ингэхдээ 2021 онд компанийн хувьцааг бусдад шилжүүлж, эцсийн өмчлөгчийг өөрчлөх буюу 1,223,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй зөрчилд алдагдал бууруулсан дүнгээр татвар, торгууль, алданги тогтоосон.
4.2. Уг НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.2-т заасныг баримтлан гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэжээ.
4.3. Маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр “Д-Э” ХХК-д хүргүүлсэн боловч нэхэмжлэгч эс зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/01 дүгээр албан бичгээр дахин Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байжээ.
5. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.1.3.захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж,
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно”, 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.11-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно: 47.11.2. гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн”, 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ”, 47.18-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй” гэж тус тус заажээ.
6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг олгохын сацуу хүн, хуулийн этгээдийн зөрчигдөн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны журмаар хамгаалагдах боломж олгосон агуулгатай зохицуулалт болно.
Татварын маргаан таслах зөвлөл нь захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтыг актыг өөрчлөх буюу хүчингүй болгох, эсхүл хэвээр үлдээх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд захиргааны актаас өөр, эсхүл тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн, эсхүл гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг улам дордуулсан тохиолдолд Маргаан таслах зөвлөлийн тогтоолтой шүүхийн журмаар маргах эрх татвар төлөгчид бий.
7. Харин маргаан таслах зөвлөлөөс тухайн гомдол дурдсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, дахин шалгуулахаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн нөхцөлд захиргааны байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй.
8. Маргаан таслах зөвлөлийн хувьд:
- 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг хасаж, нөхөн татвар ногдуулах зөрчлийн дүнг буруу тооцсон,
- 2021 оны албан татвар ногдох орлогоос 1,185,911,348.82 төгрөгийг хасаж, 170,457,264.50 төгрөгийн орлогод татвар ногдуулсан боловч хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн бүртгэлд оруулаагүй, Маягт-ХШ07/01 тооцооллын дүн зөрүүтэй,
- татвар төлөгчийн 2020-2021 оны алдагдлыг баталгаажуулж нөхөн ногдуулалтын актын хавсралт болох ХШ-11 маягтыг жил бүрээр үйлдэж, нөхөн ногдуулалтын актад хавсаргах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн,
- компанийн хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлсэн дүнг орон андуурч, алдаатай бичсэн гэх зэргээр “Д-Э” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд дутуу шалгасан буюу нэмж тодруулах нөхцөл байдлыг тодорхойлж, дахин шалгуулахаар татварын албанд буцааж шийдвэрлэсэн нь захиргааны сонгох боломжид хамаарах төдийгүй захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй болох агуулгыг ч мөн илэрхийлнэ.
Тодруулбал, Маргаан таслах зөвлөлийн уг тогтоолын дагуу татварын алба шинэ акт гаргавал өмнө гаргасан НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох, харин татварын алба хуульд заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д заасан бусад төрлийн шийдвэрээс сонгож гаргах үр дагавар үүснэ.
9. Иймд “Д-Э” ХХК-ийн гаргасан “Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
Захиргааны хэргийн шүүх нь Маргаан таслах зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд ялангуяа захиргааны актад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “захиргааны шийдвэр гаргах ажиллагаа (татварын хяналт шалгалт)-г дахин явуулахаар, захиргааны актыг түдгэлзүүлсэн” шийдвэр нь дээрх байдлаар захиргааны акт биш учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг зөв хэрэглэх талаар гаргасан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолд заасан “…нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно” гэх тайлбарт нийцнэ.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас шалтгаалан захиргааны байгууллагаас татварын хяналт шалгалтын ажиллагааг дахин явуулж, нөхөн ногдуулалтын актыг шинээр гаргаагүй болох нь илэрхий байгаа энэ тохиолдолд ч захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй гэж үзэх тул “Д-Э” ХХК-ийн гаргасан “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Г, Р.Х нарын үйлдсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу татварын хяналт шалгалтыг дахин явуулж дуусаагүй, нөгөөтээгүүр энэ хүрээнд шинээр гаргасан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу маргах эрх нээлттэй тул “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилгаагүй гэж үзнэ.
11. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актад тодорхойлсон буюу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй атлаа “... Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны зарчим, зохицуулалтыг зөрчсөн, “Д-Э” ХХК-ийн эцсийн өмчлөгч өөрчлөгдөөгүй, маргаан таслах зөвлөлийн 01 дүгээр тогтоол нь захиргааны акт мөн, уг тогтоолоор нөхөн ногдуулалтыг актыг түдгэлзүүлсэн боловч татварын байгууллага ямар нэг шийдвэр гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй” хэмээн зөрчилтэй дүгнэлт хийхдээ, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.
12. Тухайлбал, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт цуглуулаагүй, талуудын шаардлага ба татгалзлын үндэслэлд холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/2209, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/2354, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11/2570 дугаар албан бичгүүд, Татварын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08/469 дугаар албан бичиг, Л.Л болон Л.Б нарын хооронд байгуулсан 0952, 0953 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хавсралт зэргийг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй, маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийн үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцсон асуудлаар маргаж байхад /нөөцийн хэмжээ нь 57.44 кг, 10.31 кг, 161 кг гэж зөрүүтэй тусгагдсан/ эргэлзээтэй нөхцөл байдлыг нотлох баримтаар бүрэн тогтоох ажиллагаа явуулаагүй байна.
Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эдгээр зөрчлийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 116/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Д-Э” ХХК-аас Дорнод аймгийн Татварын газар, тус газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Г, Р.Х нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаар нөхөн ногдуулалтын акт, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ