Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0241/З |
Дугаар | 249 |
Огноо | 2017-06-21 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 249
Д.Уламбаяр, Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг, М.Мэндбаяр
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, З.Сүхбаатар нарыг оролцуулан хийж, Д.Уламбаяр, Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг, М.Мэндбаяр нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0223 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0319 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0223 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уламбаяр, М.Мэндбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож,
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 20 дугаар зүйлийн 20.3, 27 дугаар зүйлийн 27.2, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10, 70.5.14, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Саруулын Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б.Түмэннасангийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Ш.Ганчимэгийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0319 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ш.Ганчимэг, А.Түмэннасан, Б.Саруул нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна.
Нэг: Захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээгүй талаар:
Анхан шийдвэрийн үндэслэх хэсэгт “захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд нэр дэвшигчид оролцсон байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн сонгуулийн байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн хууль бус дүгнэлт болжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь:
- Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг Сонгуулийн байгууллагын захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай хольж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо.
- Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-д заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд, сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд сонсох ажиллагаа явуулаагүй талаар маргаж, энэ талаар дүгнэж өгнө үү гэсэн боловч огт дүгнээгүй байгаад гомдолтой байна.
Хоёр: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар гаргасан гомдол түүний үндэслэлд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Хуульд үндэслэх” тусгай зарчим, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасныг дүүргийн Сонгуулийн хороо захиргааны акт гаргахдаа зөрчсөн байхад анхан шатны шүүхээс дүгнээгүй. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 15, 16 дугаар тогтоолууд гаргахдаа хууль үндэслэлдээ “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5 дахь заалтыг үндэслэжээ. Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалтад 70.1.1-70.1.8 хүртэл, 70.5 дахь заалтад 70.5.1-70.5.18 хүртэл заалтууд хамаарч байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын хуулийн аль заалтыг үндэслэн хэрэглэж байгаа нь тодорхойгүйгээр Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5 гэж ерөнхийлөн заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40.3-д заасан “захиргааны актын хууль үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэнд нийцээгүй, захиргааны үйл ажиллагааны “Хуульд үндэслэх” гэсэн тусгай зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.
- Мөн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 15, 16 дугаар тогтоолуудад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 62 дугаар захирамж, 20 дугаар шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлал зэргийг үндэслэжээ. Эдгээр шүүхийн шийдвэрүүд нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр юун тухай гарсан нь тодорхойгүй байгаа тул сонгуулийн хорооны тогтоолуудыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Гурав: Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх талаар:
Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үнэлээгүй, дүгнээгүйд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 55 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 63 дугаар тогтоолуудыг гаргасан ба тус хорооны зүгээс тогтоолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэж дээрх тогтоолуудаа гаргасан гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Хариуцагчийн дээрх тайлбар, тогтоолын үндэслэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэрээр “Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 62 дугаар захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ захирамжийн үндэслэх хэсэгт “...тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Саруул нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.12, 70.5.16-д заасныг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан талаар нотлох баримт СD-ийн хамт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна” дүгнэжээ. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв гэсэн.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолын үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжийг бүхэлд нь тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221\МА2017\0034 дүгээр магадлалаар дүгнэсэн байх тул шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэсэн үйл баримтыг дахин боломжгүй байна” гэж тус тус дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул дахин нотолсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг ноцтой зөрсөн хууль бус шийдвэр боллоо.
Дөрөв: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
Сонгуулийн тухай хуулийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухай нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5-70.5.10, 70.5.13-.70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд нэр дэвшигч нь бүртгүүлсний дараа энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5-70.5.10, 70.5.13-.70.5.16-д заасныг зөрчсөнийг шүүхээр тогтоосон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаар хасахаар байна. Харин тус заалтад нэр дэвшигчээс бусад этгээд Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5-70.5.10, 70.5.13-.70.5.16-д заасныг зөрчсөн бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна гэсэн утга, үг, томьёолол байхгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-.70.5.16-д заасныг нэр дэвшигч өөрөө эсвэл бусдаар дамжуулсан буюу тухайн зөрчлийн шинжтэй үйлдэлд нэр дэвшигч оролцсон бол эрүүгийн хэргийн шүүхээс нэр дэвшигчийг зөрчил гаргасанд тооцож, захиргааны хариуцлага ногдуулахаар байна. Гэтэл Эрүүгийн хэргийн шүүхээс Ш.Ганчимэг, Т.Түмэннасан, Б.Саруул нарыг өөрсдөө болон бусад хэн нэгэн этгээдээр даалгавар өгч, дамжуулаагүй, сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй байна гэдгийг тогтоож, тэдгээрт холбогдуулан гаргасан гомдол мэдээлэл хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 131.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн нь 159.2-т хэсгийн заалттай үзэл баримтлал, агуулга, үгийн хувьд шууд ижил хэрэглэгдэх ёстой. Сонгуулийн тухай хуулийн 159.2-т заасныг хэрхэн ойлгогдож, хэрэглэгдэхээр байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсэгт “...уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159.2 дахь хэсэгт зааснаар УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан байна” гэж тодорхой дүгнэсэн байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 159.2-т заасныг “сонгуулийн менежер, шадар туслах, ухуулагч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-д заасныг үндэслэн хяналтын гомдлыг гаргаж байна.
Магадлалын хянавал хэсэгт “Хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэрүүд, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бүртгэлийн баримтуудаас үзвэл Сонгуулийн тухай хууль зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож захиргааны шийтгэл хүлээсэн Р.Соёлхүү, Ж.Оюунчимэг, О.Алтанцоож нар нь нэр дэвшигч Д.Уламбаяр. М.Мэндбаяр нарын ухуулагч, шадар туслагчаар ажилласан болох нь тогтоогдохгүй байхад дээрх нэр дэвшигчдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... ” гэж дүгнэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолууд нь Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоож шийдвэрлэсэн шийдвэр юм. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл, журмыг зааж өгсөн бөгөөд 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж, 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1. 70.5.1-70.5.10, 70.5.13- 70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээр заалт нь бүхэлдээ хамаарч байгаа бөгөөд аливаа этгээд нь сонгогчдын саналыг татах зорилгоор Сонгуулийн тухай хууль зөрчиж, түүнийг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл бий болох юм.
Аливаа этгээд болох Р.Соёлхүү нь нэр дэвшигч Д.Уламбаярт санал өгүүлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн
болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар тогтоосон. Мөн А.Түмэннасангийн ухуулагчаар ажилласан Ж.Оюунчимэг нь аливаа этгээд болох О.Алтанцоожоор дамжуулан Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нэр дэвшсэн Н.Мэндбаяр, Ш.Ганчимэг, А.Түмэннасан нарт санал өгүүлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэврээр тогтоосон. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7 дахь заалтад зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа этгээд болох Р.Соёлхүү, О.Алтанцоож нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд энэ уг хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос хуульд заасан журмын дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг гаргасан.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс аливаа этгээд нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж дүгнэн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аливаа этгээд гэдэг ойлголтыг буруу тайлбарлан дээрх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл нь хууль бус сурталчилгааг хориглох заалт бөгөөд 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Мөн уг хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 буюу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд 70.1 дэх заалт бүхэлдээ хамаарч байгаа бөгөөд аливаа этгээд болон Р.Соёлхүү, О.Алтанцоож нарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон байхад болно. Иймд, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Д.Уламбаяр. М.Мэндбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Уламбаяр, Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг, М.Мэндбаяр нар нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 10, 11, 14, 15, 16 дугаар, “Дахин сонгууль явуулах тухай” 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолуудаар ...нэрийн жагсаалтаас хууль бусаар хассаныг 3 шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Гэтэл тус сонгуулийн хороо нь дахин ...нэрийн жагсаалтаас хасах, дахин сонгууль явуулах тухай тогтоолууд гаргалаа. ...эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдээр Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосон...” гэж маргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо “...нэр дэвшигч Б.Саруул, Д.Уламбаяр, М.Мэндбаяр, А.Түмэннасан, Ш.Ганчимэг нарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон, ...нэхэмжлэгч нарын сонгуулийн сурталчилгаанд ажилласан ухуулагч, шадар туслагч болон холбогдох аливаа этгээдүүд хууль зөрчсөн болох нь тогтоогдсоныг үндэслэн нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн” гэсэн тайлбар гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4-д заасныг баримтлан тус хорооны 10, 11, 14, 15, 16 дугаар тогтоолуудаар нэр дэвшигч Д.Уламбаяр, Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг, М.Мэндбаяр нарыг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгож, 12, 13, 17, 18, 19 дүгээр тогтоолоор дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон ба 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” зарчмыг баримтлахаар, 40 дүгээр зүйлийн 40.3-д захиргааны байгууллага захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заасан байхаар хуульчилсан байна.
Дээрх, нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолуудад Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5 дахь заалтыг үндэслэсэн, өөрөөр хэлбэл энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “...аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 70.1.1-70.1.8-д хориглох үйлдэл, үйл ажиллагааг, 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд ...дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 70.5.1-70.5.18-д хориглох үйлдэл, үйл ажиллагааг тус тус тодорхойлсон байхад хариуцагчаас нэр дэвшигч хуулиар хориглосон ямар үйлдэл, үйл ажиллагааг зөрчсөн талаарх хуулийн зүйл, заалтыг тодорхой зааж шийдвэр гаргаагүй байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, тухайн Сонгуулийн хороо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэр дэвшигчдэд мэдэгдээгүй буюу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тэдэнд тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр дүүргийн МАН-аас ирүүлсэн өргөдлийг тус хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн нөхцөл байдлууд тогтоогджээ.
Иймд, хариуцагч Сонгуулийн хорооны гаргасан маргаан бүхий, “Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай”, “Дахин сонгууль явуулах тухай” дээрх тогтоолууд нь сонсох ажиллагааг явуулах Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн, мөн захиргааны актын “хуульд үндэслэсэн” байх зарчим, захиргааны актад хуулийн зүйл, заалтыг тодорхой заасан байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн захиргааны шийдвэр гэж үзэхээр байна.
Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4-д заасан зохицуулалтаас үзэхэд Сонгуулийн хороо нэр дэвшигчийг “нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл бий болсон нь тогтоогдсон” тохиолдолд нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэр гаргах эрхтэй байх ба орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болохоор заажээ.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “нэр дэвшигч нар Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжид “...нэр дэвшигч Б.Саруул нь ...Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.12, 70.5.16 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж шүүхэд ирүүлсэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, ...шадар туслахаар ажиллаж байсан Б.Цэндсүрэнд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.2-т зааснаар торгох шийтгэл ногдуулжээ. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар магадлалд “...нэр дэвшигч Ш.Ганчимэг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн, магадлалын Тогтоох хэсэгт “...нэр дэвшигч Ш.Ганчимэгийг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай...”, ...Д.Цолмонг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн захиргааны зөрчил гаргасан болохыг тогтоосугай...” гэж шийдвэрлэсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэрт “...нэр дэвшигч Н.Мэндбаяр, Ш.Ганчимэг, А.Түмэннасан нарыг ухуулагч Ж.Оюунчимэг, иргэн О.Алтанцоож нараар дамжуулан хууль бус сурталчилгаа явуулж иргэдийг татах зорилгоор мөнгө тараасан гэж үзэж болох боловч зөрчлийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан тайлбарууд зэргээр тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ.
Эдгээр зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж, шийтгэвэр/, магадлалд нэр дэвшигч нарын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр эдгээр нэр дэвшигчдэд холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор заасан байх ба дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэр дэвшигч нарын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй тул нэр дэвшигчдийг “нэрийн жагсаалтаас хасах” энэ хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж үзнэ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1-д энэ хуулийн 70.5-д заасныг зөрчсөн үйлдэлд нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар, 70.14.2-т сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага хүлээлгэхээр, харин 159 дүгээр зүйлийн 159.2-т “нэр дэвшигч бүртгүүлсний дараа ...нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн ...70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд эдгээр субъектүүдэд хүлээлгэх хариуцлагыг тус тусад нь, өөр өөр хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан хууль тогтоогчийн хүсэл зориг юм.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5 дахь заалтуудад сонгуулийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл, үйл ажиллагааг зааж, эдгээрийг сонгуульд нэр дэвшигч болон сонгуулийн штаб, менежер, шадар туслагч, ухуулагчийн хэн зөрчсөнөөс хамаарч хариуцлагыг тус тусад нь өөр байхаар заасны зэрэгцээ хэрэв бусад этгээдүүдийн хариуцлагыг нэр дэвшигчид халдаавал захиргааны эрх зүй дэх “хариуцлагыг бусдад халдаахгүй байх” зарчим алдагдана.
Ийнхүү маргаан бүхий захиргааны актууд нь дээрх үндэслэлүүдээр хууль зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглэж захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0223 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0319 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 40 дүгээр зүйлийн 40.3, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 70.14, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уламбаяр, Б.Саруул, А.Түмэннасан, Ш.Ганчимэг, М.Мэндбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 10, 11, 14, 15, 16 дугаар, “Дахин сонгууль явуулах тухай” 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн “3, 4” гэсэн дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж түүнд олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА