Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

                                                                                      2023/ШЦТ/99

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.А, О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын А, Боржигин овогт Оийн О нарт холбогдох эрүүгийн 2312000000029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа  малладаг, ам бүл 4, эцэг, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ........суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Бын А/РД:АО................/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, одоо түр хамгаалах байранд амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигин овогт Оийн О/РД:АЮ................/

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.О, Б.А нар бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 31-20 тоотод Ц.Эын гэртээ байхад нь гар утас виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 677.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2312000000029 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Эын өгсөн:

“...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр таньдаг хүмүүс болох Авираа О.О нарыг өөрийн гэрт хонуулах гээд байж байсан. Тэгээд бид 3 дэлгүүрээс 1 шил архи аваад тэрийгээ хувааж уусан, тэрийгээ ууж дуусаад Авираа О.О нар дахин нэгийг ууя гээд дахин нэг шил архи надаар авхуулсан. Тэгээд тэрийгээ ууж дуусгаад би согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь болох 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сэрсэн чинь миний гар утас, виза карт, бичиг баримт, нүүрний будаг зэргүүдийг аваад явчихсан байсан. Зүс таних төдий найзууд хааяаа манайхаар ирдэг. Тогтсон хаяг байдаггүй, айлаар хонодог хүмүүс гэсэн. Миний картнаас хэдэн төгрөг алдагдсаныг сайн мэдэхгүй байна үлдэгдэл хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй байна. Барагцаагаар 500,000 төгрөг байсан. Би Ажнай гэх нэртэй дэлгүүрээс архи худалдаж авсан. Би утасныхаа нэрийг мэдэхгүй, бор өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

          *Хохирогч Ц.Эын дахин өгсөн:

           “...Би өөрт учирсан 677.000 төгрөгөөс 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа эргүүлэн авсан, тиймээс үлдсэн 477.000 төгрөгөө нэхэмжилж, гаргуулж авмаар байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 107-108 дугаар тал/

 

          *Гэрч Ө.Эын өгсөн:

          “...Тухайн өдөр Ц.Э манай дэлгүүрээр үйлчлүүлсэн. Ц.Э нэг дээлтэй залуутай хамт орж ирсэн, манай дэлгүүрээс 1 уут боов, 1 хүүхдийн памперс, 1 шил архи аваад гарсан. Ц.Э тухайн төлбөрөө виза карт уншуулж хийсэн. Дахин орж ирээгүй. Тухайн үед Ц.Э болон хамт орж ирсэн дээлтэй залуу хоёр эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/  

 

          *Яллагдагч Б.Аийн өгсөн:

          “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

          *Яллагдагч О.Оийн өгсөн:

          “...Би Б.А болон өөрийн охины хамт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх Эынд очсон бөгөөд тухайн өдөр Ц.Э хүрч ирээд гэрийн ажил хийлцээд өгөөч гэж гуйгаад бид нар очсон юм. Тэдний гэрийн ажлыг хийлцэж өгч дуусаад Б.А Ц.Э нар дэлгүүр яваад архи, боов, памперс зэрэг зүйлс олж ирсэн. Тэр архийг уугаад дахин нэг шил архи уусан. Ц.Э нэлээд согтсон бөгөөд Б.А энэ үед би гар утсаа буудалд 30.000 төгрөгт барьцаанд тавьсан байгаа Ц.Эын виза картанд мөнгө байгаа би нууц кодыг нь мэднэ гээд виза картыг нь Б.А авсан. Тэгээд намайг явъя гээд байхаар нь би дагаад явсан энэ явдал болохын өмнө би Ц.Эын гар утсаар ярих гээд аваад халаасандаа хийчихсэн байсан мартаад аваад явсан байсан. Ц.Эын гар утасны ард нь иргэний үнэмлэх нь байсан гар утас, иргэний үнэмлэхийг нь би хэд хоногийн дараа Ц.Эд буцааж өгсөн. Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхөд Б.А надаас чи виза картыг нь авсан гээд хэлчих чи жаахан хүүхэдтэй юм чинь зүгээр ял авахгүй гээд байхаар нь би үгэнд нь орж тэгж мэдүүлэг өгсөн юм. Би виза картыг ашиглаж мөнгө үрсэн хүүхдийн памперс хоол хүнсний зүйлд мөнгийг нь зарцуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна би хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад санал хүсэлт байхгүй. Би хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Цаашдаа барагдуулах болно. Б.А буудалд гар утсаа барьцаанд тавьчихсан авах гэсэн юм гээд хулгай хийсэн. Манай охиныг гэдсэндээ байхад нь хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан юм. Одоо бол салж нийлээд л амьдарч байна. Би одоо Б.Атэй хамт амьдарч байгаа...”гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 дугаар тал/

 

        *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13  дугаартай:

         “...Эхлэл хулан 21 маркийн гар утас, төрийн банкны виза картны зах зээлийн үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 205.000/хоёр зуун таван мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                                

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 31-20 тоотоос Ц.Эын гар утас виза карт хулгайд алдагдаж, түүнд 677.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А, О.О нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Эын”...Тэгээд тэрийгээ ууж дуусгаад би согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь болох 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сэрсэн чинь миний гар утас, виза карт, бичиг баримт, нүүрний будаг зэргүүдийг аваад явчихсан байсан. Зүс таних төдий найзууд хааяаа манайхаар ирдэг. Тогтсон хаяг байдаггүй, айлаар хонодог хүмүүс гэсэн. Миний картнаас хэдэн төгрөг алдагдсаныг сайн мэдэхгүй байна үлдэгдэл хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй байна. Барагцаагаар 500,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Эын”...Тухайн өдөр Ц.Э манай дэлгүүрээр үйлчлүүлсэн. Ц.Э нэг дээлтэй залуутай хамт орж ирсэн, манай дэлгүүрээс 1 уут боов, 1 хүүхдийн памперс, 1 шил архи аваад гарсан. Ц.Э тухайн төлбөрөө виза карт уншуулж хийсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын гэм буруугийн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.А, О.О нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.А, О.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.А, О.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эд 677.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба гар утас болон эд зүйлсийг шүүгдэгч нар буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.А, О.О нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А, О.О нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч О.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх бөгөөд бага насны хүүхдийн хамт амьдардаг түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэ авч, харин шүүгдэгч Б.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан нийтэд туста ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А, О.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч   Боржигон   овогт   Бын   А,   Боржигин   овогт   Оийн

О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  2.5  дахь  хэсэгт зааснаар

шүүгдэгч О.О оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн  4.5  дахь  хэсэгт  зааснаар  

шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

  1. Шүүгдэгч Б.А, О.О нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг

дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  36.8  дугаар  зүйлийн  1.8 дахь

хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8. Шүүгдэгч  Б.А,  О.О  нар  нь  энэ  хэрэгт  цагдан  хоригдсон хоноггүй,

энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

               9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол  гаргах  эрх  бүхий  этгээд  давж  заалдах  журмаар  гомдол  гаргасан, улсын

яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.А, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР