| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Г.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Ггийн Лт холбогдох эрүүгийн 2212000000385 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ................. гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 308 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Ггийн Л/РД:АВ.............../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000385 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч С.Бгийн өгсөн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад Г.Л ах нь утсаар яриад ахынхаа галын түлээг сумын төв рүү оруулаад өгөөч гэхээр нь Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг Халзан даваа гэх газраас мод ачиж сумын төвд байх хашаа руу нь явж байхад цагдаа зогсоон шалгахад Г.Л ах нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй улмаас миний тээврийн хэрэгсэл модыг Жаргалант сум дахь цагдаагийн копонд авчирч саатуулсан. Би ах Г.Лаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асууж тодруулаагүй мод бэлтгэх эрхийн бичгээ авсан гэж бодож модыг сумын төв рүү оруулж өгөөхөөр тээвэрлэсэн. Г.Л ах нь босоо болон унанги модноос бэлтгэсэн байсан. Бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/
*Гэрч Б.Цийн өгсөн:
“...Надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаагүй ямар нэгэн байдлаар утсаар холбогдсон асуудал байхгүй. Иргэн Г.Лын мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг Халзан даваа гэх газар 2022 онд талбай тусгаарласан талбай байхгүй. Иргэн Г.Л нь босоо болон унанги модноос бэлтгэсэн байсан. Би хэргийн газрын үзлэгт нь цуг явж тухайн мод бэлтгэсэн гэх газарт очиход 8 ширхэг босоо мод унагаж мөн унанги 4 ширхэг модноос тайрч бэлтгэсэн байсан. Иргэн ойн сан бүхий газраас галын түлээний модыг бэлтгэхдээ байгалийн жамаар газарт унасан унанги модыг мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас цэвэрлэгээний журмаар бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Т.Бийн “... 24-84 АРХ улсын дугаартай зил-131 маркийн автомашин миний нэр дээр байдаг. Би машинаа С.Б гэх хүнд зарсан. Нэрээ шжилүүлээгүй байгаа, машин зарсан мөнгө төгрөгөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч С.Бгийн “...тухайн тээврийн хэрэгслийг би Т.Б гэх хүнээс худалдаж авсан. Бид хоёрын дунд өр авлага төлбөр тооцооны асуудал байхгүй. Би тээврийн хэрэгслийн үнийг Г.Лаар төлүүлээд машинаа авахаар тохиролцсон. Галын түлээ оруулаад өгөөч гэж Г.Л надаас гуйгаад , сумын төв рүү оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар тал/
*Яллагдагч Г.Лын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/
*Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай”...5.413 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 594.130₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 38-39 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн АА22-73 дугаартай:
“...1977 онд үйлдвэрлэгдсэн, 2005 онд Монгол улсад орж ирсэн 24-84 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.660.964/гурван сая зургаан зуун жаран мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 54-57 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ22-125 дугаартай:
“...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 92.000/ерэн хоёр мянга/ төгрөг, 5.413 метр куб модны үнэ 541.300/таван зуун дөчин нэгэн мянга гурван зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 60-63 дугаар тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 10-24 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг Халзан даваа гэх ойгоос 2 метрийн урттай 63 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэхдээ 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Л нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 5.413 м куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 594,130 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Л үйлдсэн гэм буруутай болох нь гэрч С.Бгийн”...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад Г.Л ах нь утсаар яриад ахынхаа галын түлээг сумын төв рүү оруулаад өгөөч гэхээр нь Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг Халзан даваа гэх газраас мод ачиж сумын төвд байх хашаа руу нь явж байхад цагдаа зогсоон шалгахад Г.Л ах нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй улмаас миний тээврийн хэрэгсэл модыг Жаргалант сум дахь цагдаагийн копонд авчирч саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цийн”...Иргэн Г.Лын мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг Халзан даваа гэх газар 2022 онд талбай тусгаарласан талбай байхгүй. Иргэн Г.Л нь босоо болон унанги модноос бэлтгэсэн байсан. Би хэргийн газрын үзлэгт нь цуг явж тухайн мод бэлтгэсэн гэх газарт очиход 8 ширхэг босоо мод унагаж мөн унанги 4 ширхэг модноос тайрч бэлтгэсэн байсан....” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 594.130 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Лын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Лын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Лыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 594.130 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /594.130*3=1.782.390/нэг сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун ерь/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.782.390/нэг сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун ерь/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Лхагвабаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Лын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Г.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 24-84 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь С.Бн эзэмшлийнх болох нь түүний мэдүүлэг, гэрч Т.Бийн мэдүүлэг, Автотээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 24-84 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг эзэмшигч С.Бд буцаан олгож, шүүгдэгч Г.Лаас уг автомашины үнэ болох 3.660.964/гурван сая зургаан зуун жаран мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгийг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,782,390/нэг сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,878,574/нэг сая найман зуун далан найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 541.300/таван зуун дөчин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 5.413 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Ггийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Лаас 1,782,390/нэг сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 98 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 24-84 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг эзэмшигч С.Бд буцаан олгож, шүүгдэгч Г.Лаас уг автомашины үнэ болох 3.660.964/гурван сая зургаан зуун жаран мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгийг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,782,390/нэг сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,878,574/нэг сая найман зуун далан найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 541.300/таван зуун дөчин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 5.413 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОРА