| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00324/И |
| Дугаар | 00315 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00315
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00315 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алаг толгой багийн 06-21 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, А овогт Ц-ийн Гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Г, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1959 оны 6 дугаар сарын 29-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1967 онд Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж суралцан 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцан 1977 оны 6 дугаар сард төгсөж ирээд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цэрэгт татагдан, ардын армын 0198 дугаар ангид алба хаагаад 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймаг дахь геологи экспедицийн өрмийн бригадад өрмийн ажилчнаар ажиллаж байгаад өнөөдрийг хүртэл улсад 44 дэх жилдээ ажиллаж байна. Одоо би өндөр насны тэтгэвэртээ гарах болоход 2000 оны 7 дугаар сарын 03-наас 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны жолоочоор ажиллаж байсан үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байдаг, ажилд орсон тушаал олдохгүй, тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх даргын зөвлөлийн хурлын протокол, шийдвэр гүйцэтгэлийн тасгийн цаг ашиглалтын тооцоо, Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, иргэн М.Алтан-Од, С.Жаргалсайхан нарын тодорхойлолт зэргийг үндэслэн намайг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Г нь 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд жолоочоор ажиллаж байсан болох нь
- Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын зөвлөлийн хурлын 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай проткол,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай “Ц.Гийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 2002 оны орон тоо, цалингийн сангийн хуулбар
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-ийн 8-10 хуудас/
- Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 2000 оны 11 дүгээр сарын цаг ашиглалтын тооцооны хуулбар
- Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн алба “цагийн бүртгэл” хуулбар /хх-ийн 13-18 хуудас/
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2492 дугаартай архивын лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүсэлт гаргагч Н.Цэцэгсүрэнгийн Нийгмийн даатгалын дэвтэрийн 190090 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2001 оны 10 дугаар сард хөдөө орон нутгаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явахын өмнө авахуулсан гэрэл зураг, 2002 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн онц тээвэрчний цайллага дээр авахуулсан гэрэл зураг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын баярын бичиг ,
-Гэрч С.Алтан-Одын “... Би 1994 оноос өдийг хүртэл Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч газарт шийдвэр гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ц.Г нь 1997 оноос 1998 онуудын үер хавар зуны эхэнд манайд жолоочоор ажилд анх орсон. Түүнээс хойш өдийг хүртэл жолоочоор ажиллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.Цэцэгмаагийн “... Би 2000 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Хорих 457 дугаар ангид архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон. Тэгээд 2000 оноос 2018 оны 05 дугаар сарын 06-нд тэтгэвэртээ гарсан. Ц.Г нь 2000 оны 07 дугаар сард буюу наадмын өмнө шийдвэр гүйцэтгэх тасагт жолоочоор ажилд орсон. Түүнээс хойш өдийг хүртэл ажиллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алтайн урианхай овогт Цагаачийн Гийг 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ