| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2024/0068/З |
| Дугаар | 221/МА2025/0417 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0417
“Б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ж.Ш
Гомдол гаргагч: “Б” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ж.Ш
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2025/0001 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Ж.Ш
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 110/2024/0068/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Б” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ж.Шад холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдол гаргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.6.2, 48.6.3, 48.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ж.Ш дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Хайгуулын, уулын ажлын болон баяжуулах Үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухай” шийдвэрээ гаргаж, уг зааврын Хавсралт №4-ийн 1 дэх хэсгийн 1.2-т “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан”, 4 дэх хэсэгт “Х тайланд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ”, 4.1-д “Үйл ажиллагаа явуулаагүй тухай болон түүний шалтгааныг дурдсан албан тоот”, 4.2-т “Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт”, 4.3-д “Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт (маягтын дагуу)”, 4.4-т “Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого (маягтын дагуу)”, 4.5-д “Үйл ажиллагаа явуулаагүй шалтгааныг нотолсон баримт” гэж тус тус заасны дагуу “Х тайлан” ирүүлээгүй байхад, тус журмын 2.2-т заасан “Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө”-г өгсөн тул “Х тайлан” гаргаж өгөх шаардлага байхгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т заасан үүргээ биелүүлчихсэн юм чинь тус хуулийн 48.6.3-д заасан үүргээ биелүүлэхгүй байж болно гэж тайлбарласантай утга нэг ба анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан, хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
3.3. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт байгаа баримтуудыг буруу үнэлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.6.3 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2025/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч “Б” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ж.Шад холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлын шаардлага гаргаж, маргасан.
2.1. Ингэхдээ “... Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт ашигт малтмалын MV-006242, MV-013904 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг ба 2023 онд уулын ажил явуулахгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн, мөн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй тул уулын ажил явуулах боломжгүй, тайлан гаргах ч шаардлага байхгүй, гэтэл хариуцагчаас торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулна, хайгуулын ажил явуулаагүй, тайлан гаргаагүй, эсхүл 2023 оны уулын ажлын тайланг хуулийн хугацаанд явуулаагүй гэж аль үндэслэлээр торгосон нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлан гаргах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй, Х тайлан гэх ойлголт ч байхгүй” гэх зэргээр үндэслэлээ тодорхойлж маргасан.
2.2. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны А/121 дүгээр тушаалаар баталсан зааврын дагуу үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд Х төлөвлөгөө, Х тайланг тогтоосон хугацаанд гаргах үүргийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээдэг, энэ үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон учраас уг зөрчилд шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд нийцсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд;
3.1. “Б” ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Идэрт нэртэй газарт 6242А, мөн сумын Хуурай салаа нэртэй газарт 13904А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11/967 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу хуулийн хугацаанд тайлан, төлөвлөгөө ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Б” ХХК-ийг “2023 оны уулын ажлын тайлан ирүүлээгүй” гэж тусгажээ.
3.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3-02/494 дүгээр албан бичгээр “... 6242А, 13904А тоот тусгай зөвшөөрлүүдийн 2023, 2024 оны уулын ажлын төлөвлөгөө, уулын ажлын тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хуульд заасан хугацаанд хүргүүлсэн эсэх талаар тодорхойлолт ирүүлэх” асуудлаар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/2338 дугаар албан бичгээр “... 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөөг Геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлсэн, 2023 оны тайланг ирүүлээгүй” болохыг тус тус гомдол гаргагчид мэдэгдэж байжээ.
3.3. Харин “Б” ХХК-иас “... тусгай зөвшөөрлийн талбайд тайлан өгөх боломжгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр мэдэгдсэн, сүүлийн 2 жилийн албан бичгийг хүргүүлэв” гэх агуулга бүхий тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/41 дүгээр албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн.
Тухайлбал (а) “... хөрөнгө оруулагчийн хүндэтгэн үзэх шалтгаанаар 2022 онд үйл ажиллагаа явуулаагүй учраас ашиглалтын тайлан өгөх боломжгүй” гэж 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2023/01 дүгээр албан бичгийг, (б) “... 6242А, 13904А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбайд хөрөнгө оруулагчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил явуулах боломжгүй болсон гэж мэдэгдсэн тул 2023 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй болохыг мэдэгдье” гэж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/29 дүгээр албан бичгийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэст хүргүүлсэн, энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
3.4. Хариуцагчийн хувьд “MV-006242, MV-013904 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудын 2023 оны уулын ажлын тайланг хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээгүй” гэх үндэслэлээр, зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын талаар “... гомдол гаргагч “Б” ХХК 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай Х төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад тодорхой шалтгаан зааж мэдэгдэн, системээр хүргүүлсэн үйлдэл тогтоогдсоор байхад үйл ажиллагаа явуулаагүй тухай шалтгааныг давхар зааж, “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан” хүргүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар уулын ажлын төлөвлөгөөний дагуу ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөөг гаргасны дагуу тухайн жилд үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ажлын үр дүнг бүрэн тусгасан тайланг ойлгоно, гомдол гаргагчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
5. Эрх зүйн зохицуулалтын тухайд;
5.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь: 2.2. хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ: 48.6.2. дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор; 48.6.3. ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу”, 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;” гэж,
5.3. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаал[1]ын хавсралтаар баталсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар”-ын 2.5-д “Энэхүү заавартай хэрэглэгч сайтар танилцаж, системд хандан төлөвлөгөө, тайлан, мэдээг маягтын дагуу бүрэн, алдаагүй хийж ирүүлнэ ...”, 4.2-т “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг Хавсралт-3, 4, 5-т заасан шаардлагын дагуу боловсруулан, системээр ирүүлнэ”, 5.1-д “Системд хүлээн авсан төлөвлөгөө, тайланг хэрэглэгч 2 хувь хэвлэмэл хэлбэрээр холбогдох нэгжид хэрэглэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн гарын үсэг, тэмдгээр албажуулан ирүүлнэ” гэж,
5.4. Уг тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан “Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайланд тавигдах шаардлага”-ын 1.2-т “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан”, 4-т “Х тайланд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ”, 4.1-д “Үйл ажиллагаа явуулаагүй тухай болон түүний шалтгааныг дурдсан албан тоот”, 4.2-т “Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт”, 4.3-д “Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт (маягтын дагуу)”, 4.4-т “Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого (маягтын дагуу)”, 4.5-д “Үйл ажиллагаа явуулаагүй шалтгааныг нотолсон баримт” гэж тус тус заасан.
6. Дээрх зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр уулын ажлын төлөвлөгөө гаргаж, тухайн жилийн болон хайгуулын ажлын тайланг Ашигт малтмал, газрын тосны газраас баталсан маягтын дагуу, тогтоосон хэлбэрээр, заасан хугацаанд ирүүлэх үүргийг хууль, захиргааны хэм хэмжээний актын холбогдох зохицуулалтын дагуу хүлээх бөгөөд үүнийг биелүүлээгүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцжээ.
Тухайлбал, ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулахгүй бол энэ талаар Х төлөвлөгөөг 12 дугаар сарын 01-ний дотор, мөн үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт цахим системээр хүргүүлэх, ингэхдээ заасан баримтыг бүрдүүлж хавсаргах шаардлагатай байна.
7. Гэтэл энэ хэсгийн 3-т заасан үйл баримтаас үзэхэд, “Б” ХХК нь 2023, 2024 онд хөрөнгө оруулагчдаас хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулаагүй боловч 2022 оны тайлан, 2023 болон 2024 оны Х төлөвлөгөөг тус тус геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, харин 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайланг заасан хугацаанд ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан /энэ хэсгийн 3.1-д заасан/ бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.
8. Мөн гомдол гаргагчаас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/29, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2023/01 дүгээр албан бичгүүд нь тухайн хуулийн этгээдийн 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөөний талаар л мэдээлсэн агуулгатай байгаагаас харахад, “Б” ХХК-д “2023 оны уулын ажлын тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй” гэх үндэслэлээр торгууль ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас үндэслэлтэй болжээ.
9. Зөрчил үйлдсэн аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тодорхойлон заасан “ашиглалтын талаар хуульд заасан тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон энэ нөхцөлд хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй бөгөөд хариуцагч улсын байцаагчийн хувьд хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэлийн хуудас үйлдэхээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, хэргийн оролцогчид ч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс гомдол гаргагчийн “үйл ажиллагаа явуулахгүй гэж урьдчилан мэдэгдсэн /учраас/ тайлан гаргах шаардлага байхгүй, Х тайлан гэх ойлголт байхгүй, ямар нэг заавар, аргачлал зөрчсөн гэдгээр торгож болохгүй” гэх шаардлагын үндэслэлийг хүлээн авсангүй.
10. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж тус хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, ингэхдээ илт хууль бус захиргааны акт гэж үзсэн болохыг ч үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна.
11. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцно.
12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүн, хуулийн этгээдийн эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг бол маргааны энэ тохиолдолд хариуцагч нь “Б” ХХК-д шийтгэлийн хуудас ногдуулахдаа хуульд заасан харьяаллын дагуу, олгосон эрхийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэгдсэнийг тогтоосны дүнд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэсэн байх тул илт хууль бус захиргааны акт болохгүй.
13. Тодруулбал, гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагын хүрээнд, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр хуулийн этгээдийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний улмаас “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
15. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан “... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2025/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “Б” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ж.Шад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Шын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Захиргааны хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгэлийн 5985 дугаарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн.