Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01383

 

  

Ч.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02982 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 448 дугаар магадлалтай,

 

Ч.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

П.Энхцэцэг, Б.Батсайхан нарт холбогдох,

 

Хамтран өмчлөх орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох хэсэгт 36,226,666 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч П.Энхцэцэгийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 11,650,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч П.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч П.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ч.Отгонжаргал П.Энхцэцэгтэй 2006 онд БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа танилцаж, 2012 онд гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ батлуулах гэхэд П.Энхцэцэг зөвшөөрдөггүй байсан, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, 2018 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Ч.Отгонжаргал 2011 онд БНСУ-д байсан тул Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннү гудамж, 200 байр, 3 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалгаар барьж, бариулах гэрээг П.Энхцэцэг Кусацу принт ХХК-тай байгуулсан ба уг орон сууц нь 2012.12.28-ны өдөр ашиглалтад орсон. Ч.Отгонжаргал БНСУ-д байхдаа П.Энхцэцэгт мөнгө өгдөг байсан, өгсөн мөнгийг өөрийнхөө ээжийн дансанд хийдэг байсан байх. Ч.Отгонжаргал нь дээрх 2 өрөө орон сууцыг П.Энхцэцэг, түүний хүү Б.Батсайхан нартай дундаа хамтран өмчилдөг бөгөөд хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүссэн. Ч.Отгонжаргал нь П.Энхцэцэгтэй хамт байх хугацаандаа дарамталж байсан зүйл байхгүй, вирустай гэж ярьдаг байсан. Эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол нь Ч.Отгонжаргалтай шалтгаант холбоогүй тул зөвшөөрөхгүй. Иймд дээрх орон сууцны зах зээлийн ханш 108,680,000 төгрөг тул Ч.Отгонжаргалд ногдох хэсэг болох 36,226,666 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Б.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: П.Энхцэцэг БНСУ-д 1996 оноос хойш ажиллаж байхдаа цуглуулсан мөнгөөрөө 2010 онд Монгол Улсад ирээд байр авсан. Тухайн үед ажиллаж олсон мөнгөө ээжийн дансанд хийдэг байсан бөгөөд ээжийн данснаас 39,000 ам.доллар аваад орон сууц авсан. Уг орон сууцыг зараад маргаан бүхий орон сууцны урьдчилгааг өгсөн. Ч.Отгонжаргалтай БНСУ-д ажиллаж байхдаа танилцаж 2013 оноос 2018 он хүртэл хамтран амьдарч байсан. Гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй. Амьдрах хугацаандаа архины асуудалтай, худлаа ярьдаг, халамж анхаарал байхгүй байсан. П.Энхцэцэг 2017 оны 11-р сард БНСУ руу яваад ирснээс хойш байнгын хэрүүлтэй болж даралт ихсэн, нойр хоолноос гарч, турж, сэтгэл санааны хямралд орж эхэлсэн. 2018.04.08-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Ч.Отгонжаргал нь 2013 онд баригдаж ирэхдээ мөнгөгүй ирсэн. Ч.Отгонжаргалаас сална гэж бодоогүй, өөрийн авсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэтэл хаяад явсан. Ч.Отгонжаргал байр авахад оруулсан хөрөнгөө нотолж байж шаардах эрхтэй. Ч:Отгонжаргал, П.Энхцэцэг нар нь БНСУ-д байхдаа мөнгөө тус тусдаа хэрэглэдэг байсан. Солонгост 15 жил ажилласан мөнгөөр авсан байрыг авна гэсэн тул сэтгэл санааны гүн хямралд орсон. П.Энхцэцэг нь гэр бүлийн гэнэтийн энэ асуудлаас болж 2 удаа эмнэлэгт хэвтсэн ба 2018 оны 06-р сараас Халдвартын эмнэлгийн хяналтад орж байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон ба насан турш вирусийн эм ууж байхаар болсон. Сэтгэлийн асар их дарамтаас болж сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авахад сэтгэл гутрал гэх онош тавьсан бөгөөд байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ч.Отгонжаргал П.Энхцэцэгийг зодож байсан талаар баримт байгаа. Мөн Ч.Отгонжаргал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар надад хууль зүйн зөвлөгөө авах шаардлага үүссэн. П.Энхцэцэгийг өвчтэй байхад Ч.Отгонжаргал архи уугаад явдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин Ч.Отгонжаргалаас эмчилгээний төлбөр 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, хуулийн туслалцаа авсны хөлс 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02982 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч П.Энхцэцэг, Б.Батсайхан нараас 35,157,584 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Отгонжаргалд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,069,082 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.Отгонжаргалд холбогдох эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардалд 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Энхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 339,084 төгрөг, хариуцагчийн 201,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 333,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 448 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч П.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 448 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 35,157,584 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дурдаад Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэжээ.

Анхан шатны шүүхийн 02982 тоот шийдвэрт дурдахдаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар тайлбараа нотлоогүй гэсэн атлаа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заагаад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж дурдаад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлоогүй талаар огт дүгнэлт өгсөнгүй.

Үүнээс дүгнэвэл, хэн нэгэн хүн Эд хөрөнгийн бүртгэлд нэр нь орсон бол хөрөнгө оруулалт хийгээгүй байсан ч хуулийн цоорхойг ашиглаж шүүхээр заргалдаад мөнгө авахаар шийдвэр гаргуулж, түүнийгээ шат шатны шүүхээр баталгаажуулж болдог гэсэн ойлголт авч болохоор харагдаж байгаа юм. Хууль тогтоогч ч гэсэн энэ талаар дүгнэж бодсон баймаар юм. Анхан шатны шүүхийн болон Давж заалдах шүүхийн дүгнэлт үнэхээр эргэлзээтэй, шударга өмчлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэр, магадлал тул эдгээрийг хуульд нийцсэн эсэхийг хянаж үзэхийг хүсч байна. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...мөн үлдэгдэл төлбөрийг 2013 онд өөрт байсан мөнгөн хөрөнгөөр төлсөн гэх тайлбар нь хэрэгт байгаа нэхэмжлэгчийн Төрийн банкан дахь болон түүний эх гэх А.Долгормаагийн Голомт банк дахь дансны хуулгаар үгүйсгэгдэж байна гэх хариуцагчийн тайлбарыг шууд үгүйсгэж бичсэн боловч 448 тоот магадлалд А.Долгормаа эзэмшигчийн Голомт банк дахь 180112413 тоот хадгаламжийн данснаас зарлага гарсан боловч уг мөнгөн хөрөнгөөр орон сууцны үнэ төлсөн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна гэсэн нь нэг асуудлыг буюу Голомт банк дахь данснаас мөнгө гаргаж орон сууцны мөнгө төлсөн асуудлыг хоёр өөрөөр тайлбарласан нь ойлгомжгүй байна. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад Ч.Отгонжаргал нь БЗДүүрэг, 26-р хороо, 200-р байр, 1-З тоот орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгээр дундын өмчлөгч өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй гэж шийдсэнд гомдолтой. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн давж заалдах шүүхийн 448 тоот магадлалд гэрч Одончимгийн нэрийг Оюунчимэг гэж бичсэн, мөн орон сууцны өмчлөгчөөр П.Энхцэцэг, Ч.Отгонжаргал, Б.Батжаргал нарыг гэж, маргаан бүхий орон сууцыг П.Энхцэцэг, Ч.Отгонжаргал, П.Энхцэцгийн хүү Б.Батжаргал гэж бичжээ. Надад Батжаргал гэж хүү байхгүй, шүүхийн магадлал алдаагүй үнэн зөв, хууль ёсны, хянагдсан байх ёстой гэж ойлгодог. Гэвч бусдын нэрийг буруу бичээд байгааг юу гэж ойлгох вэ. Мөн магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шийдвэр гэдэг үгийг бичээгүйгээс юуг хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй. Үүнийг мэргэжлийн хүн мэдэхээс өөр хүн ойлгож мэдэхгүй шүү дээ.

Ийм маягаар шүүх асуудалд хайхрамжгүй хандаж байгаа нь мөн нэхэмжлэгч хөрөнгө оруулалт, хийснээ нотлохгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 02982 тоот шийдвэр, 2020 оны 02.21-ний өдрийн 448 тоот магадлалтай иргэний хэргийн хянаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь хариуцагч П.Энхцэцэг, Б.Батсайхан нарт холбогдуулан хамтран өмчлөх орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох хэсэгт 36,226,666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч П.Энхцэцэг эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 11,650,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 35,157,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч П.Энхцэцэгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, П.Энхцэцэг нар нь 2006 онд БНСУ-д танилцсан, П.Энхцэцэг нь 2010 онд, Ч.Отгонжаргал 2012 онд тус тус Монгол Улсад ирсэн, зохигч 2018 он хүртэл хамтран амьдарсан, П.Энхцэцэг 2011.09.10-ны Кусацу Принт ХХК-тай Орон сууц захиалгаар барьж, бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннү гудамж, 200 дугаар байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг захиалсан, байр 2012.12.28-ны өдөр ашиглалтад орсон, 2013.07.29-ны өдөр П.Энхцэцэг, Ч.Отгонжаргал, П.Энхцэцэгийн хүү Б.Батсайхан нарын өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Хариуцагч нь 2019.01.07-ны өдрөөс Сэтгэц, мэдрэл сэргээн заслын Аръяамэд эмнэлэгт үзүүлж, сэтгэл заслын эмчилгээнд явах, сэтгэл гутралын эм уух зөвлөгөө авсан, 2018 оны 07 дугаар сараас Хаппи Веритас эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, эм тариа авч байсан баримтууд хавсаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Солонгост хамт байхдаа П.Энхцэцэг надаас мөнгө аваад ээжийнхээ данс руу хийдэг байсан, П.Энхцэцэг түрүүлж ирсэн, би сар бүр каргогоор 1,000 ам.доллар явуулдаг байсан. Орон сууц авахад өөрийн хөрөнгөө оруулсан, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. ...2012 оноос хамтран амьдарсан, гэрлэлтээ бүртгүүлье гэхэд зөвшөөрдөггүй, ...2018 оноос хоорондын таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болсон тул орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох хэсгээ гаргуулна, ...хариуцагч нь багадаа шарлаж байсан гэдэг бөгөөд 2018 оноос бүр өмнө элэгний В, С вирусын оноштойгоор эм ууж, эмчилгээ хийлгэж байсан, ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

 

Хариуцагч П.Энхцэцэг: ...маргаж буй орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, ...Ч.Отгонжаргал хөрөнгө оруулаагүй, түүнийг сална гэж бодоогүй, өөрийн авсан байрны хамтран өмчлөгчөөр гэрчилгээнд бүртгүүлсэн, гэтэл хамт амьдраагүй, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж, ...Ч.Отгонжаргал нь амьдрах хугацаандаа архины асуудалтай, худлаа ярьдаг, халамж анхаарал байхгүй, 2017 оноос эмнэлэгт хэвтэж байхдаа гэр бүлээс гадуур харилцаанд орж, намайг дээрэлхэж, доромжилдог болсон. ...2018 онд ямар ч учир явдал ярилцалгүй саллаа гээд л явсан, ...гэр бүлийн гэнэтийн асуудлаас болж 2 удаа эмнэлэгт хэвтсэн, насан туршдаа элэгний вирусын эм ууж байхаар болсон. ...сэтгэлийн асар их дарамтаас болж сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авахад Сэтгэл гутрал гэх онош тавьж, байнгын эмчилгээ хийх шаардлагатай болсон. Иймд эмчилгээний төлбөр1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, хуулийн туслалцаа авсны хөлс 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

3. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь маргаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо /13311/, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 49.1 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 онд бүртгэгдсэн, хариуцагч нэхэмжлэгчийг шаардлага гаргах хүртэл өмчлөгчийг хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүй бөгөөд бүртгэл үнэн зөв тул нэхэмжлэгчийг тус үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч гэж үзнэ.

 

Хамтран өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салган авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр маргаж буй хөрөнгийн зах зээлийн үнийг 105,472,754 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчид ногдох хэсгийг /105,472,754:3/ 35,157,754 төгрөгөөр тогтоож, хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд ...нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Харин нэхэмжлэгчийг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс засаагүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

4. Хоёр шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх бөгөөд шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Харин давж заалдах шатны шүүх магадлалд гэрч Л.Одончимэгийн нэрийг Л.Оюунчимэг гэж, хариуцагч Б.Батсайханыг Б.Батжаргал гэж тус тус буруу бичсэн, шийдвэрийг хэвээр үлдээхдээ шийдвэр гэх үгээ орхигдуулсан зэрэг зөрчил гаргасан талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн дээрх зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байх тул энэ талаар тогтоолд тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 448 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02982 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д зааснаар... гэснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8.-д зааснаар Ч.Отгонжаргалыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамжны 200 дугаар байрны 03 тоот орон сууцны өмчлөгчөөс хасч,... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч П.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.Энхцэцэгээс 2020.03.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД