Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 25

 

  

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга  О.Болормаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ж.Яринпил ҮД:00-13,

шүүгдэгч Б.Билгүүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ ҮД:20-40,

шүүгдэгч Б.Алтансүхийн өмгөөлөгч Д.Батбаяр ҮД:02-00,

хохирогч Э.Тэмүүжин,

шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх,

иргэдийн төлөөлөгч С.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

           1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом хотод 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дөрвөд, тусгай  дунд боловсролтой, онцгой байдлын аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй,хэрэг үйлдэх  үедээ  эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-р хэсэг гудамжны 339 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл  хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Одхүүгийн Батболд /РД:ОЮ95040713/

 2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5-р хэсэг гудамжны 77-2155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1.Баянзүрх дүүргийн шүүхийн  2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Батсүхийн Билгүүн /РД:СЗ95051715/

          3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуун-мод хотод 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ “Пинк Товер” ХХК-д пасатны ажилтай, ам бүл 1, ганцаараа, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-р гудамжны 626 /а/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халх овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ /РД:НБ94031414/,

           4.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн  Алтай хотод  1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22  настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ “Пинк Товер” ХХК-д пасатны ажилтай байсан, ам бүл -3  эхнэр хүүхдийн  хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2-р хэсэг, 12-р гудамжны 607 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Батболдын  Алтансүх  /РД:ДА96060512/ нарт

           Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх  нарт  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201625013353 дугаартай 105/2017/0009/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн 2016 оны 09  дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд хохирогч Э.Тэмүүжингийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар , хөлийг нь уяагаар хүлж үлдээж “ЛЖ” маркын гар утас, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 40.000 төгрөгийн хохирол учруулсан  дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Батболд мэдүүлэхдээ:  Хэрэг гардаг өдөр Б.Алтансүх, Б.Билгүүн хоёртой Хужир булангийн эцсийн буудлын тэнд явж байсан. Тэнд хохирогч Э.Тэмүүжин байсан. Б.Алтансүх гэр рүүгээ орсон байсан. Би Б.Билгүүнтэй автобусны буудлын тэнд зогсож байсан. Э.Тэмүүжинг Б.Билгүүн дуудаад Э.Тэмүүжингээс чи энд юу хийж яваа юм гэхэд би найз охиноо гэрт нь хүргэж өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 23 цагийн үед эндээс автобус явдаггүй юм гэж хэлсэн. Чи 1000 төгрөгийн унаанд сууна гэж хэлтэл надад автобусны мөнгө байхгүй байна. Манай ах намайг ирж авна. Жуков дээр явж байна гэж хэлсэн. Утаснаас чинь нэг залгаад өгье гэж хэлсэн. Б.Алтансүх гэрээсээ гарч ирсэн. Б.Алтансүхийн утас Мобиком руу үнэгүй ярьдаг болохоор Э.Тэмүүжин утсыг нь аваад 2, 3 дугаар руу залгаж үзээд утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо юм ярьж зогсож байгаад Б.Билгүүн миний дугуйг унаж байгаад тавихад хохирогч Э.тэмүүлэн миний дугуйг зөрүүлээд унасан. Бид гурвыг юм яриад зогсож байхад бид гурваас бүүр холдчихсон байсан. Тэгэхээр нь би хөөе чи нааш ир гэж орилоход хотын төв рүү дугуйг маань унаад зугтсан. Б.Билгүүн, Б.Алтансүх хоёрыг араас нь гүйж бай гэж хэлээд манай тэнд байдаг нэг залуу дугуйтай явж байхаар нь дугуй унаад зугтчихлаа араас нь очоод бариад ав гэж хэлээд би араас нь замын машинд суугаад араас нь очиж барьж авсан. Тэгээд би Э.Тэмүүжинг чи яагаад дугуй хулгайлдаг юм гэж хэлээд толгойн тус газар нэг удаа цохьсон. Тухайн үед замын хашлага дагуу байсан болохоор хажуугаар машин яваад байсан болохоор хүзүү дээрээс нь зуурч аваад хашлага давуулж унагаагаад хэд хэд өшиглөж цохьсон. Тэгэхэд газарт нэг утас байсан. тэрийг Б.Алтансүх авсан. Хэний утас гэдгийг би мэдээгүй. Удаагүй байж байтал Т.Мөнх-Эрдэнэ над руу залгаад ажлаа тараад автобусны буудал дээр бууж байна гэхээр нь би хохирогч Э.Тэмүүжинг дагуулаад автобусны буудал руу очсон. Т.Мөнх-Эрдэнэ наадах чинь хэн юм бэ гэхээр нь миний дугуйг сая хулгайлаад баригдсан гэж хэлсэн. Урагшаа гараад дахиж хэд цохьсон. Замдаа явж байгаад банз байхаар нь бөгсөн дээр нь 2- 3 удаа цохьсон. Тэгээд хохирогч Э.Тэмүүжин өнхрөөд хэвтээд өгсөн. Тэгсэн Т.Мөнх-Эрдэнэ ирээд газраар тарсан байсан бичиг баримтыг нь цуглуулаад хэтэвчинд нь хийж өгч байсан. Хохирогч өөрөө эхлээд хэлэхдээ автобусны мөнгөгүй гэж байсан. Т.Мөнх-Эрдэнэ чамд унааны мөнгө байсан юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд унааны мөнгө байсан байж яахаараа дугуй хулгайлж явдаг юм гэхэд ахаа би гэр рүүгээ явах гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид нар явахдаа хөл, гарыг нь хүлээд явсан. Тухайн үед хүлж байхад нь би байгаагүй. Юугаар хүлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд хүлээг нь буцаагаад тайлсан гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.Билгүүн  мэдүүлэхдээ: Орой 11 цагийн үед О.Батболод, Б.Алтансүх хоёртой хамт явж байгаад буудал дээр автобусны буудал дээр хохирогчтой таарсан. Тэгээд би чи манай эндэхийн хүүхэд биш байна. юу хийж яваа юм бэ гэхэд найз охиноо хүргэж өгөөд харих гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд автобус унааны мөнгө байна уу гэж асуухад хохирогч ямар ч мөнгө байхгүй. гэр рүүгээ яаж явах уу гэж бодоод байж байна гэж хэлсэн. хохирогчитой таарсан. Б.Алтансүх гэр рүү гээ орсон байхад нь дуудаж гаргаж ирээд хохирогч утсаар нь 2-3 удаа хүн рүү залгахад залгасан дугаарууд нь авахгүй байсан. О.Батболд, Б.Алтансүх бид гурвыг юм яриад зогсож байхад хохирогч дугуйг нь унаад байж зам дээр явж байсан. О.Батболд хөөе нааш ир гээд орилоход хохирогч дугуйг нь унаад цаашаа зугтсан. О.Батболд Б.Алтансүх бид хоёрыг араас нь гүйгээд очиж бай гэж хэлээд өөрөө замын унаагаар араас нь явсан. Манай тэнд байдаг нэг залуу дугуйтай явж байгаад Э.Тэмүүжинг хөөж гүйцээд барьж авсан. Би ард нь явж байсан болохоор цохьж байсан зүйл хараагүй. Б.Алтансүх бид хоёрыг араас нь очиход намайг дугуй унаад яв гэж хэлэхээр нь би дугуйг нь унаад явж байсан. Буудлын тэнд Т.Мөнх-Эрдэнэтэй таарахад энэ юун хүүхэд юм гэж асуухад О.Батболд дугуй хулгайлаад баригдсан гэж хэлж байсан. Тэгээд намайг дугуй унаад сааданд очоод хүлээж бай гэж хэлэхээр нь Б.Алтансүхтэй би сааданд очоод хүлээж байсан. Б.Алтансүх бид  хоёр  хохирогчийг  ерөөсөө зодоогүй гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлаа тараад орой Хужир буланд ирэхэд О.Батболд, Б.Билгүүн, Б.Алтансүх гурав  нэг хүнийг барьсан байсан. Тэгээд яах гэж байгаа юм гэтэл автобусны мөнгө байхгүй гэхээр нь мөнгө олж өгөх гээд байж байтал дугуй хулгайлаад зугтсан. Тэгэхээр нь барьж авсан гэж надад хэлсэн. Тэгээд О.Батболд тэр хооронд нэг цохиход хамаг юм нь тараад унасан. Тэгээд бичиг баримтыг нь би цуглуулж өгөөд мөнгөгүй гээд байсан мөнгөтэй байсан юм байна гэж хэлсэн. Тэгээд наадахаа айлгасан юм чинь одоо боль боль гэж хэлээд эртхэн харъяа гэж хэлсэн гэв.

4.Шүүхийн хэлэлцүүүлэгт шүүгдэгч Б.Алтансүх: Би тэр өдөр 22 цагийн орчим О.Батболд, Б.Билгүүн хоёртой явж байгаад гэртээ орсон. Гэртээ байж байхад Б.Билгүүн О.Батболд ах дуудаж байна гэж гэхээр нь би  гараад очтол энэ хүүхдэд утсаараа яриулчих гэхээр нь утсаараа яриулсан. Тэгээд юм яриад зогсож байхад унадаг дугуйг нь Э.Тэмүүжин унаад замын цаана очсон байсан. О.Батболд гэр нь хол юм байна. Унааны мөнгө олж өгье. Урд дэлгүүрийн эгчээс 2000 төгрөг зээлээд өгчихье гэж яриад байж байхад хохирогч дугуйг нь унаад зугтсан. О.Батболд Б.Билгүүн бид  хоёрыг араас нь гүйгээрэй гэж хэлээд өөрөө замын унаанд суугаад явсан. Тэгээд гүйгээд яваад очиход Э.Тэмүүжин газар уначихсан байсан. Газар хэнийх нь ч мэдэгдэхгүй утас байхаар нь О.Батболд ахын утас юм байна гэж бодоод авсан. Тэгээд 15-ын буудал дээр Т.Мөнх-Эрдэнэ ахтай таарсан. Т.Мөнх-Эрдэнэ наадах чинь юун хүүхэд юм бэ гэж асуухад О.Батболд энэ дугуй хулгайлаад зугтаад баригдсан юм. Энийг жоохон айлгаж байгаад явуулчихна гэж хэлсэн. Тэгээд Б.Билгүүнийг 15-ын сааданд хүлээгээд байж бай гэж хэлээд Т.Мөнх-Эрдэнэ, О.Батболд бид гурав  хохирогчийг дагуулаад замын урагшаа гараад О.Батболд намайг наадахаа хүлчих гэхээр нь би сандраад харсан. Тэгсэн чинь юугаа хараад байгаа юм наадахаа хүлчих гэхээр нь би сандарсандаа хогон дээрээс уяа олоод хүлсэн. Зодож цохьсон зүйлийг нь би хараагүй. Явахдаа наадахынхаа хүлээсийг тайлчих гэхээр нь хүлээг нь тайлаад салсан гэв.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Тэмүүжин  мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын шөнө найз охиноо хүргэж өгөөд автобусны буудал дээр 30-аас 40 минут машин хүлээсэн. Тэгээд хажуугийн дэлгүүр ороод буцаж гарч ирээд буудал дээр зогсож байхад О.Батболд Б.Билгүүн хоёр  над дээр ирээд юм асуусан. Тэгээд Б.Алтансүх нь ирээд би утсаар нь залгасан. Миний залгасан хүмүүс утсаа авахгүй байсан. Нэг нь дугүй унаад байж байсан. О.Батболд нь миний хажууд зогсож байгаад миний утсыг үзээд кодыг нь тайл гэхээр нь тайлж үзүүлсэн. Тэгээд буцаагаад миний утсыг өгсөн. Би айсандаа дугуйг нь унаад байж байсан. О.Батболд нь намайг зандрангүй дуудахаар нь би айсандаа дугуйг нь аваад зугтсан. Хүн айсандаа юу ч хийж болно. Тэгээд хажуунаас нэг дугуйтай хүн гарч ирээд намайг барьж авсан. Тэгээд намайг толгой нуруугүй хаа сайгүй зодсон. О.Батболд нь банз аваад ир гэж хэлээд намайг банзадсан. Тэгээд Т.Мөнх-Эрдэнэ нь ирээд ямар овоо юм бэ гэж харааж зүхээд намайг зодсон. Хөл гар хүлээд зодсон. О.Батболд нь банзаар л цохиод байсан. Энд тэндээс гар хөл орж ирээд байсан. Намайг хүлээд үх гээд хаяаад явсан. Гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтсэн. “Манал Оточ” гэдэг эмнэлэгт 16 хоног хэвтсэн.  Миний хохиролд 2.439.000 төгрөг  өгч барагдуулсан. Миний нэг талын шүд хөдлөөд байгаа даарахаар шүд өвдөөд одоо болтол хөдлөөстэй байгаа гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Тэмүүжингийн:.. Тэгэхэд нь миний байсан дугуйг нь авч унаад тэр гурвын ойролцоо эргэлдээд байж байхад хантаазтай залуу намайг хөөш нааш ир гэж зандрангуй байдлаар дуудсан. Тэгэхэд нь миний гар утсыг дахин авах гэж байна гэж бодоод айсандаа дугуйг нь унасан чигээрээ баруун тийш зугтаасан. Тэгэхэд араас нэг унадаг дугуйтай өөр залуу ирээд намайг шахаж зогсоогоод барьж авсан. Тэгэхэд араас цайвардуу өнгийн машинаас хантаазтай ганцаарааа бууж ирээд тэр машин нь яваад өгсөн, улмаар хантаазтай залуу шууд баруун шанааруу гараараа нэг удаа цохиж, араас нь хамт явсан 2 залуу ирээд 3 уулаа намайг чирээд замын урд талд гаргаад газар нүүрээ дараад хэвтэж байхад 3 уулаа миний дээрээс нуруу, гэдэс, хөл, толгой руу өшиглөж цохиод байсан. Тэгэхэд харанхуйд хэн нь миний хаашаа яаж цохиод байгааг сайн харж чадаагүй. Улмаар миний цамцаар толгой бүтээж хаашааг нь мэдэхгүй дагуулаад явсан, явах замдаа хэнийг мэдээгүй банзаар миний бөгс рүү цохиж, хашаа руу түлхэж мөргүүлээд, гар хөлөөрөө цохиод нилээд явсан, тэгэхэд хэн нь мэдэхгүй миний халаас түрийвч ухаж картны дугаар асууж, гар утас авсан байсан, хэн авсаныг мэдээгүй, улмаар буцаж анх зодсон газар замын урд талд ирээд миний гар, хөлийг юугаар мэдэхгүй ард хүлээд халзан залуу дугуй унаад яваад өгсөн, хантаазтай залуу намайг банзаар бөгс рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд бас нэг залуу ирчихсэн миний дээрээс гар хөлөөрөө хаа сайгүй цохиод 3 уулаа байсан. Мөн арай өндөр залуу нь банзаар бөгс, гарлуу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд миний хөлний уяаг тайлаад гар хүлээтэй чигээр тэр газраа орхиод тэд нар яваад өгсөн. Тэгээд өөр зүйл болоогүй. Тэгэхэд тэр залуус 4 үүлээ явсан. Би дугуйг нь унаж байхдаа тэр гурван залуугаас айсандаа аваад зугатаачихсан. Би жилийн өмнө ЛЖ маркийн хар өнгийн андройд гар утсаа 100.000 төгрөгөөр үнэлнэ., худалдаа хөгжлийн банкны картаа алдсан, хоосон байсан тул үнэлэхгүй. Гар утас, банкны картаа буцааж авсан тул нэхэмжлээгүй. Би өөр эд зүйл алдаагүй. Би гомдолтой байна, эмчлүүлэхэд 930.500 төгрөгийн баримттай зардлыг уг 4 залуу өгсөн, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Намайг юугаар хүлсэнийг мэдэхгүй байна.Тухайн үед би сүүлд нь нэг юм гарын хүлээгээ тайлаад уяаг нь хаячихсан юм. Дараа нь тэр хаясан уяагаа хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-н 19-20-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Тулгын:... Тэгээд тэр өдөр залууд чи юу хийж яваа юм, наадах чинь чиний дугуй мөн юм уу гээд зогсож байхад Батнай машинд дайгдсан бололтой машиныг нь хараагүй буугаад хүрээд ирсэн. Улмаар Батнай тэр залуугийн нүүрлүү нь байх гараараа нэг удаа цохиод газар унаад өгсөн. Тэгэхэд араас нь Билгүүн зүс таних нэг залуутай  хоёуулаа гүйгээд ирсэн. Би Батнайг болохгүй гэхэд дугуйг авч зугтаалаа гээд тэр залуугийн дээрээс нь өшиглөөд байх шиг байсан. Тэгэхэд тэр залуу уучлаарай гэж байсан. Би Батнайд наад залуугаа явуулчих гэж хэлээд удалгүй, шууд яваад өгсөн. Тухайн үед өөр зүйл болоогүй.. гэх мэдүүлэг  /хх-н 21-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн № 13498 актанд:

1. Тэмүүжингийн биед баруун, чамархай хатуу бүрхүүл доорхи ялтаслаг цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархи доргилт, баруун, зулай чамархайн зөөлөн эдийн няцрал, өгзөгний цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна.

5. Уг гэмтэл нь 2016.09.22-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт хх-ийн 31-р тал

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н 113-р тал/

           -Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

           Дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагч болон бусдын эрх, өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд оруулахын тулд тэдгээрийн амь нас эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэсэн довтолгоо хийж халдсан давхар объекттой байдаг.

          Объектив тал нь эд зүйлс, эд хөрөнгийг авахаар бусдын өмчлөх эрхэнд хүчирхийлсэн довтолгоон халдлага үйлдсэн ба үйлдэхээр заналхийлсэн, түүнчлэн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагч болон довтолгоонд саад учруулж болзошгүй гэж үзсэн бусад хүмүүсийн амь нас эрүүл мэнд рүү чиглэсэн аюултай үйлдэл байдаг.

          Субъект нь 14 насанд хүрсэн сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Монгол улс болон гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй иргэн байна.

          Субъектив тал нь шунахай сэдэлттэй бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа зорилготой зориуд хүсэж үйлдсэн байдаг.

           Мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж авснаас үл хамааран дээрхи зорилгоор довтолсон довтолгоогоор төгсгөл болдог.

 Гэмт хэрэг бүлэглэн,  үйлдэх гэдэгт нэгдсэн санаа зорилго бүхий хоёр буюу түүнээс дээш тооны этгээдүүд хавсран гэмт хэрэг үйлдэж буйг хэлдэг.

           Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт хохирогч, шүүгдэгчийн  нарын мэдүүлэгээс  үзэхэд  2016 оны 09  дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд хохирогч Э.Тэмүүжинг автобусны буудал дээр унаа хүлээн зогсч байхад О.Батболд. Б.Билгүүн, Б.Алтансүх нар  ирж  үг яриа   өдөөн  хохирогч  Э.Тэмүүжингийн утсыг  авч үзэн буцаан өгсөн байх ба  Тэмүүжин тэдний  дугуй  унаж  зугтаахад араас  О.Батболд, Б.Билгүүн, А.Алтансүх нар  очиж барьж авч О.Батболд нь  амь биед аюултайгаар    хашаа мөргүүлэх, гараараа болон банзаар зодож О.Батболд, Б.Билгүүн,  Алтансүх нар бүлэглэн хохирогчийн гар хөлийг юмаар  хүлж  бүлэглэн зодон чирээд явж байхад Т.Мөнх-Эрдэнэ тааралдаж тэдний хууль  бус үйлдлийг таслан  зогсоохын  оронд түүний биед явсан гар утас, банкны картыг авч амь биед аюултай байдалд орхисныг цагдаагийн ажилтан тааралдаж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн үйл баримт болсон байна./ хх-н 7, 14-р тал/

           Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхдээ бие биедээ дэмжлэг үзүүлэн  бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

           Шүүгдэгч  нар  шүүх хуралдаанд  бид хохирогчийн  эд зүйлийг дээрэмдээгүй  харин зодсон гэж мэтгэлзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдохгүй байх тул  хүлээн авах    боломжгүй гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн 2016 оны 09  дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд хохирогч Э.Тэмүүжингийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар, хөлийг нь уяагаар хүлж үлдээж “ЛЖ” маркын гар утас, худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 40.000 төгрөгийн хохирол учруулсан  дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь өөрсдийнх нь тайлбар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдээр тогтоогдож байх ба О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

             Шүүгдэгч Б.Билгүүн нь Баянзүрх дүүргийн  шүүхийн  2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71  дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар тус тус  шийтгэгдэж  байсан болох нь  нь шийтгэх тогтоолын хуулбар болон ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 88, 90-94-р тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д.... хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж хуульчилжээ.

            Гэвч шүүгдэгч Б.Билгүүний  ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч ялгүй  болсон байна.

          Шүүгдэгч О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь  урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 78, 81, 84 тал /

           Шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь  хохирогчийн  мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.  /хх-ийн 15-р тал/

            Шүүгдэгч нарын хувьд ноогдох хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй байх тул  тэдгээрт  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч  О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх  нар нь 2016 оны 09 дүгээр сарын  23-ны өдрөөс  сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоолоор  баривчилсан байх ба 2016 оны 09 дүгээр сарын 26-ны  өдөр  бусдын  батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх  арга  хэмжээ авагдсан байна. /хх-ийн 38-53-р тал/

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д   зааснаар  анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч нар   гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  зэрэг  байдлыг харгалзан  үзэх  боломжтой  боловч  шүүгдэгч  нарын  хийсэн хэрэгтээ  гэмшихгүй  байгаа байдлыг  харгалзан хуулинд заасан хорих ялыг доод хэмжээнээс доогуур хорих ял  оногдуулах  боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

            Шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын  хорих  ял эдлэх  дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн  52.5-т зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Одхүүгийн Батболд, Боржигон овогт Батсүхийн Билгүүн, Халх овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Батболдын Алтансүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Боржигон овогт Одхүүгийн Батболдыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Боржигон овогт Батсүхийн Билгүүнийг эд хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Халх овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнийг эд хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Боржигон овогт Батболдын Алтансүхийг эд хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар О.Батболдод оногдуулсан 5 /таван/ жил 6  /зургаан/ сарын хорих  ялыг, Б.Билгүүнд оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, Т.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хорих  ялыг,  Б.Алтансүхэд  5 /таван/ жил 1  /нэг/ сарын хорих  ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих   хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар О.Батболдын цагдан хоригдсон нийт 3  хоногийг, Б.Билгүүний цагдан хоригдсон нийт 3 хоногийг, Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 3 хоногийг, Б.Алтансүхийн цагдан хоригдсон нийт 3  хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  1. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, тэдгээрийн  өмгөөлөгчид, хохирогч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                   С.ӨСӨХБАЯР

                                                                            С.ПҮРЭВСҮРЭН