Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0058

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0058

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Х,

Хариуцагч: А газрын Г хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Маргааны төрөл: С ХХК-ийн эзэмшиж байсан XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч С ХХК-иас А газрын Г хэлтсийн даргад холбогдуулан А газрын Г хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.            Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гурван хар толгой нэртэй газарт орших 11381.58 гектар талбайд ашигт малтмал хайх .... дугаар тусгай зөвшөөрлийг М ХХК-д 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр олгосон бөгөөд тус тусгай зөвшөөрлийг А газрын Г хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр С ХХК-ийн эзэмшлийн XV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг А газрын К хэлтэст даалгасны дагуу тус хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр XV- дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, тусгай зөвшөөрлийг анх олгосон огноог 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс тооцсон бөгөөд мөн оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр XV- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс тооцож, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаар сунгажээ.

А газрын К хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

3.            А газрын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12/20 дугаар албан бичгээр А газрын К хэлтэст А газрын К хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх боломж олгох-ыг хүсэж, хандахад А газрын К хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/4009 дүгээр албан бичгээр тус гомдлыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

Улмаар урьдчилан шийдвэрлэх журмаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13/20 дугаар албан бичгээр А газарт хандахад гомдлыг хүлээн авах боломжгүй гэж А газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/4075 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7994 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэлээ гарган ирүүлжээ.

4.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/ Энэ жилийн хувьд ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч захирал Ш.С нь гэнэт хүндээр өвчилж зайлшгүй хэвтрийн дэглэм барьж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсэн болно. Үүний улмаас миний бие компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсноор А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтад заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь татварын төрөлд хамрагддаг, 6 дүгээр зүйлийн 6.1.41 а дахь заалтад өвчтэй болон евчнее эмчлүүлсэн байдлыг тус тус хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулсан байна. Дээрх хуульд зааснаас үзвэл Ш.С нь өвчтэй, мөн өвчнөө эмчлүүлсэн нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байх ба энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

Мөн "Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн "Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай" зөвлөмжийн 2.1-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28 дахь хэсэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн тайлбарласан байдаг.

С ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцааг 100% дангаар эзэмшигч нь Ш.С бeгeeд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж, компанийн бүх үйл ажиллагааг ганцаараа явуулдаг юм. Гэтэл бие нь хүндээр өвдөж яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэвтрийн дэглэм сахих шаардлага үүсэн учир 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд УБ Сонгдо эмнэлэгт бөөрний хурц үрэвсэл оноштойгоор зайлшгүй хэвтэн эмчлүүлсэн ба түүнээс хойш хэвтэн эмчлүүлснээс хойш гэртээ хэвтрийн дэглэм барьж эмчлүүлсэн.

2/ Төрийн захиргааны байгууллага манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл тогтоогдсоныг манайд мэдэгдээгүй төдийгүй мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан мэдэгдэлд дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан түүнийг нотлох баримт бичгийг захиргааны байгууллагад ирүүлэх эрхийг минь эдлүүлсэнгүй. 

3/ Энэ жил дэлхий нийтэд тулгарч буй цар тархалт гоц халдварт өвчин Коронавирусээс (Ковид-19) юм. Ковид-19-өөс шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдож, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хэвийн хэмжээнээс ихэсч, үүнээс болж манай байгууллага цалин хөлс, татвар, хураамжийг төлөх хугацаанд нь төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч дээрх хугацааны дотор төлж чадаагүй болно. 

Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д ...хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгаан-ыг ойлгохоор байна. Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан force majеure буюу Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх журмын 1.2.1-д заасны дагуу Force majeure буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухааны даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдлын улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгодог. Үүнд:

1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал;

2. Байгалийн бүр төрлийн гамшиг (хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давлагаа, үер, цас, зуд гэх мэт);

3. Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл; 

4. Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт орно.

Танхим нь дээрхи аль нэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан байдлыг холбогдох баримтыг нягталсны дагуу Force majuere-ийн гэрчилгээг олгодог байна.

2019 онд С ХХК-д Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан А ХХК-ийн захирал Америкийн нэгдсэн улсын иргэн B гэдэг хүн хөрөнгө оруулалт хийх саналыг тавьж, хамтран ажиллахаар болсон. Бид харилцан тохиролцсоноор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр А ХХК нь дэс дараатайгаар хөрөнгө оруулалтыг хийх, харин С ХХК нь үе шаттайгаар эрэл хайгуулын ажлыг зохион байгуулж, зохих үр дүнд хүрэхээр тохиролцсон. Уг гэрээг хэрэгжүүлэхийг тулд С ХХК нь эрэл хайгуулын багийг бэлтгэж, зохион байгуулж, өөрийн хөлс хүч, хөрөнгө мөнгийг зарцуулан хайгуулын төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэн зохих үр дүнд хүрсэн байдаг. 

Гэтэл А ХХК-ийн захирал B нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр гаран явснаас байсан бөгөөд буцааж ирээд хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан боловч Монгол Улсын хэмжээнд Ковид-19-тэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор Монгол Улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд найрамдах Хятад ард улсын иргэд болон тус улмаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон ба шилжилт хөдөлгөөний хугацааг өнөөдрийг хүртэл сунгасан байна.

Үүнтэй холбоотойгоор бидний хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж гэрээний 3.1-д заасан үүргийг А ХХК хүлээх нөхцөл байдал талуудын буруутай үйлдлээс үл шалтгаалан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж үүслээ. Бид энэ талаар холбогдох бүхий л арга хэмжээг авч хялбар байдлаар шийдвэрлэхийг эрмэлзсэн ч хөрөнгө оруулагч нь өөрийн биеэр ажлын гүйцэтгэл, хайгуулын төлөвлөгөөт ажлын үр дүнг нүдээр харж, хяналт тавьж хөрөнгө оруулалтыг ажлыг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. 

Гэтэл Ковид-19-с шалтгаалан хөрөнгө оруулагч нь Монгол Улс руу нэвтэрч чадахгүй нөхцөл болсон учир гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг зохих хугацаанд хийх боломжгүй болсон. Гэрээний 3.1.3-д Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүхий л зардлыг Б тал бүрэн хариуцна. Үүнд: Лицензийн төлбөр, татварын хураамж зэрэг бусад бүхий л зардал багтана." гэсний дагуу Б тал болох А ХХК нь XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хийх ёстой байсан боловч төлж чадаагүй. Үүнээс шалтгаалан тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бүрдсэн байдаг.

Хэрэв Ковид-19 гэдэг цар тархалт халдвар өвчин дэлхий хэмжээнд тархаагүй байсан бол хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хилээр нэвтрэн хөрөнгө оруулалтын ажлыг оруулагч өөрөө маргахгүй байх бөгөөд өнөөдрийг хүртэл хилийн чандад байгаа нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогдож байгаа болно.

4/ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу 10 жилийн турш тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхдөө тухайн жилийн 08 дугаар 03-ны өдрөөс тооцон урьдчилж төлж ирсэн болно.

Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 8/2838 тоот мэдэгдэл гарган "С ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 265 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар цуцалж мен өдөртөө 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 8/3450 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг танилцуулахаар мэдэгдэл гаргасан байна. Эдгээр шийдвэр, мэдэгдлүүдийг манай компанийн зүгээс тухайн цаг хугацаанд нь хүлээн аваагүй болно.

А газрын к хэлтсээс гаргасан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийн манай компанитай холбогдох хэсэг бопон манай компанид хүргүүлсэн гэх 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 дугаартай мэдэгдлүүдийн бичвэртэй танилцахад манай компанид тусгай зөвшөөрлийг анх олгосон огноог 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тооцсон байна.

Үүнээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 болон Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар буюу 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анх олгосон өдрөөс тооцоход тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ээлжит жилийн төлбөр төлех үүрэг хүлээхээс өмнө манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан байна.

Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн дагуу телех ёстой тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компанийн зүгээс нийт 446,000,000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн.

Төрийн захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг баримтлаагүй. Өөрсдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах боломж олгоогүй.  

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг. Мөн анх олгосон өдрөөс хойш нэг сарын алдангийн хамт төлөх боломж байдаг. Үүнийг орхигдуулсан бөгөөд 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл төлөх боломжтой байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А газрын К хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлахад, түүний өмнө буюу цуцлахаас өмнө тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэж бичсэн байдаг. Анх олгосон өдөр нь 2009 оны 08 дугаар сарын  03-ны өдөр юм. Энэ огноогоор тооцоод явах боломжтой. Байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд хууль хэрэглэх явцдаа алдаа гаргасан гэв.

5.    Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөөгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар С ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн А газрын к хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

2/ А газрын К хэлтсийн даргын мэдэгдэл хүргүүлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838 дугаартай албан бичиг мөн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 тоот албан бичгээр тус тус С ХХК-ийн А газрын к бүртгэлийн систем /CMCS/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53, Саруул төв 105 тоот хаягаар мэдэгдсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоол-д Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан бөгөөд холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаас харахад "С ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлээгүй гэх нь үндэслэлгүй юм.

3/ Г хэлтсийн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6-2947 тоот мэдэгдлээр тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг 10 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосон. М ХХК нь уг мэдэгдлийг хүлээн авснаар Зоос банкин дахь ... дугаартай Ашигт малтмалын газрын валютын дансанд 1138.2 ам долларыг 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бүрэн телсний дагуу А газрын Г хэлтсээс ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад анх олгосон огноог 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэж тэмдэглэсэн байна.

Тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг А газрын к хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. 2-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд энэ шийдвэрээр тусгай зөвшөөрлийн анх олгосон огноонд өөрчлөлт оруулаагүй байна.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 дугаартай "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор мэдэгдсэн А газар к хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэр болох захиргааны актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2014 оны 215 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл сунгах тухай зааж өгсөн боловч анх олгосон огноо мөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг өөрчлөн тогтоосон зохицуулалт оруулаагүй нь манай алдаа байна гэж К хэлтсийн дарга үзсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор С ХХК-д тусгай зөвшөөрөл анх олгосон огноо 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон. 2014 оны 182 дугаар шийдвэрээр мөн бататгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар К системд 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр бүртгэгдсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан зохицуулалт 2014 оны 215 дугаар шийдвэрийг зөрчсөн байна гэж харсан гэв.

6.    Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 



1.            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо,Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53, Саруул төв-105 тоот хаягт шуудангаар хүргүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 8/3450 дугаартай албан бичгээр мөн дээрх хаягаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эцсийн хугацаа болохтой зэрэгцэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Ш.С Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх боловч энэ нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох хангалттай үндэслэл биш бөгөөд Сонгдо эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн карт, магадлагаа, онош зэргээс үзвэл С ХХК-ийн захирал Ш.Саранхүүг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. 

2.            Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан С ХХК болон А ХХК-ийн байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний 3.1.2-т Гэрээний 2.1.1-д заасан өрөмдлөгийн ажлыг бүрэн хийж дууссаны дараа Б талд компанийн хувьцаа эзэмших, асуудлыг шилжүүлэх ажлыг гүйцэтгэх бөгөөд гарах зардал, татварын асуудлыг Б тал өөрөө хариуцна, 3.1.3-д Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүхий л зардлыг Б тал бүрэн хариуцна. Үүнд: Лицензийн төлбөр, татварын хураамж зэрэг бусад бүхий л зардал багтана гэжээ.

Хэдийгээр дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 буюу коронавирусийн цар тахал, түүний халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 102 дугаар тогтоолын дагуу хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хэдий ч А ХХК-ийн хөрөнгө оруулагч, захирал Америкийн Нэгдсэн Улсын иргэн B паспортын дугаар 6429666731, /Боржигон Д/-ийн хувьд төлбөрийг цаг үеийн дэвшилтэд технологийн нэг болох цахим гуйвуулгаар шилжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн татварын нэг төрөл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хуулиар хүлээсэн үүргийг хөрөнгө оруулагч А ХХК биш нэхэмжлэгч хариуцах ёстой бөгөөд татвар төлөх хугацааг хойшлуулж, чөлөөлсөн монгол улсын хууль гараагүй учир Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/487 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure-ийн гэрчилгээг олгосон гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

3.            Харин Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ., 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заажээ. 

Хуулийн тус заалтуудаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, дараа жилийн төлбөр төлөх хугацааг зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцохоор байна.

Тодорхойлох хэсэгт дурдснаар С ХХК-ийн эзэмшлийн XV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээн, тусгай зөвшөөрлийг анх олгосон огноог 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс тооцсон тул XV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 8 дугаар сарын 03-ны өдрөөр тооцох нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасанд нийцнэ гэж үзлээ. 

А газрын К хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр XV- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс тооцож, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаар сунгаж шийдвэрлэсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно. гэж зааснаар XV- дугаар зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 6 дугаар сарын 06-ны өдрөөр тооцох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн хугацаа, тухайн жилийн төлбөр төлөх хугацаа өөр өөр байх боломжтой бөгөөд XV- дугаар зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 6 дугаар сарын 06-ны өдрөөр, төлбөр төлөх хугацааг 8 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож ялгаатай үзэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх байдлаар XV- дугаар зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг А газрын К хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл анх олгосон 8 дугаар сарын 03-ны өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн тул  хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заасанд нийцээгүй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д тус тус зааснаар  XV- дугаар зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байхад мөн оны 7 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтийн үндэслэлээ дэлгэрэнгүй гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-иас А газрын Г хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, А газрын Г хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА