Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

   2023         02         01                                       2022/ШЦТ/148

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч: Г.Чанцалдулам,

Шүүгдэгч:  Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***** овогт ***** Т-д холбогдох эрүүгийн 2206036500016 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ****** овогт Б.Т регистрийн дугаар ******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат өргөө барилгын хашаанд хохирогч Б.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хөлөөрөө нүүрэн тус газарт өшиглөж эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат өргөө барилгын хашаанд хохирогч Б.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хөлөөрөө нүүрэн тус газарт өшиглөж эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Г-ын өгсөн “... 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед ажил тараад би хашааны хаалгаар гарах гэж байтал урдаас үл таних 2 залуу дайрч орж ирээд “та нар манай барилгын талбайгаас гараач, зайлаач” гэсэн. Тухайн 2 залуу согтуу байхаар нь та нар “барилгын талбай дээр согтуу юу хийж байгаа юм” гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байтал сахалтай бор залуу миний шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойтол нөгөө хажууд нь хамт байсан залуу шууд миний зүүн талын чих, шанаа хэсгийг хамруулж хавсраад 1 удаа өшиглөсөн. Тэгтэл надтай хамт явж байсан хүмүүс бид нарыг салгаад, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зүүн хацар хавдсан асуудал нь эхний залуу миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохих үед үүссэн. Харин зүүн чихний дэлбэн, хүзүү хэсэгт үүссэн гэмтэл нь нөгөө залуу миний нүүрэнд өшиглөх үед үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.А-жийн өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчим ажлаа тараад машин дотроо Т, Г бид гурав гурван том пиво хувааж уучихаад Т бид 2 Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат хорооллын баригдаж байгаа барилгын хашааны нойлд орох гэх гэсэн хаалга цоожтой байхаар нь тогшсон чинь харуул ирж онгойлгох үед цаанаас танихгүй 3 залуу ирсэн тэгээд юун согтуу хүн яваад байгаа юм гэхээр нь би нарт ямар хамаатай юм бид нар ажлынхаа хашаанд нойлруу орох гэж байна. Та нарт хамаагүй гэсэн чинь яахлаараа энэ хашаагаар гарахгүй өөрсдийнхөө хашаагаар гар гэж хэлээд маргалдсан. Би тухайн залууг ямар ч байсан цохисон, би хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгтэл тухайн залуутай хамт ажилладаг 2 хүн намайг барьж аваад болиулах хооронд Т тухайн залууг өшиглөсөн юм шиг байналээ. Би яг өшиглөж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Л-ийн өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад бид нар ажлаас буусан ба би хамт ажилладаг залуучуудтай сагсны шийдэн дээр сагс тоглоод. А, Т, Г нар машин дотор пиво ууж байсан. Удалгүй 18 цагийн үед намайг дуудаад Г ахыгаа гэрт нь хүргээд өгчих гэхээр нь би машинтай Г ахыг Дарь эх рүү гэрт нь хүргэж өгчихөөд буцаад иртэл А, Т ах барилгын хашааны үүдэн дээр танихгүй хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Тэр үед А ах 1 хүнтэй барилцаад авчихсан хоорондоо цохилцож, зодолдож байгаа харагдсан. Тэгээд би машинаа байрлуулаад явж очоод А, Т нарыг салгаад машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 24/-р тал

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10360 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/-р тал

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1066 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Б.Г-ын биед учирсан Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дангаараа гэмтлийн зэрэг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Г-ын биед учирсан эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүг мөрний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 33-34/-р тал зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Т-ийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Товуудоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-д учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн, хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн эсэхийг нарийвчлан тогтоож энэ талаарх холбогдох баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах хуулийн зохицуулалттай бөгөөд нэгэнт хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаарх холбогдох баримтуудыг хавсаргаагүй байх тул хохирогч Б.Г-д нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г-д учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Цаашид улсын яллагчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан заалт нэг бүрээр хяналтын ажлыг хэрэгжүүлж байвал зохино.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т прокурорын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд, шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт **** Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.Т-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН