| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00216/И |
| Дугаар | 00319 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00319
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00319 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг 6-10 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Од овогт Х-ийн Игийн хүсэлттэй хүү И.Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 сар 8 хоногтойд нь үрчилж авсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.И, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.И нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.И би хүү И Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу 7 сар 8 хоногтойд нь М.Бат-Эрдэнэ, Б.Угтахцэцэг нараас үрчилж, өөрийн гэр бүлд халамжлан хүмүүжүүлж өсгөсөн. Хүү И.Мөнх-Оргил нь багадаа төрүүлсэн эцэг, эхийнхээ гэрт очихоор өвчин ороодог, их уйлж айлгадаг байсан тул ёс заншил, амьдралын шаардлагаар эгч Х.И би үрчлэн авч, сүүгээр угжиж, хоолонд оруулсан. Миний бие хүүгээ 7 сартайгаас нь эмчийн хяналтад оруулж хугацаат үзлэг, дархлаажуулалтын вакцинд тогтмол хамруулж, түүний нэр дээр банкинд хадгаламжийн данс нээлгэсэн. И.Мөнх-Оргилыг 2 настайгаас нь 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлж, 6 нас хүрмэгц Цаст- Алтай цогцолбор сургуулийн 1-р ангид элсэн суралцуулж, одоо 5-р ангид суралцаж байна. Хүүгээ асрамжид авсан хугацаа буюу 7 сартайд нь үрчлэлтийн бүртгэл хийлгэх асуудлыг хөөцөлдөж амжилгүйгээр 2014 онд Жаргалант сумын Засаг даргад хүсэлт гаргасан.
Улмаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/20 дугаар захирамжийн хавсралтын 11 дэх заалтаар Бат-Эрдэнийн Мөнх-Оргилыг нагац эгч Халтармаагийн И надад үрчилж, тухайн огноогоор иргэний улсын бүртгэл хийгдсэн. Ингэснээр Х.И миний бие өндөр настны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрх үүсэхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэи” гэжээ. Хуулийн дээрх заалтад “3 настайд үрчлэн авсан хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эх" өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх бүхий субъект байхаар заасан. Х.И миний бие хүү И.Мөнх-Оргилыг 7 сартайд нь буюу 2008 оны 11 дүгээр сард үрчлэн авсныг тогтоосон тохиолдолд хуулийн уг заалтад хамаарч, миний бие өндөр настны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрх үүсэх юм. Х.И миний бие бодит байдалд 2008 оны 10 дугаар сараас эхлэн хуү Х.Мөнх-Оргилыг өөрийн гэр бүлдээ авч өгсөн хүмүүжүүлсэн нь үнэн билээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/268 дугаар захирамж гарган Б.Мөнх-Оргилыг 7 сартайд нь X.Ид үрчлүүлсэн өөрчлөлт оруулсан. Гэвч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үрчлэлтийн байдлаа заавал шүүхээр тогтоолгох шаардлага тавьсан тул танай шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймээс ПВ67033102 регистрийн дугаартай Х.И намайг ПД08241216 регистрийн дугаартай Б.Мөнх-Оргилыг 7 сартайд нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үрчлэн авсан эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно уу” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.И нь хүү И.Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 сар 8 хоногтойд нь үрчилж авсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.И нь хүү И.Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 сар 8 хоногтойд нь үрчилж авсан болох нь
- Ховд аймаг Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаартай “Тодорхойлолт”
- Ховд аймаг Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 39 дугаартай албан бичиг
- Иргэн М.Бат-Эрдэнэ, Б.Угтахцэцэг, Х.И нарын Ховд аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст гаргасан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймаг Жаргалант сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/20 дугаартай “Хүүхэд үрчлэн авах үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот захирамжийн хавсралт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/268 дугаартай захирамж, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хас банкны хадгаламжийг дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /11-13 хуудас/
- Хүсэлт гаргагч Х.Игийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 126/001550 дугаартай “Төрсөний бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 251/000004 дугаартай ”Үрчилсний бүртгэлийн лавлагаа” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Х.Игийн хүү И.Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 сар 8 хоногтойд нь үрчилж авсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Олхонууд овогт Халтармаагийн И нь хүү И.Мөнх-Оргилыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 сар 8 хоногтойд нь үрчилж авсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х.Игийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ