| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00169/И |
| Дугаар | 00340 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00340
| 2019 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00340 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баянбүрд худалдааны төвд байрлах Алтайн номадис ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,369,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Алтайн номадис ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 2,369,815 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Алтайн номадис ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,369,815 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Алтайн номадис ХХК-ийн төлөөлөгч П.Амарсанаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай Алтайн номадис ХХК нь нэхэмжлэгч нийгмийн даатгалын хэлстийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,369,815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өр төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Алтайн номадис ХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болох 2,369,815 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алтайн номадис ХХК-ийн төлөөлөгч П.Амарсанаа нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,369,815 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 52,867 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Алтайн номадис ХХК-иас 2,369,815 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,867 төгрөгийн тал хувь болох 26433 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Алтайн номадис ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Алтайн номадис ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,369,815 иргэний хэрэгт хариуцагч Алтайн номадис ХХК нь 2,369,815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 52,867 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Алтайн номадис ХХК-иас 2,369,815 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,867 төгрөгийн тал хувь болох 26433 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Алтайн номадис ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ