Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2032/ШЦТ/327

 

 

 

    2023         04          24                                      2023/ШЦТ/327

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Т,  

хохирогч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-н Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “**” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ***-р  хороо, ***-р  байрны 42 тоотод оршин суудаг гэх боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р  багийн 4 дүгээр хороолол, 7 дугаар байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-н Т- /регистрийн дугаар ***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Д-н эзэмшлийн “Айр Эм-1 Чип” загварын  макбүүкийг “төслийн ажил байна, төсөл бичихэд макбүүкээ хэрэглүүлээч, 1 сар хэрэглээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух гэрээс нь ирж авч, ломбардад барьцаанд тавьж эд зүйлийг буцаан өгөлгүйгээр Б.Д-д 2.309.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ий өгсөн “...Би өмнө нь нэг таньдаг ахтайгаа хамт төслийн газар ажилладаг байсан. Тэгээд Д-н нөүтбүүкийг гуйж авсан юм. Нөгөө ахтайгаа таарахгүй, маргалдаад тухайн төсөл дээр ажиллахаа больсон. Мөнгөний хэрэг гараад Д-н нөүтбүүкийг ломбардад тавьсан. Удахгүй буцааж авна гэсэн боловч хугацаа нь хэтрээд алдчихсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д-н өгсөн: “...Т- төслийн ажил хийнэ гээд миний нөүтбүүкийг гуйж авсан. Нөүтбүүкээ өгснөөс хойш 1 сарын дараа нөүтбүүкээ нэхэхэд тэгж байгаад өгнө гээд хойшлуулсан. Сүүлдээ холбогдохоо больсон. Би 10 сард өргөдөл өгсөн. Би нөүтбүүкээ биет байдлаар нь авмаар байна...” гэх мэдүүлэг,

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д-н хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “***”-оос хар саарал өнгийн “Айр М1-чип” загварын макбүүкийг 3.514.903 төгрөгөөр худалдан авч байсан. Үндсэн үнэ нь 3.699.900 төгрөг байсан. 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш найз Б.Т- фэйсбүүк чатаар надтай холбогдоод би төслийн ажилтай байна, төслийн ажил бичих шаардлагатай болчихлоо, нөүтбүүк хэрэгтэй байна гэхээр нь надад макбүүк байгаа, түр хэрэглэж байгаад өгөхгүй юу гэж хэлээд 1 сарын дараа өгөхөөр болсон. 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Т-гээс макбүүкээ нэхэхэд хотоос гарсан байна, тэгж байгаад аваачиж өгье гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй, сүүлдээ дугаараа сольж, фэйсбүүк рүү нь чат бичихээр харах ч үгүй байхаар нь цагдаад хандсан. Би өөрийн макбүүкээ олж авмаар байна, байхгүй бол одоогийн үнэлгээ буюу 3.999.000 төгрөг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  10 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Air M1-чип” загварын macbook /макбүүк/-ийг 2.309.700 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ий яллагдагчаар өгсөн:

“...би Д-гээс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зөөврийн компьютерыг нь ажлаа хийж байгаад буцааж өгье гэж хэлж аваад тухайн өдрөө Д-гээс авсан. Тэгээд зөөврийн компьютерыг нь ломбардад тавиад мөнгийг нь хэрэглэчихсэн. Зөөврийн компьютерыг би Улаанбаатар их дэлгүүрийн орчим ломбардад тавьсан бөгөөд 1 билүү 2 удаа хугацааг нь сунгуулж мөнгийг нь төлсөн. Дараа нь дахиад сунгуулж чадахгүй байж байтал зарагдчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч  Б.Д-н Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны ** дугаар байрны ** тоот гэрээс нь түүний эзэмшлийн “Айр Эм-1 Чип” загварын  макбүүкийг “төслийн ажил байна, төсөл бичихэд макбүүкээ хэрэглүүлээч, 1 сар хэрэглээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Б.Д-д 2.309.700 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ болсон үйл баримтын талаар  хохирогч Б.Д “...2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш найз Б.Т надтай фэйсбүүк чатаар холбогдоод “би төслийн ажилтай байна, төслийн бичих шаардлагатай болчихлоо нөүтбүүк хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь “надад макбүүк байгаа, түр хэрэглэж байгаад өгөхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа буцааж авахаар болсон. Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Т-гээс макбүүкээ нэхэхэд хотоос гарсан байна, тэгж байгаад аваачиж өгье гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй, сүүлдээ дугаараа сольж, фэйсбүүк рүү нь чат бичихээр харах ч үгүй байхаар нь цагдаад хандсан...” гэж /хавтаст хэргийн 10 дахь тал/, шүүгдэгч Б.Т-ий “...Би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ажлаа хийж байгаад буцааж өгье” гэж хэлээд Д-гээс зөөврийн компьютерыг нь авсан. Тэгээд зөөврийн компьютерыг нь ломбардад тавиад мөнгийг нь хэрэглэчихсэн... Би 1 билүү 2 удаа ломбардын хугацаа сунгуулсан. Дараа нь дахиад сунгуулж чадаагүй байж байтал зөөврийн компьютер нь зарагдчихсан юм...” /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ гэж тус тус мэдүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч Б.Т- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Хавтаст хэрэгт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Air M1-чип” загварын macbook /макбүүк/-ийг 2.309.700 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Т-ээс нийт 2.309.700 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч О овогт Б-н Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-ээс нийт 2.309.700 /хоёр сая гурван зуун есөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Т- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ