Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/328

 

 

    2023          04          24                                     2023/ШЦТ/328

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ц--н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** аймгийн ** сумын ***-д *** ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Х овогт Ц-н Б- /регистрийн дугаар ***/.

               

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн  орчимд Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” хорооллын ** дүгээр байрны ** тоотод хохирогч Э.Т- “эмэгтэй хүнийг зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож дух, уруулын салстад язарсан шарх, уруулын дээд хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, уруулын салст, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-гийн өгсөн “...Э.Т миний дүү М-г нүд хальтрам болтол зоддог байсан. Сүүлд 1 дүгээр сарын 02-ны өдөр явж чадахгүй болтол нь зодсон байсан. Би хүний ах учраас эмэгтэй дүүгээ зодуулсан байхыг хараад тэвчихгүй хохирогчийг зодож цохисон...” гэх мэдүүлэг,

        Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Т-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жилээр М гэх эмэгтэйтэй танилцаж улмаар үерхэж, хамт амьдрах болсон. Бид хоёр салахаар шийдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд над руу м утсаар холбогдож уулзъя гэж хэлсэн. Би уулзахгүй гэж хэлэхэд М миний ажил дээр ирээд хэрүүл маргаан хийж байгаад яваад өгсөн. Маргааш нь 10 цагийн орчимд М над руу залгаад хоёулаа уулзъя, би танай гэрээс очиж өөрийнхөө хувцсыг авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй хаалга дуугарахаар нь би М байх гэж бодоод хаалгаа тайлахад М-н ах нь үгийн зөрүүгүй намайг зодсон. Манай хөрш айлын хүн биднийг салгаад цагдаа дуудаж өгсөн... Миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиод дараа нь тонгойлгож байгаад толгой дээр дарж байгаад 2 хөлөөрөө дух руу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.М-н гэрчээр өгсөн:

“...Би Т гэх  залуутай 2019 оны 12 дугаар сард танилцаж үерхээд 2020 оны 10 дугаар сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Т намайг хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын  02-ны өдөр зодохоор нь би ах Б-дээ намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь би Б- ахтай хамт гэрээс нь хувцсаа авахаар очтол Б- ах Т- нэг удаа цохиод авсан. Гэтэл Т-ийн хөмсөг сэтэрсэн. Ах Т- дахиад цохих гээд байхаар нь би холдуулсан. Гэтэл ах Т- 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын **-ний өдрийн *** дугаартай ...Э.Т-ийн биед дух, уруулын салстад язарсан шарх, уруулын дээд хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт,  уруулын салст, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 Хохирогч Э.Т-ийн “...эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх мөнгө байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 50, 55 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-гийн яллагдагчаар өгсөн:

...Манай дүү М-н найз залуу нь зодчихсон байсан. Манай дүү над руу ахаа Т зодчихлоо гэж хэлэхээр нь би тухайн өдөр Т-ийн ажлын байран дээр очсон боловч ажил дээрээ байгаагүй. Маргааш нь дүүгийн эд зүйлийг авахаар болсон тул манай дүү хамт яваад өгөөч гэж гуйсан. Би дүүтэйгээ хамт Т-ийн гэр рүү явсан ба замдаа дүүгийнхээ явж чадахгүй байгааг хараад Тд- их дургүй хүрсэн. Айлын охин хүүхдийг ингэж зодох гэж дээ гэж бодоод явсан. Тэгээд Т-н гэрийн гадаа очоод хаалгыг нь цохиход Т хаалгаа нээхээр нь би тэвчихгүй Т-д гар хүрч зодсон. Тухайн үед уураа барьж дийлээгүй. Өмнө нь манай дүүг хэд хэдэн удаа зодож байхад нь би юм хэлж байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн  зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн  орчимд Баянгол дүүргийн ** дугаар хороо, “***” хорооллын ** дүгээр байрны ** тоотод хохирогч Э.Т- “эмэгтэй хүнийг зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож дух, уруулын салстад язарсан шарх, уруулын дээд хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, уруулын  салст, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Т-ийн мэдүүлэг, гэрч Ц.М-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Э.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Э.Т-ийн “...баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 50, 55 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Х овогт Ц-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Ц.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ