Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00143    

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 29 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00143                                  Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

“Ажилгүйдлийн тэтгэмж 430 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б би “С” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдахаар болсон боловч 14 хоногийн хугацаа өнгөрсөн учир авч чадаагүй юм. Иймд ажилгүйдлийн тэтгэмж болох 430 000 төгрөгийг “С” СӨХ-ноос гаргуулж өгнө үү. Энэ тэтгэмжийг нийгмийн даатгалын байцаагч өөрөө бодож өгсөн, танай байгууллага төлөх хуулийн заалттай гэж хэлсэн...” гэжээ.

Хариуцагч “С” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: “С” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан Д овогтой Б нь тухайн байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах 14 хоногийн хугацаандаа өөрөө хөөцөлдөж амжих байсан учир дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Э нь "С" СӨХ-нд нягтлан бодогчоор ажилладаг. 2018 оны 03 дугаар сарын 15-нд Д овогтой Б-ыг үйлчлэгчээр ажилд авсан. Б нь ажилд орсны дараа ажлаа сайн хийж байсан боловч аажмаар хөдөлмөрийн бүтээмж муудсан, цэвэрлэгээгээ хангалтгүй хийдэг болсон. ...Нэгэнт нийгмийн даатгалын байцаагч бодоод ийм мөнгө олгон гэсэн бол төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь “С” СӨХ-нд холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 430 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 15-наас “С” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нь нотлогдож байх ба, ажилгүйдлийн тэтгэмжийг аваагүй талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч, Д.Б-ын ажилгүйдлийн тэтгэмж болох 430 000 төгрөгийг нийгмийн даатгалын байцаагч бодож өгсөн бол төлнө гэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч энэ мөнгийг одоо шууд өгөх боломжгүй, санхүүжилт орж ирэхээр төлнө гэсэн бөгөөд, санхүүжилт нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 13 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч “С” сууц өмчлөгчдийн холбооноос 430 000 төгрөг гаргуулан Д.Б-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 13 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА