| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 06/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/293 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Хоннгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/293
2023 4 13 2023/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,
хохирогч Х.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, найзын хамт Баянгол дүүргийн 15** дугаар хороо, ** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт П-н Б /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч П.Б 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны хойд талд байрлалтай бор өнгийн 4х3 хэмжээтэй ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг “миний өөрийн ТҮЦ зарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Х.Ө-ээс бусдын дансыг ашиглан 3.300.000 төгрөг болон биет 2.700.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-ын өгсөн “...Тухайн “ТҮЦ” бол манай найзынх байсан, би олон жил ажиллуулсан юм. Тухайн “ТҮЦ” дээр миний утасны дугаар байсан... Би найзынхаа “ТҮЦ”-ийг зарсандаа харамсаж байна, миний буруу. Би 3.300.000 төгрөгийг дансаар авч “ТҮЦ” зарсан нь үнэн. Хохирогч надаас 2.700.000 төгрөгийн хүү, алданги нэхээд байгаа юм. Түүнээс би 2.700.000 төгрөгийг бэлнээр аваагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ө-ийн өгсөн: “...Би 5 дугаар сард найзынхаа “ТҮЦ”-д сууж байтал П.Б орж ирээд “ТҮЦ” зарна гэж хэлсэн. Анх 8.000.000 төгрөгөөр зарна гэж байсан ба 6.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. “ТҮЦ” авахдаа би дүүтэйгээ хамт очсон. Би 3.300.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл над руу нэг хүн залгаад миний “ТҮЦ”-ийг авчихсан байна гэж яриад надаас “ТҮЦ”-ээ авсан. Би Б гэдэг хүнээс авсан талаараа хэлсэн ба энэ хүнд мөнгөө авъя гэж хэлэхэд 7 хоноод өгнө, цагдаад өгөөд хэрэггүй гэж хэлсэн. Түүнээс хойш 7 хоног өнгөрсөн боловч мөнгөө өгөхгүй байсан тул би цагдаад хандсан. Би П.Баас нийт 3.299.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 2.701.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Ө-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2022 оны 5 дугаар сарын эхэн үед найз С-ны “ТҮЦ”-т сууж байтал П.Б гэж хүн ганцаараа орж ирээд ахад нь нэг “ТҮЦ” байгаа шүү, чи худалдаж авах уу гэхээр нь би тэр ахтай ярилцаж байгаад худалдаж авахаар болоод “ТҮЦ” байгаа газар буюу Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны хойд талд очиход бор өнгийн 4х3 метрийн хэмжээтэй “ТҮЦ” үзүүлсэн бөгөөд тухайн “ТҮЦ” нь цоожтой байсан. Тэр ах чи өөрөө цахилгаанаа залгуулаад ажиллуулж болно, надад 6.000.000 төгрөг өгчих, зөвшөөрөл нь байгаа гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “ТҮЦ” дээр очиход Б гэх хүн ганцаараа ирсэн ба би дүү Э-тэй хамт очсон. Би өөрийн ** тоот данснаас 3.300.000 төгрөгийг П.Б гэх хүний хэлсэн “ХААН” банкны *** тоот Б гэх хүний данс руу шилжүүлээд үлдсэн 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг найз С-с зээлсэн юм. Тэр ах “ТҮЦ” дотор байсан зүйлсээ аваад тавиуруудыг нь үлдээгээд яваад өгсөн. Тэгээд би бараа татах гээд хүлээж байгаад 3 хоногийн дараа иртэл “ТҮЦ” байхгүй, хүн ачаад явсан байсан. Гэтэл зөвшөөрөлгүй “ТҮЦ” гээд журмын хашаанд журамлагдсан байсан. Тэгэхээр нь “ТҮЦ”-ээ аваад Улиастайн гүүрний хажууд аваачиж байрлуулсан чинь 2022 оны 6 дугаар сарын дунд үеэр Заяацэцэг гэдэг эмэгтэй над руу залгаад “чи яагаад манай “ТҮЦ”-ийг аваад явчихсан юм бэ, манайх хүнд түрээслүүлсэн байсан” гэж хэлэхээр нь би “Б гэх хүнээс 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан” гэхэд “Б гэх хүн манай аавын “ТҮЦ”-ийг түрээсэлж байгаад зарчихсан байна, манай аав Б-ын найз юм, одоо нас барчихсан” гэж хэлээд “ТҮЦ”-ээ аваад явчихсан. Би Баас мөнгөө авах гэтэл өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Э-н гэрчээр өгсөн: “...Манай ах Ө- “ТҮЦ” худалдаж авч байгаа, хамт очоод авчихъя гэхээр нь хамт явсан. Тэр үед 50 гаруй насны эрэгтэй ганцаараа байсан ба “ТҮЦ”-ийн эзэн нь гэж хэлсэн. Тухайн “ТҮЦ”-ийг манай ах 6.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн. Ах тэр хүнд бэлнээр 2.700.000 төгрөг өгөөд дараа нь 3.300.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Манай ах тэр хүнтэй уулзахаас өмнө найзаасаа 2.700.000 төгрөгийг бэлнээс авсан ба тэр мөнгөө нөгөө эрэгтэй хүнд өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.З-н гэрчээр өгсөн: “...Б нь манай аавын найз юм. Гэхдээ манай аав 2021 онд нас барсан. Би аавынхаа “ТҮЦ”-ыг Б-т байгаа гэдгийг мэдэж байсан. Гэтэл “ТҮЦ” байдаг газрынх нь хажуугаар явж байтал “ТҮЦ” байхгүй болчихсон байхаар нь сургийг нь гаргаж явж байгаад Улиастайн гүүрний орчим нэг Казак залуу ажиллуулж байгааг олж мэдээд аавынхаа “ТҮЦ”-ийг авсан. Тэр залууд Б ах “минийх” гэж хэлээд зарсан юм шиг байна. Б ах бид хоёрын хооронд өглөг, авлагын асуудал байхгүй. Тэр “ТҮЦ”-нд холбогдох бичиг баримт байхгүй. Тэр “ТҮЦ”-ыг 2018 онд хүнээр хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б-ын яллагдагчаар өгсөн:
“...Би тухайн Ц-н эзэмшлийн “ТҮЦ”-ийг 2018 оноос хойш түрээсэлж байсан бөгөөд манай найз 2019 онд нас барсан. Би “ТҮЦ”-ийг өөрийн мэт ашиглаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бусдад зараад удаагүй байж байтал Ц-н охин З гэнэт гарч ирээд аавынхаа “ТҮЦ”-ийг авна гэсэн. Уг нь миний “ТҮЦ” биш, гэрийнхэн нь “ТҮЦ”-ийг асуухгүй байхаар нь би хамаагүй юм байх гээд зарсан. Би 3.300.000 төгрөгөөр өрөө дараад дуусгасан. 2.700.000 төгрөгийг бэлнээр аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Нарантуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:
Шүүгдэгч П.Б 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны хойд талд байрлалтай бор өнгийн 4х3 хэмжээтэй ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг “миний өөрийн ТҮЦ зарна” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 6.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлджээ.
Энэ болсон үйл баримтын талаар хохирогч Х.Ө- “...Би 2022 оны 5 дугаар сарын эхэн үед найз С-ны “ТҮЦ”-т сууж байтал өдөр П.Б гэж хүн ганцаараа орж ирээд ахад нь нэг “ТҮЦ” байгаа шүү, чи худалдаж авах уу гэхээр нь би худалдаж авахаар болоод “ТҮЦ” дээр очсон. ...би дүү Эркебектэй хамт очсон. Би өөрийн данснаас 3.300.000 төгрөгийг П.Б гэх хүний хэлсэн *** тоот Б гэх хүний данс руу шилжүүлээд үлдсэн 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэж /хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Х.Э “...Манай ах Ө- “ТҮЦ” худалдаж авч байгаа, хамт очоод авчихъя гэхээр нь би хамт явсан. Тэр үед 50 гаран насны эрэгтэй ганцаараа байсан ба “ТҮЦ”-ийн эзэн нь гэж хэлсэн. Тухайн “ТҮЦ”-ийг манай ах 6.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн ба манай ах тэр хүнд бэлнээр 2.700.000 төгрөг өгөөд дараа нь 3.300.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...” гэж /хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрч Ц.Заяацэцэг “...Б нь манай аавын найз юм. Би аавынхаа “ТҮЦ”-ийг Б ахад байгаа гэдгийг мэдэж байсан. Гэтэл “ТҮЦ” байдаг газрынх нь хажуугаар явж байтал “ТҮЦ” байхгүй болчихсон байсан. ...аавынхаа “ТҮЦ”-ийг эргүүлж авсан. Тэр залууд П.Б ах “минийх” гэж хэлээд зарсан юм шиг байна...” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ гэж тус тус мэдүүлжээ.
Үүгээр шүүгдэгч П.Б-ын “...Би 2.700.000 төгрөгийг бэлнээр аваагүй...” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Гэвч шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч П.Б нь энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүдэгч гэм буруутай эсэх талаар:
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. П.Б нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах гэж байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Хохирогч Х.Ө- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч П.Б нь нийт 3.299.000 төгрөг төлж барагдуулсан. Би үлдэгдэл 2.701.000 төгрөгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн ба шүүгдэгч П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт 2.701.000 /хоёр сая долоон зуун нэг мянган/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч П.Баас нийт 2.701.000 /хоёр сая долоон зуун нэг мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ө-т олгох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-н Быг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б-аас нийт 2.701.000 /хоёр сая долоон зуун нэг мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ө-т олгосугай.
6. Шүүгдэгч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ