Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/29

 

 

Д.М, Х.Б  нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                     Н.Энхнаран   

Прокурор                                                                              С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   М.Энхтуяа

Шүүгдэгч  Х.Бын өмгөөлөгч                                             Б.Мянган

                                                                                                Б.Баярмагнай

Шүүгдэгч  Д.Мын өмгөөлөгч                                             Ө.Батболд

                                                                                                Э.Ганбат

                                                                                                Д.Урансувд

Шүүгдэгч                                                                               Х.Б

                                                                       Д.М нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Х.Санжидмаа, Ерөнхий шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлоор Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржигон овогт Д.М, Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын ... багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч: Шарайд овогт Х.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, ... оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эыг зодож алсан,

Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт С...өөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор С.Алтай нар нь шүүгдэгч Д.Мыг “хүнийг санаатай алсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Быг  “төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Боржгон овогт Д.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарайд овогт Х.Быг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Х.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад тус тус эдлүүлж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 562 хоногийг, шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

5/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Д.М, Х.Б нарт урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

6/ Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, ... шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган нар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийтгэх тогтоолын 31 дүгээр талд буюу тодорхойлох хэсэгт шүүгдэгч Х.Быг “хэрэг үйлдэх үедээ төрийн албан хаагч буюу Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан байсан ба өөрт хууль, журмаар олгогдсон эрх, үүргийн дагуу иргэн Д.Маас өгсөн “Б.Э мал хулгайлсан” гэх гэмт хэргийн талаарх гомдлын дагуу гэмт хэргийн ул, мөрийг илрүүлэх зорилгоор иргэн Эрдэнбаатарыг хөдөө авч явж малынхаа сэвсийг ол гэж шанаанд цохиж, хэвлийд нь өшиглөсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон” хэмээн үзэж түүнийг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулаад байгаа билээ. Шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэх үеийн буюу 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйл буюу “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан...” үйлдлийг хамааруулан ойлгодог байжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мэдүүлэг /гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар г.м/ авах үед л хуульд заасан дээрх аргуудаар эрүү шүүлт тулгасан бол гэмт хэрэгт тооцдог байсан. Гэтэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд шинэ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд уг шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлийг хийсэн гэж үзэж хуулийг буцаан хэрэглэсэн нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг шүүх ноцтой зөрчиж ял шийтгэл оногдуулсан байна.

2. Мөн шүүгдэгч Х.Бын хувьд тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мэдүүлэг авах байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй бөгөөд харин гэмт хэргийн тухай мэдээллийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан газарт үзлэг хийх зорилгоор хулгайлагдсан малын сэвсийг зааж өгнө гэсний дагуу хайж байсан болохыг шүүгдэгч болон гэрч Б.Ганзориг, Б.Батжаргал нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар мэдүүлдэг. Гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д “Хойшлуулшгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болно” гэж хуульчилж өгсөн.

3. Шүүх зөвхөн хохирогч Б.Эын төрсөн хүү, шүүгдэгч Д.Мын хамаатан болох гэрч Э.Хартогоогийн мэдүүлгийг үндэслэж “Б.Эыг малынхаа сэвсийг ол гэж шанаанд цохиж, хэвлийд өшиглөсөн” гэж үзэж л шийтгэл оногдуулжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар гэрч Э.Хартогоо 5 удаа мэдүүлэг өгдөг бөгөөд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Харин хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Б.Ганзориг, Б.Батжаргал нарын мэдүүлэг зөрүүгүйгээс гадна хохирогч Б.Эын эрх чөлөөнд Х.Б халдаагүй гэдгийг хангалттай гэрчилдэг бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлгийг үнэлэлгүйгээр ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Э.Хартогоогийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэн Х.Быг эрүү шүүлт тулгасан     гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Х.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.       

 

Шүүгдэгч Х.Б 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:”...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Миний бие 2014 онд Хууль сахиулах их сургуулийг цагдаа эрх зүйч мэргэжлээр төгсөж улмаар Дорнод аймгийн Сэргэлэн суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очиж хэрэгт холбогдох хүртэл ажиллаж байсан билээ. Ажиллах хугацаандаа албаны өмнө хүлээсэн үүргээ ёс зүйтэй журмын дагуу гүйцэтгэж, сахилгын болон захиргааны ямар нэгэн шийтгэл хариуцлага хүлээж байгаагүй юм. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний бие цагдаа Б.Ганзоригийн хамт Дорнод аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор сумаасаа аймгийн төвд ирээд байсан бөгөөд орой 22-23 цагийн үед миний ажилладаг сумын эмч М.Болормаа над руу утасдаж хулгай, зодооны хэрэг гарсан тухай мэдээлэл өгсөн юм. Миний бие мэдээллийн дагуу суманд очиход 02 цаг болж байсан бөгөөд манай өрөөнд үхэр алдсан, бусдыг зодсон гэх Д.М, үхэр хулгайлж, бусдад зодуулсан гэх Б.Э болон сумын олон нийтийн цагдаа Б.Батжаргал нар байсан бөгөөд зодуулсан хүнийг эмчид үзүүлсэн бие нь гайгүй байна гэж хэллээ гэсний дагуу өглөө үүр цайх хүртэл тэдгээр хүмүүстэй юу болсон талаар ярилцаж өглөө болгоод нэгэнт зодуулсан хүний бие гайгүй гэсэн учир эхний ээлжинд хулгайн гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгаад дараа нь зодуулсан гэх гомдлыг шалгая гэж шийдвэрлэсэн юм. Энэ үед хамт хулгай хийсэн гэх Э.Хартогоог гэрээс нь авч ирсэн бөгөөд гомдол мэдээлэл эргэлзээтэй зөрүүтэй байсан тул өглөө 6 цаг болмогц үхэр алсан гэх газарт гомдол мэдээлэл үндэслэлтэй эсэхийг шалгах, шаардлагатай бол хэргийн газрын үзлэг хийхээр явцгаасан юм. Үзлэг хийх газар очиход Б.Э гэгч үхэр алсан газраа зааж өгч чадахгүй байгаагаас болж цаг хугацаа их алдсан бөгөөд энэ байдалд дургүйцэж миний бие хохирогч Б.Этай зандрангуй байдлаар харьцаж байсныг үгүйсгэхгүй бөгөөд энэ байдлыг хохирогчийн хүү болох Э.Хартогоо буруугаар ойлгож мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд намайг аавынх нь эрх чөлөөнд халдаж, улмаар амь насыг нь хохироосон мэтээр янз бүрээр мэдүүлдэг юм. Түүний мэдүүлж байгаачлан би хохирогч Б.Эын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд ажил хийх, хэрэг шалгах явцад тэвчээр алдагдаж, чанга дуугаар харьцсан харьцааг эрүү шүүлт гэж үзэж байгаад болон энэхүү хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсаж байна.

Миний бие хэрэгт холбогдох хүртэл эхнэр Г.Отгонтунгалаг, охин Б.Есүйгэн нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5-р багт амьдардаг байсан бөгөөд намайг эрүүгийн хэрэгт холбогдож, ажилгүй болсны дараа эхнэр Г.Отгонтунгалаг нь охин бид хоёрыг орхин явснаас хойш хэрэг шийдвэрлэгдэх хүртэл би охины хамтаар амьдарч өсгөн бойжуулж байсан билээ. Охин Б.Есүйгэн маань 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Одоо 4 нас 4 сартай бөгөөд асран хамгаалах хүнгүйгээс өндөр настай ээжийнхээ дэргэд үлдээгээд шүүх хуралд ирсэн ч шүүхээс хорих ялаар шийтгүүлж цагдан хоригдоод байгаа билээ.

Шүүгдэгч миний бие төрийн алба хашиж, төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагийнхаа төлөө ажил хөдөлмөр эрхэлж яваад эрүү шүүлт тулгасан гэх үйлдлийн улмаас хорих ялаар шийтгүүлээд байгаад харамсаж байгаа бөгөөд миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Цагдаа прокурорын зүгээс хэсгийн төлөөлөгч Х.Быг илтэд өмгөөлөн хамгаалж нэг талыг барьж шалган жирийн малчин иргэн намайг хилсээр шийтгүүлсэнд маш их гомдолтой байна. Анхнаасаа мөрдөн байцаагч Алтангэрэл хэргийн газрын үзлэгээс эхлүүлээд буруу тийш шалган төөрөгдүүлж талийгаачийн амь нас Сэргэлэн сумаас зүүн хойш Баян-Уулын ойролцоо эндсэн байхад Дашзэвэг гэх айлын хашааны ард нас барсан болгож бүх зүйлийг миний эсрэг чиглүүлсэн. Энэ хэрэг дээр Ууганбаяр хошууч, Батмөнх нар нь гэрчүүдийн мэдүүлгийг сольж холин хүн амины гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хэлж гэрчилж байгаа Э.Хартогоог энэ гэмт хэргийг үйлдсэн байх бүрэн боломжтой этгээдтэй өөр хооронд нь нүүрэлдүүлэн байцаах зэргээр гэрч Э.Хартогоогийн сэтгэлзүйд дарамт өгч мэдүүлгийн тогтвортой байдлыг алдагдуулж мөн тухайн хэрэгт гэрч гэх Ганзориг, Батжаргал нартай нүүрэлдүүлэн байцаасан байна. Энэ ажиллагаа буруу гээд байхад дахин дахин нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийж хэргийн эзэн холбогдогчийг бүдгэрүүлэн баллаж дараа нь шинжээчийн бүрэлдэхүүнтэй хууль бус худал дүгнэлт гаргуулж намайг хилсээр шийтгүүлж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Анхан шатны шүүхээс оролцогчдын эрхийг шинжээч Энхтүвшин, Уянга нарыг оролцуулсан төдийгөөр хязгаарласан. Онлайнаар шинжээч нар нь орсон хэдий ч техникийн шаардлага хангаагүйгээс гадна оролцогчдын асуултад дутуу хариулах, дуу дүрсний дамжуулалт байхгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй байсан болно.

Нэгдүгээрт: Энэ хэргийн хувьд гавал тархины гэмтлийн үед гарах шинж тэмдэг нь гурван төрлийн гэмтэл байх ба /1.цусан хураа, 2.тархины няцрал, 3.зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт/ гэмтэл үүссэн үед гарах шинж тэмдэг, үйлдэл хийх чадвар зэрэг гавал тархи, мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн тогтоох асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлүүлэх явдал хамгийн чухал асуудал болно. Гэтэл ийм тархи мэдрэлийн нарийн мэргэжлийн биш шинжээч эмч нараар дүгнэлт гаргуулсан нь хүсэлтийг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хоёрдугаарт: Хэрэв талийгаачийн үхлийн шалтгаан нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Д.Мын үйлдлээс хохирогч Б.Э дээрх гэмтлийг авсан гэж үзвэл амь насыг нь аврах боломжтой гэмтэлд уг цусан хураа нь хамаарах эсэх, аврагдах боломжтой гэмтэл байсан эсэх, хэрэв амь насыг нь аврах боломжтой гэмтэл байсан бол их эмч Болормаа нь гэмтлийг оношлох боломжтой эсэх, оношлох боломжгүй байсан бол дараагийн шатлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлээгүй зэрэг нь амь насыг алдагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй болсон эсэх зэрэг асуудлыг шинжээчийн дүгнэлтээр дахин гаргуулах зайлшгүй шаардлагатай байгаа болно.

Энэ нь хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх асуудал бөгөөд үүнийг шийдэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. /ЭХХШТХ-ийн 16.2/ Гэтэл энэ асуудлыг 1348 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа шинжээчид тавьж шийдвэрлүүлээгүй дутуу орхигдуулсан байна. Мөн гавал тархины гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг тогтоолгоогүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд 4 хавирганы хугарал ямар гэмтлийн зэрэгт хамаарах талаар дурдаагүйгээс гадна талийгаачийн үхэлд хүргэсэн цаг хугацаатай ямар байдлаар шалтгаант холбоотой эсэх талаар шинжээч нараар тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

Гуравдугаарт: Амь хохирогч нь хэсгийн төлөөлөгчид зодуулан байж сумын цагдаа нарыг дагаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа маргааш өдрийн өглөөний 06 цагийн үед сумын төвөөс 25-30 орчим км газар машинаар явж улмаар хулгайн гэмт хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож яваад хэсгийн төлөөлөгч Х.Б нь нүүр рүү нь 2-3 удаа цохиж унахад нь цээж, толгой дээр нь цагдаагийн хатуу гутлаар дэвсэж, амь насыг нь өөрийн ухаангүй болгож төрсөн хүү Э.Хартогоо болон сумын цагдаагаар дамжлуулан байж машиндаа хийлгэсэн ба түүний машинд 09 цаг өнгөрөхөд амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдож байгаа болно. Хэрэг болсон гэх өдрөөс хойш Э.Хартогоо нь надтай огт уулзалдаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр яг нэг зүйлийн талаар буюу амь хохирогчийн үхлийн шалтгааны талаар цагдаад зодуулж амь нас хохирсон талаар хэлж мэдүүлж байгаа нь хангалттай бус уу?

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрч Батжаргал, Ганзориг, Э.Хартогоо, яллагдагч Х.Б нартай яллагдагч Д.М миний биеийг нүүрэлдүүлэн байцаах хүсэлтийг удаа дараа тавихад үүнийг огт шийдвэрлэхгүй байсаар өдийг хүрсэн.

Дөрөвдүгээрт: Гэмт хэрэг гарсан газар бол Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5-р багт байрлах Дашзэвэгийн хашааны ард биш Сэргэлэн сумын 2-р баг Баян-Уулын хойно болсон байх бөгөөд уг газарт нь хэргийн газрын үзлэг хийх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хэргийн хугацааг сунгахдаа гэрч Батжаргал, Ганзориг, Хартогоо, Х.Б, Д.М нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийнэ гэж сунгасан байдаг ба хавтаст хэрэгт гэрч Э.Хартогоогийн мэдүүлгийг шалгасан нэртэй луйврын ажиллагаанаас өөр баримт огт байхгүй байна. Иймд дээрх гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг зайлшгүй хийж хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү.  

Тавдугаарт: Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг яагаад орхигдуулаад байна. Д.М нь амь хохирогчтой зүгээр нэг хоорондоо архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож маргалдсан зүйл байхгүйн дээр энэ хэрэг гарсан гэх өдрөөс 2 хоногийн өмнөөс хулгайд алдсан 3 гуталтай үнээ, 3 бяруу шүдлэн хайж явсан байдаг ба үүнийг амь хохирогч хүүтэйгээ нийлж хулгайлсан гэдгээ хэлдэг бөгөөд энэ 2 жилийн хугацаанд мал хулгайлах гэмт хэргийг огт шалгасангүй. Энэ ямар учир байна вэ? Энэ хулгайн гэмт хэргийг илрүүлэх гэж Х.Б Монголын цагдаагийн баярын өдөр эрдэнэт хүний аминд хүрсэн шүү дээ. Яагаад энэ асуудлыг орхигдуулаад байна вэ?

Зургаадугаарт: Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий этгээдүүд болох эмч Болормаа, бага эмч Амгаланбаяр нар нь амь хохирогчийг цагдаагийн байранд байхад нь ирж үзээд зүрхний цохилт болон даралт, биед авсан гэмтэл шархыг үзээд амин үзүүлэлтүүд хол, хавирганы хугарал байхгүй гэх зэрэг үзлэгийн протокол хөтөлж, эмнэлэгт аваачиж эмчлэх шаардлагагүй гэж дүгнээд хэсгийн төлөөлөгчид хариуцуулан цагдаагийн байранд үлдээгээд явсан байна. Гэтэл талийгаачийн биед задлан шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтлүүдээс гадна баруун зүүн 4 хавирганы хугарал үүссэн байдаг. Мөн Д.М нь согтуу хүнийг эмнэлэг, цагдаад хүлээлгэн өгөөд байхад эмчлэх үүргээ умартсан эмчийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос гадна уг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо оролцогчдод танилцуулаагүй байна. Уг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулж гомдол гаргах эрхийг зөрчсөн байна. 

Хэргийн үйл баримтыг авч үзвэл 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талийгаач Б.Этай Дашзэвэг гэх айлын хашааны ард уулзалдаж архи ууж хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудлаас болж өөр хоорондоо маргалдаж Д.М нь сумын эмч, хэсгийн төлөөлөгчид иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн үйлдэл хийжээ. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий этгээдүүд нь  амь хохирогчийг хүнд гэмтэл аваад байхад нь үзэж зохих эмчилгээг шат дараатай хийсэн үйл баримт эргэлзээтэйн дээр амь хохирогч нь сумын цагдаа нарыг дагаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа маргааш өдрийн өглөө 06 цагийн үед сумын төвөөс 25-30 орчим км газар явж улмаар хулгайн гэмт хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож яваад 09 цаг өнгөрөхөд амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.  Яаж ч бодсон хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт зааснаар шийтгэгдэх ямар ч нөхцөлгүй юм.  Үнэхээр л талийгаачийн амь нас хохирсон явдал нь Д.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэгдвэл энэ хэргийн зүйлчлэлийн асуудал хурцаар хөндөгдөнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.5 дахь хэсэгт зааснаар Д.Мын хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх бүрэн боломжтой нөхцөл байдалд очиж таарна шүү дээ. Иймд тус шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шинжээч томилуулж, дээр дурдсан тодорхой ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийлгүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байгаа. Энэ талаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна... Эхний дүгнэлт бол “...өчигдөр орой нэг хүн хүнд зодуулаад бие нь муудаж нас барлаа. Гэмтэл, өөрчлөлт, тархины цус харвалтын өнгө, шинж чанар...” гэсэн байдалтай л байсан. Тийм ч учраас тухайн шинжээч тэр дүгнэлтийг хуучин, шинэ гэж ялгах шаардлагагүй, үхэлд хүргэсэн гэмтлийг яаж бичдэг билээ. Тэр байдлаар бичсэн байсан. Ингээд дараагийн давтан дүгнэлтүүд гарсан. Бүх дүгнэлтүүд үхлийн шалтгааны хувьд ижил. ...Шинжээч нарын “...будгийн аргаар 12-18 цагийн өмнө үүссэн...” гэсэн магадлал муутай хугацаа тогтоосон дүгнэлтэд үндэслэж Д.Мыг хүн алсан гэж үздэг. Д.Мад зодуулснаар гэмтэл авсан гэж үзэхэд түүнээс хойш нэг ч удаа ухаан алдсан асуудал байхгүй. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн 251 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хуулийг тайлбарлах тал дээр алдаатай гэж үзэж байгаа. Энэ хэрэгт Д.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн. ... Иймд миний хувьд Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар биш 11 дүгээр бүлэгт заасан хүний биед санаатай гэмтэл учруулсантай холбогдуулж авч үзэх ёстой гэж үзэж байна. ...Д.Мын эрх зүйн байдлыг дордуулахгүй, хөнгөрүүлж хэрэглэх бүрэн боломжийг хуулиар олгосон байгаа учир яллах болон хөнгөрүүлэх талын бүхий л нөхцөл байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлж, ашигтай байдлаар зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргамаар байна” гэв.

 

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцохдоо зөвхөн гэрч Хартогоо, шүүгдэгч Д.М нарын мэдүүлгийг л үндэслэсэн байдаг. Яллагдагч, шүүгдэгчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй. Юу ч ярьж болно. Гэхдээ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тэр нь дангаараа нотлох баримт болохгүй. Гэрч Хартогоогийн хувьд мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Харин ч Хартогоогийн мэдүүлэг бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. ...Шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй байна. Иймд боломжтой бол давж заалдах шатны шүүхээс Х.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Боломжгүй бол анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

 

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мэдүүлгээ анхнаасаа үнэн зөв өгсөн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг ерөнхийдөө “...хэрэг хүлээлгэх зорилгоор...” гэж яллаж байгаа. Яг үнэндээ миний хийсэн ажиллагаа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа биш. ...Хэрэг хүлээлгэх зорилготой биш, мэдээллийн дагуу тэр ажиллагааг хийсэн. Ажил үүргээ гүйцэтгэж яваад ял шийтгэл хүлээсэндээ харамсаж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Мын гэр бүлийнхэн бүл чадал сайтай, мал хөрөнгөтэй. Гэтэл талийгаачийн гэр бүлийнхэн бүл чадал муутай, хүний мал харж амьдардаг. Хоорондын харилцаа сайн байгаагүй. Талийгаачийг хүн чинээ тоож үзээгүй. Тийм ч учраас хулгайн хэрэгт гүжирдэж аймшигтай болтол зодсон. Төрөл садан гээд түүнийг хүндэтгэдэг байсан бол ингэж зодох уу. Иймд “...садан төрлийн холбоотой. Нийлж Х.Быг гүтгэх гэж байна...” гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгтэн, гэрч хоёрыг зэрэгцүүлж суулгаад, нүүрэлдүүлээд мэдүүлэг авч байсан. Үүнээс болж жинхэнэ алуурчныг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг зөвөөр тогтоож чадаагүй...” гэв.

 

Прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дорнод аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Алтай би Д.М, Х.Б нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. ... Д.М нь 2016 оны 07 сарын 28-ны өдрийн орой Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5-р багт Б.Эыг зодож алсан, Х.Б нь Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэрэг хүлээлгэх зорилгоор Б.Эын нүүр болон хэвлий орчимд цохиж, бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, түүнчлэн нотолбол зохих байдлын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар “мал хулгайлсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Б.Эыг зодож алсан,

шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт С...өөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн гэрч М.Болормаа, Г.Амгаланбаяр, Б.Батжаргал, Э.Хартогоо, Б.Ганзориг, Н.Энхтуяа нарын мөрдөн шалгах шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Э.Хартогоо, Б.Ганзориг, Б.Батжаргал нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7121, 1403, 942, 1348, 498 тоот дүгнэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 71 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 19/04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “...талийгаачийн амь нас хохирсон явдал нь Д.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Мын хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх” талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Б.Эыг зодсоны улмаас түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доторхи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал гэмтлийг  учруулж уг гэмтлийн улмаас хохирогч 12-18 цагийн дараа нас барсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана. Шүүгдэгч Д.Мын хохирогчид учруулсан тархины гэмтэл нь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг  алах гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна.

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Мянган нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 1-ийн “Мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” гэсэн заалтыг зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэсний дараа сэжигтэн, хохирогч, гэрчээр тооцож мэдүүлэг авах ойлголттой хамааруулан тайлбарлаж давж заалдах гомдол гаргажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн хэм хэмжээ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ,  тухайлбал 2000 онд Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци”-оос эх үндэстэй учраас хуулийн энэ заалтын  утга агуулгыг тухайн конвенцийн үзэл санаа, агуулга, хэм хэмжээтэй нийцүүлэн ойлгох нь зүйтэй юм. Уг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү конвенцийн зорилгын дагуу Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон байна. Нөгөөтэйгүүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн зохицуулалт нь төрийн албадлага хэрэгжүүлэгчийн хууль бус арга ажиллагааг хориглох, эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангах зорилготой тул зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчээр тооцон мэдүүлэг авах ажиллагаагаар хязгаарлан үзвэл өрөөсгөл болно. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасан “...мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” гэдэгт “тодорхой хэрэгтэй холбоотой мэдээлэл авах, үг хэлүүлэх зэрэг зорилгоор бусдыг хүч хэрэглэн зодсон” шүүгдэгч Х.Бын үйлдлийг хамаатуулан ойлгох нь зүйтэй юм. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бын дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу оногдуулах ялын төрлийг нэмэгдүүлсэн хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэл байхгүй тул шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Амь хохирогч Б.Эын үхлийн шалтгаантай холбоотойгоор гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд үхлийн шалтгаан, гэмтлийн шинж чанарын талаар зөрүүтэй, эргэлзээ үүсэхээр зүйл тогтоогдоогүй байна. Шүүх эмнэлгийн шинжээч нар нь мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа, тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд байх тул “тархи мэдрэлийн нарийн мэргэшлийн эмч нараар дүгнэлт гаргуулаагүй” гэх шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гомдлыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд явагдах тул “М.Болормаад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн амь хохирогч Б.Э нь шүүгдэгч Д.Мын малыг хулгайлсан асуудлыг шалгаагүй явдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохооргүй байна.

Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баян-Уул” гэх газрын хойно үзлэг хийх шаардлагатай, мөн шүүгдэгч Д.Мыг бусад оролцогч нартай нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай гэх хүсэлтүүд нь хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг тогтоох гэж буй нь тодорхойгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй.  

Мөн шүүгдэгч Д.М, Х.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн шүүгдэгч Х.Бын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, “Шүүгдэгч Д.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар зүйлчлэх; шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох; ял шийтгэлийг хөнгөрүүлж торгох ял оногдуулах; шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шинжээч томилуулах” талаар гаргасан шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг тооцохдоо шүүгдэгч Д.Мын 2016 оны 07 дугаар сарын 30-наас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 564 хоногийг 2 хоногоор, шүүгдэгч Х.Бын 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг 1 хоногоор тус тус дутуу тооцсоныг зөвтгөхөөр шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 562 хоногийг, шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын 2016 оны 07 дугаар сарын 30-наас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 564 /таван зуун жаран дөрөв/ хоногийг, шүүгдэгч Х.Бын 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч Д.М, Х.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 74 /далан дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                              О.БААТАРСҮХ