Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2021/0040

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө сумын Засаг дарга,

Хариуцагч: Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ө сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасны дагуу 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах, Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гщ ХХК-ийн газартай давхцсан Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Төв аймгийн Өщ сумын Засаг А.Д, Ө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гщ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Гео хайгуул ХХК нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт Их хайрхан нэртэй газарт ХҮ-019580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 сарын 12-ны өдөр авсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил тутамд холбогдох баримтыг бүрдүүлэн сунгуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.14-д заасан баримтыг хавсарган өгөх үүрэгтэй. Тус баримтын нэг бол байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байдаг. Бидний хувьд 3 дахь жилийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 38.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1-д Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ. гэж зааснаар Өндөрширээт сумын нутаг Их хайрхан нэртэй газарт ХҮ-019580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2021 оны 01 сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Тус журмын 3.5-т зааснаар байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг байгаль орчны байцаагч хянаж, сумын Засаг дарга батлахаар заажээ. Гэтэл сумын засаг дарга нь дээрх үүргээ биелүүлэхгүй Өндөрширээт сумын Засаг даргын зөвлөл гэх хурлаар оруулж 2021 оны 01 сарын 29-ний өдөр БИНХ-аар хэлэлцүүлнэ. Хойшлууллаа гэж шийдвэрлэсэн. Дээрх хууль зөрчсөн үйлдлээс болж бидний хуулийн дагуу эзэмшсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан баримтын хамт /засаг дарга батлах ёстой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг/ өгөх боломжгүй болж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хуулийн хугацаа дуусгавар болох хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Өндөрширээт сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.5-д зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвхөн өөрөө шийдвэрлэх ёстой байтал ямар ч хууль журамд заагаагүй Засаг даргын зөвлөл гэх байгууллагыг хуралдуулж шийдвэрлэсэн. Энэ нь хуульд заасан өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй болсон байна. Иймд өөрт нь хамааруулсан асуудлаар Засаг дарга бие даан шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй байгаа тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.5-д зааснаар шийдвэрлэж өгөхийг сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар тогтоолоор Аршанд, Бандиншивээт галын улаан хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу онгон нэртэй газрыг сумын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд манайд 2016 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхацсан байна. Манай газартай давхацсан хэсгээр бидний Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Газрын тухай хуулийн 16.2-т зааснаар орон нутгийн тусгай хамгаалалтад газрыг авах эрхтэй боловч Газрын тухай хуулийн 20.1.4-д заасны дагуу хуулиар тусгай хамгаалалтад авахаас өмнө өөр этгээдэд хуулийн дагуу эзэмших эрх олгосон бол түүний эрх ашгийг хөндөх учир урьдчилан мэдэгдэж нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Бид тусгай зөвшөөрлөө 2016 онд анх авсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Газрын тухай хуульд зааснаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй тул хүчингүй болгож өгнө үү. Өндөрширээт сумын Засаг даргаас түүх соёлын дурсгалт газар, тусгай хэрэгцээнд авсан газартай тусгай зөвшөөрлөөр эзэмшсэн талбай давхацсан гэх шалтгаанаар XY-019580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхөөс татгалзсан бөгөөд хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах боломжгүй болж бидний Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд заасан хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Иймд Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхцах хэсэг буюу Аршанд, Бандиншивээт галын улаан хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу тахилын онгон нэртэй газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Бидний зүгээс тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд амьдарч байгаа малчдыг хөөсөн, малын бэлчээрийг устгасан, соёлын өвд халдсан зүйл огт байхгүй. Тухайн хэсгүүдэд үйл ажиллагаа явуулахгүй байх бүрэн боломжтой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөрширээт сумын Засаг даргыг байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэх хүсэлтэй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд орон нутгийн байгаль орчны улсын байцаагч Засаг дарга хоёр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталснаараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хяналт, шаардлага тавих гол тулгуур, ганц бичиг баримт нь байдаг. Би Өндөрширээт суманд очоод Засаг даргын зөвлөл хуралдахад олон янзаар тайлбарлаж өгсөн. Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хор хохирлыг арилгах гэдэг дээр сум орон нутагтай хамтарч ажилладаг гол бичиг баримт байгаа. Байгаль хамгаалахаар тусгагдсан зардал 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулж орон нутагтай хамтарч ажиллах үндсэн бичиг баримт. Бид нарын ажил энэ асуудлаас болоод удаашрах цаг хугацаа алдах олон төрлийн хүндрэлүүд тохиолдож байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах үед Улаанбаатар хотод хатуу хөл хориотой байсан. Би Гео хайгуул ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2021 оны эхээр худалдаж авсан. Өмнө нь энэ компанитай холбогдоогүй. Миний ойлгож байгаагаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь суурин боловсруулалт, төлөвлөгөө батлуулсны дараа газар дээр нь ажилладаг. Өмнө хайгуулын ажлын төлөвлөгөөг өгнө гэж бичсэн байсан. Суурин боловсруулалтын судалгааны ажиллагаа хийгдсэн. Архивт суурин боловсруулалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Байгаль орчинд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Бидний хувьд 2021 онд газар дээрээ ажиллах байсан. Надад хуучин 2016, 2017 оны ажлын төлөвлөгөө хүлээлгэж өгсөн... Хайгуулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын тайланг сумын Засаг даргаар батлуулдаггүй, Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулдаг. Урьд өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Талбайгаар тойрч үзсэн, булш харагдаж байсан... Бүх хайгуулын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажиллагаа хийх явцдаа археологи, палентлогийн судалгааг мэргэжлийн байгууллагаар судлуулдаг. Тэр ажлаа энэ жил хийх төлөвлөгөөтэй байсан. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөрширээт сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасны дагуу 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн давхцалтай хэсэг буюу Ар шанд, Бандин шивээтийн цогцолборт тал, талын улааны хиргисүүр, өгөөмөр уулын хажуу тахилгын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Гео хайгуул ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан. 2018 онд тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотойгоор шүүхээр яваад Улсын дээд шүүхээс тогтоол гараад сэргэсэн. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь 2018 онд дуусаад 2019 оны төлөвлөгөө батлуулах хугацаанд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй учраас төлөвлөгөөг батлуулаагүй. 2019 онд батлуулах хугацаа нь өнгөрсөн. 2020 онд хөл хорио гээд очиж чадаагүй. 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар орон нутагтай холбогдсон орон нутгаас түүх соёлын дурсгалт зүйл байрладаг, иргэдийн эзэмшиж байгаа газартай давхцалтай. Хайгуул хийгээд газар ухах нь гэх мэтээр тайлбарлаад Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр буюу Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид заагдаагүй нэгж хэлэлцээд шийдвэрийг хойшлуулж байна гэж хэлээд явсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.2, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А618 дугаар тушаалын хавсралтаар баталсан Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг боловсруулах, батлах хянан тайлагнах журмын 2.1-т ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар үйл ажиллагаа явуулж байгаа сум дүүргийн Засаг даргын Тамгын газарт батлуулахаар хүргүүлэхээр заасан. ХҮ-019580 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан батлуулахаар 2021 оны 01 сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Тус журмын 3.5-т зааснаас үзвэл байгаль орчны байцаагч хянаад Засаг дарга батлахаар заасан. Сумын Засаг дарга дээрх үүргээ биелүүлээгүй, иргэдээс санал авна гэх үндэслэлээр хойшлуулаад байсан. Гео хайгуул ХХК нь зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар Түүхэн дурсгалт зүйл байрладаг соёлын өвийг шингээсэн эд зүйл хиргисүүр байрлаж байгаа тохиолдолд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах соёлын өвийг хөндөх хуулиараа хориотой. Иргэдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартаа давхцалтай гэж байгаа боловч энэ нь тусдаа хуулиар зохицуулагддаг. Газар эзэмших эрх нь хэзээ үүссэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө үүссэн юм уу, хойно үүссэн юм уу тусдаа харилцаа. Соёлын өвийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 30.8 га газраар давхцаж байна. Энэ хэсгээр олборлолт явуулах боломжгүй. Хуулиар хориглосон. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулиа зөрчсөн. Мөн хавсралт гэж гараад байгаа баримт бичгүүд нь 2017 ондоо гараагүй. 2020, 2021 оны баримт бичгүүд нь давхар байдаг. Эрх зүйн хувьд баримт бичгийн шаардлага хангаагүй. Газрын тухай хуулийн 20.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс болоод нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлөө хуульд зааснаар сунгуулах эрхийг нь хөндөөд сунгуулах боломжгүй болсон. Ашигт малтмалын газар дээр шүүхээр маргаантай байгаа гэсэн бүртгэл хийгдсэн явж байна. Одоо энэ маргаан 2021 онд дуусах гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Хайрхан II багийн нутагт олгогдсон ХY019580 тоот талбайд сумын 41 өрх айл 20502 толгой мал байна. Мөн талбайд тахилгат "Ар", "Өвөр", "Сант хайрхан" түүний ойр орчмын уулсаар ховор ан амьтан 106,1км2 талбайд тархан байршиж байна. Тус хайгуулын талбайд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасны дагуу сумын тусгай хэрэгцээнд авсан газар орж байна. "Гео хайгуул" ХХК нь 2016 оны 05 сараас тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа гэх боловч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус суманд нэг ч удаа ирж байгаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 38 дугаар зүйлийн 38.1.1. дэх заалтыг тус тус зөрчсөн, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заагдсан чиглэлээр ямар нэг судалгаа шинжилгээ хийгдээгүй. Уг тусгай зөвшөөрлийг авснаас хойш 5 жилийн хугацаанд хэрхэн сунгуулж ямар үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй. Менежментийн төлөвлөгөөг тодорхой хугацааны өмнө батлуулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад холбогдох бичиг баримтын хамт гаргаж өгөх гэсэн заалтыг Гео хайгуул ХХК зөрчиж 2021 оны 02 сарын 11-ний өдөр дуусгавар болох тусгай зөвшөөрлийн бүрдвэрийг 14 хоногийн өмнө суманд авчирч батлуулах үйлдэл хийсэн нь өөрөө уг заалтыг зөрчсөн үйлдэл. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтуудыг үндэслэн уг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сампилноров шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасны дагуу олонхоор шийдвэр гаргадаг... Уг талбайд нутгийн иргэдийн дунд үе улиран тахигдаж ирсэн Өвөр, Сантын уулс, Эмгэн дэл, Буянт, Бумбан энгэр зэрэг оршуулгын газрууд мөн давхцаж орсон байна. Гео хайгуул ХХК нь 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан гэх боловч 2021 он гартал 5 жилийн хугацаанд тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж үйл ажиллагааны талаар танилцуулж байгаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нутагтай давхцаж байгааг мэдээгүй тул сумын тусгай хамгаалалтад авах арга хэмжээг авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасны дагуу 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах, Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхацсан Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр "Гео хайгуул" ХХК-д Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг, Их хайрхан нэртэй газарт 21056,36 гектар талбайд ХV-019580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар[1] олгосон байна.

2. Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу хууль тогтоогчоос Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын талбайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчлан тогтоож, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ хэмээн тусгайлан зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээх үүргийг нь тодорхойлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй, 38.1.3-т зааснаар тухайн төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй, ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын алба буюу сумын байгаль орчны байцаагч нарын зөвшилцөж боловсруулсан төлөвлөгөөг хуулийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалахаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон энэ хуулийн 38.1.8-т зааснаар сумын Засаг даргын нээсэн дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан нь хууль тогтоогчоос тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар боловсруулж батлуулсан төлөвлөгөөгөө дахин шинэчлэн боловсруулаад уг төлөвлөгөөгөө батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэхийг үүрэг болгожээ.

3. Нэхэмжлэгч Гео хайгуул ХХК нь 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 04/21 тоот албан бичгээр Өндөрширээт сумын Засаг даргад хандан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт гаргаж[2], Их хайрхан нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлсэн.

Өндөрширээт сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 29-нийн өдрийн 4-р тэмдэглэлээр Гео хайгуул ХХК-ийн 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах ажлыг хойшлуулсан, харин хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй, түүний 2021 оны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн энэ үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар ...зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр "Гео хайгуул" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Гео хайгуул ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн маргааныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 497 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ХV-019580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх сэргэсэн.

Нэхэмжлэгч нь ХV-019580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авснаас хойш 2018 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд болон Улсын дээд шүүхээс түүний тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээснээс хойших 2019, 2020 онуудад, тодруулбал тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн хугацаанд мөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг маргаангүй байх хугацаанд буюу 2016, 2017, 2019, 2020 онуудад хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Өндөрширээт сумын Засаг даргад хүргүүлээгүй, батлуулаагүй болох нь нэхэмжлэгчийн ...тусгай зөвшөөрлийг цуцалсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 12 сард Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан ч 2019 онд шийдвэрээ авсан, 2019 онд батлуулах хугацаа нь өнгөрсөн, үйл ажиллагаа явуулаагүй тул төлөвлөгөөг батлуулаагүй, 2020 онд Засгийн газраас хөл хорио тогтоогоод орон нутагт очиж чадаагүй, газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй... гэсэн, хариуцагчийн ...Гео хайгуул ХХК-ийнхан 2016 оны 5 сараас 2021 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд нэг ч удаа сумын удирдлагаар төлөвлөгөө батлуулаагүй гэсэн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2019, 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай хамтран боловсруулсан гэх тайлбар, нотлох баримт гаргаагүйгээс гадна ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2019, 2020 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй гэх сумын Засаг даргын үйлдэл /эс үйлдэхүй/-тэй холбогдуулан дээд шатны нь Засаг даргад болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан гэх тайлбар гаргаагүй, эдгээр байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2019, 2020 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулаагүй, батлуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авснаасаа хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2019, 2020 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулаагүй, батлуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн Гео хайгуул" ХХК-ийн ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйг Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.3. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, 38 дугаар зүйлийн 38.2-т сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3-т заасан төлөвлөгөө...-г хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгчийн Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Үүнээс гадна Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шинэ корона вирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсэгчилсэн хөл хорио тогтоож, 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолуудаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг хугацааг сунгасан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн хөл хорионы дэглэм цуцлагдсан нь Засгийн газрын тогтоолуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2020 онд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөвлөгөө батлуулах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

5. Хариуцагчийн Гео хайгуул" ХХК-ийн ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль зөрчөөгүй, тодруулбал, нэхэмжлэгч тал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан журмаар Өндөрширээт сумын Засаг даргатай зөвшилцөн 2016, 2017, 2019, 2020 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулаагүй, батлуулаагүй, 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хариуцагчтай зөвшилцөж боловсруулаагүй, хариуцагчийн эс үйлдэхүй хууль зөрчөөгүй байх тул ХV-019580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Өндөрширээт сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгчээс Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхцах хэсэг буюу Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг сумын тусгай хамгаалалтад авчээ[3]. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.4.Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж зааснаар түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамгаалалтад авах нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн асуудал байна.

Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07/333 тоот шинжээчийн дүгнэлтийн 2.2-т Өндөрширээт сумын 2 дугаар баг, Их хайрхан нэртэй газарт байршилтай XV-019580 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 5 түүх, соёлын үл хөдлөх дурсгал давхцалтай байна..., гэж, 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 07/891 тоот шинжээчийн дүгнэлтийн 2.1-т ...Аршандын арын 40-өөд булш...тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай байна... гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хайгуулын талбай тойрсон, булш харагдаж байсан... мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх төлөвлөгөөтэй байсан хэмээн тайлбарласан тул нэхэмжлэгчийг палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авалгүйгээр, түүх соёлын өв байршиж буй газартай холбогдох асуудлыг төлөвлөгөөндөө тусгалгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийгээ батлуулахаар хариуцагчид хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т ашигт малтмалын хайгуул хийхдээ палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан журмаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд байршиж буй түүх соёлын өв, түүний байршиж буй газрыг хамгаалах, шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй байх тул Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхцах хэсэг буюу Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газрыг тусгай хамгаалалтад авсан хэсэг нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхцах хэсэг буюу Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 401 дүгээр зүйлийн 401.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Гео хайгуул ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасны дагуу 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах, Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын Гео хайгуул ХХК-ийн газартай давхцсан Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 


[1]Хавтаст хэрэг 1, 6-8 дахь тал,

[2] хавтаст хэрэг 1, 13-33 дахь тал,

[3] хавтаст хэрэг 1, 65-69 дэх тал,