| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0340/З |
| Дугаар | 221/МА2025/0381 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0381
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч: “Я” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “А” ХХК, “Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын “Я” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг /”А” ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг/-ийг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэг /”Х” ХХК-д холбогдох хэсэг/-ийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0160 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0340/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Я” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын “Я” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг /”А” ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг/-ийг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэг /”Х” ХХК-д холбогдох хэсэг/-ийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0160 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц давж заалдах гомдолдоо “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0160 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн ам буюу нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь нийслэлийн харьяаны мэдэлд шилжсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Я” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, дуусгавар болгосон.
Тодруулбал, анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/297 дугаар тушаалаар Ташгайн аманд “Я” ХХК-д 7.6 га газар ашиглах эрх олгосон ба түүнээс хойш тус компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Нэгэнт тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахааргүй болсон тул анх үүссэн газар ашиглах эрхийг цуцалж, дуусгавар болгох нь эрх зүйн зөрчилгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү”,
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Захиргааны актыг гаргах бүрэн эрхтэй байгууллагын шийдвэр хуульд нийцсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/922 дугаар захирамж, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны А/110 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн эрх зүйн орчинд үндэслэн гарсан бөгөөд энэ нь хуульд нийцсэн байна. Тус захиргааны акт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, үндэслэлтэй шийдвэр юм.
“Я” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсоор дуусгавар болсон. “Я” ХХК нь тухайн газрыг 13 жилийн турш эзэмшихдээ аливаа бүтээн байгуулалт, хөгжүүлэлт хийгээгүй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд эрхийг хүчингүй болгох” үндэслэлд бүрэн нийцэж байна. Тиймээс тус компанийн газар эзэмших эрх аль хэдийн хууль ёсоор дуусгавар болсон гэж үзэж байна.
Тусгай хамгаалалттай газрын хил зааг хууль ёсоор шинэчлэгдсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022, 2023 оны тогтоол, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны тушаалын дагуу шинэчлэгдэн тогтоогдсон. Энэ нь Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтарсан уулзалтаар албан ёсоор баталгаажсан. Иймд газрын хуваарилалт, эрхийн шилжилт нь шинэчилсэн хил заагт үндэслэсэн, хууль ёсны үйл ажиллагаа юм.
Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл хангалтгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн зохицуулалтыг хангалтгүй харгалзан үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Ямар ч эрх зүйн хүчинтэй эрх үүсээгүй этгээд нь хууль ёсны захиргааны актын хүчинтэй байдалд маргаан үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/922 дугаар захирамж болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны А/110 дугаар тушаалыг хууль ёсны эрх зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,
3.3. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо “Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
Харин Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулж, улмаар Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол тус тус гарч, түүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн амны хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар “Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх” гэж заас
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тушаал гаргасан гэх үндэслэл болохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай болсон.
Нэхэмжлэгчийн газар нь Газрын мэдээллийн нэгдсэн санд зөвтгөн бүртгүүлсний дараах байдлаар Нийслэлийн газар нутагт хамаарах болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгож эрх зүйн харилцааг дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн. Шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь үргэлжлүүлээд Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгох нь зүйтэй гэж шийдвэрлэж байгаа нь шүүх өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамж, “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалыг хүчингүй болгосон тухайд нэхэмжлэгчээс шүүхэд өмнө ашиглаж байсан, хүчингүй болсон газраа эзэмшиж, ашиглахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд огт гаргаагүй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх хүсэлтэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01-08/72 дугаар албан бичгээр “... Танай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/297 дугаар тушаалаар ашиглуулахаар олгосон газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна байх бөгөөд Нийслэлийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээг авч, хамтран ажиллах тухай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Иймд тус албанд хандан гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн.
Энэ хариу буюу газар эзэмших эрх олгохоос татгалзсан захиргааны шийдвэртэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. Мөн энэхүү маргаагүй шийдвэр нь маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдан А/634 дүгээр захирамж гарахаас өмнө ийнхүү хандсан байдаг ба Нийслэлийн Засаг даргаас авсан хариутай маргаагүйн сацуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдан А/634 дүгээр захирамж гарч газар эзэмших эрхийг цуцалсны дараа, үргэлжлүүлэн газраа эзэмшихээр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гарган хандаагүй байдаг.
Энэ нь эзэмшиж байсан гэх газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар болсныг мэдсэн ч энэхүү газраа үргэлжлүүлэн эзэмшихээр Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчийн зүгээс идэвхтэй үйлдэл хийгээгүй гэсэн агуулгатай бөгөөд иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших, ашиглах тухай хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, боломжоо ашиглаж субьектив эрх үүсгэх эсэх ажиллагааг хийгээгүй байхад шууд Нийслэлийн Засаг даргыг аливаа үйлдэлд буруутгах боломжгүй билээ.
Анхан шатны шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Нийслэлийн Засаг дарга руу тухайн газрыг эзэмшиж байсан бүх хүмүүсийг шууд шилжүүлэх, харин Нийслэлийн Засаг дарга нь тухайн шилжиж ирсэн иргэд дээр шууд сайн дураараа газар эзэмших эрх олгох, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох ёстой байсан юм шиг дүгнэж буй байдал нь өөрөө холбогдох хууль тогтоомжийг зорчиж буйг шүүх анхаарч үзээгүй, газрын тухай хууль тогтоомжид аль нэг этгээд газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийн хүрээнд захиргааны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл үүсэхээс биш газар эзэмших хүсэл сонирхолтой эсэх нь тодорхойгүй байхад буюу аливаа этгээд нь холбогдоогүй байхад газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээг сайн дураараа гаргаж, өөрсдөө олгох эрх хэмжээг аль ч хууль тогтоомжид тусгаагүй болно.
Үүнээс дүгнэвэл Нийслэлийн Засаг даргатай холбоотойгоор нэхэмжлэгчид “газартай холбоотой” харилцаа үүсээгүй буюу газар эзэмших субьектив эрх үүсээгүй. Үүсээгүй субьектив эрхийн аливаа асуудалд Нийслэлийн Засаг дарга буруутан болохгүй буюу хамгийн гол нь гуравдагч этгээдийн газартай давхцал үүссэн гэж анхан шатны дүгнээд буй “тухайн давхацсан гэх газар эзэмших эрх” нэхэмжлэгчид байхгүй болно.
Энэ нь нэхэмжлэгч гуравдагч этгээд буюу манай компанийн газартай маргах эрхтэй, субьектив эрхийн хөндөгдөлтэй гэх этгээд биш буюу манай захирамжтай холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.
Манай компанийн газар эзэмших эрх хүчингүй боллоо ч гэсэн Нийслэлийн Засаг дарга дээр нэхэмжлэгч талаас сэргээгдэх эрх байхгүй буюу анхнаасаа үүсээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
Нэхэмжлэгч “Я” ХХК шүүхэд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн мэтээр шаардлага гаргаж, шүүх үүнийг хангаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхээс эрх зүйн хамгаалалт хүсдэг. Мөн нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байх ёстой. Гэтэл гуравдагч этгээд “А” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамж, “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалаараа захиргаа нэхэмжлэгч “Я” ХХК-тай ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй болохыг дээр дурдсан.
Шүүхээс гарсан шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тухайд анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болгосноор “Я” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх боломжгүй.
Харин хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаад, эзэмших эрхийн гэрчилгээ авсан “А” ХХК, “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхээс огт анхаарч үзээгүй. Гуравдагч этгээдүүдийн хувьд мөн л итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой байхад нэхэмжлэгчийн зүгээс тодорхой төлбөр төлсөн байна гэдэг үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь шүүхээс хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байдаг бөгөөд хугацаагаа сунгуулаагүй талаар 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хүлээн зөвшөөрсөн.
Эндээс үзвэл, газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болчихсон байхад түүний газрын эрхийг сайдын зүгээс цуцалж, нэгэнт газар ашиглах эрхгүй этгээд маргаан бүхий газарт газар эзэмших ёстой байсан байдлаар тайлбарлаж, харин гуравдагч этгээд “Х” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон байхад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй талаар тайлбарлаж маргаж байхад шүүх энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Дээрх нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусаад энэхүү этгээд нь хамгаалагдах эрх ашиг нь дуусгавар болсон буюу энэхүү газрын талаар маргах эрхгүй болсон тухай анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлан тайлбарлан оролцсон бөгөөд шийдвэр гаргахдаа энэ хүрээн дэх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох татгалзалд бичгээр гаргасан шүүхийн шийдвэрээр “хариу өгнө” буюу энэхүү татгалзлыг хүлээж аваагүй үндэслэлээ бичгээр гарах шийдвэрт тусгана гэж анхан шатны шүүх хуралдаан дээр шийдвэрээ уншиж сонсгох үедээ тайлбарласан.
Бичгээр гарсан шийдвэрт энэ талаар нэг ч дүгнэлтийг анхан шатны шүүхээс өгөөгүй, хийгээгүй байна. Учир нь үнэхээр газар эзэмших эрхийн хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж, газраа үргэлжлүүлэн сунгуулахаар хүсэлт гаргаагүй үйл баримт илэрхий тодорхой бөгөөд үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал юм. Энэхүү маргаан бүхий захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчийн газар эзэмших дуусгавар болсон байсан.
Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах явцдаа баримтын хүрээнд дэлгэрэнгүй шинжлэн судалсан бөгөөд анхан шатны шүүхээс мөн бичгээр гарах шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааны асуудалд тайлбар өгнө гэсэн атлаа мөн шийдвэрт огт тусгаагүй байна
Мөн тус газрыг нэхэмжлэгч тал нь 2011 оноос буюу 12 жил эзэмшиж, ашиглахдаа тухайн газар дээр нэг ч шон зоогоогүй буюу газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн татгалзлын үндэслэл болгож тайлбарладаг бөгөөд энэхүү нөхцөл байдлыг гуравдагч этгээдийн зүгээс тухайлан дурдаж буй гол шалтгаан нь нэхэмжлэгч талд тухайн газрыг эзэмших бодит сонирхол байсан эсэх цаашлаад маргаад байх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хүсэл сонирхол байхгүй гэх агуулгаар дурдаж буй болно.
Ийнхүү олон жил үр ашиггүй байсан газрыг одоо нэг юм зориулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буй гуравдагч этгээдтэй маргах эрх нэхэмжлэгч талд хуулийн болон бодит асуудлын хүрээнд ч байхгүй гэж үзэж буйг тусгайлан анхаарч шийдвэрлэж өгнө үү
Гуравдагч этгээд “А” ХХК, “Х” ХХК-д газар эзэмших эрх олгосон тушаалын хувьд, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Я” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын “Я” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг /”А” ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг/-ийг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэг /”Х” ХХК-д холбогдох хэсэг/-ийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-297 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Ташгайн аманд байрлах 4 га газрыг нэхэмжлэгч “Я” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2011/124 тоот гурвалсан гэрээ байгуулж, 2011/124 тоот гэрчилгээ олгожээ.
3.2. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолуудаар Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.
3.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн амны хилийн цэст залруулга оруулжээ.
3.4. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба үүнд нэхэмжлэгч “Я” ХХК-ийн ашиглалтын газар багтжээ.
3.5. Дээрх нөхцөл байдлын улмаас дээрх маргаан бүхий газар Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах болсон байх ба Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 7000 м.кв газрыг гуравдагч этгээд “А” ХХК-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалаар уг газрыг гуравдагч этгээд “Х” ХХК-д шилжүүлж эзэмшүүлснээр энэхүү маргаан үүсжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нолох баримтыг дутуу бүрдүүлсэн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
4.2. Тодруулбал, анхан шатны шүүх “... Дархан цаазат газрын хилийн зааг, цэс өөрчлөгдсөнөөр маргаан бүхий газарт захиргааны акт гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн Засаг даргад шилжсэн байх ба сайд нь маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах эрхгүй болсон ... учир нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ нь мөн сайдад байхгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.3. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1-д “Дараахь газар нутгийг дархан цаазтай газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй” гээд 3/-д “Улаанбаатар хотын урд хэсэгт орших “Богдхан уулын дархан цаазат газар” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна” гээд 1/-д “дархан цаазат газар”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12/-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох” гэж тус тус заасан.
4.4. Өөрөөр хэлбэл, Богдхан уулыг дархан цаазат газарт хамруулж, тусгай хамгаалалтад авсан дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд маргаан бүхий Богдхан уулын Ташгайн аманд байрлах 4 га газар нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Нийслэл Засаг даргад шилжсэн, улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
4.5. Маргаан үүсэх болсон үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг газрын мэдээллийн санд өөрчлөгдөж бүртгэгдсэнтэй холбоотой, шүүхээс цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид анх газар ашиглуулах үед Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Ташгайн амны хилийн заагийг хэрхэн тогтоож байсан талаар, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газрын мэдээллийн санд оруулсан зураглал нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол, түүний хавсралтад заасантай тохирч байгаа эсэх, байнгын хорооны тогтоолоор өгсөн үүргийн дагуу Засгийн газрын шийдвэр гарсан эсэх, уг шийдвэрийн дагуу мэдээллийн санд өөрчлөлт оруулсан эсэх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олж авах үед газрын мэдээллийн санд ямар байдалтай байсан, байнгын хорооны тогтоолын дараа ямар байдалтай болж өөрчлөгдсөнийг тодруулахаас гадна нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дууссантай холбоотой мөн Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргах хугацааны талаар холбогдох баримтуудыг цуглуулж дүгнэлт хийх шаардлагатай байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ