| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/00156/и |
| Дугаар | 00207 |
| Огноо | 2019-02-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00207
| 2019 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2019/00207 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М-д холбогдох
“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц.Э миний бие ажилгүй гутал засан амьдардаг байсан. Архичин, би өөрөө архаг архичин байсан. 2010 онд архины албадан эмчилгээнд явж архинаас бүр мөсөн гарсан. Энэ үед эхнэр Л.М архины хамааралтай байсан ба цуг ууж байсан. Түүнээс хойш 9 жилийн хооронд охин А төрсөн. Одоо би архи уудаггүй, УБҮ-т ажилладаг, ээлжийн ажилтай. Охин цэцэрлэгт, эхнэр М байнга архи ууна. Уусан цаг мөч болгондоо бид хоёрт агсам тавьж би цагдаа болон эрүүлжүүлэхэд дуудан өгч шүүхээр байнга шийтгүүлж баривчилгаанд 10, 20, 30 хоногоор жилдээ 2-3 удаа, эрүүлжүүлэхэд 5-10 удаа ордог. Засрах ухаарах ямар ч хүсэлгүй, улам л цаашид байнга ийм байна, үхтэл чинь дарамтална, зовооно гэх болсон. Одоо цагдаа эмнэлэгт би нэр нүүргүй болж Орхон аймгийн нийт ард түмний дунд янхан, банзал, гичий, архичин байсан, хэлэхгүй хараахгүй зүйлгүй. Би цаашид ямар ч амьдралын хүсэл зорилгогүй болсон учир бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин А-ийг би өөрийн халамж анхааралдаа авах цаашид хүүхдийнхээ ирээдүй хөгжилд анхаарч явах хүсэлтэй байдаг. Миний энэхүү хүсэлтийг харгалзан үзэж гэр бүлийг цуцалж өгөхийг хүсч байна...” гэв.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Л.М нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Би гурван дагуул охинтой. 2000 онд Ц.Э гэдэг залуу надтай танилцсан. Ийм хүн гэж бодоогүй, насан турш ханилнаа гэж амалсан. Тийм учраас би сэтгэл мэдрэл өвчтэй, байнга цагдаа цэрэгт барьж өгнө. Би сэтгэлээр унаад зөндөө архи уудаг болсон. Тийм учраас Ц.Э-д охин А-ийг өгөхийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёр эвээр сална, сард бүр охинтойгоо уулзана...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь Л.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Л.М нар нь 1997 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Э.А төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.А-ийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа: ...эхнэр М нь архи их уудаг. Архи уусан үедээ байнга агсам согтуу тавьдаг, амар тайван байлгадаггүй. Архинаас гаргах гэж чадах бүхнээ хийсэн боловч гарахгүй байгаа тул охиноо бодоод гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.
Хариуцагч Л.М нь : ... би архи их уудаг. Архинаас гаргах албадан эмчилгээнд явсан боловч таарахгүй байсан тул буцаад ирсэн. Одоо би Ц.Э-аас гэрлэлтээ цуцлуулна. Охиноо аавд нь өгөхийг зөвшөөрч байна. Би өөрөө хөл гар муутай, архи уугаад гараа хөлдөөсөн юм. Тиймээс охин Э.А-ийг аавд нь өгнө.... Ц.Э-ыг тайван байлгахыг хүсэж байна... гэсэн.
Гэрлэгчид нь эхнэр Л.М архины хамааралтай болсны улмаас гэр бүлд маргаан зөрчил гардаг гэдгийг зохигчид хэн хэн нь тайлбарласан бөгөөд, зохигчид гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцож, тэдний дундаас төрсөн охин Э.А-ийг эцэг Ц.Э-д өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэр бүл дотор эхнэр Л.М-ын архи уудагтай холбоотой хэрүүл маргаан байнга гарч, энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх боломжтой байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Иймд Ц.Э, Л.М нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.А-ийг эцэг Ц.Э-ын асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ц.Э, Л.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Э.А-ийг охин эцэг Ц.Э-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА