Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

прокурор Г.Баясгалан,

хохирогч Л.,

шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч М.*******, З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 214 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2207001480203 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД: /,

******* овогт *******ын *******,

 

  1. Монгол улсын иргэн, өдөр аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД: /,

******* овогт *******ын *******;

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.*******, Л.******* нар нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “боловсролын баримт бичиг”-г бүрдүүлэх, олгох эрх бүхий субъект биш атлаа урьдаас “2020 оны 06 дугаар сард багтаан цэцэрлэгийн багшийн диплом гаргах боломжтой” гэх амлалтыг өгч, хохирогч, тус цэцэрлэгийн манаач Л., урьд хамт ажиллаж байсан Л. нараас 2020 оны 04 дүгээр сарын 17, 24-ний өдрүүдэд нийт 7.500.000 төгрөг шилжүүлүүлэн авч улмаар цэцэрлэгийн багшийн дипломыг гаргуулах, бүртгүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа хохирогч Л.ийн эхнэр Б.д “диплом удахгүй гарна, хүлээж бай” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн тул мэдүүлэг өгөхгүй байж болох уу?. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн” гэв.

Шүүгдэгч  З.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Болсон процессоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв би өвдөөгүй байсан бол энэ ажлыг зохицуулаад өгөх байсан. Мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Л.ийн мэдүүлэг /хх-/, гэрч Б.ы мэдүүлэг /хх-25-26/, гэрч Х.ын мэдүүлэг /хх-30-31/, гэрч Л.гийн мэдүүлэг /хх-34-35/, хохирогчийн дансны хуулга /хх-86-88/, З.*******ын дансны хуулга /хх-89/,

Шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: М.*******гийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-115-121/, Нийслэлийн Налайх дүүргийн боловсролын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолт /хх-127/, М.*******гийн ажил байдлын тодорхойлолт /хх-122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-133/, гүйлгээ хийсэн гэрэл зураг /хх-139/,

Шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн зүгээс: З.*******ын хувийн байдалтай холбоотой баримт /хх-144-149/, мэс засал хийлгэсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч М.*******, З.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.*******, Л.******* нар нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “боловсролын баримт бичиг”-г бүрдүүлэх, олгох эрх бүхий субъект биш атлаа урьд цэцэрлэгийн манаачаар ажиллаж байсан хохирогч Л.ийг урьдаас “2020 оны 06 дугаар сард багтаан цэцэрлэгийн багшийн диплом гаргах боломжтой” гэх амлалтыг өгч, эгч Л. нараас урьдчилгаа, 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр 1.000.000 төгрөг, 24-ний  өдөр 3.000.000, 2.500.000 төгрөг буюу нийт 7.500.000 төгрөгийг тус тус  шилжүүлүүлэн авч улмаар цэцэрлэгийн багшийн дипломыг гаргуулах, бүртгүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийгээгүй мөртлөө хохирогч Л.ийн эхнэр Б.д “диплом удахгүй гарна, хүлээж бай” гэх зэргээр 2 жил хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ийн өгсөн: “...Би Налайх дүүргийн 153-р цэцэрлэгт манаачийн ажил хийдэг байсан. 2020 оны 04 дүгээр сард тус цэцэрлэгийн эрхлэгч *******тай өөрийн эхнэрт цэцэрлэгийн багшийн диплом гаргуулах талаар тохиролцоод 7,000,000 төгрөгийг *******гийн хэлсэн дансанд шилжүүлсэн. ******* надад хэлсэн дипломыг заасан хугацаандаа гарган өгөлгүй намайг хууран мэхэлсэн...Тэгээд 2022 оны 08 дугаар сарын дундуур надаас авсан мөнгөө нэхүүлж байж буцаан өгсөн. Надад ямар сургуулийн диплом гаргаж өгөх талаараа хэлээгүй ба 2020 оны 06 дугаар сарын зуны төгсөлтөөр дипломыг чинь гаргаж өгнө гэж тохиролцсон...М.******* нь танай эхнэрт найдвартайгаар, хичээл сургалтад сургахгүйгээр диплом гаргаж өгч чадна гэж хэлээд мөнгө авсан...Тэгээд дүүргийн дарга Раднаабазарт *******г холбогдуулаад гомдол гаргах гэтэл ******* нь над руу өөрөө яриад “мөнгийг чинь одоо буцаагаад өгье, өргөдлөө буцаагаад аваач, би ажилгүй болчхоод байна” гэж гуйгаад байхаар нь би өргөдлөө өгөлгүй буцаагаад авсан. Би анх *******д мөнгө шилжүүлэхдээ банкнаас цалингийн зээл аваад 7,000,000 төгрөг шилжүүлсэн, зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна... надад хэлэхдээ “М.******* эрхлэгч би мэдэхгүй, цаашаа ******* гэх хүнд дамжуулаад өгчихсөн. Одоо тэр хүнтэй холбогд” гээд байна гэж хэлсэн. Тухайн хүнтэй нь холбогдохоор “удаахгүй болгоно, бүтээнэ, хүлээж бай” гээд өгөхгүй явсаар 2020 оны өвөл ******* гэнэт “би ковид тусчихлаа хүлээж бай” гээд огт мөнгө өгөхгүй байсан. Сүүлдээ ******* нь “би зүрхний хүнд хагалгаанд орлоо. Та нараас болж миний бие өвдчихсөн. Одоо надад хамаагүй М.*******тай учраа ол” гээд байсан. Тэгээд М.******* эрхлэгчтэй холбогдохоор “******* удахгүй эдгэрээд бүтээчихнэ, хүлээж бай” гээд байсан...” гэсэн мэдүүлэг

/хх-15-16, 18/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ы өгсөн:“...Би Налайх дүүргийн 123-р цэцэрлэгт туслах багшаар олон жил ажиллаж байна. Манай нөхөр нь *******гийн “2 сарын дотор цэцэрлэгийн ахлах багшийн диплом гаргана” гэсэн үгэнд нь итгээд нийт 7,000,000 төгрөг шилжүүлсэн...2020 оны 06 дугаар сарын сүүлээр би дипломоо шаардахад ******* нь байнга хойшлуулаад янз бүрийн шалтаг шалтгаан хэлж байсан. 2020 оны 12 дугаар cap хүртэл хугацаанд “диплом гаргаж өгөх хүн маань корона туссан, хөдөө буяны ажил гараад явсан” гэх мэтчилэн хойшлуулж байсан. 2020 оны 12 дугаар сард би “диплом яасан бэ” гээд асуусан чинь 90099899 ******* гэдэг хүний гар утасны дугаарыг надад өгсөн. Би тэр дугаараар нь ярихад “арай болоогүй байгаа, чи жаахан хүлээж бай” гэх мэтчилэн хойшлуулж байсан. Би *******тай байнга холбогдож дипломоо нэхдэг байсан. 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* нь над руу залгаад Налайх дүүргийн 4-р хороо, Хорго төвийн гадаа уулзахад “диплом чинь удахгүй гарна, чи хэсэг хүлээж бай” гэж намайг хойшлуулсан. Би тэгээд 2021 оны 10 дугаар сарын үед *******тай ярьсан чинь ******* нь “зүрхний шигдээс болсон, корона туссан, одоо надад хамаагүй болсон, тэр *******тай ярь, одоо ******* шийднэ, чамаас болж зүрхний хагалгаанд орлоо” гэж надад хэлсэн. Тэгээд ******* гэх эмэгтэй гар утсаа авахгүй болж, нэг удаа ч холбогдоогүй алга болсон...*******гийн дансанд мөнгө шилжүүлэхдээ анхнаасаа цэцэрлэгийн ахлах багшийн өдөр, оройн сургуульд бүртгүүлээд өг гэж мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Өдөр, эчнээн сургуульд хамрагдах байсан бол өөрсдөө бүртгүүлээд хамрагдах байсан юм. Гол нь ******* 2 сарын хугацаанд диплом гаргаж өгнө гэсэн худал үгэнд нь итгээд хууртсан...*******гаас 7,000,000 төгрөгөө 2022 оны 08 дугаар сарын дундуур буцааж авсан...*******гийн хэлснээр бүрэн дунд боловсролын гэрчилгээ, туслах багшийн үнэмлэх, иргэний үнэмлэх, 2 хувь зураг хэрэг болдог гэхээр нь би дээрх баримтыг эх хувиар нь өгч байсан..." гэх мэдүүлэг

/хх-25-27/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр *******д хандаж “чи манай эгчид диплом олоод, гаргаад өгч чадах уу” гэхэд “танай эгчид диплом гаргаад өгч болно, дипломыг 2020 оны 06 дугаар сарын төгсөлтөөр гаргаж өгч болно, цэцэрлэгийн багшийн кодтой дипломыг сургуульд сургаагүй байж сурсан мэтээр, дараа нь яамнаас шалгалт ирэхээр хуурамч гэдэг нь мэдэгдэхээргүй диплом гаргаж өгч чадна” гэсэн хариуг надад хэлсэн. Би итгээд урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******гийн хэлсэн дугаарын данс руу өөрийн ээж болох О.Пунцагдуламын дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд дараа нь манай ах нь *******гийн хэлсэн дугаартай Хаан банкны гэсэн хүний данс руу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эхлээд 3.000.000 төгрөг, жаахан байж байгаад дахиад 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

            /хх-30-31/,

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 153-р цэцэрлэгийн эрхлэгч ******* надаас “мобайл банк бий юу” гэж асуухад “байгаа” гэж хэлсэн ба “эгч нь чиний дансанд мөнгө хийгээд өөр рүүгээ шилжүүлээд авья” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл миний дансанд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 54 минутад Төрийн банкны дугаарын данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа, мөн өдрийн 11 цаг 55 минутад “гээс шилжүүлэг” гэсэн утгатай 500.000 төгрөг буюу нийт 6.500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд орж ирсэн мөнгийг би *******гийн гуйснаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 10 минутад гэсэн дугаарын дансанд “гээс үлдэгдэл ноолуурын үнэ” гэж утга хэсэг дээр нь бичээд 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 2.500.000 төгрөгөөр 1 удаа гүйлгээ хийсэн. 1.000.000 төгрөгийг нь дансанд “ үлдэгдэл 1.000.000 төгрөг” гэж бичээд шилжүүлсэн..." гэх мэдүүлэг,

/хх-34-35/,

 

  1.  Хохирогч Л.ийн зүгээс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-85-88/,

 

  1. Шүүгдэгч З.*******ын банкны дансны хуулга

/хх-89/

 

  1.  Шүүгдэгч М.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд

/хх-115-121, 122/

 

  1.  Нийслэлийн Налайх дүүргийн боловсролын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолт

/хх-127/

 

  1.  Шүүгдэгч М.*******, З.******* нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас

/хх-133, 134/

 

  1. З.*******ын хувийн байдалтай холбоотой баримт /хх-144-149/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар шүүгдэгч М.*******, шүүгдэгч З.******* нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: “...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагчийн хэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдье гэсэн анхны санаа зорилго байгаагүй. Бусдад тусалъя гэсэн санаа зорилго байсан. Мөнгийг нэг ч төгрөг үрэлгүй, авалгүй З.*******д шилжүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйдаг. Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна. Торгох ял шийтгэл миний үйлчлүүлэгчид тохирсон. Өмгөөлөгчийн зүгээс үйлдлийн хувьд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэх,

Шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн зүгээс: “...шүүгдэгч З.*******ын хувьд анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Гагцхүү мөнгө удсан талаарх баримтыг гаргаж өгч шинжлэн судаллаа. Амьдралын шаардлагын хувьд мөнгөнөөс нь хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Тус шүүхэд хэрэг шилжиж ирсний дагуу хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж байсан. Ял шийтгэлийн асуудал дээр хөнгөрүүлэх нөхцөл байдал яригдаж байна. Бидний хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах зарчимтай. Хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр улсын яллагчийн дурдсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан нөхцөл байдал бас байгаа. Хохирогч нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Диплом мөнгөөр худалдаж авна гэдгийг хууль бус болохыг мэдэж байсан. Мэдэж байсан хэр нь хүсэж мөнгө шилжүүлээд байгаа үйлдэл нь буруутай үйлдэл гэж харж байна. Тухайн үед таслан зогсоох боломж байсан. Хуульд заасан хэм хэмжээний хүрээнд улсын яллагчийн оногдуулсан торгох ялын нэгжээс багасгаж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.*******, З.******* нар нь бүлэглэн бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.*******, З.******* нар бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэснийг өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******, З.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй хэдий ч

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь “....анх бүртгүүлээд боломжтой бол хялбарчилсан журмаар сургаад тэгээд сүүлд нь дипломтой болгох гэсэн асуудал яригдсан. Ковид гараад хугацаа алдсан. Ковидын үед түргэвчилсэн сургалт гарч ирж байсан. Гэхдээ бичиг баримт нь шаардлага хангахгүй удсан тохиолдол байгаа...” гэх,

шүүгдэгч З.******* нь “...Тэр хавар хоёр сургуулиар орсон. 6 дугаар сараас хөрвөх сургалт гээд олон жил ажилласан багш нарыг сургадаг сургалт болох гэж байсан. Түүнд сургах гэж анхнаасаа тохирсон. Тэрэнд сургахаар төлбөрийн төлөөд зуны амралтаар сургая гэж хэлсэн. Тэгээд би 6 дугаар сард ажил багассан үед хоёр, гурван сургуулиар явсан. Гэвч Б.ы диплом нь Налайхын МСҮТ төгссөн бичиг баримт байсан учраас шаардлага хангаагүй. Хөврөх сургалт нь өмнө бакалаврын дипломтой багш биш хүнийг хөврүүлж цэцэрлэгийн багшаар сургадаг тул Б.ыг бүртгүүлж чадаагүй. Намар эчнээд сургах шаардлага хангаж байсан. Би Б.тай бичиг баримт шаардлага хангахгүй байна. Тэгэхээр дараагийн сургууль хөөцөлдөх арга хэмжээ авъя гэхэд “Улаанбаатар Эрдэм Оюу” сургуульд хөрвөх сургалт байдаг гэсэн санал хэлэхээр нь тэр сургуульд нь бүртгүүлэх хүлээлттэй байсан. Нэг жил хөл хорионд байсан болохоор бүртгүүлж чадаагүй...” гэх тайлбар мэдүүлгүүдийг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******, З.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л. нь “...хохирол төлбөр 7,500,000 төгрөгийг бүрэн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Харин улсын яллагчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн...шүүгдэгч М.*******, шүүгдэгч З.******* нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэх,

шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан нөхцөл байдал үүссэн...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэх,

шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан нөхцөл байдал бас байгаа...улсын яллагчийн оногдуулсан торгох ялын нэгжээс багасгаж өгнө үү...” гэх тус тус дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.4.хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л. нь “...2020 оны 4 дүгээр сард 7,500,000 төгрөгөө өгсөн, 2021 оны 11 дүгээр сард мөнгөө авах зорилгоор цагдаад өгсөн, 2022 оны 08 дугаар сард мөнгөө буцааж авсан...” гэх мэдүүлгээс үзэхэд 2 жил 4 сарын дараа хохирол төлбөрийг төлсөн ба гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд М.*******, З.******* нарт эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, шүүгдэгч З.*******д 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.*******, З.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, М.*******г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******, М.******* нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ