| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0045/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,
шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ө-д холбогдох 2216001120013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* багийн ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ЖБ********* регистрийн дугаартай, Х овогт Д-н Ө.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ө-н 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багт байрлах ***** дүгээр байрны **** дугаар орцны доод давхрын подвалын цонхоор нэвтрэн, хохирогч В.Т-н эзэмшлийн эд зүйл хадгалдаг өрөөний хаалганы цоожийг эвдлэн орж, хохирогч В.Т-н өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай хүүхдийн эмээл 1 ширхэг, хохирогч Г.Д-н өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай, жийжүү дөрөөтэй том хүний эмээл 1 ширхэг, хохирогч Н.М-н эзэмшлийн ТОЗ-8 загварын буу 1 ширхгийг авсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багт байрлах **** дүгээр байрны **** дугаар орцны доод давхрын подвалын цонхоор орж уг газар байрлах хохирогч В.Т-н эзэмшлийн эд зүйл хадгалдаг өрөөний хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, түүний өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай хүүхдийн эмээл 1 ширхэг, хохирогч Г.Д-н өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай, жийжүү дөрөөтэй том хүний эмээл 1 ширхэг, хохирогч Н.М-н өмчлөлийн ТОЗ-8 загварын буу 1 ширхгийг авсан болох нь:
1. Хохирогч В.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймаг Есөнбулаг сум ***** дүгээр байранд оршин суудаг ... Би тухайн байрны доод давхрын подвалд нэг өрөөнд өөрийн эд зүйлээ хадгалдаг. Тэгээд намайг Улаанбаатар хотод байхад 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны үеэр Д гээд надад эмээлээ хадгалуулчихсан байсан залуу над руу залгаад “...миний эмээлийг Нарантуул зах дээр хүн зарах гээд бариад явж байна...” гэж ярихаар нь би “...юу яриад байгаа юм бэ...аймагт манай подвалд байгаа шүү дээ. Манайд хулгай орчоогүй бол юу гэж наана чинь байх юм...” гээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний үеэр аймагт ирээд подвалоо үзтэл хаалганых нь цоожийг эвдэн хулгай орчихсон байсан. Тэгээд эхнэрээ тухайн Нарантуул зах дээр зарах гээд барьж явж байсан эмээлийг очоод үзүүлтэл тухайн манай подвалд байсан эмээл мөн байсан. Тэгээд подвалоос хулгайд алдсан эд зүйлээ бүртгэхэд том хүний эмээл 1ш, хүүхдийн эмээл 1ш, калибр буу 1ш, тэгээд зуны хувцаснууд байхгүй байсан. Тэгээд Нарантуул дээр зарах гээд барьж явж байсан эмээл манайхаас алдсан эмээл мөн байхаар нь тухайн Нарантуул захын цагдаад мэдэгдээд хураалгасан... Том хүний эмээл нь манай хуурай дүү Д-н эмээл хэзээ авсныг сайн мэдэхгүй байна. Хүүхдийн эмээл нь би өөрөө хүүхдэдээ 2021 онд хийж өгч байсан. Калибр буу нь манай найз М-н буу хэзээ авсан талаар нь сайн мэдэхгүй байна ... Подвалын гадна хаалганы түлхүүр тус байранд амьдардаг Ч-д нэг түлхүүр, надад нэг түлхүүр байдаг. Манай өрөөний түлхүүр надаас өөр хүнд байдаггүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/
2. Хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т нь миний эмээлийг 2019 онд Говь-Алтай аймаг Есөнбулаг сум ********* хашаанд байх гэрээс хэрэглэе гээд аваад явсан байсан. Би авч амжаагүй Улаанбаатар хотод ирсэн бөгөөд утсаар ярихад эвхээд тавьсан байгаа санаа зоволтгүй гэж хэлж байсан ...Эмээлийн ханшийг сайн мэдэхгүй байна манай үе дамжин ирсэн эмээл байгаа юм. Харин дөрөө нь дээр үеийн жийжүү дөрөө... Энэ нь тухайн үедээ их үнэтэй дөрөө байсан үнийг нь одоогийн ханшаар сайн мэдэхгүй байна ... Би гомдолтой байна. Эмээл, дөрөөгөө олоод авчихвал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
3. Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын үед В.Т нь Тайшир сумын ****** багт байхад ТОЗ-8 загварын бууг бичиг баримттай болгож өгнө гээд аваад явсан. 2022 оны 04 дүгээр сарын үед Т-тай буугаа асуугаад утсаар ярьсан чинь миний бууг хулгайд алдсан гэж хэлсэн. Одоог болтол буугаа олж авч чадаагүй байна... Би тухайн бууг 2021 оны 12 дугаар сард ******** дарга Б гэж хүнээс 1,500,000 төгрөгөөр буюу идэшний үхрээр худалдаж авсан. Б гэх хүнээс тухайн бууг худалдан авахад бичиг баримт байгаагүй. Бичиг баримттай албан ёсны болгох гээд Т-д өгөөд явуулсан чинь хулгайд алдчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/
4. Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын сүүлээр намайг Нарантуул захын Эрдэнэсийн арал гэх газар наймаа хийж байхад хүүхэдтэйгээ хамт явж байсан нэг залуу ирээд надад Говь-Алтай аймгаас ирсэн эмээл байна авах уу гэхэд нь би үзэж байгаад авна гэж хэлээд тухайн эмээл нь өөрт нь байхгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн хажууд айлд байгаа гэж надад хэлсэн... 300,000 төгрөгөөр худалдаж авсан... Ямар ч мөнгөн чимэг байхгүй, нэг нь шинэ цагийн хайлшин даруулгатай байсан... Хүүхдийн эмээлийг нь сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 85 дугаар тал/
5. Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нарантуул захын Эрдэнэсийн арал гээд хуучин эд зүйл зардаг газар зогсдог зүс таних эмэгтэйгээс авсан нэрийн мэдэхгүй. Тэр эмэгтэй надад уг 2 эмээлийг зарахдаа аав, хүү 2 сургалтын төлбөрөө төлөх гээд эмээлээ аваад ирсэн гэж хэлсэн. Бэлэн эсвэл шилжүүлсэн эсэх талаараа санахгүй байна...хохирол 300,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/
6. Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Манай аав Ө намайг Улаанбаатар хот руу ирэхдээ манай эмээ Ц-н амбаарт байгаа бууг аваад ирээрэй гэж хэлэхээр нь би тухайн бууг авч явсан... Би тухайн бууг манай ээжийн дүү Ц-н амбаарт аваачиж тавьсан байсан тэгээд энд байлгаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аав руу намайг Нарантуул дээр аваад ир гэхээр нь би тухайн бууг эгчийнхээс авч гараад хотын төвөөр авч явж болохгүй байх гэж бодоод Улаанбаатар хотын Баянгол дүүрэг гэмтлийн эмнэлгийн хойд талын гэр хороололд байдаг гүүрний тэнд тавиад орхисон... Тухайн буу нь шуудайнд багатахгүй болохоор нь би тухайн бууны хойд талын модыг нь аваад төмрийг нь хийгээд аваад явсан ... Улаанбаатар хот руу ирэхдээ эмээгийн чинь амбаарт ногоон уутанд хийсэн буу байгаа тэрийг аваад ирээрэй гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/
7. Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр 2022 оны 04 дүгээр сард над руу залгаад “...Нарантуул захын эмээл зардаг газарт миний эмээл байна гэж байна очоод мөн байна уу, биш байна уу үзчих...” гэж хэлсэн... Мөн байхаар нь зарж байгаа хүнээс нь эмээлийнхээ талаар асуусан чинь 2-3 сарын өмнө надад зарсан гэж хэлсэн. Тэгээд би наад эмээлээ заралгүй байж байгаарай гэж хэлчихээд Нарантуул захын цагдаагийн хэсэгт очоод өөрийнхөө эмээлийг хураалгасан... Тухайн эмээл нь миний хүүхдийн эмээл байгаа юм, би тухайн эмээлийн суудаг модыг нь хар хөх торгоор өнгөлж байсан болохоор тэрийг нь хараад таньсан, хамт байсан Д-н эмээлийн зургийг нь дараад явуулсан чинь манай нөхөрт хадгалуулсан эмээл мөн байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 89 дүгээр тал/
8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/
9. Шүүгдэгч жижиг цонхоор хэрхэн нэвтэрсэн байдлыг сэргээн тодруулсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/
10. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С.Ц-с 2 ширхэг эмээл хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
11. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ө.Б-с ТОЗ-8 загварын галт зэвсгийн гох 1 ширхэг, гохны хүрээ төмөр 2 ширхэг, боолт 1 ширхийг хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
12. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Д.Ө-с ТОЗ-8 загварын галт зэвсгийн ABN***** дугаартай гол төмөр 1 ширхэг, ***** дугаартай замаг 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 41 дүгээр тал/
13. Гэрч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай амбаар ******* тоот хашаанд байдаг. Тухайн хашаа нь ээжийн гэрээс урагш 3 гудамжны зайтай байдаг. Ө манай амбаарт ямар нэгэн зүйл хадгалсан талаараа хэлээгүй, 10 сарын эхээр Ө-той хамт цагдаа ирээд манай амбаарыг үзэхэд нэг зүйл хайгаад байсан. Тухайн үедээ би юу ч асуугаагүй байж байгаад Ө-н хүүхдээс юу болсон талаар асуухад бууны мод энд хийсэн гээд миний шатаасан хувцас байсан газрыг заасан. Тэгээд цагдаа нарт хувцас шатаасан гэдгээ хэлээд манай нөхөр хамт явж хувцас шатаасан газраас очиж үзэхэд ямар ч юм үлдээгүй бүгд шатсан байсан гэсэн...Манай амбаарт байсан дандаа хүүхдийн хувцас борооны санд норчихсон байсан болохоор нь бөөнөөр нь авч очоод дотор нь юу байгааг хараагүй бензин хийгээд шатаачихсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 73 дугаар тал/
14. Шүүгдэгч Д.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “...Би үүнийг авахдаа найзтайгаа ганц юм хувааж уугаад талыг нь халааслаад явж байсан. Тийшээ яаж орсноо мэддэггүй, нэг сэрсэн чинь цоожтой өрөөнд байсан. Ийм зүйлүүд байж байхаар нь аваад гарсан миний буруу. Гэртээ аваачаад ээжид үзүүлээгүй нуусан байж байгаад хот явахдаа аваад явсан. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Тодруулбал “агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгодог.
Дээрх ойлголтод хамаарах тусгайлан хамгаалсан байр, агуулахад хохирогч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авснаар уг гэмт хэрэг төгсөх бөгөөд цоожийг нь өөрийн түлхүүрээр онгойлгосон, түлхүүр тааруулсан, хаалга цоож зэргийг нь эвдсэн эсвэл хаалга онгорхой байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иймээс эд зүйл хадгалах зориулалттай байр, агуулах болох хохирогч В.Т-н эзэмшлийн подвалын давхрын өрөөний цоожийг нь эвдлэн орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/, хохирогч С.Цэ-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Надад 300,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирлыг барагдуулсан тул гомдол, санал байхгүй болсон...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаартай “... Д-н Ө нь тус багийн ******** тоотод ам бүл 2, ээжийн хамт оршин суудаг нь үнэн болно...” гэх агуулга бүхий албан бичиг /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд, Ашид Билгүүн ХХК-нийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-921/4229, ТХҮ-921/4230 дугааруудтай хулгайд алдагдсан том хүний эмээлийн үнийг 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгөөр, хүүхдийн эмээлийн үнийг 1,000,000(нэг сая) төгрөгөөр, ТОЗ-8 загварын галт зэвсгийн үнийг 800,000(найман зуун мянга) төгрөгөөр, том хүний эмээлийн хос жийжүү дөрөөг 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоосон эд зүйлийн үнэлгээний дүгнэлтүүд. /хавтаст хэргийн 94-96, 101-103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Ө-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ө-н гэм буруутай үйлдлийн улмаас В.Т-н 1,000,000 (нэг сая) төгрөгийн, Г.Д-т 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийн, Н.М-д 800,000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсээс биет байдлаар том хүний эмээл /дөрөөгүй/ 1ширхэг, хүүхдийн эмээл 1ширхэг олдсон, мөн хохирогч Н.М-н 800,000(найман зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ТОЗ-8 загварын галт зэвсгийг дахин ашиглах боломжгүй болсон гохны хүрээ төмөр 2 ширхэг, гох 1 ширхэг, боолт 1 ширхэг, **** дугаартай замаг 1 ширхэг, АВN**** дугаартай гол төмөр 1 ширхэг хэрэгт хураагдаж ирсэн байна.
Иймд хохирогч Г.Д-н эзэмшлийн том хүний эмээлийн жийжүү дөрөөний үнэ 1,800,000 төгрөг, хохирогч Н.М-н ТОЗ-8 загварын галт зэвсгийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ө-с тус тус гаргуулан хохирогч нарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн том хүний /дөрөөгүй/ эмээл 1 ширхгийг хохирогч Г.Д-т, хүүхдийн эмээл 1 ширхийг хохирогч В.Т нарт буцаан олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ц-д 300,000 (гурван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, ТОЗ-8 загварын галт зэвсгийн гохны хүрээ төмөр 2 ширхэг, гох 1 ширхэг, боолт 1 ширхэг, ***** дугаартай замаг 1 ширхэг, АВN**** дугаартай гол төмөр 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Д.Ө-с 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Г.Д-т, 800,000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Н.М-д тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ц-д 300,000 (гурван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том хүний дөрөөгүй 1 ширхэг эмээлийг хохирогч Г.Д-т, хүүхдийн эмээл 1 ширхгийг хохирогч В.Т-н тус тус буцаан олгож, ТОЗ-8 загварын галт зэвсгийн гохны хүрээ төмөр 2 ширхэг, гох 1 ширхэг, боолт 1 ширхэг, ***** дугаартай замаг 1 ширхэг, АВN**** дугаартай гол төмөр 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА