Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00348

 

2019 оны 07 сарын 02 өдөр

          Дугаар 153ШШ2019/00348

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-30 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, П. овогт Идэшийн Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.Д нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж 1976 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд нэг жил гаруй хугацаанд ажил эрхлэхгүй байж байгаад 1977 оны 10 дугаар сард Авто курст элсэн суралцаж 1978 оны 5 дугаар төгсөөд тухайн оныхоо 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. 3 жилийн цэргийн албыг Дорноговь аймгийн Зүүн баян 207 дугаар ангид хаагаад 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдсан. Улмаар Ховд аймагтаа буцаж ирээд 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж эхэлсэн. Миний бие Ж.Наранчимэгтэй гэр бүл болоод Ховд аймаг руу шилжин ажиллах болсон тул 1982 оны 08 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Ховд аймагт ирээд Ховд аймгийн Барилга угсартын трестэд ажилд орсон. Ховд аймгийн Барилгын материалын үйлдвэрийн даргын 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 75 тоот тушаалаар Говь-Алтай дахь барилгын бригадад бетон зуурагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ томилогдоод Ховд аймагтаа ажиллаж байгаад 1983 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу 20 гаруй өрх шилжин очсон. Тэндээ 5 гаруй жил ажиллаад 1989 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэг бригад нь Ховд аймгийн Баянбулаг амралтын байр барихаар нүүж ирсэн. Ингээд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1992 он хүртэл ажиллаад нийгэм тэр чигээрээ зах зээлд шилжсэн учраас ажлаасаа гарсан. 2 гаруй жилийн турш ажилгүй байж байгаад Цамбагарав буудлын манаачаар эргэн ажилсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрүүд байгаа боловч зарим бичилт нь тамга тэмдэггүй, зарим нь дутуу бичилттэй байна. Мөн архивын тасгаас тушаалын хуулбаруудыг хайж үзэхэд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа учраас тэтгэвэрт гарч чадахгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетон зуурагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч И.Д нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетон зуурагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч И.Д нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетон зуурагчаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 404 дугаартай албан бичиг

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай “Сахиулаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаартай албан бичгээр ирүүлсэн цалингийн цэс,

Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3232 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хүсэлт гаргагчийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа

Хүсэлт гаргагчийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа

Хүсэлт  гаргагчийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 586307 дугаартай Бат илэрхийлэл эх хувиараа

Хүсэлт гаргагч И.Дгийн 000056832 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1600001006 дугаартай баталгаажилтын хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 126/101283 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаартай лавлагаа эх хувиараа,

 Иргэн Х.Цэнд- Аюушийн “... миний бие нь И.Дтай Ховд аймгийн барилга угсаралтын трестэд 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хамт ажиллаж байсан бөгөөд И.Д нь барилгачнаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна...” гэх тодорхойлолт

Иргэн И.Хулганаагийн “... миний бие нь И.Дтай 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсаралтын трестэд хамт ажиллаж байсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Парз овогт Идэшийн Дг нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетон зуурагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар И.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ