| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00312/И |
| Дугаар | 00349 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00349
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00349 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Дуут ус багт оршин суух, .... дугаарын регистртэй, Харахас назар овогт Шөгейбайн Гүлзадагийн хүсэлттэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Арбол нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Гүлзада нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 2001 оны 8 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын иргэн С.Дамдинаас Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт байрлах 8 айлын орон сууцны 8 тоот байрыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухай үед тус байрыг худалдаж авахдаа мөнгийг нь С.Дамдинд бэлэн өгсөн бөгөөд тус байрны эрхийн бичгийг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй бөгөөд С.Дамдин нь тус байраа зараад Ховд аймгийн Жаргалант сум руу гэр бүлийн хамт шилжсэн. Уг байрыг худалдаж авсан цагаас хойш өнөөдрийн хүртэл тус байрны эзэмших эрхийг миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй бөгөөд 2001 оноос хойш С.Дамдинтай огт уулзаагүй, гэр бүлийн хүн н.Лхамжавтай уулзахад С.Дамдин нас барсан талаар мэдсэн. Эргээд миний бие уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар С.Дамдины гэр бүлийн хүн н.Лхамжавтай уулзахад тэр талаар маргаан байхгүй. Танайх өөрийн нэр дээрээ байраа шилжүүлж ав, шаардлагатай бол хэд ч гэсэн гэрчийн мэдүүлэг өгч болно гэж хэлсэн. Одоо миний бие тус орон сууцанд 2001 оноос өнөөдрийн хүртэл амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа болно. Иймд Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт орших 8 айлын орон сууцны 8 тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Арбол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүсэлт гаргагч буюу миний ээж Ш.Гүлзада нь 2001 оны 8 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын иргэн С.Дамдинаас Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт байрлах 8 айлын орон сууцны 8 тоот байрыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо тус орон сууцанд 2001 оноос өнөөдрийн хүртэл амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа болно. Иймд хүсэлт гаргагчийг Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт орших 8 айлын орон сууцны 8 тоотын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Гүлзада нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ш.Гүлзада нь Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт орших 8 айлын орон сууцны 8 тоот байрны өмчлөгч болох нь
- Ховд аймаг Ховд сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай орон сууц хувьчлах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ховд аймаг Ховд сумын Дунд ус багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг 181 дугаартай албан бичиг
- Ховд сумын Дунд ус багийн Д.Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны Ш.Гүлзадагийн 8 тоот байрны гэрэл зургууд
-Гэрч Ш.Күлиманы “... Би 1992 онд тэтгэвэрт гараад 1995 оноос 2004 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын төвд 8 айлын орон сууцанд амьдарсан. 2004 оноос өдийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10-7 тоотод оршин сууж байна. Ш.Гүлзада нь Ховд аймгийн Ховд сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж, Ховд сумын төвд 8 айлын байшинд Арбол, Аманбол, Жанбота, Жандос гээд 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Хуучин тэдний амьдарч байгаа байранд Ховд аймгийн Ховд сумын Ховд сумын Тариалан нэгдлийн дарга Дамдин гэдэг хүн амьдарч байсан. Тухайн үед Ш.Гүлзада захын байранд амьдардаг байсан ба тэр байр нь их хүйтэн учир Дамдин даргаас худалдаж авч байсан. Намайг 2004 онд Ховд руу шилжихэд тэндээ Ш.Гүлзада амьдарч байсан. Тухайн байр 4 айлын 2 байр байсан бөгөөд манайх эхний байрны 4 дэх хаалга, Ш.Гүлзада нь 2 дахь байрны 8 дахь хаалгатай байранд амьдардаг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Х.Тилейханы “... Би 1970 онд төрсөн цагаасаа эхлээд Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт ажиллаж амьдарч байна. Насаараа Ховд сумын төвд байсан. Ш.Гүлзада нь Ховд аймгийн Ховд сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар олон жил ажиллаж байсан. Би 1994 оноос 2008 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт буюу сумын төвд 8 айлын орон сууцанд амьдарч байсан. Тухайн үед Ш.Гүлзадатай айл хөрш байсан. Ш.Гүлзада нь тухайн орон сууцанд олон жил амьдарч байсан... ” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Д.Одончимэгийн “... Манайх 1976 оноос 2001 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт ажиллаж амьдарч байсан. Манай аав С.Дамдин нь Ховд аймгийн Ховд сумын даргаар 1976 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Би аав ээж ах дүү нарын хамт 2001 оныг хүртэл Ховд аймгийн Ховд суманд амьдарсан. Манайх Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус баг буюу сумын төвд 8 айлын орон сууцанд амьдардаг байсан. Манайх ямарч байсан 2001 онд аймгийн төв руу шилжихдээ Ховд аймгийн Ховд сумын Задаан гэдэг айлд байшингаа зарсан. Задаан гэдэг нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Арболын ээж байгаа юм. Жинхэнэ нэр нь Ш.Гүлзада гэдэг. Бид нар Задаан гэж дууддаг юм....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн Д.Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны 8 тоот байрны өмчлөгч нь Харахас назар овогт Шөгейбайн Гүлзада /ПЭ60021023/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ