Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00350

 

 2019 оны 07 сарын 02 өдөр

          Дугаар 153ШШ2019/00350

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт оршин суух, ... дугаарын регистртэй, Т. овогт Ч-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1964 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1980 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Чүлтэмхүү ээж Лхамхүү нарын хамт 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад бог мал маллаж хоньчноор ажилласан. 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан. 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн тус нэгдлийнхээ Мөнгөн аяга бригаддаа аав ээжийнхээ хамтаар бог мал малласан. Би эхнэр Х.Халтартай гэр бүл болсон тул 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад бог мал малласан. Тухайн үед аав ээжийнхээ хамт мал маллаж байх үеийн 70 дугаар дансанд миний нэрийг зарим онд бичээгүй, хөдөлмөрийн дэвтэр тэр үед надад нээж өгөлгүйгээр хөдөлмөрийн хөлс аав ээжийн нэр дээр давхар бодогдоод явдаг байсан бөгөөд эхнэр авч тусдаа гарснаар надад анх хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр байхгүй, байгаа дэвтэр дээрх бичилтийг нь баталгаажуулаагүй байх тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдпаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хүсэлт гаргагч нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Б нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 05 сарын 30-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутай хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Б нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 05 сарын 30-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутай хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 667 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын 1980 оноос 1982 он, 1987 он, 1986 он, 1988 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс  

Хүсэлт гаргагчийн 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05/1623 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 01318558 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үе залгамжилсэн малчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126/002252 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126/002255 дугаартай ургийн овог, эцэг эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126/002254 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаартай лавлагаа, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Гэрч П.Бадамхандын “... Би 1975 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.Б нь 1980 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Насаараа нэгдэлд малчнаар ажилласан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Ц.Сэр-Одын ”... Би 1965 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.Б нь 1980 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан. Насаараа нэгдэлд малчнаар ажилласан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тоглогор овогт Чүлтэмхүүгийн Бг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 05 сарын 30-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутай хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ