| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0990/з |
| Дугаар | 221/МА2025/0418 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0418
“Н и” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б
Гомдол гаргагч: “Н и” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Тгийн үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0297 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э
Хариуцагч Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0990/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Н и” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Тд холбогдуулан “эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0297 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Н и” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Манай “Н и” эмнэлэг нь нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон ЭХ-22/22/4401 дугаартай “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ч тус газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дугаартай шийтгэлийн хуудсуудаар тус бүр 3.000.000 төгрөгөөр торгосон.
3.2. Өөрөөр хэлбэл улсын байцаагч манай “Н и” эмнэлэгт олгосон “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагааны чиглэлд тусгагдаагүй тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж буруутгасан. Тодруулбал давхраа оёх, зовхи татах, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, нүүрний арьсны чийгшүүлэгч тарилга, шүдэнд имплант суулгах, агт араа авах гэх мэт эмчилгээ, үйлчилгээ нь “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүрээнд хамаарна гэж гомдол гаргагчийн хувьд үзэж байгаа бөгөөд энэ чиглэлийн эмч бэлтгэх сургуульд хүртэл хамаарахаар тайлбарлан сургадаг. Гагцхүү эмнэлэг “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүрээнд давхраа оёх, зовхи татах, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, нүүрний арьсны чийгшүүлэгч тарилга, шүдэнд имплант суулгах, агт араа авах гэх мэт эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Харин эмнэлэгт ажиллах, эмчилгээ үзүүлэх эмч нь тухайн чиглэл бүрдээ давхраа оёх, зовхи татах, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, нүүрний арьсны чийгшүүлэгч тарилга, шүдэнд имплант суулгax, aгт apaa aвax үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авах ёстой байдаг.
3.3. Гэвч хариуцагч улсын байцаагч “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн шүд эмчлэх үйлчилгээ хамаарна гэж үзэж “Н и” эмнэлэгт шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа ажиллаж буй эмч нь тухайн чиглэлийн тусгай зөвшөөрөлгүй байсан гэж тайлбарладаг.
Гэсэн атлаа эмчид хариуцлага хүлээлгэлгүй, эмнэлэгт шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байхад түүнийг анхан шатны шүүх “... зөрчлийн хэргийн холбогдогч “Н и” эмнэлэг болон тус эмнэлгийн эмч Б.Б нь эмнэлгийн мэргэжлийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт, төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдаж, багц цаг ханган эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл байхгүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, гадаад улсад суралцаж төгссөн хөтөлбөрөө холбогдох журамд заасны дагуу тооцуулаагүй зэрэг нь эмчлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхээр байна” гэж буруу дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой.
3.4. Учир нь улсын байцаагчаас эмнэлгийн үйл ажиллагааг шалгаад тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэж шийтгэсэн байхад тухайн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх, эмнэлгийн тусгай зөвшөөрлийн хүрээнд давхраа оёх, зовхи татах, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, нүүрний арьсны чийгшүүлэгч тарилга, шүдэнд имплант суулгах, агт араа авах зэрэг үйл ажиллагаа хамаарах эсэхэд дүгнэлт өгөлгүй эмчийн сурсан байдал, эмчийн мэргэжлийн чиглэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.
3.5. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд өнөөдрийн байдлаар “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүрээнд ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээ хамаарах талаар зохицуулсан нэг ч ойлголт байхгүй байна. Зөвхөн анагаах ухааны шинжлэх ухаанд “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний төрөлд нүүрний ил харагдах болон амны хөндийн хэсгийг хамааруулан үздэг. Манай эмнэлэг түүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан болно.
3.6. Харин хариуцагч улсын байцаагч манай эмнэлгийн үйл ажиллагааг шалгахдаа Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 10-00/11 тоот удирдамжийг зөрчиж, хугацаа дууссан байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн.
Тодруулбал дээрх удирдамж, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/484 дүгээр тушаалд тус тус зааснаар хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сараас 09 дүгээр саруудад зохион байгуулж, “Н и” эмнэлэгт 2024 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд улсын байцаагч Б.Ганчимэг хяналт шалгалт хийхээр хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг баталсан байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн, харин хариуцагч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч “Н и” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Тд холбогдуулан “эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдол гаргасан.
3. Хариуцагч нь төрийн хяналт шалгалтын төлөвлөгөөт шалгалтын хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332, нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдлоор хэрэг бүртгэлт явуулж, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсаар ... үйл ажиллагааны чиглэлд тусгагдаагүй тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулж байсан гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Н и” ХХК-ийг тус тус 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. “Н и” ХХК /РД:6411703/-ийн хувьд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, фермерийн аж ахуй, дотооддоо хөдөлмөр зуулчлал, онлайн худалдаа, бялдаржуулах сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд[1] бүртгэгджээ.
5. Харин тус компанийн “Н и” нэртэй эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 32 дугаар байрны 2 тоотод хаягт байрлан үйл ажиллагаа явуулахдаа, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг (а) мэс засал, мэс ажилбар, (б) шүд, (в) арьс гоо засал хэмээн тодорхойлж, үйлчилгээний үнийн мэдээллийн хамт нийтэд нээлттэй байршуулжээ.
Энэ хүрээнд давхраа оёх, зовхи татах, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, хацрын хонхорхой гаргах, шигдсэн хумс авах, мөн шүдэнд имплант суулгax, aгт apaa aвax, нүүрний арьсны чийгшүүлэгч тарилга, ботокс тарилга, филлер тарилга, сэвхний тарилга хийх г.м үйлчилгээг дангаар болон багц бүтээгдэхүүн хэлбэрээр үнэ тогтоон, үзүүлдэг ба эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
6. Гомдол гаргагчийн хувьд, тус эмнэлгээс олон нийтэд санал болгон, үзүүлж байгаа эрүүл мэндийн эдгээр тусламж, үйлчилгээнүүд нь бүхэлдээ нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон ЭХ-22/22/4401 дугаартай “нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ”-ний чиглэлээр явуулах тусгай зөвшөөрөлд хамаарна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, … үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиар үүрэг болгосон, хориглосон, хязгаарласан шинжтэй аливаа хэм хэмжээг зөрчсөн, түүнийг нь Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцсон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон агуулгатай зохицуулалт байна.
8. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь … хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй … зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, …/-д/ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ““зөвшөөрөл” гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг”, 1.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална: 1.1.үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах”, 2.1 дүгээр зүйлийн 2-т “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно”, 2.3 дугаар зүйлийн 2-т “Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно”, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана: 3.4. зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр”, 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: 13.12. эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх” гэж,
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно: 19.3.1. эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх” гэж,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;”, 3.1.2-т ““эмнэлэг” гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;”, 3.1.5-д ““эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ” гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид энэ хуулийн 8.1-д заасан байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг”, 8 дугаар зүйлийн 8.2-т ”Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ энэ хуулийн 3.1.5-д заасан тусламж, үйлчилгээнд хамаарна”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1-д заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дараах төрлөөр олгоно: 14.2.2. эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ” гэж тус тус заасан.
9. Маргаан бүхий харилцаанд хамаарах дээрх хуулийн зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, ингэхдээ гагцхүү тусгай зөвшөөрөлд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болох эмнэлгийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ явуулах тохиолдолд холбогдох төрийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн чиглэлийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах хуулийн зорилго, зарчимд нийцнэ.
10. Түүнчлэн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 319-А/160 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, ангиллын тодорхойлолт”-ын ангилал “86”-д хүний эрүүд мэнд, “861”-д эмнэлгийн үйл ажиллагаа, “8610”-д мэс засал зэрэг эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг хамруулсан бол ангилал “862”-д шүдний болон эмнэлгийн бусад үйл ажиллагаа, “8620”-д шүд, эрүү, нүүрний эмчилгээ, шүд, эрүү нүүрний гажиг заслын үйл ажиллагаа гэж зааснаас үзэхэд хүний эрүүл мэндийн чиглэлээр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд шүд, эрүү, нүүрний гажиг заслыг оношлох, эдгэрүүлэх, мэс засал хийх, өвчнийг сэргээн засахад чиглэсэн эмчилгээ, үйлчилгээ нь эрүүл мэндийн байгууллага, эмчээс харилцан адилгүй мэргэшлийн ур чадвар, дадал туршлага шаардахаас гадна хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа болохын хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах шаардлагатай байна.
11. Анхан шатны шүүх уг маргааны үйл баримтын талаар “... иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахын тулд тодорхой болзол шаардлагыг хангасан эмнэлэгт холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгодог, зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлэх байтал тусгай зөвшөөрлийн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн тусламж, үйчилгээ үзүүлсэн” гэж үндэслэл бүхий дүгнэлт өгч, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
12. Эрх бүхий албан тушаалтан нь төрийн хяналт шалгалтын явцад зөрчлийн илрүүлж, тухайн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл хуудас ногдуулсан тул шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүхээс дүгнэхэд төрийн хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар нотлох зарчмыг хэрэгжүүлэх шаардлагагүй болно.
13. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж шударга ёсны зарчмыг тодорхойлсноос үзэхэд, “Нью имлант” ХХК нь тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийг өөр өөр цаг хугацаанд гаргасан, түүнд нь эрх бүхий албан тушаалтнаас өөр өөр үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, мөн л өөр өөр дугаар бүхий шийтгэлийн хуудас үйлдсэн, ялангуяа эхний зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлгүй явуулж буй үйл ажиллагааг зогсоох албан даалгавар гаргасан байтал үйл ажиллагааг дахин явуулсаар байгаа нөхцөлд хариуцлага ногдуулсан байх тул нэг зөрчилд хоёр удаа хариуцлага ногдуулсан гэж үзэхгүй.
14. Иймд гомдол гаргагчийн “нийслэлийн Эрүүл мэндийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаа хэтрүүлж, өөр улсын байцаагч хэрэгжүүлсэн, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан, нэг зөрчилд хоёр удаа торгууль ногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
15. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ